Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01509

 

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01509

 

 

Б.Насанбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01652 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Насанбаярын хариуцагч Э.Цэрэндолгорт холбогдуулж гаргасан ...мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор бичгээр уучлалт гуйлгуулж, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Цэрэндолгорын нэхэмжлэгч Б.Насанбаярт холбогдуулж гаргасан ...нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гутаасан мэдээ, мэдээллийн тараасан хэлбэрээр няцааж, албан ёсоор уучлал гуйхыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөлөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Цэрэндолгор нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Tseren Enebish нэртэй фээсбүүк хаягтаа Монголын бүх түвшний боловсролын уламжлал аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж байна, Боловсрол шинэчлэх нэрээр бүхий шатны нэгжийг задалсан, одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явж байна, Эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Б.Насанбаярын шууд удирдлага дор ажиллаж байна, Гурван цагийн хэлхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна, Зөв зүгээр хэрэглэгдэж байсан Монгол хэлээр оролдож, үсэг, хасч, үгэнд өөрчлөлт оруулсан, Яахаар Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болов гэх бодит байдалд үл нийцсэн гүтгэлийн шинжтэй мэдээ тараасан. Хариуцагч тал дээр дурьдсан мэдээллийг 2014 оноос хойш олон нийтийн сүлжээгээр түгээж, нэхэмжлэгчийн талаар нийгэмд жигшил зэвүүцлийг хиймлээр бий болгож, иргэдийг түүний эсрэг турхирч, улмаар хувь хүнийг бус боловсролын салбарын үйл ажиллагааг гүтгэж, доромжилсон.

Б.Насанбаяр нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар 2012 оноос хойш ажиллаж байгаа. Хариуцагчийн нийтэд тараасан эдгээр мэдээ, мэдээллүүд нэхэмжлэгчийн шууд хэрэгжүүлэх ажил үүрэгтэй ямар ч холбоогүй. Нэхэмжлэгч тал Монгол хэлний үг, үсэг засдаг эрх бүхий этгээд биш, үүнийг хэл шинжлэн судлаач нарын зөвлөгөөг үндэслэн эрх бүхий этгээд болох төрийн хэлний зөвлөл баталдаг. Их сургуулиудыг хувьчлах тухай ямар ч бодлогын шинж чанартай баримт батлагдаагүй ба хэрэгт авагдсан баримтаар Боловсролын тухай хуулийн төсөлд энэ тухай дурьдаагүй байгаа, түүнчлэн нэхэмжлэгчийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мүүний шашинтай залуучуудыг ажилд авсан гэх боловч түүний ажил, албан тушаалын чиг үүрэгт ажилтан сонгон шалгаруулах, ажилд томилох эрх, үүрэг байхгүй. Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиосон гэх үйл баримтын хувьд ор үндэсгүй гүтгэлэг болохыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6044 тоот захирамжаар тогтоосон. Хариуцагч тал эдгээр мэдээ, мэдээллийг өөрийн Facebook хаягтаа нийтлээд зогсохгүй хэд, хэдэн телевизийн нэвтрүүлгээр нийтэд цацсан ба түүний уг гүтгэлгийн шинж чанартай үйлдлээс болж миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан. Иймд, хариуцагчид мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийж, албан ёсоор уучлалт гуйлгахыг даалгаж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг минь сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтаар Б.Насанбаярыг хэд, хэдэн мүүний гаж урсгалыг тахин шүтдэг төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг баталдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсад шашны үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоод байгууллагын үйл ажиллагаанд судалгаа хийж, мүүний шашныг хаалттай, гаж урсгал гэдгийг тогтоосон. Монгол Улсын боловсролын тогтолцоо, цаашдын ирээдүйн бодлогын салбарыг гаж урсгалтай шашин шүтдэг хүн толгойлж байгаад харамсдаг. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч тал энэхүү мэдээ, мэдээллээс болоод ажил, албан тушаалаа өгсөн гэж олон нийтэд мэдээлсэн боловч тодорхой хугацааны дараа буцаж ажил, албан тушаалдаа орж, ажил үүргээ гүйцэтгэсээр байна. Хариуцагч Э.Цэрэндолгорын Facebook хаягт тавьсан мэдээ, мэдээлэл бол хувь хүний хардах эрхийнхээ хүрээнд тавьсан мэдээлэл бөгөөд Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газарт тус тус хандсан боловч тухайн байгууллагууд мэдээллийг нарийн шалгаагүй, гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам энэхүү асуудлыг шалгаж, ажлын хэсэг томилогдон шалгаж байгаа. Хариуцагчийн гаргасан мэдээ, мэдээллээс улбаалан нэхэмжлэгч талд хохирол учраагүй, нэхэмжлэгч ажил, орлогоо алдаагүй, хөдөлмөрлөх болон чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдаагүй учраас түүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэхгүй. Нэхэмжлэлд дурьдсан мэдээллүүдийг зөвхөн Э.Цэрэндолгор гаргаагүй, энэ талаарх мэдээллийг аль 2012 оноос эхлэн олон нийт ярилцаж, нэхэмжлэгчийг хардах болсон үйл баримт тодорхой байдаг. Хариуцагчийн нийтэд тавьсан мэдээлэл бол Монгол Улсын боловсролын байгууллага, хүүхэд, багш, эцэг, эхчүүдтэй шууд холбоотой, уг асуудлаар зөвхөн хариуцагч тал тэмцэж байгаа биш үүний цаана олон мянган хүүхэд, багш нар байгаа. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Насанбаяр өөрийн Facebook хуудаст 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр намайг галзуу солиотой хүнтэй юу ярих бэ, шүүхэд өгөөд гүтгэсэн гэдэг нь тодорхой тул учир олдоно гэсэн уужуу ухаан маань хүн худалдаж, амь зогоогчдыг улам давруулсан юм, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр галзуу эмэгтэйтэй би юу ярих бэ, манай ажлын гадаа байна гэнэ, шийддэг газар нь шийдэх биз гэж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр н.Цэрэн гэдэг хүн одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 10 гаруй зүйл заалтын дагуу гэмт хэрэг шинжтэй үйлдэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга танаа гэсэн захидалдаа намайг тус гишүүнээс санхүүждэг, мүүн гэдэг нэрээр боловсролын салбарт хийсэн бүх зүйлийг харлуулах, улмаар Лу.Гантөмөр сайдын эсрэг н.Мөнхбаясгалан, судлаач н.Батзориг, н.Цэрэн гэдэг хүмүүс бүлэглэн дайрч байгааг АН-ын шинэчлэл, удирдлагын төлөөх далд хирнээ ил тэмцэл харж байна гэх нийтлэлээр миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан. Тэрээр удаа дараагийн шүүх хуралдаанд өөрөө ирээгүй атлаа намайг шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг, галзуу, эрүүгийн гэмт хэрэгтэн, улс төрийн захиалгаар гишүүн Х.Баттулгаас санхүүждэг, хүн худалдаж амь зогоодог мэтээр илт үндэслэлгүйгээр гүжирдэж, олон нийтийн цахим сүлжээгээр доромжилсон. Нэхэмжлэгчийн энэхүү үйлдэлтэй холбоотойгоор хариуцагч тал Цэрэн тур нэртэй аялал жуулчлалын компанийнхаа үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрсэнээс гадна кафегаа худалдахад хүрч, ажил болон ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан. Иймд, нэхэмжлэгчид мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгахыг даалгаж, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөлөөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурьдсан мэдээ, мэдээллийг нэхэмжлэгч тал түүнд хандаж бичээгүй. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтад хариуцагчийн нэрийг шууд заагаагүй байхад тэрээр өөртөө хамааруулж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тавьсан мэдээллийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгад хандаж бичсэн бөгөөд өөрийн үзэл бодлыг олон нийтэд илэрхийлсэн, өөрийгөө бусдаас хамгаалахын тулд тавьсан. Цэнхэр үст н.Цэрэн гэж хүнийг Монгол даяар танин гээд байх юм, гэтэл галзуу солиотой хүн бол н.Цэрэн хэмээн хэлээгүй, бичээгүй. Нэхэмжлэгч тал нийгэмд ганц н.Цэрэн гэж хүнтэй харьцдаггүй, ямар ч нэр, субъект заагаагүй, хэн, юунд чиглэгдсэн болох нь тодорхойгүй байгаа мэдээллийг өөртөө хамааруулж байгааг ойлгохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 497 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Насанбаярын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Б.Насанбаярын шууд удирдлага дор ажиллаж байна, Гурван цагийн хэлэхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна гэх мэдээллийг уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Э.Цэрэндолгорт даалгаж, нэхэмжлэлээс уучлалт гуйх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 497 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь заалтыг тус тус үндэслэн хариуцагч Э.Цэрэндолгорын нэр төр, алдах хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Галзуу эмэгтэй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга танаа гэсэн гарчигтай мэдээллийг мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг нэхэмжлэгч Б.Насанбаярт даалгаж, сөрөг нэхэмжлэлээс уучлалт гуйх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200.00 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх дүгнэхдээ "хариуцагчийн гаргасан мэдээлэл нь нэхэмжлэгчийн хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, эрхэлж буй ажил, албан тушаалтай нь холбогдуулан бусдаас хардах сэдэлт дээр тулгуурласан мэдээлэл" хэмээн үзсэн. Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу аливаа иргэн, хуулийн этгээдээс бусад этгээдийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэнийг харсан, мэдсэн эсхүл сэжиглэж буй тохиолдолд тухайн этгээдийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл гаргах эрхтэй. Гэвч иргэн, хуулийн этгээдээс гаргах гомдол, мэдээлэл тодорхой үндэслэл, үйл баримт дээр тулгуурласан байхаас гадна уг үйл баримтыг нэгэнт тогтоочихсон мэтээр нийтэд ойлголт төрүүлж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлох хэлбэртэй байж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар иргэн хүн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д заасны дагуу аливаа иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй боловч энэхүү эрх нь бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, зөрчихгүй байх эрхээр хязгаарлагдах байтал Э.Цэрэндолгорын хардах эрх гэж нэрлэж буй эрхийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өгөхдөө бодит байдал дээр бий болсон үйл баримтыг тодорхой заахгүйгээр бичсэнээс нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ажиллаж, амьдрах эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан. Түүний хэлсэн үгийг гарчиг болгон 24 мэдээллийн сайт, 10 гаруй телевизийн сувгаар мэдээлэн олон нийтэд цацсан байдаг. Мөн "Tseren Еnebish" гэх өөрийн фээсбүүк хуудсаар байнга Б.Насанбаярын талаар ор үндэслэлгүй худал мэдээллийг бичиж нийтэлсээр байсан нь Э.Цэрэндолгор нь иргэн хүний хувиар Б.Насанбаярыг хардаагүй байх бөгөөд илт нэр төрийг нь гутаах зорилго агуулж байсан. Хариуцагчийн гаргасан үнэн бодит байдалд нийцээгүй мэдээллийг үндэслэлгүй болохыг дээрх гаргасан нотлох баримтуудаар Б.Насанбаяр удаа дараа тайлбарлаж байхад хариуцагч нь энэ хууль бус үйлдлээ зогсоолгүй худал мэдээллийг олон нийтэд хүргэсээр байсан. Хариуцагч өөрийн гаргасан мэдээллииг худал болохыг мэдсээр байж олон нийтэд тараасан. Түүнчлэн хэрэв Э.Цэрэндолгор нь боловсролын асуудалд санаа зовж байсан бол энэ тухай өргөдөл гомдлоо зохих газарт нь хүргүүлэх байсан. Иймд хариуцагчийн хардах эрх хэмээн нэрийдсэн эрхийнхээ хүрээнд гаргасан мэдээлэл нь илт Б.Насанбаярын нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой байсан гэж үзэж байна.

Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагуудыг шүүхийн шийдвэрт тавигддаг үндсэн бөгөөд гол шаардлага гэж үзэж болно. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэр нь хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир түүний тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтийн үр дагаврыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцөлийг заасан байвал зохино" гэж заажээ. Гэтэл тус хэргийг хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэр нь дээрх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Хардсан үйл баримт гэж ямар хуулийн, ямар зүйл заалтад бичигдсэн ойлголт болох нь тодорхойгүй байх ба ямар хуулийн үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан нь ойлгомжгүй байна. Дээрх бүгдээс дүгнэн үзвэл шүүх шийдвэрээ гаргахдаа үнэн бодит байдлыг бүрэн дүүрэн дүгнээгүй байх бөгөөд "хардах эрх гэж ямар хуулийн зүйл заалтад заагдсан эрх болохыг заагаагүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шийдвэрийнхээ үндэслэлийг хуулийн хүрээнд тайлбарлаагүй байна гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотлох баримтуудыг худал гэж үгүйсгээгүй байсан зэргээс хариуцагч өөрийн гаргасан мэдээллийг үндэслэлгүйг мэдэж байсан нь нотлогдож байна.

Шүүх хуралдаан 2017 оны 05 сарын 11-ний өдөр болсон бөгөөд шүүх хуралдаан даргалагчаас шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа Э.Цэрэндолгорт холбогдох Б.Насанбаярын нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн зүгээс гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт болон шүүх хуралдааны тэмдэглэлд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан гэж тэмдэглэсэн байна. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-ийн дагуу шийдвэрийг уншиж сонсгомогц хүчинтэй болно. Ийнхүү нэгэнт уншиж сонсгосон шийдвэр нь хүчин төгөлдөр байхад шийдвэртээ өөр агуулга бүхий шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, ойлгомжтой хоёрдмол утга санаагүй байх гэсэн шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй байна.

Цэрэндолгор гэгч нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, facebook хуудасны хэдэн мянган хаягнаас тасралтгүй удаан хугацааны турш өндөр давтамжтайгаар гүтгэн, доромжилсны улмаас нэхэмжлэгч Б.Насанбаярын гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ах дүү, хамаатан садан хэвийн ажиллаж, амьдрах боломжгүй болж, олон нийтийн зүгээс чичлэн зэвүүцэж айлган сүрдүүлж, үг хэлээр доромжлох улмаар эрүүл мэнд, амь насан хохирох аймшигтай нөхцөл байдалд өдөр тутам оруулсаар байгаа тул өөрийгөө хамгаалах зорилгоор үзэл бодлоо илэрхийлсэн. Ингэхдээ уг мэдээлэлд хэн нэгнийг ялангуяа Э.Цэрэндолгор нь галзуу эмэгтэй гэж нэр цохож бичээгүй болно. Э.Цэрэндолгорыг гэмт хэрэг үйлдсэн гэж бичээгүй бөгөөд зөвхөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа тухай бичиж түүний худал мэдээлэлд автаж Б.Насанбаярын болон гэр бүл, үр хүүхдүүд нь үзэн ядагсдын ямар нэг хор хохирол учруулж болохуйц үйлдлээс хамгаалах зорилготой байсан болохоос түүний нэр төрийг гутаах зорилго агуулаагүй. Шүүхээс хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэлгүй, нотлох баримтыг зохих ёсоор үнэлэлгүй хариуцагчийн үйлдлийг иргэн хүнд байх хардах эрх хэмээн хэзээ, хаанаас баталсан ямар хуульд заасан нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй үндэслэлээр Э.Цэрэндолгор гэгчийг хууль бус үйлдлийг хөхүүлэн дэмжсэнд туйлын гомдолтой байгаа болно. Иймд шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь заалтыг тус тус зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхисныг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч Б.Насанбаяр нь хариуцагч Э.Цэрэндолгорт холбогдуулан хариуцагч нь өөрийн Tseren Enebish гэсэн нэртэй Facebook хуудасаар дамжуулан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус хандаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нь ...1) боловсрол шинэчлэх нэрээр бүх шатны нэгжийг задалсан, одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явагдаж байна, 2) Эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Б.Насанбаярын шууд удирдлага дор ажиллаж байна, 3) Монголын бүх түвшний боловсролын уламжлал аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж байна, 4) гурван цагийн хэлхээс ажиллах ёстой боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна, 5) зүв зүгээр хэрэглэгдэж байсан Монгол хэлээр оролдож, үсэг, хасч, үгэнд өөрчлөлт оруулсан, 6) яахаар Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болов ... гэсэн мэдээллийг олон нийтэд тарааж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул сэргээлгэж, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Э.Цэрэндолгор дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Насанбаяр нь өөрийн Facebook хуудсаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр галзуу солиотой хүнтэй юу ярих бэ, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр галзуу эмэгтэйтэй би юу ярих бэ гэж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр н.Цэрэн гэдэг хүн одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 10 гаруй зүйл заалтын дагуу гэмт хэрэг шинжтэй үйлдэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга танаа гэх мэдээллийг олон нийтэд тарааж миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул сэргээлгэж, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, 21.9 дэх хэсэгт энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтад зааснаар аливаа этгээд бусдын талаар мэдээлэл тарааж байгаа бол тухайн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээхээр байна. .

Гэвч хариуцагч Э.Цэрэндолгор нь өөрийн Facebook хуудсаараа дамжуулан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр олон нийтэд тараасан мэдээллээс ...эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Б.Насанбаярын шууд удирдлага дор ажиллаж байна, ...гурван цагийн хэлхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна... гэсэн мэдээлэл нь бодит байдалд нийцсэн болохыг хариуцагч нотолж чадаагүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хариуцагч тал энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

Харин нэхэмжлэлд дурдсан ...Боловсрол шинэчлэх нэрээр бүх шатны нэгжийг задалсан, одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явагдаж байна, Монголын бүх түвшний боловсролын уламжлал аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж байна, Зүв зүгээр хэрэглэгдэж байсан Монгол хэлээр оролдож, үсэг, хасч, үгэнд өөрчлөлт оруулсан, яахаараа Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болов... гэх мэдээлэл нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга буюу төрийн байгуулага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16 дах хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Дээр дурдсан төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан иргэн хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн агуулгатай мэдээлэл нь иргэн Б.Насанбаярт холбогдуулсан тодорхой фактын талаар бус, иргэн хүн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн шинжтэй байх тул Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ хэрэгжүүлсний төлөө бусдын нэр төрийг гутаасан мэдээлэл тараасан гэж тооцогдохгүй юм.

2. Нэхэмжлэгч Б.Насанбаяр өөрийн Nasanbayar Baavgai гэсэн Facebook хуудсаар дамжуулан ...галзуу солиотой хүнтэй юу ярих бэ, шүүхэд өгөөд гүтгэсэн гэдэг нь тодорхой тул учир олдоно гэсэн уужуу ухаан маань хүн худалдаж, амь зогоогчдыг улам давруулсан юм..., 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ...галзуу эмэгтэйтэй би юу ярих бэ, манай ажлын гадаа байна гэнэ, шийддэг газар нь шийдэх биз гэж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ....н.Цэрэн гэдэг хүн одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 10 гаруй зүйл заалтын дагуу гэмт хэрэг шинжтэй үйлдэл гаргасан... 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга танаа гэсэн захидалдаа намайг тус гишүүнээс санхүүждэг, мүүн гэдэг нэрээр боловсролын салбарт хийсэн бүх зүйлийг харлуулах, улмаар Лу.Гантөмөр сайдын эсрэг н.Мөнхбаясгалан, судлаач н.Батзориг, н.Цэрэн гэдэг хүмүүс бүлэглэн дайрч байгааг АН-ын шинэчлэл, удирдлагын төлөөх далд хирнээ ил тэмцэл харж байна.... гэх мэдээллийг олон нийтэд тараасан байна.

Нэхэмжлэгч нь дээрх мэдээлэлд хариуцагчийн нэрийг дурьдаж бичээгүй гэж тайлбарлаж байгаа боловч болон эдгээр мэдээлэлтэй танилцаж, илэрхийлэгдсэн санал, сэтгэгдлүүд, үйл явдлын өрнөл зэргийг үндэслэн дээрх мэдээлэл нь хариуцагч Э.Цэрэндолгорт чиглэгдсэн агуулгатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцнэ.

Гэтэл нэхэмжлэгч Б.Насанбаярын Nasanbayar Baavgai гэсэн Facebook хуудаст тавигдсан дээрх мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 175 тоот Э.Цэрэндолгор нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, эрх зүйн харилцаанд бие дааж оролцох чадамжтай.. гэсэн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон ба нэхэмжлэгч нь уг нийтлэлд дурдагдсан мэдээлэл нь бодит үнэнд нийцсэн болохыг нотолж чадаагүй байна.

Хариуцагч Э.Цэрэндолгор нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгүүлсэн болон Х.Баттулгаас санхүүжилт авч, үйл ажиллагаа явуулдаг гэх байдал тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Насанбаярыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт зааснаар хариуцагчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх уучлалт гуйх нь тухайн этгээдийн дотоод хүсэл зоригийн илэрхийлэл, энэ талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй гэж уучлалт гуйлгахыг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэл тогтоогдоогүй, бичгээр гарсан шийдвэр нь танилцуулан сонсгосон шийдвэрийн агуулгаас зөрсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Харин шүүх нэхэмжлэлийн үлдэх хэсгийг тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхисон болон нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн агуулгыг бүрэн тусгаагүй алдаа гаргасныг залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01652 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Цэрэндолгор нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Tseren Enebish гэсэн нэртэй Facebook хуудасаар ...эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Б.Насанбаярын шууд удирдлага дор ажиллаж байна, гурван цагийн хэлхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна... гэсэн мэдээллээр нэхэмжлэгч Б.Насанбаярын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагч Э.Цэрэндолгорт даалгаж, нэхэмжлэлээс ...Боловсрол шинэчлэх нэрээр бүх шатны нэгжийг задалсан, одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явагдаж байна, Монголын бүх түвшний боловсролын уламжлал аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж байна, зүв зүгээр хэрэглэгдэж байсан монгол хэлээр оролдож, үсэг, хасч, үгэнд өөрчлөлт оруулсан, яахаар солонгос хүн монгол хэлний сурах бичиг зохиох болов ... гэсэн мэдээлээр нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээх, уг мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр дамжуулан няцаалт хийлгэхийг хүссэн болон албан ёсоор бичгээр уучлалт гуйлгуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Насанбаяр нь Nasanbayar Baavgai гэсэн Facebook хуудсаар 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ....галзуу солиотой хүнтэй юу ярих бэ..., 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ...галзуу эмэгтэйтэй би юу ярих бэ , 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ....н.Цэрэн гэдэг хүн одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 10 гаруй зүйл заалтын дагуу гэмт хэрэг шинжтэй үйлдэл гаргаж байгаа болно..., 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга танаа гэсэн мэдээллээр тус тус хариуцагч Э.Цэрэндолгорын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг нэхэмжлэгч Б.Насанбаярт даалгаж, сөрөг нэхэмжлэлээс уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ