Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1968

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00817 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 81 856 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 69 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХХ нь 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ХХХХтай харилцан тохиролцож, түүний 0604 УБМ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг худалдаж авахаар болж, ХХХХгийн Хаан банкны 5003447883 тоот дансанд автомашины урьдчилгаа төлбөр болох 55 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авах болоход ХХХХ нь уг автомашины эзэмшигч биш харин түүний ээж болох ХХХХХ нь тухайн автомашины эзэмшигч өмчлөгч, мөн тухайн автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдээгүй 2007 онд үйлдвэрлэгдсэн гэдгийг мэдсэн. Ийнхүү 0604 УБМ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг шилжүүлж авах боломжгүй болсон.

Иймд 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ХХХХ-д шилжүүлсэн автомашины урьдчилгаа үнэ болох 55 000 000 төгрөг, хохирол 16 500 000 төгрөг, нийт 71 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие тухайн үед ХХХХгаас автомашин худалдаж авах зорилгоор “ХХХХ” ББСБ-аас 100 000 000 төгрөг зээлж авсан. Зээл авсан мөнгөөс 55 000 000 төгрөгийг ХХХХ-д өгсөн.

Дээрх зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш /автомашин авч явсан өдрөөс хойш/ 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүү төлсөн. Зээлж авсан 55 000 000 төгрөгийн хүүг дараах байдлаар төлж хохирч байна. Үүнд: 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 9 сарын хүү 24 750 000 төгрөг 23 хоногт төлсөн хүү нь 2  106 800 төгрөг, нийт 26 856 000 төгрөг болсон. Иймд үндсэн төлбөр болох 55 000 000 төгрөг, хохирол болох 26 856 000 төгрөг болж нийт 81 856 000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагыг 10 856 800 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ХХХ-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр АНУ-аас 2007 оны 4 дүгээр улиралд үйлдвэрлэгдсэн 2008 оны Лексус 570 маркийн автомашиныг зарж борлуулах зорилгоор гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирсэн бөгөөд миний хүү ХХХХ нь “Сүлд” нэртэй автомашины худалдааны төвд 2 долоо хоног хиртэй гаргаж тавиад буцааж гараашт хадгалсан. Өөрийн танил хүмүүст зуучилж зарж өгөх талаар хэлсний дагуу автомашины ченж хийдэг ХХХХХ гэдэг хүн ХХХ болон түүний нөхөр ХХХ нарыг дагуулан ирж дээрх автомашиныг үзүүлж, салон болон өнгө загвар нь таалагдсан тул 65 000 000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар нийт 124 800 000 төгрөгөөр худалдан авахаар болж санхүүгийн боломж муу байгаа гээд урьдчилгаанд 55 000 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр болох 69 800 000 төгрөгийг 1 сар хагас /45 хоног/-ын хугацаанд төлөх, автомашины мөнгийг төлөгдөж дуустал ХХХХХ миний нэр дээр автомашины гэрчилгээ гаргаж, мөнгө төлөгдөж дуусмагц ХХХ-ын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон.

Ингээд 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ХХХ нь ХААН банк дахь 5007784139 тоот данснаас 55 000 000 төгрөгийг ХХХХгийн ХААН банк дахь 5003447483 тоот дансанд шилжүүлж, автомашинаа авсан бөгөөд тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй, худлаа ярьж зугтаад олдохоо больсон ба энэ хооронд байнга мессежээр мөнгөө нэхэж хоорондоо маргалдаж эхэлсэн тул автомашинаа хайж явсаар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай хүү ХХХ тааралдаж биднийг дуудаж улмаар Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт маргалдаж очсон боловч иргэд хоорондын маргаан байна шүүхээр шийдвэрлүүл гээд хүлээж аваагүй тул арга буюу Иргэний хуулийн 12 дугаар зүйлд зааснаар өөртөө тусалж, уг автомашины дөрвөн дугуйны хийг гаргаж, ачилтын компаниар ачуулж Баянзүрх дэх УС-15-ын хашаанд лацдаж хадгалуулсан болно.

Энэ хооронд ХХХ нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст ХХХХХ намайг болон миний хүү ХХХ нарыг бүлэглэн зодож, өөрийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт гүтгэж 7 сар гаруй хугацаанд шалгуулсан. Энэ хооронд байнга дарамталж, мөнгө эсвэл автомашинаа өгвөл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэж дарамталж байсан болно. Гэвч хэргийн үнэн учир олдож ХХХ нь маргаанд оролцоогүй, ХХХыг зодсон гэдэг нь худлаа болох нь тогтоогдож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Автомашины ченж хийдэг ХХХХХ нь 58 000 ам.долларт өгчих би 7 000  ам.доллар нэмээд 65 000 ам.доллараар зараад өгье гэж тохиролцоод ХХХ 55 000 000 төгрөгөө шилжүүлмэгц ХХХХХ З 500 000 төгрөгийг зуучлалын хөлсөнд ХХХХгаас авсан байсан. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчээс 69 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХгаас 55 000 000 төгрөг гаргуулан ХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 26 856 000  төгрөг, хариуцагчийн 69 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг  тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506 950 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 432 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХ нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ХХХХ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Одоо маргааны бүхий автомашиныг нэхэмжлэгч ХХХ нь 5 cap гаруй гамгүй унаж эдэлснээс шалтгаалж сэв, эвдрэл үүсэж, өнгө будаг нь хэт хуучирсны улмаас анхны үнэ буюу 124 800 000 төгрөгөөр зарж борлуулах ямарч боломжгүй болж улмаар нэхэмжлэлийн үнийн дүн болох 55 000 000 төгрөгөөр ч зарж борлуулах боломжгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэлцлийг хүчин төгөлдөрт тооцсоны дагуу нэхэмжлэгч ХХХаас автомашин зээлээр худалдан авсны үлдэгдэл төлбөр болох 69 800 000 төгрөгийг гаргуулан ХХХХ-д олгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч ХХХ хариуцагч ХХХХ-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 81 856 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ автомашин худалдаж авахаар урьдчилгаанд төлсөн 55 000 000 төгрөг, мөн уг автомашины үнийг төлөхөөр ББСБ-аас зээл авсны улмаас хүү төлж хохирсны төлбөрт 26 586 000 төгрөгийг тус тус гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч марган, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгчээс 69 800 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ХХХ, хариуцагч ХХХХ нар 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Лексус 570 маркийн автомашиныг 65 000 ам.доллар буюу 124 800 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцож худалдан авагч буюу нэхэмжлэгч ХХХ нь худалдагч буюу хариуцагч ХХХХ-д 55 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, автомашиныг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна./хх 8/

            Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч ХХХ нь автомашины үлдэгдэл төлбөр 69 800 000 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулах, төлбөрийг бүрэн барагдуулсан үед худалдагч буюу хариуцагч ХХХХ нь автомашины техникийн гэрчилгээг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч худалдан авагч нь үлдэгдэл төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй, худалдагч тал нь удаа дараа шаардсан ч гэрээний үүрэг биелэгдээгүй гэх тайлбар болон хэргийн нөхцөл байдлаас үзвэл худалдан авагч тал гэрээний үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдагч тал гэрээнээс татгалзаж, автомшиныг ХХХ-ын эзэмшлээс буцаан авсан гэж үзэхээр байна.

            Хариуцагч ХХХХгийн хувьд худалдсан автомашины бүрэн бүтэн байдал, өмчлөх эрхтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагын тусламж шуурхай авах, ийнхүү авах боломжгүй бол эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө тусалж, автомашиныг буцаан авсан гэх түүний тайлбар үндэслэлгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчээс гэрээний үүргийг шаардах эрх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгээр нээлттэй.

Хариуцагч талыг автомашиныг буцаан авснаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсанаа гэрээний нөгөө талд мэдэгдсэн гэж үзнэ.

Гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, уг үүргийг мөн зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар нэгэн зэрэг гүйцэтгэх ёстой тул нэхэмжлэгч нь урьдчилгаанд төлсөн 55 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангасан нь зөв болно.

Харин нэхэмжлэгч буюу худалдан авагч талын өөрийнх нь гэрээний үүргээ зөрчсөн буруутайн улмаас гэрээ цуцлагдсан байх тул хохирол шаардах эрхээ алдах бөгөөд шүүх нэхэмжлэлээс 26 856 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

            Талууд гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаасан нь хуульд нийцсэн тул автомашинаа буцаан авсан худалдагч тал буюу хариуцагч ХХХХ нэхэмжлэгч ХХХаас үлдэгдэл төлбөр гэх 69 800 000 төгрөгийг шаардах эрхгүй, шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.  

            Хариуцагч ХХХ автомашиныг эзэмшилдээ байлгах хугацаанд гамгүй унаж эдэлснээс сэв, эвдрэл үүссэн, өнгө будаг нь хэт хуучирсны улмаас анхны үнээр зарагдах боломжгүй болсон зэргээр хохирсон гэдгээ нотлох баримтаар нотлоогүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ үндэслээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.  

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ