Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01299

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

   Дугаар 102/ШШ2017/01299

Улаанбаатар хот

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 1 дүгээр гудамжны, 21 тоотод оршин суух, Боржигон овогт Тогтохжаргалын Мэнд-Амар /РД: ХО85061077/;

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-86/2 дугаар байрны 190 тоотод оршин суух, Уран дархчууд овогт Гүүдээгийн Өлзий /РД: ДЮ57030588/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,135,410.31 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч Т.Мэнд-Амарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мэндбаяр, хариуцагч Г.Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогтын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нар нь 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр манай банктай №ЗГ-RCC2015110908-1 тоот зээлийн гэрээ, БГ-RCC20151109081-1-1 тоот гэрээнүүдийг байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, засварын төв нээх зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Г.Өлзийгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/, ХД-86/2 дугаар байрны 109 тоот 30 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүйгээс банкийг хохироож байх тул, дараах үнийн дүнгээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: нэхэмжлэлийн үндсэн зээл 27,195,533.96 төгрөг, үндсэн хүү 1,589,817.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 115,925.91 төгрөг, нийт 28,901,276.91 төгрөг, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хуримтлагдсан хүү болох 2,974,133.40 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төлбөрөөс зээлдэгчийн төлсөн 2,740,000 төгрөгийг хасч тооцон, үндсэн зээл 27,195,533.96 төгрөг, үндсэн хүүнд 1,842,240.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 97,635.69 төгрөг, нийт 29,135,410.31 төгрөгийг хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нараас гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Т.Мэнд-Амарын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мэндбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Г.Өлзийтэй хамтран 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Худалдаа, хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулан Г.Өлзийгийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 30,000,000 төгрөгийн зээлийг авсан. Уг зээлээс 4,728,000 төгрөгийг хамтран зээлдэгч Г.Өлзий авсан учир хариуцах ёстой. Мөн 15,000,000 төгрөгийг М.Даваасүрэн надаар дамжуулан авчхаад хугацаандаа өгөөгүй улмаас би шүүхэд дуудагдаж байна. Уг зээлээс 10,272,000 төгрөгийг л би өөрийн хувийн бизнестээ зориулан авсан. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Худалдаа хөгжлийн банкинд хүүнд 7,383,058.14 төгрөг, үндсэн зээлд 8,821,009.84 төгрөгийт тус тус төлсөн.

 

Хариуцагч Г.Өлзийгийн зүгээс уг орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан бөгөөд  “сард 250,000 төгрөгийг төлж байна, бусад олон зээлтэй учраас зээл нь явж өгөхгүй байна. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлөөд банкинд тавиад өгөөч ээ” гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан. Тэгээд Т.Мэнд-Амар бид хоёрт бэлэн байсан 5,728,000 төгрөгийг өгч банк  бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж өгсөн. Ингээд хоорондоо тохиролцсоны үндсэн дээр банкны барьцаанд Г.Өлзийгийн эзэмшлийн 1 өрөө орон сууцыг тавьж 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөгийг зээл авсан. Зээл авсан өдрөөс хойш Т.Мэнд-Амар, Т.Мэндбаяр бид нар Худалдаа, хөгжлийн банкинд 11,560,00 төгрөгийг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 2,804,466 төгрөг, үндсэн хүү 5,793,240 төрөг, нэмэгдүүлсэн хүү 223,303 төгрөгийг тус тус төлсөн гэв.

 

 Хариуцагч Г.Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарнямын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ах, дүү Мэндбаяр, Мэнд-Амар, тэдний ээж Цолмон нарын банкны зээлэнд байраа тавьж залилуулсан тухайгаа Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Тэд байрыг барьцаалахдаа буцаагаад суллаад өгнө гэдгээ гэрээгээр баталгаажуулна гээд банкин дээр очиж гарын үсэг зуруулсан.

 

Манай орон сууцыг анх банк бус санхүүгийн байгууллагад 5,728,000 төгрөгийн барьцаанд байхад Т.Мэндбаяр, Т.Мэнд-Амар нар барьцаанаас чөлөөлж өгөөд бид засварын газар нээнэ гэж хэлээд Худалдаа, хөгжлийн банкинд 30,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Зээлж авсан 30,000,000 төгрөгөөс манайх нэг ч төгрөг аваагүй. Байрыг банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлсөн 5,728,000 төгрөгөөс манайхаас микер авсан 1,000,000 төгрөг, мөн ээжид маань 500,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Үүнийг хасахад бидний зүгээс 4,000,000 төгрөгийг хариуцагч Т.Мэндбаяр, Т.Мэнд-Амарт төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

 

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,135,410.31 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нартай 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Зээлийн гэрээ, мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 30,000,000 төгрөгийг 1 сарын 2,1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, засварын төв нээх зориулалтаар зээлдүүлж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-86 байрны 109 тоот 30 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.  

 

Нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2016/27034 дүгээр захирамжаар хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нарт холбогдох нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.1, 3.3, 4.1-д “Банк зээлдэгчид 30,000,000 төгрөгийг сарын 2.10 хувийн хүүтэй, 12 сар /1 жил/ хугацаатай, засварын төв нээх зориулалтаар олгох,” гэж заасан тул хариуцагч нар хүү төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй.”, талуудын байгуулсан гэрээний 4.1-д “Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ Гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нар гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. 

 

Гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр дуусгавар болсон бөгөөд тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 27,195,533.96 төгрөг, үндсэн хүүнд 1,589,817.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 115,925.91 төгрөг, нийт 28,901,276.91 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хуримтлагдсан хүү болох 2,974,133.40 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төлбөрөөс зээлдэгчийн төлсөн 2,740,000 төгрөгийг хасч тооцон, 27,195,533.96 төгрөг, үндсэн хүүнд 1,842,240.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 97,635.69 төгрөг, нийт 29,135,410.31 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй тул нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.  

 

Хариуцагч нар нь үндсэн зээл болон хүүнд нийт 2,740,000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх төлбөрийг хасаж нэхэмжилжээ. Иймд хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нараас үндсэн зээл 27,195,533.96 төгрөг, үндсэн хүүнд 1,842,240.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 97,635.69 төгрөг, нийт 29,135,410.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/, ХД-86/2 дугаар байрны 109 тоот 30 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцнаас барагдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Мөн хариуцагч Т.Мэнд-Амар нь “... би 30,000,000 төгрөгийг ганцаараа бүгдийг нь аваагүй, Г.Өлзий, М.Даваасүрэн нар авсан мөнгөө төлөх ёстой”, хариуцагч Г.Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарням “... Мэнд-Амар, Мэндбаяр, Цолмон нарт байраа барьцаалуулж залилуулсан” гэсэн тайлбаруудыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргажээ.  Хариуцагч нь бусдад залилуулсан гэх гомдлоо холбогдох байгууллагад гаргаж жич шийдвэрлүүлэх эрх нээлттэй бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нараас нийт 29,135,410.31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгосугай.

 

2. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн RCC2015110908-1-1 тоот  Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний 7.1.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг  барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/, ХД-86/2 дугаар байрны 109 тоот 30 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 362,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нараас 362,992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   М.МӨНХТӨР