Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/00425

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/00425

 

 

Эх хяр ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03267 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Эх хяр ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Алтай констракшн ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 702 782 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Мөнхбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Эх хяр ХХК-ийн захирал Б.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь "Алтай констракшн" ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр №04/В5,В6/54 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан №04/В5,В6/54-02 тоот ажил гүйцэтгэх нэмэлт гэрээнүүд байгуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Алтай констракшн ХХК-ийн Саруул хорооллын 232 айлын орон сууцны барилга дээр барилгын ажил гүйцэтгэж 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн. Уг барилгатай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын комисс танилцаж, 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 2016/587 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт"-ыг гаргасан. Алтай констракшн ХХК нь №04/В5,В6/54 тоот ажил гүйцэтгэх гэрээний 3.3заасны дагуу ажлын гүйцэтгэлийн хөлснөөс 3 562 622 төгрөгийг чанарын барьцаа болгон суутган авч үлдэж, уг барилга дээр Улсын комисс буюу Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс ажилласан өдрөөс хойш зургаан сарын туршид байршуулан 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай компанид шилжүүлэх байсан. Алтай констракшн ХХК-иас №04/В5,В6/54 тоот ажил гүйцэтгэх гэрээний 3.3заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай компанид шилжүүлэх байсан гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдэл болох 3 562 622 төгрөг, мөн гэрээний 6.3заасан захиалагч гүйцэтгээгүй үүргийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцно гэж заасны дагуу 160 хоногийн алданги болох 1 140 160 төгрөг, нийт 4 702 782 төгрөгийг Алтай констракшн ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Алтай констракшн ХХК-ийн бүтээн байгуулж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саруул хотхон" хорооллын туслан гүйцэтгэгчээр оролцох хүсэлт удаа дараа гаргасныг харгалзан үзэж Алтай констракшн ХХК нь Эх хяр ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр №04/В5, В6/54 тоот "Саруул хотхон" хорооллын В5 блок буюу 117 дугаар байрны 2 дугаар орцны 4,5 дугаар давхарт дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ болон 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр нэмэлт гэрээ тус тус байгуулан ажиллуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэсэн Эх хяр ХХК нь "Саруул хотхон" хорооллын В5 блок буюу 117 дугаар байрны 1,2 дугаар орцны дараах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Үүнд:

1.            2-р орцны 2-6 давхрын дотор засал: Таазны тэгшилгээ, таазны замаск, ханын замаск, хана таазны эмульс, гипсэн ханын замаск, паркетан шал, плинтус, цонхны амалгааны будаг, балконы дотор засал, гадна хаалга суулгах иж бүрэн ажил,

2.     2-р орцны зоорийн давхраас 13 давхар хүртэлх шатны хонгилын засал: таазны тэгшилгээ, таазны замаск, ханын замаск, хана таазны эмульс зэрэг иж бүрэн ажил,

3.     2-р ордны зоорийн давхраас 13 давхар хүртэлх шатны хонгилын чулууг эмжээрийн хамгаалалт наах,

4.     1-р орцны 2 давхрын болон 2-р орцны 1 давхрын иж бүрэн заслын ажил: Эх хяр ХХК-ийн дээрх ажлын гүйцэтгэлд их хэмжээний доголдол илэрч, оршин суугчид буюу худалдан авагчдаас гомдол ирэх болсон.

Иймд Алтай констракшн ХХК-ийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр №04/В5, В6/54 тоот гэрээний 6.4-т "Гүйцэтгэгч нь ажлыг хугацаандаа гүйцэтгэсэн хэдий ч зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй тохиолдолд захиалагч тухайн ажлын чанарын доголдол, дутагдалыг тодорхойлж акт, торгууль тавих эрхтэй", 4.4-7 "Гүйцэтгэгчийн ажилд доголдол илэрвэл гүйцэтгэгчийн зардлаар дахин засаж гүйцэтгүүлнэ" 5.4-7 "Барилгын ажлыг гүйцэтгэхдээ зураг төсөв, технологийн норм дүрэм зөрчсөн, өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас алдаа дутагдал гаргасан, материалыг буруу зарцуулсан зэргээс болж хөрөнгө, материал дутсан, ажлыг чанарын шаардлага хангахгүйгээр гүйцэтгэсэн бол ажлын хөлснөөсөө суутгуулах, эсхүл тухайн ажлыг өөрсдийн хүч, хөрөнгөөр дахин хийнэ" гэж тус тус заасны дагуу тухайн нөхцөл байдалд хугацаа алдалгүй засах шаардлагатай байсан тул уг доголдльг өөрийн зардлаар арилгаж, гарсан зайлшгүй зардлыг Эх хяр ХХК-ийн баталгаанд байршуулсан хөлснөөс суутгасан. Эх хяр ХХК-ийн ажлын гүйцэтгэлд их хэмжээний доголдол илэрсэн болох нь оршин суугчдаас ирүүлсэн гомдол, Бадамлах Нар СӨХ-ны тайлбар, Алтай констракшн ХХК-ийн инженерийн багбүрэлдэхүүний газар дээрхүзлэгийн протокол зэргээр нотлогдоно. Доголдлыг өөрийн зардлаар арилгах нийт зардал 3 054 841 02 төгрөгийг Эх хяр ХХК-ийн баталгаанд байршуулсан төлбөр болох 3 562 622 төгрөгөөс хасч тооцон 507 781 төгрөгийг Эх хяр ХХК-д олгоход бэлэн байна. Иймд Эх хяр ХХК-ийн Алтай констракшн ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 4 702 872 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн 507 781 төгрөгийг Эх хяр ХХК-д олгуулж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Алтай Констракшн ХХК-иас 3 562 622 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эх хяр ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 140 160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 71 952 төгрөгийг гаргуулж Эх хяр ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг давж заалдах гомдолдоо:

... "Алтай констракшн" ХХК-ийн бүтээн байгуулж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саруул хотхон" хорооллын туслан гүйцэтгэгчээр оролцох хүсэлт удаа дараа гаргасныг харгалзан үзэж "Алтай констракшн" ХХК нь "Эх хяр" ХХК-тай 2016 оны 4 сарын 19-ний өдөр №04/В5,В6/54 тоот "Саруул хотхон" хорооллын В5 блок буюу 117 дугаар байрны 2 дугаар орцны 4,5 дугаар давхарт дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ болон 2016 оны 5 сарын 7-ны өдөр нэмэлт гэрээ тус тус байгуулан ажиллуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэсэн Эх хяр ХХК нь "Саруул хотхон" хорооллын В5 блок буюу 117-р байрны 1,2-р орцны ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Иймд "Алтай констракшн" ХХК-ийн зүгээс 2016 оны 4 сарын 19-ний өдөр №04/В5, В6/54 тоот гэрээний 6.4, 4.4, 5.4-т тус тус заасны дагуу тухайн нөхцөл байдалд хугацаа алдалгүй засах шаардлагатай байсан тул уг доголдлыг өөрийн зардлаар арилгаж Эх хяр ХХК-ийн баталгаанд байршуулсан хөлснөөс суутгасан болно. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийнхээ 4 дэх нүүрний эхний догол мөрөнд хариуцагч Алтай Констракшн ХХК-иас доголдол илэрсэн байдлыг нотлох зорилгоор шүүхэд гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Эх хяр ХХК-ийн гэрээг дүгнэх протокол, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эх хяр ХХК-ийн суутгаж авах материал ажлын хөлсний тооцоо, А.Цэнд-Аюуш, Г.Уянга нарын өргөдөл, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн В5 блокийн 2 дугаар орцны 2-6 давхрын айлын засвар, зоорийн давхараас 13 давхар хүртэл замаск, эмульс хийгдсэн ажил гэх баримтууд нь Эх хяр ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын биет байдлын доголдлыг шууд нотлох баримт болохгүй бөгөөд өргөдөл гаргасан А.Цэнд-Аюуш, Г.Уянга нар нь уг орон сууцны өмчлөгч, эсхүл амьдардаг эсэх нь тодорхойгүй, мөн ямар доголдол гарсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, хариуцагчаас гарсан гэх доголдолыг арилгах талаар мэдэгдэл нэхэмжлэгчид өгч байгаагүй зэргээс дүгнэхэд Эх хяр ХХК-ийн ажил доголдолтой гэж үзэх боломжгүй байна хэмээн үзэж 3 562 622 төгрөгийг гаргуулах буюу нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх Иргэний хуулийн 353.2, 353.3 дахь хэсэгт заасны дагуу ажлын үр дүнгийн доголдолыг зохицуулсан хуулийг доголдолыг зөвхөн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоох мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарахаар байна. Бодит байдал дээр Эх хяр ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй байсны улмаас оршин суугчдаас ирүүлсэн гомдол, Бадамлах Нар СӨХ-ны тайлбар, Алтай констракшн ХХК-ийн инженерийн баг бүрэлдэхүүний газар дээрх үзлэгийн протокол зэргээр нотлогдоно. Цаашилбал, Иргэний хуулийн 353.2.1-т зааснаас үзэхэд зөвхөн гүйцэтгэгч санал гаргасан тохиолодолд доголдолыг гүйцэтгэгчээр арилгуулах, шинээр гүйцэтгэх тухай яригдах байтал шүүх "..хариуцагчаас гарсан гэх доголдолыг арилгах талаар мэдэгдэл өгч байгаагүй зэргээс дүгнэхэд Эх хяр ХХК-иийн ажил доголдолтой гэж үзэх боломжгүй байна" хэмээн дүгнэснээрээ заавал гүйцэтгэгчид мэдэгдэж, түүгээр гүйцэтгүүлэх ёстой мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарахаар байна.

Шүүх Иргэний хуулийн 352.2.3-т "доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруула." гэсэн заалтыг буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Ажлын гүйцэтгэлд доголдол илэрсэн талаар Эх хяр ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч болон шинэ хувьцаа эзэмшигч нарт тус бүр утсаар мэдэгдэж хууль болон гэрээнд заасны дагуу доголдлыг арилгасан зардлыг хасч тооцон үлдэгдэл төлбөрөө тогтсон уламжлалын дагуу бэлнээр ирж авсан талаар лавлаж байсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хурал дээр тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан болно.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эх хяр ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн доголдолтой холбоотой гомдол гаргасан А.Цэнд-Аюуш, Г.Уянга нар нь уг орон сууцны өмчлөгч эсхүл амьдардаг талаарх нотлох баримтыг Алтай Констракшн ХХК нь баримтаар нотлох боломжгүй. Энэ талаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар, тус хорооны Засаг дарга зэрэг төрийн эрх бүхий байгууллагаас л зөвхөн тодруулах боломжтой. Алтай Констракшн ХХК-ийн хувьд орон сууц захиалан бариулах гэрээ байх бөгөөд захиалагч нь уг орон сууцандаа амьдрах эсэх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хэний нэр дээр гаргуулах эсэх нь тухайн захиалагчийн эрх юм. Энэ талаар хуралдааны явцад дээрх үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол уг эргэлзээг тайлж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шинээр нотлох баримтыг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийг гагцхүү шүүх эдлэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэх энэхүү заалтыг ийм эргэлзээ шүүхэд төрсөн үед л хэрэглэх ёстой байсан. Мөн түүнчлэн хариуцагчаас А.Цэнд-Аюуш, Г.Уянга нарын бичгээр гаргасан гомдлоос гадна бусад оршин суугчдаас утсаар гаргасан хүсэлт, гомдлыг бүртгэсэн бүртгэлийн эх хувийг шүүхэд нотлох баримтаар гарган хүргүүлсэн боловч шүүх уг нотлох баримтыг огт үнэлээгүй. Иймд уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй болно.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эх хяр ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлож чадаж буй эсэх, хариуцагчийн тайлбар нотлох баримтыг өөрийн зүгээс нотлох баримтаар няцааж чадаж буй эсэхийг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь захиалагч болох Алтай Констракшн ХХК-ийн доголдлыг арилгасан зардлаа гүйцэтгэгчийн ажлын хөлснөөс суутгана авах шаардах эрхийг ноцтой зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийсэн зүйлээ нотлох баримтаар шүүхэд гарган өгөх, ийнхүү гарган өгөх боломжгүй тохиолдолд Алтай Констракшн ХХК-иас албадан гаргуулах хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь доголдлыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх үндэслэлээ шүүхэд нотлох баримт гарган өгөөгүй, Алтай Констракшн ХХК-иас гарган өгсөн нотлох баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй зэрэг байдлаас ажлын доголдлын талаар маргахгүй байсан болох нь нотлогддог. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03267 дугаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, доголдлыг өөрийн зардлаар арилгах нийт зардал 3 054 841 02 төгрөгийг Эх хяр ХХК-ийн баталгаанд байршуулсан төлбөр болох 3 562 622 төгрөгөөс хасч тооцон 507 781 төгрөгийг Эх хяр ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Эх хяр ХХК нь хариуцагч Алтай констракшн ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 562 622 төгрөг, алданги 1 140 160 төгрөг, нийт 4 702 782 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага 507 781 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 4 195 001 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Талууд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 04/В5, В6/54 дугаартай Саруул хотхон хорооллын В5 блокийн 2 дугаар орцны 4, 5 дугаар давхарт дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Эх хяр ХХК нь таазны тэгшилгээ, таазны замаск, ханын замаск, хана, таазны эмульс, гипсэн ханын замаск, паркетан шал, плинтус, цонхны амалгааны будаг, балконы дотор засал, гадна хаалга суулгах зэрэг ажлыг гүйцэтгэх, хариуцагч Алтай констракшн ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө... ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой байсан гэж тайлбарлан, нотлох баримтаар Эх хяр ХХК-иас суутгаж авах материал, ажлын хөлсний тооцоо, гомдлын бүртгэлийн хуудас зэргийг тус тус ирүүлсэн байна. /хх-ийн 29, 35-39 тал/ Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх шаардлага гаргах эрхтэй. Талуудын хоорондын гэрээнд болон хуулиар уг доголдолтой холбоотой шаарддага гаргах хугацааг тухайлан заасан зохицуулалт байхгүй болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь уг шаардлагаа Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргахаар байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд захиалагч буюу хариуцагч Алтай констракшн ХХК нь гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Эх хяр ХХК-д хуульд заасан хугацааны дотор доголдлын талаар мэдэгдээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2016/584 дугаар акт хэрэгт авагдсан байх бөгөөд уг актаар барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд захиалагч байгууллага болох Бадамлах нар ХХК-ийн мэдэлд 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байна. Дээрх актад тухайн барилга байгууламж нь доголдолтой талаар дурьдаагүй болно. /хх-ийн 11-12 тал/ Гэрээний 3.3-д гүйцэтгэгчийн нийт санхүүжилтийн 95 хувийг олгож, үлдсэн 5 хувийг Улсын комисс ажилласан өдрөөс хойш 6 сарын турш байршуулан авч үлдэх ба энэ хугацаанд чанарын доголдол гаргаагүй бол гүйцэтгэгчид буцаан олгоно гэж заасан. Гэрээний дагуу 95 хувийн санхүүжилтийг бүрэн хийсэн, үлдэх 5 хувийн санхүүжилт буюу 3 562 622 төгрөгийг гэрээний төлбөрөөс суутган авсан талаар зохигчид маргаагүй байна.

 

Захиалагч буюу хариуцагч байгууллагаас нотлох баримтаар ирүүлсэн оршин суугчдаас гаргасан гомдлыг бүртгэсэн дэвтэр, Эх хяр ХХК-иас суутгаж авах материал, ажлын хөлсний тооцоо гэсэн бичгийн баримтыг тус тус үндэслэн ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан, доголдолтой холбоотой засан сайжруулалт хийсэн гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь дээрх бичгийн баримтад засварын ажлыг ямар хугацаанд хэн хийж гүйцэтгэсэн, засвар хийж гүйцэтгэхэд гарсан материалын зардлын болон ажлын хөлс төлсөн болохыг нотолсон гэж үзэхгүй бөгөөд уг байдлын талаар хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Анхан шатны шүүх хариуцагч Алтай констракшн ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 562 622 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эх хяр ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1 140 160 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Алтай констракшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 827,47 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО