Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02257

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02257

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03003 дугаар шийдвэртэй нэхэмжлэгчМ. ХХК-ийн хариуцагч БЗ ХХК-д холбогдуулан гаргасан 1 188 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

НэхэмжлэгчМ. ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: БЗ ХХК-аас The Economist, The Beverage industry гэх хоёр сэтгүүлийн 2019 оны захиалга өгсөн. Захиалгын дагуу тус компани нь сэтгүүлийн шинэ дугаар бүрийг компанийн шуудангийн хаягаар илгээх үүргийг хүлээсэн. БЗ ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр илгээсэн сэтгүүлийн төлбөр 2 398 000 төгрөгийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Төлбөр төлсний дараагаар The Beverage industry сэтгүүлийг ирүүлсэн боловч The Economist сэтгүүлийг хүлээлгэн өгөөгүй тул сэтгүүлийн төлбөрт төлсөн 1 188 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БЗ ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь сэтгүүл захиалгын төлбөрт 1 188 000 төгрөг буюу нийт 2 398 000 төгрөгийг 2019 оны 02 сарын 19-ний өдөр Голомт банкны дансанд тушаасан болох нь баримтаар нотлогддог.М. ХХК-ийн захиргааны мэйл хаягаар н.Батбилэг гэдэг хүнтэй харилцаж захиалгыг баталгаажуулсан байдаг. Тухайн үед буюу 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 06 сарын хооронд БЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэн биш Б.Батцэрэн гэдэг хүн ажиллаж байсан.М. ХХК-ийн нэхэмжилж буй 1 188 000 төгрөгийг БЗ ХХК мэдэхгүй, Б.Батцэрэн гэх хүн тайлбарлах боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч БЗ ХХК-аас 1 188 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчМ. ХХК-д олгож, нэхэмжлэгч нь хариуцагч С.Баатарсүрэнд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж, хариуцагч С.Баатарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БЗ ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 33 062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчМ. ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

БЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батцэрэн нь ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгчМ. ХХК-ийн сэтгүүл захиалгын төлбөр болох 1 188 000 төгрөг болон бусад аж ахуйн нэгжийн төлбөрт төлөх ёстой нийт 120 000 000 төгрөгийг хувьдаа завшиж БЗ ХХК-д хохирол учруулсан асуудлыг эрүүгийн журмаар хянан шалгуулж байгаа болно. Үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд Б.Батцэрэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа талаарх Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн лавлагааг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Улмаар хүсэлт шийдвэрлэсэн захирамжийг гомдол гаргах эрхгүйгээр гаргасан, хариуцагч талаас өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, тайлбарын үндэслэлээ нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх боломж олголгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

НэхэмжлэгчМ. ХХК нь хариуцагч БЗ ХХК, С.Баатарсүрэн нарт холбогдуулан сэтгүүл захиалгын төлбөр 1 188 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

НэхэмжлэгчМ. ХХК нь хариуцагч БЗ ХХК-аас The Economist сэтгүүлийг 1 188 000 төгрөгөөр, The Beverage industry сэтгүүлийг 1 210 000 төгрөгөөр тус тус захиалж, сэтгүүлийн төлбөрт нийт 2 398 000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн, хариуцагч БЗ ХХК нь уг захиалгын дагуу The Beverage industry сэтгүүлийг хүлээлгэн өгч, The Economist сэтгүүлийг өгөөгүй үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 9-10/ Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэсэн болохоо үүрэг гүйцэтгэгч нотлох үүрэгтэй. Уг сэтгүүлийг худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ ...тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Батцэрэнгийн компаниас хувьдаа завшсан 121 000 000 төгрөгт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан сэтгүүл захиалгын төлбөр хамаарч байгаа гэж тайлбарлажээ. Энэхүү тайлбар нь үүргийг гүйцэтгэхгүй байх хуулиар болон гэрээгээр тогтоосон үндэслэлд хамаарахгүй байна.

 

Хариуцагч нь захиалгын дагуу The Economist сэтгүүлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар уг сэтгүүлийн төлбөрт төлсөн 1 188 000 төгрөгийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч компанийн захирлаар ажиллаж байсан гэх Б.Батцэрэн нь компанийн хөрөнгийг хувьдаа завшсантай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлд хамаарахгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай гэрээ байгуулсан тул уг компанийн ажилтны хөрөнгө завшсантай холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь иргэний эрх зүйн харилцааны оролцогчид хоорондын маргааныг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, саад болох үндэслэл биш болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 062 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ