Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2017/00947

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 02 өдөр

     Дугаар 182/ШШ2017/00947

Улаанбаатар хот

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “ЖО” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МБ,

Хариуцагч: ХБЭХА холбогдох

 

Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд ХБ ХХК-иар дамжуулан “ЖО” ХХК-д олгосон 18,718,302,931.2 төгрөг нь улсын төсвийн мөнгө хөрөнгө болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч МБны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Г.Б, хариуцагч ХБЭХА авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

МБны Ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-171/46 дугаар “Дэд хөтөлбөр батлах тухай” хамтарсан тушаалаар “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталсан. Шататуухны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зорилго нь жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгах бөгөөд МБ нь Уул уурхайн яамнаас гаргасан жижиглэнгийн худалдааны тооцоо, мэдэгдэлд үндэслэн хэрэгжүүлэгч компанид санхүүжилтийг оролцогч банкаар дамжуулан олгох чиг үүрэгтэй юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “ЖО” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 12-1060/113 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,122,204.480 төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн санхүүжилтийг оролцогч банк болох “ХБ” ХХК-иар дамжуулан авсан. Мөн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13-1060/-008 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2012 огы 11 дүгээр сарын 26-ны өдөр 12-1060/113 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн шугамын эрхийн хэмжээг 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 11,596,698,451 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 18,918,902,931.2 төгрөгийг шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах зорилгоор авсан байдаг.

Өөрөөр хэлбэл, дэд хөтөлбөрийн зээлийн эх үүсвэр, санхүүжилтийг МБнаас олгосон бөгөөд МБ чиг үүргийн хүрээнд оролцогч банкны жагсаалт гаргах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэгч компанийн сонгосон оролцогч банктай гэрээ байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй юм. Иймд дээрх зээлийн эх үүсвэрүүд улсын төсвийн хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МБны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Г.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ хэмээн тодорхойлсон байх бөгөөд “ЖО” ХХК-ийн нэхэмжлэлд ямар нэгэн эрх зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байна. Мөн тус хуулийн 12 дугаар зүйлд Иргэний хэрэг үүсгэх үндэслэлийг тодорхойлсон ба нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой болон бусад МБнаас хамаарч эрх нь зөрчигдсөн талаар нэхэмжлэлд дурдаагүй тул хэрэг үүсэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдсан тус гэрээ нь МБ болон ХБ хоорондын зээлийн харилцааг зохицуулсан зээлийн гэрээ бөгөөд “ЖО” ХХК-д аливаа үүрэг үүсгэсэн гэрээ биш байна. Мөн Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т МБны үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэхийг хориглохоор заасан байдаг. Түүнчлэн МБ нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн ХБтай “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ”, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний 1.2-т “..дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор МБнаас оролцогч банкинд эх үүсвэрийг зээлдүүлэх, буцаан төлүүлэх...” гэж заасан байна. Гэрээний дагуу 2012 оны 11 сарын 07-ны өдрийн гүйлгээний шийдвэрийн дагуу 7,122,204,480.0 төгрөг, 2013 оны 02 сарын 21-ний өдрийн гүйлгээний шийдвэрийн дагуу 11,596,698,451.0 төгрөгийг МБнаас МБинд байршуулсан ХБны тусгай дансанд шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

 

Хариуцагч ХБЭХА авагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг, 4.1.16-д “хөтөлбөр" гэж төсөв хуваарилах зорилгоор үр дүнг нь тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий төрийн чиг үүргийг хангахад чиглэсэн багц арга хэмжээг ойлгохыг тус тус заажээ. Тус хуулийн 9.1.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэж, батлах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцэн баталж хуулийн 13 дугаар зүйлд зааснаар тус хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн байна.

Уг хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын 2012 оны төсвөөс Улаанбаатар хотод олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. Тус хуульд МБны Ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-171/46 дугаартай “Дэд хөтөлбөр батлах тухай” тушаалаар баталж хэрэгжүүлсэн “шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заагаагүй.

Иймд нэхэмжлэгчийн дээрх дэд хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлийн эх үүсвэрүүд нь улсын төсвийн хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлдэг. “ЖО” ХХК-ийн нэхэмжлэлд түүний ямар эрх зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

  

Нэхэмжлэгч “ЖО” ХХК нь хариуцагч МБ, ХБЭХА холбогдуулан шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд ХБ ХХК-иар дамжуулан “ЖО” ХХК-д олгосон 18,718,302,931.2 төгрөг нь улсын төсвийн мөнгө хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.  Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг нэхэмжлэгч гэдэг.

Гэтэл МБ, ХБЭХА авагч нь “ЖО” ХХК-ийн ямар эрх, ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тодорхойгүй, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд ХБ ХХК-иар дамжуулан “ЖО” ХХК-д олгосон 18,718,302,931.2 төгрөг нь улсын төсвийн хөрөнгө болохыг тогтоолгосноор “ЖО” ХХК-д ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй байна.

МБны ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-171/46 дугаар Дэд хөтөлбөр батлах тухай тушаалын хавсралтаар “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөр нь жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний импортыг МБнаас тогтоосон хүүгээр санхүүжүүлэх, валютын ханшийн өөрчлөлтөөс хамаарах нөлөөллийг бууруулах замаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгах зорилготой байна.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлэх бөгөөд дээрх хөтөлбөрийн дагуу олгогдож байгаа хөрөнгө нь төсвийн хөрөнгө болох нь тогтоогдохгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.  

Түүнчлэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрхийг хамгаалах аргыг тусгайлсан хуульчлан заасан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9.4-т заасан ямар эрхээ шүүхээр хамгаалуулах шаардлага гаргасан нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байх тул МБ, ХБЭХА авагчид холбогдох “ЖО” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.     

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хариуцагч МБ болон ХБЭХА авагчид холбогдох шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд ХБ ХХК-иар дамжуулан “ЖО” ХХК-д олгосон 18,718,302,931.2 төгрөг нь улсын төсвийн мөнгө хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “ЖО” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.НАРАНЧИМЭГ