Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/03267

 

                                   

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э Х ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: А К  ХХК  -д  холбогдох

 

4.702.782 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов. 

Тодорхойлох нь:

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Манай компани нь “А К " ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 19 -ний өдөр №04/В5,В6/54 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан №04/В5,В6/54-02 тоот ажил гүйцэтгэх нэмэлт гэрээнүүд байгуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах А К   ХХК-ийн Саруул хорооллын 232 айлын орон сууцны барилга дээр барилгын ажил гүйцэтгэж 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн.

Уг барилгатай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улсын комисс танилцаж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2016/587 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-ыг гаргасан.

А К   ХХК нь №04/В5,В6/54 тоот ажил гүйцэтгэх гэрээний 3.3 дугаар хэсэгт заасны дагуу ажлын гүйцэтгэлийн хөлснөөс авч үлдсэн 3.562.622 төгрөгийг чанарын барьцаа болгон суутган авч үлдэж, уг барилга дээр Улсын комисс буюу Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс ажилласан өдрөөс хойш зургаан сарын туршид байршуулан авч үлдээд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай компанид шилжүүлэх байсан.

А К   ХХК-аас №04/В5,В6/54 тоот ажил гүйцэтгэх гэрээний 3.3 дугаар хэсэгт заасаны дагуу 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай компанид шилжүүлэх байсан гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдэл болох 3.562.622 төгрөг, мөн гэрээний 6.3 дугаар хэсэгт заасан захиалагч гүйцэтгээгүй үүргийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцно гэж заасны дагуу 160 хоногийн алданги болох 1.140.160 төгрөг, нийт 4.702.782 төгрөгийг А К   ХХК-аас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “А К   ХХК-ийн бүтээн байгуулж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” хорооллын туслан гүйцэтгэгчээр оролцох хүсэлт удаа дараа гаргасныг харгалзан үзэж А К   ХХК нь Э Х   ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр №04/В5, В6/54 тоот “Саруул хотхон” хорооллын В5 блок буюу 117 дугаар байрны 2 дугаар орцны 4,5 дугаар давхарт дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ болон 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр нэмэлт гэрээ тус тус байгуулан ажиллуулсан.

Уг гэрээний дагуу гүйцэтгэсэн Э Х  ХХК нь “Саруул хотхон” хорооллын В5 блок буюу 117 дугаар байрны 1,2 дугаар орцны дараах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Үунд:

1. 2-р орцны 2-6 давхрын дотор засал: Таазны тэгшилгээ, таазны замаск, ханын замаск, хана таазны эмульс, гипсэн ханын замаск, паркетан шал, плинтус, цонхны амалгааны будаг, балконы дотор засал, гадна хаалга суулгах иж бүрэн ажил,

2. 2-р орцны зоорийн давхраас 13 давхар хүртэлх шатны хонгилын засал: таазны тэгшилгээ, таазны замаск, ханын замаск, хана таазны эмульс зэрэг иж бүрэн ажил,

3. 2-р ордны зоорийн давхраас 13 давхар хүртэлх шатны хонгилын чулууг эмжээрийн хамгаалалт наах,

4. 1-р орцны 2 давхрын болон 2-р орцны 1 давхрын иж бүрэн заслын ажил: Э Х   ХХК-ийн дээрх ажлын гүйцэтгэлд их хэмжээний доголдол илэрч, оршин суугчид буюу худалдан авагчдаас гомдол ирэх болсон.

Иймд А К   ХХК-ийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр №04/В5, В6/54 тоот гэрээний 6.4-т “Гүйцэтгэгч нь ажлыг хугацаандаа гүйцэтгэсэн хэдий ч зохих ёсоор гүйцэтгээгүй. гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй тохиолдолд  захиалагч тухайн ажлын чанарын доголдол, дутагдалыг тодорхойлж акт, торгууль тавих эрхтэй.”, 4.4-7 “Гүйцэтгэгчийн ажилд доголдол илэрвэл гүйцэтгэгчийн зардлаар дахин засаж гүйцэтгүүлнэ.” 5.4-7 “Барилгын ажлыг гүйцэтгэхдээ зураг төсөв, технологийн норм дүрэм зөрчсөн, өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас алдаа дутагдал гаргасан, материалыг буруу зарцуулсан зэргээс болж хөрөнгө, материал дутсан, ажлыг чанарын шаардлага хангахгүйгээр гүйцэтгэсэн бол ажлын хөлснөөсөө суутгуулах, эсхүл тухайн ажлыг өөрсдийн хүч, хөрөнгөөр дахин хийнэ.” хэмээн тус тус заасны дагуу тухайн нөхцөл байдалд хугацаа алдалгүй засах шаардлагатай байсан тул уг доголдльг өөрийн зардлаар арилгаж, гарсан зайлшгүй зардлыг Э Х   ХХК-ийн баталгаанд байршуулсан хөлснөөс суутгасан.

Э Х   ХХК-ийн ажлын гүйцэтгэлд их хэмжээний доголдол илэрсэн болох нь оршин суугчдаас ирүүлсэн гомдол, Бадамлах Нар СӨХ-ны тайлбар, А К   ХХК-ийн инженерийн баг бүрэлдэхүүний газар дээрх үзлэгийн протокол зэргээр нотлогдоно.

Доголдолыг өөрийн зардлаар арилгах нийт зардал 3.054.841, 02 төгрөгийг Э Х   ХХК-ийн баталгаанд байршуулсан төлбөр болох 3.562.622 төгрөгөөс хасч тооцон 507.781 төгрөгийг Э Х   ХХК-д олгоход бэлэн байна. Уг компани нь төлбөрөө бэлэн мөнгөөр авдаг тул үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй байсан бөгөөд компанийг шинээр эзэмших болсон Захирал Б.Одгэрэлд тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрөө авах хүсэлтийг гаргасан боловч татгалзаж байсан тул А К   ХХК нь ямар нэгэн алданги төлөх үүрэг хүлээхгүй болно.

Иймд Э Х   ХХК-ийн А К   ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 4.702.872 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн 507.781 төгрөгийг Э Х   ХХК-д олгуулж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                       

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Э Х  ХХК нь хариуцагч Алтан Констракшн ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.562.622 төгрөг, алдангид 1.140.160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч А К  ХХК нь 507.781 төгрөгийг зөвшөөрч, Э Х  ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан тул 3.054.841 төгрөгийг засан сайжруулалт хийхэд зарцуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 04/В5, В6/54 дугаартай “Саруул хотхон хорооллын В5 блокийн 2 дугаар орцны 4, 5 дугаар давхарт дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Э Х  ХХК нь таазны тэгшилгээ, таазны замаск, ханын замаск, хана, таазны эмульс, гипсэн ханын замаск, паркетан шал, плинтус, цонхны амалгааны будаг, балконы дотор засал, гадна хаалга суулгах зэрэг ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч Алтан констракшн ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөр харилцах тохиролцжээ.

 

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344.1-т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр талууд “Харилцагчийн тооцоо” гаргаж, нийт 71.251.804 төгрөгийг ажлыг гүйцэтгэсэн гэж тооцоо нийлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 04/В5, В6/54-02 дугаар нэмэлт гэрээний  5-д зааснаар 95 хувийн санхүүжилтийг бүрэн хийсэн, харин баталгаат хугацааны 5 хувь буюу тооцоо нийлсэн актад дурдсан 3.562.622 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4, 5.4-т зааснаар доголдлыг арилгахад баталгааны мөнгөнөөс зардал гаргасан тул суутгаж, үлдэх 507.781 төгрөгийг төлөх боломжтой гэж тус тус тайлбарласан.

 

            Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” орон сууцны хорооллын 232 айлын орон сууцны барилгын ажлыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2016/587 дугаар актаар хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй болно.

 

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Э Х  ХХК нь нэмэлт гэрээний 5-д зааснаар Улсын комисс барилгын ажлыг хүлээж авснаас хойш 6 сар өнгөрсөн байх тул хариуцагч А К  ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

 

            Хариуцагч А К  ХХК-иас доголдол илэрсэн байдлыг нотлох зорилгоор шүүхэд гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Э Х  ХХК-ийн гэрээг дүгнэх протокол /хх-ийн 28 дахь тал/, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Э Х  ХХК-ийн суутгаж авах материал ажлын хөлсний тооцоо/хх-ийн 29 дэх тал/, А.Цэнд-Аюуш, Г.Уянга нарын өргөдөл, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн  В5 блокийн 2 дугаар орцны 2, 3, 4, 5, 6 дугаар давхарын айлын засвар, зоорийн давхараас 13 давхар хүртэл замаск, эмульс хийгдсэн ажил гэх баримтууд нь Э Х  ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын биет байдлын доголдлыг шууд нотлох баримт болохгүй бөгөөд өргөдөл гаргасан А.Цэнд-Аюуш, Г.Уянга нар нь уг орон сууцны өмчлөгч, эсхүл амьдардаг эсэх нь тодорхойгүй, мөн ямар доголдол гарсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, хариуцагчаас гарсан гэх доголдлыг арилгах талаар мэдэгдэл нэхэмжлэгчид өгч байгаагүй зэргээс дүнэхэд Э Х  ХХК-ийн ажил доголдолтой гэж үзэх боломжгүй байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээнд алдангийг тохироогүй байх тул алдангид 1.140.160 төгрөг шаардах эрхгүй байна.

 

            Иймд хариуцагч А К  ХХК-иас 3.562.622 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э Х  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.140.160 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А К  ХХК-иас 3.562.622 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э Х  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.140.160 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  71.952 төгрөгийг гаргуулж Э Х  ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

            ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР