Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01431

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01431

 

 

 Жаст ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00947 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Жаст ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Монгол банк, Хадгаламж банк ХХК дах банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдох шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Хадгаламж банк ХХК-иар дамжуулан "Жаст Ойл" ХХК-д олгосон 18 718 302 931.2 төгрөгийг улсын төсвийн мөнгө хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайхан, Г.Байгаль, хариуцагч Хадгаламж банк ХХК дах банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол банкны Ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 2Ө-ны өдрийн А-171/46 дугаар "Дэд хөтөлбөр батлах тухай" хамтарсан тушаалаар "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийг баталсан. Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зорилго нь жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгах бөгөөд Монгол банк нь Уул уурхайн яамнаас гаргасан жижиглэнгийн худалдааны тооцоо, мэдэгдэлд үндэслэн хэрэгжүүлэгч компанид санхүүжилтийг оролцогч банкаар дамжуулан олгох чиг үүрэгтэй. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Жаст ойл" ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 12-1060/113 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7 122 204 480 төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн санхүүжилтийг оролцогч банк болох "Хадгаламж банк" ХХК-иар дамжуулан авсан. Мөн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13-1060/-008 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2012 огы 11 дүгээр сарын 26-ны өдөр 12-1060/113 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн шугамын эрхийн хэмжээг 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 11 596 698 451 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 18 918 902 931.2 төгрөгийг шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах зорилгоор авсан байдаг. Өөрөөр хэлбэл, дэд хөтөлбөрийн зээлийн эх үүсвэр, санхүүжилтийг Монгол банкнаас олгосон бөгөөд Монгол банк чиг үүргийн хүрээнд оролцогч банкны жагсаалт гаргах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэгч компанийн сонгосон оролцогч банктай гэрээ байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. Иймд дээрх зээлийн эх үүсвэрүүд улсын төсвийн хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ хэмээн тодорхойлсон байх бөгөөд "Жаст Ойл" ХХК-ийн нэхэмжлэлд ямар нэгэн эрх зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байна. Мөн тус хуулийн 12 дугаар зүйлд иргэний хэрэг үүсгэх үндэслэлийг тодорхойлсон ба нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой болон бусад Монгол банкнаас хамаарч эрх нь зөрчигдсөн талаар нэхэмжлэлд дурдаагүй тул хэрэг үүсэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдсан тус гэрээ нь Монгол банк болон Хадгаламж банк хоорондын зээлийн харилцааг зохицуулсан зээлийн гэрээ бөгөөд "Жаст Ойл" ХХК-д аливаа үүрэг үүсгэсэн гэрээ биш байна. Мөн Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т Монгол банкны үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэхийг хориглохоор заасан. Түүнчлэн Монгол банк нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн Хадгаламж банктай "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ", "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээний 1.2-т "..дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол банкнаас оролцогч банкинд эх үүсвэрийг зээлдүүлэх, буцаан төлүүлэх..." гэж заасан байна. Гэрээний дагуу 2012 оны 11 сарын 07-ны өдрийн гүйлгээний шийдвэрийн дагуу 7 122 204,480.0 төгрөг, 2013 оны 02 сарын 21-ний өдрийн гүйлгээний шийдвэрийн дагуу 11 596 698 451.0 төгрөгийг Монгол банкнаас Монгол банкинд байршуулсан Хадгаламж банкны тусгай дансанд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч "Хадгаламж банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэж, батлах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцэн баталж хуулийн 13 дугаар зүйлд зааснаар тус хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн байна. Уг хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын 2012 оны төсвөөс Улаанбаатар хотод олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. Тус хуульд Монгол банкны Ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-171/46 дугаартай "Дэд хөтөлбөр батлах тухай" тушаалаар баталж хэрэгжүүлсэн "шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заагаагүй. Иймд зээлийн эх үүсвэрүүд нь улсын төсвийн хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлдэг. "Жаст Ойл" ХХК-ийн нэхэмжлэлд түүний ямар эрх зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хариуцагч Монгол банк болон "Хадгаламж банк" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Хадгаламж банк ХХК-иар дамжуулан "Жаст Ойл" ХХК-д олгосон 18,718,302,931.2 төгрөг нь улсын төсвийн мөнгө хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч "Жаст Ойл" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч "Жаст ойл" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгааантайгаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хурлыг хойшлуулж өгөх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/Ш32017/04634 тоот шүүгчийн захирамжаар "... хэргийн хугацаа дуусаж байгааг харгалзан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж, шүүх хуралдааныг түүний эзгүйд хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна" гэж үзэн нэхэмжлэгч "Жаст Ойл" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламхандын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан хэргийн оролцогчийг хуульд заасан эрхээр хангаагүй шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д "....нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол ...түүнийг эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана" гэжээ. Гэтэл шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Иргэний хзрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 105 дугаар зүйлийн зүйлийн 105.1 дэх заалтуудыг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Жаст Ойл ХХК нь хариуцагч Монгол банкинд болон Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Хадгаламж банк ХХК-иар дамжуулан Жаст Ойл ХХК-д олгосон 18 718 302 931.2 төгрөг нь улсын төсвийн мөнгөн хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж, Хадгаламж банк ХХК, Жаст Ойл ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12-1060/113 тоот зээлийн шугам нээх гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13-1060/008 тоот гэрээ болон эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан барьцааны гэрээнүүдийг тус тус хавсаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэнд холбогдуулж хэзээ, юу шаардах нь өөрийнх нь эрхийн асуудал, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим боловч ийнхүү шаардлага гаргах болсон үндэслэлээ тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан дээрх зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд хариуцагч нар нэхэмжлэгчийн ямар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан эсхүл үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч Монгол банк, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Хадгаламж банк ХХК-иар дамжуулан Жаст Ойл ХХК-д олгосон 18 718 302 931.2 төгрөг нь улсын төсвийн хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй гэж үзжээ.

 

Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гэж үзэх боломжгүй. Учир нь нэхэмжлэлд хавсаргасан зээлийн болон барьцааны гэрээний асуудлаар өөр хэрэгт маргаж байгаа, зээлийн гэрээний зүйлийг улсын төсвийн хөрөнгө болохыг тогтоолгох гэж байгаа зорилго нь тодорхойгүй буюу зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгагүй, зохигчийн хооронд мэтгэлцэх зүйл байхгүй буюу хариуцагчийг нэхэмжлэлд зааснаар оролцуулсан хэдий ч түүнд хүлээлгэх үүрэг хариуцлага нь тодорхойгүй зэргээр нэхэмжлэл нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэх ойлголтонд хамаарахгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Монгол банк, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох Жаст Ойл ХХК-ийн тодорхой бус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж Г.Дуламханд оролцсон ба түүнд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг танилцуулсан, тэрээр 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэмэлт тайлбар, нотлох баримттай холбоотой хүсэлт гаргаагүй, харин өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх хангаж шүүх хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргахдаа өмгөөлөгчтэй оролцох эсэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй ба 10 настай хүү Т.Сайханбилэг нь хоолой нь өвдсөн тул хуралд оролцох боломжгүй гэж хүсэлт гаргасныг шүүх өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжтой байсан гэж үзэж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00947 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ