Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00108

 

С.Мөнхзулын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00817 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1968 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : С.Мөнхзул,

Хариуцагч :  Б.Энх-Амгалан,

Үндсэн нэхэмжлэл: 81.856.000 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэл:  69.800.000 төгрөг гаргуулах

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Мөнхзул нь 2015.5.23-ны өдөр Б.Энх-Амгалантай харилцан тохиролцож, түүний 0604 УБМ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг худалдаж авахаар болж, Б.Энх-Амгаланд урьдчилгаа төлбөр 55 сая төгрөг шилжүүлсэн. Автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гэхэд бичиг баримт нь хариуцагчийн нэр дээр биш, харин С.Хишигжаргал гэдэг хүн эзэмшигч өмчлөгч нь байсан бөгөөд тухайн автомашин нь 2008 оных биш, 2007 оных гэдгийг мэдсэн. Машиныг хэсэг хугацааны дараа надаас хүчээр авч явсан байгаа. Иймд машины урьдчилгаанд өгсөн 55 сая төгрөг нэхэмжилж байна. Түүнчлэн, би машин авах зорилгоор Топфинанс ББСБ-аас 100 сая төгрөг зээлснээс 55 сая төгрөгийг Б.Энх-Амгаланд өгсөн ч би машингүй хэрнээ хүү төлсөөр байна. Иймд хүү нийт 26.856.000 төгрөг бүгд 81.856.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Мөнхзулын нэхэмжлэл үндэслэлгүй байна. Миний бие 2015.01.19-ний өдөр АНУ-аас 2007 оны 4 дүгээр улиралд үйлдвэрлэгдсэн 2008 оны Лексус 570 маркийн автомашиныг С.Мөнхзул, түүний нөхөр Р.Саруул нарт  үзүүлж, салон болон өнгө загвар нь таалагдсан тул 65.000 ам.доллар буюу 124.800.000 төгрөгөөр худалдахаар болсон. Нэхэмжлэгч санхүүгийн боломж муу байна гээд урьдчилгаанд 55 сая төгрөг төлж, үлдэх төлбөр болох 69.800.000 төгрөгийг 1 сар хагас /45 хоног/-ын хугацаанд төлөх, автомашины мөнгийг төлөгдөж дуусмагц С.Мөнхзулын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. 2015.5.23-ны өдөр 55 сая төгрөгийг  шилжүүлж, автомашинаа авсан ч тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй, худлаа ярьж зугтаад олдохоо больсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Мөнхзул нь тохиролцсон ёсоор үлдэгдэл мөнгөө өгөхгүй, олдохгүй байсан бөгөөд тааралдсан үедээ машинаа авсан. Энэ Иргэний хуулийн 12-р зүйлийн “өөртөө туслах” заалтад нийцэж байгаа. Би худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй, машины үлдэгдэл мөнгөө төлөөд худалдаж авсан машина авах боломжтой. Нэхэмжлэгч мөнгөө өгөхгүй байгаа тул машины үлдэгдэл мөнгө  69.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00817 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Энх-Амгалангаас 55.000.000 төгрөг гаргуулан С.Мөнхзулд олгож, нэхэмжлэлээс 26.856.000  төгрөгийн шаардлагыг  сөрөг нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 696.150 төгрөг, хариуцагчаас төлсөн 506.950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 432.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1968 дугаартай магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 225.1-г хэрэглэхдээ буруу тайлбарласан. Зохигчид автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээ хийсэн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд харин гэрээнээс татгалзах талаар хэн алин нь ямар нэгэн шаардлага тавиагүй, харин  нэхэмжлэгч нь дутуу мөнгийг гүйцээн өгөх талаар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас маргаан үүссэн. Үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон ямарч зөвшилцөл, үйл баримт болоогүй энэ тухай нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаагүй байхад шүүх гэрээнээс татгалзсан гэж нэхэмжлэгчийн талд илт ашигтайгаар хуулийг  тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 12-р зүйлд зааснаар  хариуцагч эд зүйлээ эзэмдэн авах зайлшгүй нөхцөл байдал үүссэнийг үндэслэлгүй үгүйсгэсэн ба нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулаагүй, хаяг тодорхойгүй, 5 сар гаруй  олдохгүй байж гэнэт тааралдсан. Худалдагч  тал цагдаагийн  байгууллагад мэдэгдэж улмаар ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст ирсэн, цагдаагийн байгууллага машиныг хураан авч битүүмжлэх хүсэлтийг хүлээн аваагүйн улмаас зохигчдын хооронд үл ойлголцол үүсч хоорондоо маргалдаж зодолдсон, улмаар эрүүгийн хэрэг үүсч шалгагдсан үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх ноцтой хүндрэл учрах нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийг өөртөө тусалсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Худалдагч эд зүйлээ эзэмдэн авсан үйлдлийг Иргэний хуулийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаа нөгөө талд мэдэгдсэн гэж үзнэ гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл тайлбар буюу үүргийн гүйцэтгэлийг шаардаж, мөнгө төлбөрийн үлдэгдлээ төлсөн тохиолдолд худалдан авагч С.Мөнхзулд автомашиныг шилжүүлэн өгөх шаардлага тавьсныг гэрээнээс татгалзсанаа нөгөө талдаа мэдэгдсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Талууд гэрээнээс татгалзаагүй, татгалзсан үйл баримт тогтоогдоогүй, худалдагч тал гэрээний үүргийн гүйцэтгэлийг худалдан  авагчаас байнга шаардаж байсан, зөвхөн өөртөө тусалж гэрээний үүргээ биелүүлэх шаардлагаа баталгаажуулсан үйлдлийг гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан авсан гэж тайлбарлаж дүгнээд, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ :

С.Мөнхзул нь Б.Энх-Амгалангаас худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины урьдчилгаа үнэ 55 сая төгрөг, машин худалдан авахдаа бусдаас зээлсэн мөнгөний 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 9 сарын хүүд төлсөн  26.856.000 төгрөг хохиролд тооцон нийт 81.856.000 төгрөг шаардсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 69.800.000 төгрөгийг С.Мөнхзулаас шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Анхан шатны шүүх хариуцагчаас 55 сая төгрөг гаргуулж С.Мөнхзулд олгож, нэхэмжлэлээс 26.856.000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Б.Энх-Амгалан нь Лексус 570 маркийн автомашин худалдах, С.Мөнхзул 65.000 ам.доллар буюу 124.800.000 төгрөгөөр худалдан авах талаар зохигчид 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр амаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч 55 сая төгрөгийг урьдчилгаанд өгсөн үйл баримт тогтоогджээ.

Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн байна.  

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч С.Мөнхзул нь автомашины үлдэгдэл төлбөр 69.800.000 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлөх үүргээ  биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул худалдагч автомашиныг буцааж авсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ худалдагч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1–г зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байдалд байсан нь тогтоогдохгүй байх энэ талаархи шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн 12 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж дүгнэв.

Хоёр шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00817 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1968 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 506.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ