Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 3003

 

 

 

 

 

 

 

 

 

                     2020       09          03  

             101/ШШ2020/03003

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М ” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Б ” ХХК / хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011036001, дугаар 5014239/,

 

Хариуцагч: С.Б / нарт холбогдох

           

Сэтгүүл захиалгын төлбөр 1 188 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Манай компани нь шуудангаар хэвлэл захиалга авах, хүргэж өгөх ажил үйлчилгээг эрхлэн явуулдаг “Б ” ХХК-иас The Economist, The Beverage industry гэх хоёр сэтгүүлийн 2019 оны захиалгыг өгсөн. Захиалгын дагуу тус компани нь сэтгүүлийн шинэ дугаар бүрийг компанийн шуудангийн хаягаар илгээх үүргийг хүлээсэн. “Б ” ХХК-ийн ерөнхий менежер Т.Б нь өөрийн цахим хаягаар хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сэтгүүлийн төлбөр 2 398 000 төгрөгийг *******ны 1175107979 дугаарын дансанд шилжүүлэх төлбөрийн нэхэмжлэлийг илгээсэн. Төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Төлбөр төлсний дараагаар The Beverage industry сэтгүүлийг ирүүлсэн боловч The Economist сэтгүүлийг хүлээлгэн өгөөгүй тул 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Сэтгүүлийн захиалга хүлээн авах үед “Б ” ХХК нь *******,*******,******* зочид буудлын Д корпуст байрлаж байсан боловч тухайн хаягт байхгүй тул нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авахаас татгалзсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Б ” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй захирал С.Б г эрэн сурвалжлах нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр хариуцагч нарын оршин суух хаягийг тодруулах ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хариуцагч “Б ” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй захирал С.Б гийн хаягийг тогтоож өгсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Захиалсан сэтгүүлийн төлбөрт төлсөн 1 188 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. “Б ” ХХК-аас 1 188 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх  хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“1 188 000 төгрөг буюу нийт 2 398 000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдөр *******ны дансанд тушаасан гэдэг нь нотлох баримтаар нотлогддог. “М ” ХХК-ийн захиргааны жимэйл хаягаар н.Б гэдэг хүнтэй харилцаж захиалгыг баталгаажуулсан байдаг. Тухайн үед “Б ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Б  ажиллаагүй. Манай компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 06 сарын хооронд Б.Б  гэдэг хүн ажиллаж байсан. “М ” ХХК-ийн гаргаж өгсөн баримтаар нотлогдсон хэдий ч нэхэмжилж буй 1 188 000 төгрөгийг “Б ” ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар  Б.Б гэдэг хүн тайлбарлах боломжтой” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч “Б ” ХХК, тус компанийн хувьцаа эзэмшигч С.Б  нарт холбогдуулан сэтгүүл захиалгын төлбөр 1 188 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Б ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Б гээс төлбөр гаргуулах шаардлагаас татгалзсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул хариуцагч С.Б д холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзсан нь хууль зөрчөөгүй.

 

Хариуцагч “Б ” ХХК нь нэхэмжлэгч “М ” ХХК-аас сэтгүүлийн захиалгад 2 398 000 төгрөгийг тус компанийн данс руу шилжүүлсэн талаар маргахгүй боловч захиалгыг авах үед компанийн захирлаар ажиллаж байсан Б.Б  байгууллагаас их хэмжээний хөрөнгө хувьдаа завшиж, хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа тул компани хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- “М ” ХХК нь шуудангаар хэвлэл захиалга авах, хүргэж өгөх ажил үйлчилгээг эрхлэн явуулдаг “Б ” ХХК-д The Economist, The Beverage industry гэх хоёр сэтгүүлийн 2019 оны захиалгыг цахим шуудангаар өгсөн,

- “Б ” ХХК нь 2019 оны 02 сарын 14-ний өдөр The Beverage industry сэтгүүлийн захиалгын төлбөр 1 210 000 төгрөг, The Economist сэтгүүлийн захиалгын төлбөр 1 188 000 төгрөг, нийт 2 398 000 төгрөгийн нэхэмжлэхийг “М ” ХХК-д хүргүүлсэн,

- “М ” ХХК нь 2019 оны 02 сарын 19-ний өдрийн төлбөрийн даалгавраар 2 398 000 төгрөгийг “Б ” ХХК-ийн ******* дахь 1175107979 дугаартай данс руу шилжүүлсэн,

- “М ” ХХК нь The Beverage industry сэтгүүлийг хүлээн авсан The Economist сэтгүүлийг захиалгын дагуу хүлээн аваагүй.

 

Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд “М ” ХХК,  “Б ” ХХК-ийн хооронд ажил хэргийн хүрээнд цахим хэлбэрээр сэтгүүл захиалга хийгдсэн байх бөгөөд тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Хариуцагч “Б ” ХХК нь нэхэмжлэгч “М ” ХХК-ийн сэтгүүл захиалгыг цахим шуудангаар авч, төлбөрийг нэхэмжилсэн баримтыг нэхэмжлэгчид хүргүүлснээр гэрээ байгуулах саналыг хүлээн авч, хүлээн зөвшөөрсөн, талуудын хооронд гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талууд гэрээний гол нөхцөлийг цахим шуудангаар тохирсон нь хууль зөрчөөгүй.

 

Нэхэмжлэгч “М ” ХХК нь  The Economist, The Beverage industry сэтгүүл захиалгын төлбөрт нийт 2 398 000 төгрөгийг “Б ” ХХК-ийн ******* дахь 1175107979 дугаартай данс руу шилжүүлсэн нь 2019 оны 02 сарын 19-ний өдрийн төлбөрийн даалгавраар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь тус компанийн дансанд уг мөнгийг шилжүүлсэн талаар маргаагүй. /хх-9, 10/

 

Хариуцагч “Б ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Б  байгууллагаас 121 000 000 төгрөгийг хувьдаа завшсан, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан сэтгүүл захиалгын төлбөрт шилжүүлсэн мөнгө нь түүний хувьдаа завшсан мөнгөнд хамаарч байгаа гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

“Б ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар С.Б  2018 оны 10 сарын 10-ны өдрөөс тус компанийн Гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн сэтгүүл захиалга хийгдэх үед захирлаар Б.Б  ажиллаж байсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Мөн хариуцагч нь тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Б  нэхэмжлэлийн шаардлагад дурдсан сэтгүүл захиалгын мөнгийг хувьдаа завшсан гэх тайлбарыг гаргаж байх боловч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч “Б ” ХХК нь нэхэмжлэгчийн захиалсан The Economist сэтгүүлийг захиалгын дагуу хүргүүлээгүй байх тул уг сэтгүүлийн төлбөрт төлсөн 1 188 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч “Б ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Б д холбогдуулан гомдол гаргаж, хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал нь нэхэмжлэлийн шаардлага болох сэтгүүл захиалгын төлбөрийн асуудалтай хамааралтай болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Б.Б  компанийн хөрөнгийг хувьдаа ашигласан гэх асуудал нь “Б ” ХХК-ийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Б ” ХХК-аас The Economist сэтгүүлийн захиалгын төлбөрт төлсөн 1 188 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож, нэхэмжлэгч нь хариуцагч С.Б д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж, хариуцагч С.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан  хариуцагч “Б ” ХХК-аас 1 188 000 /нэг сая нэг зуун наян найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож, нэхэмжлэгч нь хариуцагч С.Б д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж, хариуцагч С.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 33 062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР