Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/02603

 

2020 09 30                 183/ШШ2020/02603

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Т.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э Г Б сургалтын байгууллагад холбогдох

 

Сургалтын төлбөрт төлсөн 4 455 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн хүү Б.Б-г Э Г цэцэрлэгт сургахаар тус цэцэрлэгтэй 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу миний бие нийт 9 сар буюу 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүүгээ цэцэрлэгт явуулахаар нийт 8 910 000 төгрөг төлсөн болно. Гэвч шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, би хүүхдээ Э Гцэцэрлэгт явуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан хичээлийн хагас жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үр дүн, үйчилгээ, сургалт, хоол хүнсийг огт авч чадаагүй. Э  Г цэцэрлэгийн удирдлагын зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гарсан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан, бидэнд хохиролтой шийдвэр гарсан. Тиймээс эцэг, эхчүүдийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөрЭ Г цэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн .... дугаар шаардлагад хариу хүргүүлэх тухай албан бичгээр шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасны дагуу Э Г Б, сургалтын байгууллагаас сургалтын төлбөр болох 4 455 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Э Г Б сургалтын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Э Г цэцэрлэг нь нэхэмжлэгч Т.Болорбаттай 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулж түүний 5 настай хүү Б.Б-г тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 8 910 000 төгрөгийг төлсөн. Улмаар Э Г цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч дэлхий нийтэд Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахал гарч уг тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол улсын онцгой комиссоос мөн өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд улмаар Улсын онцгой комиссоос шат дараалсан шийдвэр гарсаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үндсэнд нь зогсоож шийдвэрлэсэн. Улмаар дээрх үйл явдал буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас ганцхан тус цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан бус улс даяараа дээрх нөхцөл байдлын улмаас хүнд нөхцөл байдалд орж олон аж ахуй нэгж байгууллагууд хаалгаа барьсан. Харин Э Г цэцэрлэгийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломж нь биднээс үл шалтгаалах асуудлаас болж үргэлжлэх боломжгүй болсон хэдий ч сургалтын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллагын нэр хүнд, түүнчлэн талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ зэргээ ухамсарлаж хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа. Мэдээж цар тахлын улмаас цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа боловч бусад хувийн цэцэрлэгийн жишгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд эцэг эхчүүдээс сургууль цэцэрлэгийг хаах Улсын онцгой комиссын шийдвэр гарснаас хойших сургалтын төлбөрийн үлдэгдлээ буцаан авах хүсэлтийг эрчимтэй гаргах болсон. Э Г цэцэрлэгийн тухайд дээрх асуудалд хүндэтгэлтэй хандаж аль болох эвийн журмаар шийдвэрлэхээр зорьж ирсэн бөгөөд зарим эцэг эхчүүд бидний тавьсан саналыг хүлээж авахаас татгалзсан. Гэрээний хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бөгөөд гэрээний хугацааны 50 хувийг давж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,             

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т.Б хариуцагч Э Г боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан сургалтын төлбөр 4 455 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 

 

Талуудын хооронд 2019 оны 08 сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулагдаж, ......  дүгээр гэрээгээр 5 настай Б.Б-г 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 05 сарын 30-ны өдөр хүртэл тус цэцэрлэгт хамруулах, хүүхдийг цэцэрлэгт хамруулах хугацаанд 8 910 000 төгрөгийн төлбөртэй сургаж хөгжүүлэх, эрүүл зөв хооллох, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшүүлэхүйн дэмжих зорилготой боловсролын цөм хөтөлбөр болон Канад улсын Октарион мужийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр баяжуулсан сургалтын ажлыг тогтмол, чанартай зохион байгуулахаар тохиролцжээ. /хх-ийн 26-29/

 

Дээрх гэрээний дагуу Б Т Д ХХК-ийн данснаас 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 8 910 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар болон талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна. /хх-ийн 5-9/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасны дагуу Э Г боловсрол, сургалтын байгууллагаас сургалтын төлбөр болох 4 455 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэснийг хариуцагчийн төлөөлөгч .... Эцэг эхчүүд хүүхдээ 9 сар суралцуулсан гэж ярьж байгаа хэдий ч гэрээний хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бөгөөд гэрээний хугацааны 50 хувийг давж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж тайлбар гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан бөгөөд дэлхий нийтэд тархсан Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосонтой холбоотой сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон нь нийтэд илэрхий үйл баримт байна.

 

Уг байдлын улмаас талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих нөхцөл өөрчлөгдөж, цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдэд гэрээр хоол болон видео хичээлийг хүргүүлж, сургалтын үйл ажиллагааг явуулсан гэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч уг үйл ажиллагаанд хамрагдаагүй гэх тайлбар гаргажээ.

 

 

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-т Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь сургалтанд хамрагдаагүй хугацааны сургалтын төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигч талуудын тайлбар зэргээр хүү Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 1 сарын 27-ны өдрийг хүртэл Э Г цэцэрлэгт хамрагдаж, үйлчилгээ авсан байх ба энэ хугацааны төлбөр 4 725 000 төгрөг болж байна. Үүнийг нийт төлсөн төлбөр болох 8 910 000 төгрөгөөс хасаж тооцоход 4 185 000 төгрөг байх үүнийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн татгалзал, тайлбар дараах үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч тал талуудын байгуулсан гэрээний 7.5.2-т Эцэг, эх хүүхдээ гэрээний хугацааны 50% хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулсны дараа гэрээг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба элсэх хүүхдийн тоо хязгаарласны торгуулийг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ноогдох төлбөрөөс 20%-иар суутган авч эцэг эхэд буцаан олгоно.гэсний дагуу төлбөрөөс 20%-ийг суутгуулна гэсэн нь дараах үндэслэлгүй юм.

 

Тодруулбал, талуудын байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон дээрх нөхцөлд хэн аль нь буруутай гэх үндэслэлгүй тул талуудын байгуулсан гэрээний хариуцлага ноогдуулсан заалтыг хэрэгжүүлэх боломжгүй юм.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 4 185 000 хангаж, илүү нэхэмжилсэн 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Г боловсрол сургалтын байгууллагаас 4 180 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож, илүү нэхэмжилсэн 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э Г боловсрол сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 81 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ