Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 02

 

 “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Д.Мөнхтуяа,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудаар Д ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар Ж г ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар Ж а ХХК-д Х ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Б ХХК-д Х ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0446 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд Х дахь эрх хүлээн авагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын Д ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн Ж г ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн Ж а ХХК-д, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийн Х ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг 3/гурван/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж, 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Багануур дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын Д ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн Ж г ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн Ж а ХХК-д холбогдох хэсгийн Х ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгүүд хууль бус байсанд, мөн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийн Х ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болсонд тус тус тооцохоор шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0446 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээдийн хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0446 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч ЗХШХШТХ-ийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн нэхэмжлэгч байгууллагын тайлбарт үндэслэн гуравдагч этгээд Х дахь эрх хүлээн авагч, Ж а ХХК, Б ХХК, Ж г ХХК, Д ХХК нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг үл харгалзан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хийсэн үндэслэлгүй дүгнэлтийг засч залруулаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Нэг. Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны тухай: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Банкны тухай хуульд заасан төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр Х банкинд Банкны эрх хүлээн авагч томилж, мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар өөрийн хөрөнгө алдагдсан Х ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Банкны эрх хүлээн авагчид даалгасан. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч банкны активыг төлүүлэх, банкны өр төлбөрийг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

5. Х банк нь тухайн үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монголбанкнаас Хадгаламжийн Даатгалын Корпорациар дамжуулан Х банкны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Х банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 108.7 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр төрд хохирол, зардал учирсан. Одоо Банкны эрх хүлээн авагчаас энэ хохирлыг банкны зээлдэгч нарын бодит төлбөрөөс барагдуулахаар ажиллаж байна.

6. Хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа “... Нэхэмжлэгчид газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол байгаа нь тогтоогдсон ... ” гэжээ. Хэрэгт цугларсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараас харахад Х ХК нь 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ямар хэмжээтэй газар, хаана эзэмшиж байгаа нь тодорхойгүй байгаа буюу Х ХК нь газар эзэмших эрхээ 2004 оноос хойш буюу 15 жилийн хугацаанд баталгаажуулж авсан баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй байгаагаас тус компанийг хуульд заасны дагуу газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл байдаггүй. ЗХШХШТХ-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тус хуулиар “... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг” зохицуулдаг.

7. Тиймээс энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийг захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй этгээд гаргадаг. Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Х ХК-ийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нотлогддоггүй. Тодруулбал: Х ХК нь 41,092 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг 1999 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 15 жилийн хугацаатай авсан байдаг бөгөөд 2004 онд газрынхаа зарим хэсгийг бусдад шилжүүлсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчилж аваагүй тул газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээ шинэчилж авах тухай хүсэлтийг анх 2012 онд гаргасан. Эндээс үзэхэд хүсэлт гаргах хугацааг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдсээр байж 8 жил хэтрүүлсэн байгаа нь харагддаг бөгөөд 8 жилийн дараа гэнэт албан бичгээр хандсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж байгаагүй, хэрэгт цугларсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараас харахад сэргээх ямар нэгэн үндэслэл байхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үүнд дүгнэлт өгөөгүй, анхаарч үзээгүй, Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэхдээ мөн ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, анхаарч үзээгүйд гомдолтой байна. Мөн шүүх уг албан бичгийн хариуг бичгээр авсан л бол нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргах байсан мэтээр ургуулан бодож дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь газрын гэрчилгээг шинэчлэн авах, газар эзэмших эрхээ сунгуулах нь эрх зүйн хувьд хоёр өөр харилцаа болно. Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний 15 жилийн хугацаа нь 2014 оны 2 дугаар сарын 09-ний өдөр дууссан байхад Х ХК нь дахин шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй өнөөдрийг хүрсэн. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болдог. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нотлогдохгүй байна.

8. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...нэхэмжлэгч газрын асуудлаар 2012 оноос хойш дүүргийн газрын албан саналд хүсэлтүүд гаргаж байсан, хүсэлтэд дурдагдаж байсан кадастрын зураг хийгдсэн, төмөр замыг зурганд оруулж гэрээ байгуулж, гэрчилгээ олгож өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлэсэн бол газар эзэмших эрх дуусгавар болсон эсэх талаарх маргаан гарахгүй байсан... ” гэжээ. Х ХК-аас гаргасан хүсэлтүүд нь Газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт байгаагүй, Шүүх хуралдаан дээр хариуцагчаас Х ХК хүсэлт гаргах тухай бүрт уулзаж тус компанийн кадастрын зураглалаа өөрчлөх тухай эдгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг тайлбарлаж байсан тухай тайлбар өгсөн, нэхэмжлэгч мөн үүнийг хүлээн зөвшөөрсөн болно.

9. Эндээс үзэхэд захиргааны байгууллага Х ХК-д хариуг нь өгч байсан нь харагдаж байна. Шүүхээс энэ албан бичигт захиргааны байгууллага заавал үйлдлээр буюу албан бичгээр хариу өгөх ёстой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэв Х ХК нь тус шийдвэр /эс үйлдэхүй/-ийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны байгууллагад гомдол гаргах эрх, боломж хууль зүйн хувьд нээлттэй байсан. Энэ боломжоо нэхэмжлэгч ашиглаагүй хуульд заасан 30 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 жилээр хэтрүүлсэн хариуцлагагүй, хуулийг үл хүндэтгэсэн байдалд нь захиргааны байгууллагыг буруутгах, шүүх нэхэмжлэгчийг хууль ёсны ашиг сонирхолтой байна гэж одоо дүгнэх үндэслэл болохгүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

10. Х ХК нь Д ХХК-д 2004 онд зарим хөрөнгөө худалдсан байх бөгөөд үүнээс хойш 4 жилийн дараа буюу 2008 онд эдгээр компани хоорондын газрыг заагласан хашаа барьсан байдаг. Тухайн хашааг барьж байх үед Х ХК мэдэж байсан тухай шүүх хуралдаан дээр тайлбар өгсөн бөгөөд Д ХХК-тай харилцан тохиролцсон байдал нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараас, мөн Х ХК гомдол гаргаагүй байгаагаас харагдаж байна. Иймээс Газрын кадастрын зураглалын нэгдсэн мэдээлэл санд байгаа анх нэгдсэн мэдээллийн сан үүсч байх үед оруулсан зураглал зэргээр өнөөдрийн Б ХХК-ийн эзэмшиж буй газрын зураглал зөв үйлдэгдсэн, цаашлаад Х ХК нь тухайн маргаж буй газраа эзэмшихгүй болохоо идэвхгүй байдлаар илэрхийлж байсан нь илэрхий харагдаж байна. Хэдийгээр төмөр зам нь Х ХК-ийн хөрөнгө гэж шүүх тогтоосон боловч энэ нь доор газрыг мөн Х ХК-ийн эзэмшлийнх гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүх газар эзэмших эрхийг дээр нь байгаа аливаа хөрөнгөөс салшгүй мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Газар эзэмших эрх нь тусдаа үнэлгээтэй эд хөрөнгийн эрх тул ийнхүү дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хэн нэгний эзэмшиж буй газар дээр аливаа этгээд хөрөнгөө байрлуулах боломжтой бөгөөд, хуулиар энэхүү харилцааг зохицуулж өгсөн байдаг.

11. Хөрш зэргэлдээ газар эзэмшигч гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд: Анхан шатны шүүх шийдвэртээ “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг хангаж байх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна ... энэ тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болсноос үл хамааран хөрш зэргэлдээ газрын хувьд газрыг давхцуулан эзэмшүүлсэн талаар гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй... нэхэмжлэгчийн эзэмшил газарт давхцал үүсгэсэн ...” гэж үндэслэлгүй дүгнэсэн ба давж заалдах шатны шүүх ижил дүгнэлт хийжээ. Х ХК нь газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл байхгүй тухай өмнө хэсэгт тайлбарласан. Гэтэл шүүх Х ХК-ийг гуравдагч этгээдтэй хөрш зэргэлдээ газар эзэмшдэг гэж шууд өөрөө дүгнэсэн, газар эзэмших эрх дуусгавар болсон /газар эзэмших эрхгүй/ этгээд өөрөө газар эзэмших эрхгүй боловч бусдын газар эзэмших эрхтэй эрх нь давхцсан гэсэн гомдол гаргасныг хүлээн авах нь зөв гэсэн дүгнэлт хийж, логик уялдаа холбоогүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан.

12. Хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа “ ... Газрын хэмжээ нэмэгдэж, түүнчлэн багасаж байгаа, эрх олгосон захирамж болон захирамжийг үндэслэн гарч байгаа гэрээ, гэрчилгээн дэх газрын хэмжээ зөрүүтэй байгаа зэрэг нь .... газрын хэмжээг нэмэгдүүлэх болон багасгах тухай шийдвэрүүдийг гаргахдаа газрын байршил, эргэлтийн цэгийг нарийвчлан тогтоогоогүй... давхцаагүй байх шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн дүгнэлт хийжээ. Хэрэгт цугларсан баримтаас судалж үзэхэд Д ХХК-д анх 31,027 м.кв- аар газар эзэмших эрх олгохдоо Х ХК-ийн эзэмшлийн газраас давхцуулж олгосон, дараа нь 27,177 м.кв гэсэн бүртгэл хийхэд мөн л Х ХК-ийн газар дээр давхцуулж олгосон гэсэн дүгнэлт хийхээр баримт хэрэгт байгаагүй, газар нь бусад талруугаа тэлж, эсвэл агшиж хэмжээгээ тогтоолгосон байх боломжтой юм. Энэ нь Х ХК-ийн газар эзэмших эрхээ шинэчлэн авахад огт саад болохгүй. Түүнчлэн шүүх ийнхүү давхцсан гэх дүгнэлтийг хийхдээ хууль бус нотлох баримтыг А ХХК гэх компанийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн кадастрын зураглалд үндэслэсэн.

13. Кадастрын зураг хийхэд Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээ шаардлагатай ба эргэлтийн цэгүүдийн тухай тодорхойлолтыг мөн шаарддаг. Гэтэл тухайн зураглалыг үйлдэж байх үед буюу 2008 онд Х ХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, ямар газар эзэмшиж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Эндээс үзэхэд А ХХК нь ямар баримтад үндэслэж зураглал үйлдсэн тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангасан баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбар өгч, хэргийн баримтаас тус кадастрын зураглалыг хасуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна.

14. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “ ...маргаан бүхий шийдвэрүүдтэй холбогдуулж нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлыг шийдвэрлэж 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03/1975 тоот албан бичгээр “шүүхэд хандана уу” гэсэн хариу өгсөн байх ба нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч нь ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй...” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хишиг- Уул ХК нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны байгууллагад гомдол гаргах 30 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснийг олон жилийн дараа гэнэт гомдол гаргаж, шүүхэд хандана уу гэсэн хариу өгснөөр сэргэх үндэслэл болохгүй юм. Тодруулбал, 1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу газрыг зөвхөн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Х ХК нь 2004 онд эзэмшиж байсан газраасаа тодорхой хэсгийг бусдын эзэмшилд шилжүүлж өгсөн тул шинээр гэрчилгээ авч үлдсэн газраа эзэмших эрхээ баталгаажуулж авах ёстой байсан боловч, тухайн үед хүсэлт, гомдол гаргаагүй. 2. 2008 онд Д ХХК, Х ХК нарын хооронд хашаа баригдсан байдаг. Үүнээс хойш, эрх ашиг сонирхлоо зөрчигдсөн талаар гомдол гаргаагүй. 3. 2012 онд газрын албанд кадастрын зураглалаа өөрчлөх тухай хүсэлт өгсөн болон тус хүсэлтийг газрын алба хүлээн аваагүй байна. Үүнд мөн гомдол гаргаагүй байдаг. 4. 2014 оны 2 дугаар сард Х ХК-ийн хуучин газар эзэмших эрхийн хугацаа дууссан хэдий ч мөн л хүсэлт, гомдол гаргаагүй. 5. Б ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар 28-ны өдрийн А/172 тоот захирамжид мөн гомдол гаргаагүй болно. Эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэнээс хойш захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн дотор гомдлоо шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй буюу хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна. Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байтал шүүх зөвхөн ЗХШХШТХ-ийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, анхаарч үзээгүйд гомдолтой байна.

15. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан тухай: Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай. Тус хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээд Х дахь эрх хүлээн авагч, Ж а ХХК, Б ХХК, Ж г ХХК, Д ХХК-ийн хооронд байгуулагдсан газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болсон гэрээ хэлцэлд нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хөрөнгө шударгаар эзэмшиж буй этгээдийн эрх, ашиг сонирхолд ноцтой үр дагавар үүсгэхээр байгаа бөгөөд энэ нь Захиргааны хууль тогтоомжид заасан Захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үндсэн зарчимд харшилж байна.

16. Түүнчлэн Х ХК нь газар эзэмших эрхээ эсэхээ хуулиар тогтоосон хугацаанд нь хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, энэ үүргээ биелүүлээгүй 8 жил хариуцлагагүй хандаж явсныхаа дараа хүсэлт гаргаснаар тухайн хариуцлагагүй өнгөрүүлсэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлгүй. Энэ нь тэр хугацаанд тодорхой үнээр газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлж авсан, газар дээрээ хөрөнгөө барьж байршуулсан гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөх нь дэндүү нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэж байна. Төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа Банкны эрх хүлээн авагчийн хувьд 15 жилийн өмнөх хөрөнгийн шилжүүлгийн асуудлаас болж, үүний дараа нэхэмжлэгч нь 8 жил хариуцлагагүй явснаас болж төрд очих хөрөнгөд хохирол учруулж, учирсан хохирлоос болж төрийн байгууллагууд хоорондоо дахин маргаан үүсгэх, маргаагүй тохиолдолд төрийн нэг халааснаас мөнгө гарч нөгөө халаасанд орох ийм л үр дагаварт хүрэхээр шийдвэр гаргаад байгааг шүүх анхаарч үзнэ үү.

17. Иймд маргаан бүхий Засаг даргын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

18. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

19. Нэхэмжлэгч “Х” ХК нь “Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудаар “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар “Ж г” ХХК-д, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “Ж а” ХХК-д “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “Б” ХХК-д “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

20. Багануур дүүргийн Засаг даргын 1999  оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/07 дугаар захирамжаар “Х” ХК-д тус дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт 41629 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 17 дугаартай гэрчилгээ олгогджээ. 2004 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, дүүргийн Татварын хэлтэс болон “Д” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Х” ХК-ийн эзэмшиж байсан хүнсний агуулахын цогцолбор объект /дагалдах тоног төхөөрөмжийн хамт/-ыг дуудлага худалдаанд ялагчаар тодорсон “Д” ХХК-д шилжүүлсэн, уг агуулахын цогцолборт 144х6 м өргөнтэй ачиж буулгах талбайтай 150 м урттай төмөр зам /2 салаа төмөр замын агуулахын талынх/ багтсан байх бөгөөд Багануур дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 134 дүгээр захирамжаар, хөргөлтийн агуулах, конторын барилгын цогцолбор обьект байрлаж буй 25000 м.кв газрыг “Д” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

21. Харин, Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаар захирамжаар, тус дүүрэгт газрын кадастрын зураг хийгдсэнтэй холбогдуулж 53 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн батлахдаа “Д” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 31027 м.кв гэж тогтоон, улмаар мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжаар “Д” ХХК-д махны үйлдвэрийн зориулалтаар 27177 м.кв газрыг, мал хашаалах газрын зориулалтаар 5018 м.кв газрыг эзэмшүүлсэн байх ба дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар “Д” ХХК-ийн эзэмшиж байсан 27177 м.кв газрыг “Ж г” ХХК-д, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “Ж а” ХХК-д, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “Б” ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн үйл баримтууд тогтоогдсон, нэхэмжлэгчээс  “...Багануур дүүргийн Засаг даргаас ”Д” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр 31027 м.кв болгож нэмэгдүүлсэн, мөн 2008 оны 512 дугаар захирамжаар газрын хэмжээг 27177 м.кв болгон тогтоохдоо ...төмөр замын нэг салаа төмөр зам байрлаж буй газрыг оруулалгүйгээр бусад эд хөрөнгийг шилжүүлсэнийг хянаж шалгалгүйгээр манай компанийн өмчлөлийн төмөр замыг дамнуулан газраа ашиглах боломжгүй болгож, дараа дараагийн газар эзэмшигч нарт шилжүүлсэн нь хууль бус...” гэж маргажээ.

22. 1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас, Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцсэн байна гэж үзлээ.  

23. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т дүүргийн газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй болохыг, 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхыг хуульчилсан, өөрөөр хэлбэл дүүргийн Засаг дарга, газрын алба нь газар эзэмшүүлэх, газрын хэмжээг өөрчлөн тогтоох, бусдад шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хэмжээ заагийг газар дээр нь хянаж тогтоон, газрын мэдээллийн санд оруулах, мөн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй байна.

24. Гэвч хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга, газрын алба нь дээрх байдлаар гуравдагч этгээд “Д” ХХК-д шилжүүлсэн хүнсний агуулахын цогцолбор объект /дагалдах тоног төхөөрөмжийн хамт/-ын доорх газрыг тус компанид эзэмшүүлэх, мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх, багасгах тухай шийдвэрийг гаргахдаа газрын байршил, эргэлтийн цэгийг нарийвчлан тогтоогоогүйгээс нэхэмжлэгчийн, өөрийн өмчлөлийн салаа төмөр зам, түүний доорх газрыг эзэмшиж, ашиглах эрхийг зөрчжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Х” ХК нь гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэхээс өмнө маргаан бүхий газарт байрлаж байсан салаа төмөр замыг буюу одоогийн Х дахь эрх хүлээн авагчийн эзэмшлийн хашаанд байгаа 2 салаа төмөр замын баруун талын буюу барааны агуулах талын салаа төмөр замыг өмчлөх эрхтэй, мөн Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 482 дугаар шийдвэрээр тус төмөр зам /баруун талын буюу барааны агуулах талын төмөр зам/-ыг “Х” ХК-ийн өмч мөн болохыг тогтоожээ. 

25. Мөн Багануур дүүргийн Засаг даргын 1996 оны 175 дугаар захирамжаар анх, “Х” ХК-д тус дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт 3,5 га газрыг эзэмшүүлсэн, гэвч нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах 1996, 1998 оны гэрээнүүдэд эзэмшил газрын хэмжээг өөр өөрөөр тэмдэглэсэн. Түүнчлэн Багануур дүүргийн Засаг даргын 1999 оны А/07 дугаар захирамжаар “Х” ХК-д 41629 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч газар эзэмших гэрчилгээнд газрын хэмжээг 41092 м.кв гэж бичсэн бол гэрээнд 71089 м.кв, үүнээс 30000 м.кв нь ногооны талбай гэх зэргээр зөрүүтэй тэмдэглэсэн байна.

26. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна. Иймд маргаан бүхий 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдэл зөв гэж дүгнэв. 

27. 2. Нэхэмжлэгчийн гаргасан “Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудаар “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар “Ж г” ХХК-д, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “Ж а” ХХК-д, “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

28. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоохоор заасан. 

29. Харин нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардаж буй Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 442, 2008 оны 512 дугаар захирамжуудын “Д” ХХК-д, 2009 оны 496 дугаар захирамжийн “Ж г” ХХК-д, 2011 оны А/222 дугаар захирамжийн “Ж а” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дараа дараагийн захирамж гарган, газрын хэмжээг өөрчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Х” ХХК-иас дээрх захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахаас өмнө, маргаан бүхий захиргааны актуудыг дараагийн эрх олгосон захирамжуудаар хүчингүй болгосон, иймд шүүхээс эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй учир нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ. Иймээс энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

30. Гуравдагч этгээд Х дахь эрх хүлээн авагчийн гаргасан “...Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн нэхэмжлэгч байгууллагын тайлбарт үндэслэн ...маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хийсэн үндэслэлгүй дүгнэлтийг засч залруулаагүй, ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. ... анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үүнд дүгнэлт өгөөгүй, анхаарч үзээгүй, давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэхдээ мөн ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, анхаарч үзээгүйд гомдолтой” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

31. Учир нь, нэхэмжлэгч “Х” ХК нь эзэмшил газрын гэрчилгээг шинээр гаргуулах, мөн “Д” ХХК-иас төмөр замыг хааж хашаа барьсан, 2 салаа төмөр замыг дундуур нь хувааж, өөрийн төмөр замыг кадастрын зурганд болон газрын хэмжээнд оруулж гэрчилгээ олгуулах хүсэлтийг дүүргийн Засаг дарга болон Газрын албанд удаа дараа гаргасан, мөн маргаан бүхий төмөр замыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүсч Багануур дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, тус шүүхийн 2017 оны 482 дугаар шийдвэрээр төмөр замын баруун талын буюу барааны агуулах талын төмөр замыг “Х” ХК-ийн өмч мөн болохыг тогтоосон, үүний дараа газрын давхцалын маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад албан бичгээр удаа дараа хандсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гуравдагч этгээдийн энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.

32. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Х дахь эрх хүлээн авагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0446 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас, Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг 3 /гурван/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудаар “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар “Ж г” ХХК-д, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “Ж а” ХХК-д “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “...Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “Ж г” ХХК-д, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн “Ж а” ХХК-д холбогдох хэсгийн Х ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгүүд хууль бус байсанд, мөн” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХТУЯА

                                  ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА