Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01688

 

АӨТАМХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/01753 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АӨТАМХХК-ийн  хариуцагч АЭЖАӨТХХК-ийн гүйцэтгэх захирал М,  АЭЖАӨТХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал Мн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсоныг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бүрнээ, хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: АЭЖАӨТХХК-ийн 50 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд АЭЖХкомпани, 50 хувийг АӨТАМХХК эзэмшдэг. Компанийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагааг ил тод, шударга, байнгын тасралтгүй явуулах, харилцан хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал Мд, компанийн санхүү, захиргааны асуудлыг хувьцаа эзэмшигч АӨТАМХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б нарт хариуцуулахаар томилсон. АЭЖАӨТХХК-ийн гүйцэтгэх захирал М 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0719 дүгээр тушаалаар Г.Быг ажлаас нь чөлөөлсөн. М 2017 оноос гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах хугацаандаа Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хэтрүүлэн, ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр их хэмжээний үнийн дүнтэй гэрээ, хэлцэл байгуулж компанид их хэмжээгээр хохирол учруулсан. 2019 оны 6 дугаар сараас хойш компанийн хувьцаа эзэмшигч нарт санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг тавьж байгаагүй. Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг олон жил Компанийн тухай хуульд заасан хугацаанд зарлаж хуралдуулаагүй. 50 хувийн хувьцаа эзэмшигч АӨТАХХК-ийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээж аваагүй тул хуульд зааснаар ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаж, хурлыг явуулсан боловч үр дүнд хүрээгүй. Компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй, хууль зөрчиж эрх мэдлээ хэтрүүлсэн. Компанийн хувьцаа эзэмшигчид маргаантай байхад 2021 оны компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахгүй хуульд заасан хугацааг дуусгасан. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар ТУЗ байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хувьцаа эзэмшигчид хурлыг зарлан хуралдуулна. Санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор гэж заасан нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах хамгийн эцсийн хугацааг хууль тогтоогч тогтоосон. 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэхэд эцсийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, санхүүгийн жил дуусахаас өмнө амжиж хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх талаар хуульд зохицуулсан. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 40 хоногийн дараа хуралдуулна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуулийн 59.4-т зааснаар 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаар байсан. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага 2021 оны хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргаагүй тул ТУЗ болон гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон.

 

Компанийн ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгэх захирал Мхувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлээгүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 59.11, 62.1.9 дэх хэсэгт заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч АӨТАХХК нь хувьцаа эзэмшигчийн хувьд 2020, 2021 оны компанийн тайлант жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэхийг хүссэн. Мкомпанийн ТУЗ-ийн даргаар давхар ажиллаж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсгийг зөрчиж байна. 2019 оны 6 дугаар сараас хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан гарсантай холбогдуулан компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны талаар тайлан, мэдээг хувьцаа эзэмшигчдэд танилцуулах хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаагүй. Иймд Компанийн тухай хуулийн 59.4, 59.5-т заасны дагуу 2021 оны компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тул ТУЗ, мөн гүйцэтгэх захирал Мн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч талын тайлбарт: Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулаагүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт заасны дагуу ТУЗ-ийн бүрэн эрх дуусгавар болсон байх боломжтой боловч гүйцэтгэх захирал Мнэхэмжлэлийн уг шаардлагатай холбогдуулж ТУЗ-ийн өмнөөс тайлбар гаргах боломжгүй. МТУЗ-ийн даргаар томилж байгаагүй, төлөөлөн удирдах зөвлөлийн даргын чиг үүргийг хэрэгжүүлж байгаагүй. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дах хэсэгт заасны дагуу хувьцаат компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болдог. Харин АЭЖАӨТХХК нь төлөөлөн удирдах зөвлөлтэй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5 дах хэсэгт заасан зохицуулалт нь зөвхөн төлөөлөн удирдах зөвлөл байхгүй тохиолдолд хамааралтай. Хэрэв компани ТУЗ-гүй байсан бол гүйцэтгэх удирдлага нь хуулийн хугацаанд Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохих журмын дагуу хуралдуулах, үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгэх удирдлагын хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болох үндэслэлтэй. Төлөөлөн удирдах зөвлөл үүргээ хэрэгжүүлж чадаагүйтэй холбогдуулан гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэлгүй. Иймд гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх:  Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар АЭЖАӨТХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож, нэхэмжлэлээс гүйцэтгэх захирал ........... хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай АЭЖАӨТ ХХК-ийн гүйцэтгэх захирал .......... холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч АӨТАМХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч АЭЖАӨТХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 70 200 төгрөгийг гаргуулж АӨТАМХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хэргийн нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. .............. ХХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д "Төлөөлөн Удирдах зөвлөл нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа орох шийдвэр гаргах дээд байгууллага байна.

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.3, 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт заасны дагуу аливаа компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас үл хамаарч хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах өдрөөр буюу тухайн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөр ТУЗ-ийн гишүүний бүрэн эрх хугацаа дуусгавар болсон. .............ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусгавар болсон ба хууль болон компанийн дүрмээр олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд гүйцэтгэх захирал М 2021 оны ээлжит хурлыг хуралдуулж, энэ асуудлаар шийдвэр гаргаагүй, хуралдуулаагүй тул мөн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг шүүх анхаарч үзээгүй. Иймд хуулийн 59.4 дэх заалтыг компани ТУЗ-тэй тул гүйцэтгэх удирдлагад хамаарахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч "АӨТАМонголиа" ХХК нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.2-т заасны дагуу санал, шаардлагыг гаргаж, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гарган ээлжит бус хурлыг хийсэн боловч компанийг үүсгэн байгуулагчдын хувь тэнцүү нөхцөл байдлын улмаас үр дүнд хүрээгүй. Хуулийн 61.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг компанийн гүйцэтгэх захирал ........... зарлан хуралдуулах бүрэн эрхтэй. Гэвч ............ нь ТУЗ-тэй гэх нэрийн дор хуульд заасан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийг байгуулах шийдвэрийг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэргүйгээр дангаараа гаргаж компани болон хувьцаа эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн. Мөн ТУЗ-ийн даргын үүргийг давхар гүйцэтгэж хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй байгаа нь Компанийн ТУЗ-ийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/215 дугаар хурлын тогтоолын тэмдэглэл, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/56 дугаар ТУЗ-ийн тогтоол, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/57 дугаар ТУЗ-ийн тогтоол зэргээс тодорхой байна. Гүйцэтгэх захирал Мнь ТУЗ-ийн даргын үүргийг давхар гүйцэтгэж их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл байгуулж байгаа нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсгийг зөрчсөнийг шүүх анхаарч үзээгүй. Шүүх" ... нэхэмжлэгчийн тайлбараар Төлөөлөн Удирдах зөвлөлийг эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасан гэж заасныг зөрчсөн. .......... ХХК нь ТУЗ-ийг бүрэн эрхээ хэрэгжүүлж, ажиллаж байгаа талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар нотолж, няцааж чадаагүй байхад шүүхээс ТУЗ бүрэн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, Компанийн тухай хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Компанийн ТУЗ хуульд заасан бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаархи компанийн дүрмийн 11.2.6-д заасны дагуу эрхээ хэрэгжүүлсэн талаарх хурлын тогтоол, тэмдэглэл, их хэмжээний болон сонирхлын хэлцэл баталсан тухай тогтоол гэх мэтчилэн нотлох баримт байдаггүй. ТУЗ бол цаасан дэр нэр төдий бичигдсэн этгээд болох бөгөөд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлдэггүй тул байгуулагдсан цагаасаа эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн чадамжгүй гэж үзнэ. Зөвхөн их хэмжээний дүн бүхий гэрээ, хэлцэл байгуулах, банкны зээл авахад ТУЗ хэрэгтэй болж, ТУЗ хуралдсан тогтоолоос тодорхой байна. Мөн ТУЗ хууль болон дүрэмд заасан бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлдэггүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0607 тушаалаар 2019 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар гүйцэтгэх захирал шийдвэр гаргасан нь Компанийн тухай хуулийн 61.1 дэх хэсэгт тодорхой байна. 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг хувьцаа эзэмшигч "АӨТАМонголиа" ХХК-аас гаргахдаа Компанийн тухай хуулийн 61.2-т заасны дагуу компанийн ТУЗ-д бус компани буюу гүйцэтгэх захиралд гаргасан нөхцөл байдлаас тус тус тодорхой харагддаг. Компанийн тухай хуулийн 59.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй тохиолдолд ТУЗ-ийн бүрэн эрх дуусгавар болсон байхад гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх хэвээр үргэлжлээд байгаа нь Компанийн тухай хуулийн 59.5 дахь хэсэгт заасан хязгаарлалтын зохицуулалтын цаад утга санаа, агуулга алдагдаж байгаа нөхцөл байдлыг шүүх анхаарч үзсэнгүй.

 

Мөн хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд мэтгэлцсэн тайлбарт "... Төлөөлөн Удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсон байх боломжтой...." гэж тайлбарласнаас үзвэл ТУЗ-ийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийн дуусгавар болсноо хүлээн зөвшөөрсөн байгааг шүүх анхаарч авч үзээгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрх нь гүйцэтгэх захиралд байсан ба 2021 онд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тул гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон. Мөн гүйцэтгэх захирал М нь Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргын албан тушаалд гарын үсэг зурсан нотлох баримтыг үгүйсгэсэн болон няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, уг нотлох баримтыг хасуулах хүсэлт гаргаагүй, эдгээр баримтууд нь хуурамч нотлох баримт биш тул төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүргийг давхар гүйцэтгэж байгаа нь тогтоогдож байхад шүүх энэ нөхцөл байдлуудыг анхаарч авч үзээгүй. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан байхад хэрэгсэхгүй болгож, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16, 87 дугаар зүйл, 88 дугаар зүйлийн 88.1-д заасны дагуу ТУЗ компанийн их хэмжээний гэрээ, хэлцлийг батлах ХЭХ-ын дараа орох шийдвэр гаргах эрх бүхий байгууллага тул гүйцэтгэх захирлын бусадтай байгуулсан их хэмжээний дүн бүхий хэлцэл, гэрээ нь энэхүү хэрэг маргаанд чухал ач холбогдолтой нотлох баримт байсан. Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр гүйцэтгэх захирал нь ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хэрэгжүүлэх бөгөөд шийдвэр буюу зөвшөөрлийн үндсэн дээр бусад этгээдтэй өндөр дүнтэй гэрээ, хэлцэл, худалдан борлуулалт хийхээр заасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, үгүйсгэх, татгалзах, нотлох зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах бүрэн эрхтэй тул компанийн ТУЗ-өөс баталсан шийдвэрийн үндсэн дээр гүйцэтгэх захирал бусадтай байгуулсан их хэмжээний дүн бүхий гэрээ, хэлцлийг нотлох баримтаар гаргуулахаар шаардсан. АӨТАМонголиа" ХХК, гүйцэтгэх захирал Г.Б нь .......... ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн үл ойлголцол, маргааны улмаас 2019, 2020, 2021 онд ТУЗ хуралдаагүй, гүйцэтгэх захирал Мнь ТУЗ-ийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн их хэмжээний дүн бүхий гэрээ, хэлцэл байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа, уг гэрээ, хэлцэл нэхэмжлэгч талд байхгүй тул гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн асуудал зайлшгүй яригдах ба нэхэмжлэлийн үндэслэл, нотлох баримт тодорхой бус гэсэн үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзах магадлалтай тул нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулсны дараа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх байхад шүүх энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч АӨТАМХХК хариуцагч АЭЖАӨТХХК-ийн гүйцэтгэх захирал М, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал Мгийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх АЭЖАӨТХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож, харин гүйцэтгэх захирал Мн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5 дах хэсэгт заасантай нийцсэн.

 

Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. АЭЖАӨТХХК-ийн 50 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд АЭЖХ компани, 50 хувийн хувьцааг Монгол улсын хуулийн этгээд АӨТАМХХК эзэмшдэг, АЭЖАӨТХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь М, Г.Б, Б.Т, РП нарын 4 гишүүнээс бүрддэг ба гүйцэтгэх захирал нь М байна. /хх14-32/

 

Тус компани төлөөлөн удирдах зөвлөл байгуулах, гишүүдийг сонгох, тэдний санхүүгийн жилд хуралдах тоо хэмжээ, арга хэлбэрийг Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.3, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, компанийн дүрмийн 11.2.2, 11.2.6, хувьцаа эзэмшигчдийн гэрээний 9.2.1, 9.2.2 дах заалтаар зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч эхний шаардлагын үндэслэлээ ... 2019 оны 6 сараас хойш компанийн хувьцаа эзэмшигчдэд санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулаагүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй ... гэж тайлбарладаг.

 

Хариуцагч АЭЖАӨТХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь хуульд заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй байх бөгөөд энэ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасныг зөрчсөн байх ба хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөлгүй нөхцөлд гүйцэтгэх удирдлагийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар байна.

 

Тус компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй, компанийн дүрмийн 11.2.2-т төлөөлөн удирдах зөвлөл нь дөрвөн гишүүнээс бүрдэнэ, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь өөрийн хүсэлтээр огцрох эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаар албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл томилогдоно гэж заасан байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь 2020 оны санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй талаар зохигчид маргаагүй боловч нэхэмжлэгчийн тайлбарласанчлан үйл ажиллагаа явуулахгүй байгаа болон хугацаанаас өмнө бүрэн эрх нь дуусгавар болсон талаар баримтгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх АЭЖАӨТХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоосон нь зөв.

 

Харин шүүх АЭЖАӨТХХК-ийн гүйцэтгэх захирал Мн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ төлөөлөн удирдах зөвлөлийн даргын талаар хийсэн дүгнэлт буруу байх тул залруулах нь зүйтэй.

 

Хэргийн 44 дүгээр талд авагдсан АЭЖАӨТХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкнаас зээл хүсэх тухай хурлын тогтоол, тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хас банкнаас санхүүжилт авах тухай тогтоолд ТУЗ-ийн даргаар М, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Г.Б, Б.Т, Р Пайне нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул М төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Компанийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дах хэсэгт заасан журмын дагуу сонгогдож, ажил үүргийг гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. АЭЖАӨТХХК-ийн дүрмийн 11.2.1-11.2.2, хувьцаа эзэмшигчдийн гэрээний 9.2.1, 9.2.2, 9.3.1-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөл нь 4 гишүүнээс бүрдэнэ .., гүйцэтгэх захирал нь М байна .., гэж заажээ.

 

Дээр дурьдсан нөхцөл байдлаас үзэхэд АЭЖАӨТХХК төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг гүйцэтгэх захирлын албан тушаалтай хавсарган томилсон нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болно, харин төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байхыг хориглоно гэснийг зөрчжээ.

 

Анхан шатны шүүх хувьцаа эзэмшигчдийн хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулна, харин төлөөлөн удирдах зөвлөл байхгүй нөхцөлд компанийн гүйцэтгэх удирдлага нь хэрэгжүүлэх талаар Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Иймд нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг гүйцэтгэх захирал хуралдуулах байсан гэх тайлбар, гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүх нэхэмжлэгчийн их хэмжээний хэлцэлтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх127-129/

 

АЭЖАӨТХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу 2017-2018 оны компанийн ээлжит бус хурлыг зохион байгуулсан байх ба гүйцэтгэх захирал компани төлөөлөн удирдах зөвлөлгүй нөхцөлд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт зааснаар хуралдуулах, мөн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй. /хх45-46/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/01753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.