Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02299

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02299

 

 

 

 

Т.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02603 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Б хариуцагч Э. боловсрол холбогдуулан гаргасан 4 455 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Болорбатын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Бүрэнг Эко гэр цэцэрлэгт сургахаар тус цэцэрлэгтэй 2019 оны 08 сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 09 сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт нийт 8 910 000 төгрөг төлсөн. Гэвч Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарсны дагуу Эко гэр цэцэрлэгээс үйчилгээ, сургалт, хоол хүнс авч чадаагүй. Эко гэр цэцэрлэгийн удирдлагын зүгээс 2020 оны 04 сарын 17-ны өдөр сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Тиймээс эцэг, эхчүүдийн зүгээс 2020 оны 04 сарын 27-ны өдөр Эко гэр цэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 20/12 дугаар албан бичгээр шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд 2019 оны 08 сарын 15-ны өдөр Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзсан тул сургалтын төлбөрт 4 455 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагын тайлбарт:  Эко гэр цэцэрлэг нь нэхэмжлэгч Т.Болорбаттай 2019 оны 08 сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулж, Б.Бүрэнг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 8 910 000 төгрөгийг төлсөн. Улмаар Эко гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахал гарч уг тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Эко гэр цэцэрлэгийн зүгээс сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүүхдүүдэд чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэх зэрэг арга хэмжээг авсан. Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагааг хэвийн явуулж хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа. Гэрээний хугацаа нь 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл бөгөөд гэрээний хугацааны 50 хувийг давж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас 4 180 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Болорбатад олгож, илүү нэхэмжилсэн 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 81 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Болорбатад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хэргийг "Зохигчдын хооронд сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ бичгээр байгуулагдаж, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохирч улмаар эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж, гэрээний үүрэгт 4 180 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээний хугацаа 10 сар бөгөөд нэг сарын сургалтын төлбөр нь 990 000 төгрөг болно. Ковид-19 цар тахлын улмаас цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 4 сар 27 хоногийн хугацаанд тасралтгүй явагдсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд сургалтын хөтөлбөр нийт гэрээний хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулсан тал дээр хэн аль нь маргаагүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.5.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4 180 000 төгрөгийн 20 хувь болох 836 000 төгрөгийг хариуцагч байгууллага нь суутган авах эрхтэй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 836 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Болорбат нь хариуцагч Э. боловсрол холбогдуулан сургалтын төлбөр 4 455 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээгээр хүү Б.Бүрэнг 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 06 сарын 30-ны өдөр хүртэл нийт 9 сарын хугацаанд суралцуулахаар тохиролцож, сургалтын төлбөрт 8 910 000 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, сургалтын төлбөр шилжүүлсэн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 11, 29-31/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлын улмаас Улсын онцгой комисс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан ба хариуцагч байгууллага нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 4 сар 24 хоног дээрх шийдвэрийг гарах хүртэл хэвийн ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь онлайн хичээл явуулсан, хоолоор хангасан гэх тайлбар гаргасан боловч эдгээр үйлчилгээг үзүүлсэн буюу хөлсөөр ажиллах үүргээ биелүүлсэн гэх байдлыг баримтаар нотолж чадаагүй. Иймд хариуцагчийн сургалтын төлбөрийн үлдэгдлийг бүхэлд нь буцаан төлөхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Харин хариуцагч байгууллагад гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах буюу хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй.

Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах үр дагавар үүснэ. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт ийнхүү гэрээ цуцалсан тохиолдолд ... үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Бусад зардлыг үүрэг гүйцэтгэгч гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын зүгээс сургалтын үйл ажиллагааг явуулахад гарах зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй болно.

Гэрээний 7.5-д Хүүхэд цэцэрлэгт бүртгүүлж, төлбөр төлж орон тоог баталгаажуулснаар цэцэрлэгийн үйл ажиллагааны зардал, ажиллагсдын орон тоог тогтоож, багш ажилчид болон бэлтгэн нийлүүлэгч нартай гэрээ байгуулж, цэцэрлэгийн зүгээс үүрэг хүлээх, худалдан авалт хийх, хөрөнгө оруулах зэргээр ихээхэн хэмжээний зардлыг урьдчилан гаргах нөхцөл байдал үүсдэг. талаар заасан.

Талуудын хоорондын гэрээний 7.5.2-т гэрээг цуцалсан тохиолдолд хариуцагч нь төлбөрийн 20 хувьд /сургалтад хамрагдаж эхэлснээс хойш/ суутгал хийх талаар заахдаа торгууль гэсэн үгээр илэрхийлжээ. Гэрээний энэхүү заалт нь заавал биелэгдэх шинжтэй нэмэлт үүрэг тогтоосон буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгуулийн үүрэг үүсэх гэхээсээ илүүтэйгээр хариуцагчид үүсэх зайлшгүй зардлын талаар гэрээний нөгөө талд мэдэх боломж олгосон баримт гэж үзэхээр байна. Гэрээний дээрх заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.10-т заасан өөрт учирсан бодит зардлаас хэт давсан нөхөн төлбөр шаардахаар санал тогтоосон гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэлээс хариуцагч байгууллагад гарах зайлшгүй зардлыг суутган нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дах хэсэгт заасантай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлсөн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4 455 000 төгрөгийн 20 хувь болох 891 000 төгрөгийг зайлшгүй зардалд суутган, үлдэгдэл 3 564 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02603 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас 3 564 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Болорбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 891 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 81 910 гэснийг 71 974 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 24 620 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ