Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01060

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02759 дүгээр шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2363 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******нд холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016.08.12-ны өдрийн 102/ШШ2016/04867 дугаар захирамжаар ******* ХХК-аас 15,867,167,678 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компанийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024184 дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж 58 тоот хаягт байрлах 13 давхар орон сууцны барилгыг 8,586,312,587 төгрөгөөр үнэлж, энэ тухай 2020.05.20-ны өдрийн 3/4303 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүх ******* ХХК-аас 15,867,167,678 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /нийт орон сууцыг/ битүүмжлэн, хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 8,586,312,587 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2020.05.20-ны өдрийн 3/4303 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02759 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *******нд холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдаалагдах шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2363 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02759 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******наас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.12-ны өдрийн 4167 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 15,867,167,678 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /нийт орон сууцыг/ битүүмжлэн, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч төлбөр авагч нар тохиролцоогүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө нь 652.76 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй байх үед нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдсэнээс хойш өнөөдрийг хүртэл барилгын үйл ажиллагаа явагдсаар 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилга болсныг хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 8,586,312,587 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2020.05.20-ны өдрийн 3/4303 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч *******нд холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт хэнд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэснээ тодорхой тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

 

******* ХХК-аас төлбөр гаргуулж Капитал банк ХХК-д олгох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулахдаа барьцааны зүйлийг битүүмжлэн хураасан, анхны дуудлага худалдаанд санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүйгээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон талаар зохигч маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, ...үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгө болох ******* ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 58 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай барилга нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдах үед 30 хувийн гүйцэтгэлтэй байсан, /энэ нөхцөл бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй/ шинжээч үнэлгээ тогтоох цаг хугацаанд 90 хувийн гүйцэтгэлтэй болсныг харгалзан үнэлгээ тогтоогоогүй гэж тодорхойлсон байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ, шинжээч дүгнэлт гаргахдаа хууль зөрчөөгүй, ...эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд 75 хувийн гүйцэтгэлтэй 13 давхар барилга гэж тэмдэглэгдсэн ...нэмж хөрөнгө оруулахыг хориглов гэснийг нэхэмжлэгч зөрчсөн, ...эд хөрөнгийг битүүмжилж буй нь тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагаа бөгөөд ийнхүү хязгаарласан хориглосон тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг төлбөр төлөгч зөрчсөн, барилгыг барьсан гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтаас үзвэл, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцон тогтоож чадаагүй бол шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж, зах зээлийн үнийг тогтоолгох бөгөөд шинжээч томилох тухай 2020.04.24 ний өдрийн 4/50 тоот тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тодорхой заагаагүй, уг тогтоолын дагуу гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланд хэдэн хувийн гүйцэтгэлтэй барилгыг үнэлснээ тодорхой тусгаагүйгээс тухайн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан ...тодорхойлно гэсэнтэй нийцээгүйг давж заалдах шатны шүүх магадлалд тодорхой заасан байна.

 

Тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэх үед уг барилга нь 75 хувийн гүйцэтгэлтэй байсныг битүүмжлэх тогтоолд дурдсан, энэ хугацаанаас хойш 90 хувийн гүйцэтгэлтэй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаагаагүй байна.

 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь шинээр орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилга байх бөгөөд барьцааны гэрээ байгуулагдах үед 30 хувийн гүйцэтгэлтэй байсан, тухайн 30 хувийн гүйцэтгэлийг барилгын үндсэн зориулалтыг алдагдуулахгүйгээр хэсгээр салгах боломжгүй тул барилгыг бодит байдлаар бүхэлд нь үнэлэх ба шинжээч энэ байдлыг бүрэн харгалзаж үнэлгээ тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг гэж ойлгоно. гэсний ...эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах тохиолдол нь ямар эд хөрөнгийг битүүмжилж буйгаас шалтгаалахаас бус аливаа эд хөрөнгийг битүүмжилсэн л бол тухайн хөрөнгийн эзэмших, ашиглах өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хязгаарлах ойлголт биш болно.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2363 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Ашид билгүүн ХХК-ийн гэсний өмнө *******нд холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, гэж нэмж өөрчлөн, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ