Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00593

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00593

 

Х.Тэргэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03414 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Х.Тэргэлийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Уранчимэг, А.Ганчимэг нарт холбогдох

 

Зүрхээр наадагч уран сайхны киног бүтээж, олон нийтэд дэлгэснээрээ Х.Тэргэлийн нэр төр, алдар хүнд болон Д.Хулганайн гэр бүл болох Х.Ялгуун, Х.Энхжин нарын нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргасан болохыг тогтоолгохыг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2014 онд А.Ганчимэгийн зохиол бичсэн, У.Уранчимэгийн найруулсан Зүрхээр наадагч уран сайхны кинотой холбоотой. Энэ кинонд гол дүрийн дөрвөн жүжигчний нэр Тэргэл, Энхжин, Эрхэс, Ялгуун гэж дурдагддаг бөгөөд энэ дөрвөн нэр орсон шүлэг тус уран сайхны киноны эхлэл, өрнөл, төгсгөл хэсэгт гардаг. Мөн кинонд гол дүрийн этгээдүүд нь асрамжийн газар дөрвүүлээ байж байгаад хүнд хэцүү нөхцөлд өсч байгаа тухай гардаг. 1998 оноос хойш яруу найрагч Х.Тэргэл өөрөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, хамгийн сүүлд хавтас хэрэгт өгснөөр 2009 онд Монголын үндэсний телевизийн Ярилцъя нэвтрүүлэгт оролцож, миний төрсөн ах, дүү маань ийм 4 нэртэй, бид нарыг төрөхөд аав минь энэ кино зохиолд дурдсан, Эрхэс тэнгэрт тэргэл саран ялгуун сайхнаар энхжин мандмой гэсэн 4 мөрт шүлгийг бид дөрөвт зохиож өгч байсан гэсэн ярилцлагыг өгсөн байдаг. Мөн 2014 онд аавыгаа өнгөрсний дараа өөрийнхөө фэйсбүүк хуудсаар аавынхаа эмгэнэлийг илэрхийлээд энэ дөрвөн мөртийг дурдсан байдаг. Х.Тэргэл нь өөрөө яруу найрагч, шүлэг зохиож олон нийтийн танил бөгөөд энэ дөрвөн мөрт шүлгийг өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байсан хүмүүс энэ киног гарсны дараа танай амьдрал иймэрхүү байдлаар өрнөсөн юм уу, та дөрөв асрамжийн газар төрсөн юм уу гэсэн мессеж, комментыг удаа дараа цахим хаягт нь тавьж, өөрт нь болон ах дүү нарынх нь гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн дарамт болсон. Ийм учраас нэгдүгээрт өөрийнхөө болон албан ёсны зохиогч буюу Х.Тэргэлийн өнгөрсөн эцгийн дөрвөн мөрт шүлгийг ашигласан. Хоёрдугаарт энэ дөрвөн мөрт шүлгийн нэр орсон Х.Тэргэлийн ах дүүсийн нэрийг оролцуулан кино зохиолыг гаргаснаар олон нийтэд хүрсэн эргүүлээд Х.Тэргэл гэдэг хүнийг ийм амьдрал туулсан юм уу гэсэн нөхцөл байдалд хүрч байна. Х.Тэргэл миний болон Д.Хулганайн гэр бүл энэ кино зохиолд дурдагдсан. Эрхэс, Энхжин, Тэргэл, Ялгуун, Д.Хулганай гэсэн хүмүүсийн нэр төр алдар хүндэд халдсан гэдгийг тогтоож өгөөч гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатайгаар нэхэмжлэлээ гаргаж байна. Миний охин дүү Х.Ялгуун нь У.Уранчимэгтэй Нийслэлийн 33 дугаар дунд сургуульд нэг ангид суралцдаг байсан бөгөөд бид дөрвийг таньдаг. Манай гэр бүлийн амьдралыг мэдэхийн зэрэгцээ аавын минь бичсэн энэ 4 мөрт шүлгийг мэдэхийн дээдээр мэддэг байсан. Зүрхээр наадагч кинонд энэ мөртийг ашиглаж бид нарын нэрийг оролцуулснаар бид дөрвийн нэр төр, алдар хүндэд халдсан үйлдлийг гаргасан. Зүрхээр наадагч киноны утга нь асрамжийн газар нэгнээ олж холбогдсон 4 хүүхэд том болоод бие биеэ олж байх бөгөөд үүнд биеэ үнэлэгч, луйварчин, хог түүгч нараар бид дөрвийн нэрийг оруулж, аавын бидэнд зориулж бүтээсэн дээрхи 4 мөртийг ашиглаж бүтээсэнд маш их гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч А.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ киноны зохиолыг би бичсэн. Яагаад энэ гэр бүлийн нэр хүндийг гутаан доромжилсон гэж байгаа гэдгийг хувь хүний үүднээс ойлгохгүй байна. Энэ кино баримтат биш уран сайхны кино юм. Уран сайхны киног яаж бүтдэг вэ гэвэл тэр кино зохиолыг уран бүтээлчид өөрсдөө бичиж, сэтгэж, нэмж хачир хийж, яаж үзэгчдийг сонирхолтой байлгах вэ гэдэг үүднээс дүр болгоныг нарийвчлан ажилладаг. Баримтат кино гээд энэ дөрвөн хүний нэрийг оруулаад гаргасан бол шүүхэд гаргасан нэхэмжлэлийг авч болох байсан болов уу. Миний хувьд бид нарын гаргасан уран сайхны кино яагаад энэ гэр бүлийн нэр төрд халдсан гэж байгаа гэдгийг яг үнэндээ ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Хамгийн анх бичихдээ гол дөрвөн мөрт нь Ариунцацрагт гэрэлт наран цэлмэг тэнгэрт ялгуунаар мандана гэж бичиж байсан. Энэ бол миний гар бичмэл, тухайн үед энэ дүрүүдийн нэрийг Ариун, Гэрэл, Цэлмэг, Ялгуун гэж оруулж байсан. Тэгээд би зохиолоо бэлэн болгочихоод найруулагчид өгч шалгуулаад найруулагч завсар оруулаад түрүүний нэхэмжлэгч талын хэлснээр энэ дөрвөн мөртийг засаж оруулсан. Тэрнээс биш бид анхнаасаа энэ дөрвөн мөртийг оруулна гэж хоорондоо ярилцаж хийсэн зүйл байхгүй гэжээ.

 

Хариуцагч У.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай киноны төрөл жанар бол уянгын драм буюу мелодрам шинжтэй. Кино нь дотроо бодит түүхээс сэдэвлэсэн бол биографик гэдэг жанар байдаг. Энэ кино тэр төрлийн кино биш хэрвээ бодит түүхээс сэдэвлэсэн бол тэр хэв маягаараа яг явагдах зарчмаараа хийгдэх байсан. Би 33 дугаар сургуульд шилжиж ороод 2 жил сурсан. Тэр хугацаандаа Х.Тэргэлийн дүүтэй нэг ангид сурдаг байсан. Сурч байх хугацаандаа Х.Ялгууныг мэддэг л байсан болохоос биш түүний гэр бүлийн талаар тодорхой мэдэж байгаагүй юм. Тэр хугацаанд сурч байхдаа хүүхдүүдийн ярьдаг ам яриа сэтгэлд үлдсэн байсан. Тэгээд А.Ганчимэг зохиол авчирч өгөөд түүнд нь би найруулагчийн зүгээс засвар хийсэн. Яагаад хүний нэр хүндэд халдсан гэж байгааг би адилхан ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтыг баримтлан хариуцагч А.Ганчимэг, У.Уранчимэг нарт холбогдох, Зүрхээр наадагч уран сайхны киног бүтээж, олон нийтэд дэлгэснээрээ Х.Тэргэлийн нэр төр, алдар хүнд болон Д.Хулганайн гэр бүл болох Х.Ялгуун, Х.Энхжин нарын нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргасан болохыг тогтоолгохыг хүссэн Х.Тэргэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Маргааныг шийдвэрлэж буй шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг ойлголгүйгээр иргэний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл тараасан мэтээр шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, үйл явдал болсныг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийг нэр төрд халдсан мэдээлэл тараасан мэтээр шүүх хуулийг хэрэглэсэн. Аливаа нэр төрд халдах үйлдэл нь зөвхөн сонин сэтгүүлийн мэдээ, мэдээллээр бус олон арга хэлбэр, техник хэрэгсэл, технологиор дамжин гарах нь цөөнгүй. Нэхэмжлэгчийн тухайд уран сайхны кино бүтээж нийтийн хүртээл болгож байгаа үйлдэл нь нийгэмд асар өргөн хүрээгээр мэдээлэл хүргэж байгаа хэлбэр болох нь ойлгомжтой. Шүүх хуралдааны явцад хариуцагч У.Уранчимэг эрхэс тэнгэрт тэргэл саран ялгуун сайхнаар энхжин мандахыг үзью гэсэн дөрвөн мөрт шүлгийг бодит хүмүүсийн нэртэй нь мэддэг бөгөөд өөрөө зохиогоогүй энэхүү кинонд ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тайлбараас дүгнэвэл кинонд гарч байгаа гол баатрууд болох Х.Эрхэс, Х.Тэргэл, Х.Ялгуун, Х.Энхжин нарын амьдралыг янз бүрийн нийгмийн амьдралын төлөөлөл болгон үзүүлсэн явдал нь дээрх дөрвөн мөрт шүлэгтэй салшгүй холбоотой ойлгогдож байна. Иргэний хэргийг шийдвэрлэх явцад гарсан шинжээчийн дүгнэлт нь маргааныг шийдвэрлэх шүүх хуралдаанд хууль, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байсан. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт нийцээгүй... тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэжээ. Гэтэл шинжээчид тавьсан асуулт нь ямар нэгэн шинжилгээний бодит үр дүнг тусгах, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан байх шаардлагагүй. Шинжээч нь өөрийн эзэмшсэн мэргэжлийн хүрээнд кино зохиолын өрнөл, зангилаа үйл явдлыг Д.Хулганайн бичсэн дөрвөн мөрт шүлэг, киноны баатрудын нэртэй нь харьцуулан Монгол хэлний хэл судлалын шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл шүүх шүүхийн шинжилгээний тухай хуулийг үндэслэн дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэжээ.

Х.Тэргэл нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан иргэн Х.Тэргэлийн нэр төр, алдар хүнд Д.Хулганайн гэр бүлийн гишүүн болохын хувьд гэр бүлийн гишүүний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байхад шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг баримтлан Д.Хулганайн гэр бүл болох Х.Ялгуун, Х.Энхжин нарын өмнөөс шаардлага гаргаж байгаа гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Иргэн Х.Тэргэл нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн өөрийнхөө өмнөөс Хулганайн гэр бүлийн гишүүнийхээ өмнөөс нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 65 дугаар зүйлүүдийг зөрчөөгүй.

...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуралдаан даргалагч шүүгчийг татгалзсан байхад шүүгч Н.Хангал, Х.Энхзаяа нар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж, гомдол гаргах эрхгүй тогтоол гаргасан. Энэхүү хууль бус тогтоолыг хүчингүй болгож, залруулахаар нэхэмжлэгч талаас өргөдөл гаргасан боловч хүлээж аваагүй үргэлжлүүлэн хурал хийсэн нь нэхэмжлэгч талын эрхийг хохироосон бөгөөд энэ цагаас эхлэн шүүх хуралдааны бүрэлдэхүүн хууль бус болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Тэргэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч У.Уранчимэг, А.Ганчимэг нарт холбогдуулж хариуцагч нар нь Зүрхээр наадагч уран сайхны киног бүтээж, олон нийтэд дэлгэснээрээ Д.Хулганайн гэр бүл болох Х.Тэргэл, Х.Ялгуун, Х.Энхжин нарын нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргасан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Х.Тэргэлээс Л.Батцэцэгт олгогдсон итгэмжлэлд ...Х.Тэргэл миний нэрийн өмнөөс Монгол Улсын харьяалах шүүхэд ...Зүрхээр наадагч Монголын уран сайхны киноны уран бүтээлчдэд холбогдуулж нэхэмжлэл гаргах, ... бүрэн эрхийг олгожээ. /хх-ийн 3, 16, 2 дах хх-ийн 37/ Эдгээр итгэмжлэлийн агуулгаас үзэхэд ...Зүрхээр наадагч Монголын уран сайхны киноны уран бүтээлчдэд... гэснийг хариуцагч У.Уранчимэг, А.Ганчимэг нарт холбогдуулж тухайлан нэхэмжлэл гаргах эрх олгогдсон гэж үзэх боломжгүй байхаас гадна нэхэмжлэлийн зүйл буюу ямар шаардлага гаргахыг итгэмжлэлд тодорхой заагаагүй байхад шүүх тодруулаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөхөд хүргэжээ.

Дээрх итгэмжлэлд заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр ...Х.Тэргэл миний болон Д.Хулганайн гэр бүл энэ кино зохиолд дурдагдсан Х.Эрхэс, Х.Энхжин, Х.Тэргэл, Х.Ялгуун, Д.Хулганай гэсэн хүмүүсийн нэр төр, алдар хүндэд халдсан гэдгийг тогтоож өгөөч гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатайгаар нэхэмжлэлээ гаргаж байна... гэж анхны нэхэмжлэлээ өөрчилсөн /2 дах хх-ийн 58/ бол давж заалдах гомдолдоо ...Х.Тэргэл миний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргасан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага байлаа гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн нэр төр алдар хүндийн талаар нэхэмжлэл гаргасан, эсхүл бусдын нэрийн өмнөөс болон Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь тус тус тодорхой бус байхад шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтыг тус тус баримтлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Нөгөө талаар, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага ийнхүү ихэсгэн өөрчилж байгаа талаар шүүх хуралдаан дээр мэдэгдсэн байхад нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж, улмаар өөрчлөгдсөн нэхэмжлэлийн зүйлийн талаар талууд мэтгэлцээгүй байна.

Иймд хариуцагчид гардуулагдаагүй, талууд мэтгэлцээгүй нэхэмжлэлийн шаардлагын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан... гэх бусад үндэслэлийн талаар дүгнэх шаардлагагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03414 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ