| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2023/0372/Э |
| Дугаар | 2025/ДШМ/08 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/08
2025 02 12 2025/ДШМ/08
Б.Лд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч Б.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б, Ц.Э
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-н давж заалдах гомдлоор Б.Лд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-н Л, Монгол Улсын иргэн,
Б.Л нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд аймгийн сумын багийн тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч хохирогч Д.Б-н эзэмшлийн 380 вольт цемент зуурагчийн мотор 1 ширхэг, “Кен” брендийн гар хөрөө 1 ширхэг, “Кен” брендийн жижиг гар төмөр тасдагч 1 ширхэг, “Кен” брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.185.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овгийн Б-н Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Лг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-н цагдан хоригдсон 25 /хорих тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хүү 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн 14 настай Л.Б-д харгалзан дэмжигч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:
... Б.Л нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн /хх-54/ байдаг бөгөөд хохирол төлбөрөө барагдуулж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг өөрийн гараар бичиг өгсөн байдаг. Өмгөөлөгч бид хэргийг прокурорт 60 хүртэл хоногийн хугацаагаар буцаах байр суурьтай хуралд оролцсон боловч хүсэлтийг хүлээж аваагүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх санал гаргаж оролцсон. Тус хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Б.Лд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Л тайлбартаа: ... Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Ар гэрийн байдал, хохирол төлсөн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б тайлбартаа: ... шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: ... Ар гэрийн байдлыг харгалзан үзээд зүйлчлэлийг өөрчилж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-н давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Л нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд аймгийн сумын багийн тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гаражид нэвтэрч хохирогч Д.Б-н эзэмшлийн 380 вольт цемент зуурагчийн мотор 1 ширхэг, “Кен” брендийн гар хөрөө 1 ширхэг, “Кен” брендийн жижиг гар төмөр тасдагч 1 ширхэг, “Кен” брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.185.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхийн ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар “шүүгдэгчийг хохирогч Д.Б-н түрээслэж байсан гаражид хууль бусаар нэвтрээгүй, хохирогч түлхүүрээ өөрөө өгсөн. Шүүгдэгч нь тухайн гаражид хохирогчийн хүсэлтээр токерийн ажил хийж байсан учир орох эрхтэй байсан” гэж мэтгэлцэж байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ “Гаражийн түлхүүрээ олохгүй байсан юм. Хэзээ хаана алга болсныг мэдэхгүй. Лд өгөөгүй. Лг гаражид орохыг зөвшөөрсөн зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгчийг бусдын гаражид өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар нэвтэрсэн гэж үзлээ ... гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б нь “... шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Б.Лд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ....” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай үйлдэл, түүнээс үүсэх үр дагавар, хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Гэтэл шүүгдэгч Б.Л нь анх сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө ... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, одоо дуудсан цагт ирэх болно, намайг хорихгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү ... гэж /хх 44/,
яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ... Тухайн үед надад гаражийн цоожны түлхүүр байсан гэдгийг бол санаж байгаа боловч яг хэзээ хэрхэн яаж орж эд зүйлс авсан гэдгээ санахгүй байна, учир нь архи уухаараа би болсон үйл явдлыг санахгүй эрүүл хүн шиг зүгээр яваад байдаг юм ... гэж /хх 54/,
анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ... Д.Б буухдаа дунд хайрцагнаас юмнууд авчихаарай гэхээр нь би дунд хайрцаганд байсан бутархай мөнгө, бал, цаас зэрэг юмнуудыг нь аваад буусан. Тэгээд эцсийн буудлын доошоо уруудаж явахдаа өөрт нь хэлсэн. Хэмжээ авах, эргэж тойрох юм байвал хэлж байгаарай гээд нэг их айхтар тоогоогүй ... гэж /хх 79-80/ тус тус мэдүүлснээс гадна
давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “ ... Б машиныхаа голын хайрцаганд байсан түлхүүрийг надад өгсөн ... ” гэсэн тайлбарыг гаргасан болно.
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Лгийн дээрх мэдүүлгүүдээс дүгнэн үзвэл түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм бурууд нь тохирсон гэж үзлээ.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч ... “ гэсэн байх ба шүүгдэгчийг хүн байнга амьдрах орон байранд эсхүл үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн талаар тодорхой дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж зөвтгөх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл аймгийн сумын багийн тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гаражид хохирогч, шүүгдэгч нар хамтран ажиллаж байсан нь тогтоогддог бөгөөд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзнэ.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-н “... Б.Лд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Шүүгдэгч Б овгийн Б-н Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэснийг
... Шүүгдэгч Б овгийн Б-н Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР