Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/00092

 

  Л.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00724 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1899 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Л.Бат-Эрдэнэ

Хариуцагч :  М.Ариунцэнгэл

Нэхэмжлэлийн шаардлага : 2.000.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагч М.Ариунцэнгэл, түүний өмгөөлөгч Д.Тамир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ариунцэнгэл 2014 оны 9 дүгээр сард “....20 айлын зуслангийн газрыг таньдаг хүн зарж байна. нэг айлын газар нь 2 сая  төгрөгийн үнэтэй. Бүгд нийлээд газартай болъё...” гэхэд нь манай сургуулийн багш нар зөвшөөрч газар авахаар болсон. Ингээд М.Ариунцэнгэлийн Хаан банкны  дансанд 2 сая  төгрөг шилжүүлсэн. Гэтэл М.Ариунцэнгэл нь газар бүтэхгүй боллоо, надад газар зарахаар хэлсэн хүн нь худлаа яриад бүх мөнгийг авчихсан гэж бидэнд хэлсэн. Иймд М.Ариунцэнгэлээс газрын төлбөрт өгсөн 2 сая төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ. /хх 1/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: М.Ариунцэнгэл нь 2014 оны 9 дүгээр сард “20 айлын зуслангийн газар таньдаг хүн зарах гэж байна, нэг айлын газар нь 2.000.000 төгрөг, нийлээд газартай больё” гэсэн тул багш нар зөвшөөрч газар авахаар болж нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Гэтэл М.Ариунцэнгэл нь газар бүтэхгүй болоо, ярьсан хүн худал хэлж бүх мөнгө авчихсан одоо эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэсэн. Иргэний хуулийн 39.1-д заасны дагуу газартай болох хүсэл зоригоо илэрхийлж 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 40.1-д зааснаар М.Ариунцэнгэл 2.000.000 төгрөгийг хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 43.1.1-д зааснаар гол нөхцлийнхөө талаар хэлэлцэж тохиролцсон тул хэлцэл хийсэн гэж үзнэ. М.Ариунцэнгэл нь таньдаг хүнээсээ газар авч өгөх хэлцэл хийснээр зуучлалын үүрэг гүйцэтгэсэн. Гэвч үүргээ биелүүлж чадаагүй. Хариуцагч нь Р.Баярмаа гэдэг хүнд 20 сая төгрөг бэлнээр, 4 сая төгрөг шилжүүлж өгсөн байдаг. Улсын Ерөнхий Прокурорын газрын тогтоолоос харахад М.Ариунцэнгэл Р.Баярмаа гэдэг хүнд залилуулсан, хохирогчоор тогтоогдсон байна. Л.Бат-Эрдэнэ гэж хүн Р.Баярмаад мөнгө шилжүүлээгүй М.Ариунцэнгэлд л шилжүүлсэн. Ер нь гар гараа дамжаад М.Ариунцэнгэл нь Р.Баярмаагаас мөнгөө авах, Л.Бат-Эрдэнэ нь М.Ариунцэнгэлээс мөнгөө авах ёстой. Иймд М.Ариунцэнгэлээс 2 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сард би хамт ажилладаг 11 багшийн хамтаар Р.Баярмаагаас Баянзүрх дүүргийн Гачууртад зуслангийн зориулалтаар газар худалдаж авахаар болж бүгд очиж үзсэн. Багш Баярчимэг нь Р.Баярмаагийн хамт Баянзүрх дүүргийн газрын харилцааны албан дээр очиж тус газрыг шүүлгэж үзээд бүх бичиг баримт нь Р.Баярмаагийн нэр дээр хэвийн байна гэснээр бид хоорондоо ярилцаад газрыг нь авахаар болсон юм. Л.Бат-Эрдэнэ нь манай тэнхимийн багш биш бөгөөд найзын хувьд би газар авах гэж байгаа тухайгаа хэлэхэд өөрөө би газар авъя гэж авахаар болсон. Р.Баярмаа нь тухайн үед хүн бүрийн нэр дээр кадастрын зураг, нэр шилжүүлэх гэрээ хийнэ гэж биднийг цуглуулсан бөгөөд өргөдлийн маягт, гэрээ зэргийг бидний нэр дээр бөглөөд бэлдчихсэн байсан ба сургуулийн 1 давхрын нотариатч дээр батлуулахаар очсон. Гэтэл нотариатч газрыг эзэмших гэрчилгээний хугацаа дуусчихсан байгаа учраас гэрчлэхгүй гэж хэлсэн. Р.Баярмаа нь газрын гэрчилгээний хугацааг сунгуулчихаад ирнэ гээд бүх бичиг баримтуудыг өөрөө авсан. Ингээд тарах гэтэл Р.Баярмаа нь та нар мөнгөө өг гэж нэхээд Мөнхбаяр, Тунгалаг бид нараас нийт 8.000.000 төгрөгийг авч, үлдэх мөнгөө бэлдээд байж бай гэсэн. Тэр үед манай багш нар мөнгөө миний дансанд нэгтгэн байршуулахаар тохиролцоод мөнгөө миний данс руу шилжүүлэхээр нь би тэр дор нь Р.Баярмаагийн данс руу шилжүүлдэг байсан. Л.Бат-Эрдэнээс 2.000.000 төгрөг миний дансанд 2014.9.17-ны өдрийн 15 цаг 19 минутанд орж ирсэн бөгөөд би тэр өдрийнх нь 16 цаг 15 минутанд Р.Баярмаагийн данс руу 2.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Бид нийт 24.000.000 төгрөгийг Р.Баярмаад газрын үнэ гэж өгсөн. Гэтэл Р.Баярмаа нь мөнгө авснаасаа хойш элдэв янзын тайлбар хэлж зугтах болсон тул Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар бусдыг залилсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Багш Д.Саулегулийн нэхэмжилж байгаа 2.000.000 төгрөгийг бусад багш нарын мөнгөний хамтаар би Р.Баярмаад хүлээлгэн өгсөн. Уг мөнгийг миний бие өөрийн дансаар дамжуулан Р.Баярмаагийн дансанд шилжүүлснээс өөр ямар нэгэн байдлаар өөртөө авсан, хувьдаа ашигласан зүйл байхгүй. Миний бие Р.Баярмаад холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоод явж байгаа. Нэхэмжилж байгаа мөнгийг надаас биш Р.Баярмаагаас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 11/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00724 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Ариуцэнгэлээс 2.000.000 төгрөг гаргуулах тухай Л.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Л.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.550 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1899 дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00724 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ариунцэнгэлээс 2 сая төгрөг гаргуулж Л.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэжээ. 

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зохиож ярьсан зүйлд үнэлэлт өгч шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Бат-эрдэнэ нь М.Ариунцэнгэлээс 2.000.000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсгийг баримтлан Л.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хангажээ. 

Хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаар, М.Ариунцэнгэл нь Л.Бат-Эрдэнийн өгсөн 2.000.000 төгрөгийг газрын төлбөрт бусдад дамжуулахаар хариуцагчтай тохиролцсон нь  тогтоогдсоноос гадна мөнгийг Р.Баярмаад шилжүүлэн өгсөн нь нотлогдсон /хх 3, 46, 52-53/ тул энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Л.Бат-Эрдэнээс өгсөн 2.000.000 төгрөгийг М.Ариунцэнгэл нь Р.Баярмаад шилжүүлсэн, Р.Баярмаа нь бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа талаар зохигчид маргаагүй бөгөөд уг хэрэгт Л.Бат-Эрдэнэ хохирогчоор тогтоогдсон эсэх нь тодорхой бус байгаа нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс шаардах нөхцfлийн талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан, хариуцагч бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.   

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1899 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 65.750 төгрөгийг захирамжаар М.Ариунцэнгэлд буцааж олгосугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ