Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02363

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02363

 

 

 

 

Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02759 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ш ХХК-ийн хариуцагч ББ ажлын албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2016 оны 8 сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/04867 дугаар захирамжаар Ш ХХК-иас 15 867 167 678 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компаний эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж 58 тоот хаягт байрлах 13 давхар орон сууцны барилгыг 8 586 312 587 төгрөгөөр үнэлж, энэ тухай 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3/4303 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүх Ш ХХК-с 15 867 167 678 төгрөгийг гаргуулж КХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ш ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /нийт орон сууцыг/ битүүмжлэн, хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 тоот дах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 8 586 312 587 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3/4303 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ББ ажлын албанд холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдаалагдах шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ш ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн 6 хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөөний гудамж 58 тоот хаягт байрлах 652,76 мкв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг битүүмжилж хураасан боловч үнэлгээ тогтоохдоо шүүгчийн захирамжид дурдсан 652,76 м.кв талбайг биш, нийт 13 давхар барилгыг үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т Гүйцэтгэх баримт бичигт зааснаар барьцаалагч болсон төлбөр авагч нь нэг этгээд бол төлбөр төлөгчид өөр эд хөрөнгө байгаа эсэхээс үл хамааран барьцааны хөрөнгөөс төлбөрийг суутгана гэснийг зөрчиж барьцаа бус хөрөнгийг үнэлүүлж төлбөрт суутгах ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчсөн, Шуүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасны дагуу шинжээчид тавигдах асуулт тодорхой байх шаардлагыг хангаагүй. Шинжээчээр дээрх 13 давхар барилгын зах зээлийн үнийг үү эсвэл барилгыг барихад зарцуулсан мөнгөн хөрөнгийн өртгийг үү яг юуг тогтооолгохоор хандаж байгааг тодорхойлоогүйн улмаас шинжээчийн үнэлгээ буруу гарсан.

Шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий бага тогтоогдсон. Шинжээч Ашид билгүүн ХХК үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байхад үнэлгээндээ ганцхан өртгийн хандлагыг ашиглан гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан зах зээлийн үнэлгээ гэдэг зарчмыг алдагдуулсан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэхдээ Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хувьд ногдох хөрөнгөд ажиллагаа явуулсан уу эсхүл барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан уу гэдгийг ялгаж салгалгүйгээр шууд нэг талыг барьж хариуцагчид ашигтай зүйл заалтыг дурдаж хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Шинэдэлхий ХХК нь хариуцагч ББ ажлын албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1, 20 /

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/04867 дугаар захирамжаар Ш ХХК-иас 15 867 167 678 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн, Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж шинжээч томилсон бөгөөд шинжээч эрхийн улсын бүртгэлийн ү-2204024184 дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж 58 тоот хаягт байрлах 13 давхар орон сууцны барилгыг 8 586 312 587 төгрөгөөр үнэлсэн.

 

Уг шинжээчийн дүгнэлтэд нийт хэдэн м.кв талбай бүхий хөрөнгө үнэлснээ тодорхой бичээгүй бөгөөд үнэлэгдэж буй хөрөнгийн талбайн хэмжээг тодорхойлоогүй гэдгээ шинжээч үгүйсгээгүй байна. / хх 159/

 

Хариуцагч ББ ажлын алба үнэлэгдэж буй хөрөнгийн нийт м.кв-ыг тодорхойлоогүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг зөрчиж асуултаа тодорхой тавиагүйтэй холбоотой байхаас гадна урд нь 2017 онд хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэхэд уг хөрөнгө 60-70 хувийн гүйцэтгэлтэй байхдаа 19 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй байна. /хх 157-159/

 

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь 2 орцтой, 13 давхар, дотор засал хийгдсэн барилга байсан гэх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 652,76 м.кв, 30 хувийн гүйцэтгэлтэй байх үеийн барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 75 хувийн гүйцэтгэлтэй барилгыг битүүмжлэн тэмдэглэл үйлдсэн, м.кв тодорхойгүй гараж орсон 13 давхар барилга хурааж тэмдэглэл үйлдсэн байна. /хх 28-29, 161/

 

Нэхэмжлэгч 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа барилгыг 30 хувийн гүйцэтгэлтэй байх үеийнх нь үнээр үнэлсэн 652,76 м.кв талбайг биш нийт 13 давхар барилгыг үнэлсэн нь буруу гэж тайлбар гаргасан нь үндэслэлтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоосон бөгөөд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль тогтоомжид Иргэний хууль хамаарахаар заасан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасан. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч санал гаргах эрхтэй юм.

 

Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх тусгай журам буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 -д зааснаар хөрөнгийн үнэ цэнэ гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг, хөрөнгийн үнэлгээний суурь гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход баримталсан зах зээлийн ба зах зээлийн бус үнийн талаархи үндэслэлийг хэлэх юм. Үнэлгээний тайлангаас үзэхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх зарчим алдагдсан, үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл дутуу, тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл тодорхойгүй болжээ.

 

Анхан шатны шүүхээс 90 хувийн гүйцэтгэлтэй болсон талаар нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь нэмж хөрөнгө оруулахыг хориглосон шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд уг дүгнэлт барилга бодит байдалд 90 хувийн гүйцэтгэлтэй болсныг үгүйсгэж чадахгүй юм.

 

Нэхэмжлэгчийн гаргасан бичгийн баримтад уг хөрөнгийг 19 050 270 000 төгрөгөөр үнэлсэн, шинжээч 8 586 312 587 төгрөгөөр үнэлсэн нь хэт зөрүүтэй байгааг анхаараагүй байна. Шинжээчийн Барилга баригдаж дуусаагүй, дотор засал хийгдээгүй, ямар зэрэглэлийн барилга болох нь тодорхойгүй учир зах зээлийн ханш тогтоох боломжгүй гэсэн тайлбар үндэслэлгүй, хөрөнгийн үнэлгээг бүрэн хийсэн гэж дүгнэх боломжгүй. / хх 159/

 

Мөн үнэлгээний тайланд барилгын доорх газар хэний эзэмшил ашиглалтад байдаг талаарх мэдээлэл тусгагдаагүй, газрын гүнд инженерийн шугам сүлжээ хийгдсэн эсэх, уг шугам сүлжээг үнэлгээнд оруулсан эсэх нь тодорхойгүй, үнэлгээг хууль ёсны болсон гэж дүгнэх боломжгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Зах зээл дээр голдуу м.кв-аар үнэлэгдэн зарагддаг хөрөнгийн талбайн хэмжээ тодорхойгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнийг тодорхойлсон гэж дүгнэх боломжгүй. Шинжээч, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Иргэний хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02759 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ББ ажлын албанаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД