Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/03414

 

2017 оны 12 сарын 15 өдөр

  Дугаар 102/ШШ2017/03414

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч З.Доржнамжин, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

           

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 5 дугаар байр, 357 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Хэрээд овогт Хулганайн Тэргэл /РД: ЦА71092108/-ийн нэхэмжлэлтэй,

           

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж, 20а байр, 11 тоот хаягт оршин суух, Урианхай овогт Уртнасангийн Уранчимэг РД:ЦД72092108/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Гаалийн 5 дугаар байр, 1 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Алтангинжийн Ганчимэг /РД: УК89072508/ нарт холбогдох,

           

            Нэхэмжлэлийн шаардлага: Зүрхээр наадагч уран сайхны киног бүтээж, олон нийтэд дэлгэснээрээ Х.Тэргэлийн миний нэр төр, алдар хүнд болон Д.Хулганайн гэр бүл болох Х.Ялгуун, Х.Энхжин нарын нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргасан болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэцэг, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагч А.Ганчимэг, У.Уранчимэг, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

                                  

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Тэргэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Хулганайн Тэргэл нь 2015 оны 3 дугаар сарын 27-нд анх харъяа дүүргийн тухайн үеийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь 2014 онд хариуцагчийн яриад байгаа А.Ганчимэгийн зохиол бичсэн, У.Уранчимэгийн найруулсан Зүрхээр наадагч уран сайхны кинотой холбоотой юм. Энэ кинонд гол дүрийн дөрвөн жүжигчний нэр бол Тэргэл, Энхжин, Эрхэс, Ялгуун гэж дурдагддаг. Энэ дөрвөн нэр орсон шүлэг тус уран сайхны киноны эхлэл, өрнөл, төгсгөл хэсэгт бас гардаг. Энэ кинонд гол дүрийн этгээдүүд нь асрамжийн газар дөрвүүлээ байж байгаад хүнд хэцүү нөхцөлд өсч байгаа тухай гардаг. Үүнд нэхэмжлэгч юу гэж хэлдэг вэ? гэвэл 1998 оноос хойш яруу найрагч Х.Тэргэл өөрөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, хамгийн сүүлд хавтас хэрэгт өгснөөр 2009 онд Монголын үндэсний телевизийн “Ярилцъя” нэвтрүүлэгт оролцсон байдаг. Үүнд юу гэж ярьдаг вэ? гэвэл миний төрсөн ах, дүү маань ийм 4 нэртэй. Бид нарыг төрөхөд аав минь  энэ кино зохиолд дурдсан, Эрхэс тэнгэрт тэргэл саран ялгуун сайхнаар энхжин мандмой гэсэн 4 мөрт шүлгийг бид дөрөвт зохиож өгч байсан гэсэн ярилцлагыг хамгийн сүүлд өгсөн байдаг. Мөн 2014 онд аавыгаа өнгөрсний дараа өөрийнхөө фэйсбүүк хуудсаар аавынхаа эмгэнэлийг илэрхийлээд энэ дөрвөн мөртийг дурдсан байдаг. Яагаад энэ кинотой холбогдуулж маргаад байгаа вэ гэвэл Х.Тэргэл нь өөрөө яруу найрагч, шүлэг зохиож олон нийтийн танил болсон хүн энэ дөрвөн мөрт шүлгийг өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байсан хүмүүс энэ киног гарсны дараа танай амьдрал иймэрхүү байдлаар өрнөсөн юм уу. Та дөрөв асрамжийн газар төрсөн юм уу гэсэн энэ мессеж, комментыг удаа дараа цахим хаягт нь тавьж, өөрт нь болон ах дүү нарынх нь гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн дарамт болсон ийм учраас нэгдүгээрт өөрийнхөө болон албан ёсны зохиогч буюу Х.Тэргэлийн өнгөрсөн эцгийн дөрвөн мөрт шүлгийг ашигласан. Хоёрдугаарт энэ дөрвөн мөрт шүлгийн нэр орсон Х.Тэргэлийн ах дүүсийн нэрийг оролцуулан кино зохиолыг гаргаснаар олон нийтэд хүрсэн эргүүлээд Х.Тэргэл гэдэг хүнийг ийм амьдрал туулсан юм уу гэсэн нөхцөл байдалд хүрч байна. Тийм учраас энэ кино нь олон нийтэд хүрснээс хойш манай гэр бүлийн нэр төр алдар хүндэд халдсан үйлдэл гаргаж байна гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай. Шүүхээс тодруулж байсанчлан Х.Тэргэл миний болон Д.Хулганайн гэр бүл энэ кино зохиолд дурдагдсан. Эрхэс, Энхжин, Тэргэл, Ялгуун, Д.Хулганай гэсэн хүмүүсийн нэр төр алдар хүндэд халдсан гэдгийг тогтоож өгөөч гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатайгаар нэхэмжлэлээ гаргаж байна. Бичгээр гаргасан үндсэн нэхэмжлэлд миний охин дүү Х.Ялгуун нь У.Уранчимэгтэй Нийслэлийн 33 дугаар дунд сургуульд нэг ангид суралцдаг байсан. Бид дөрвийг таньдаг. Манай гэр бүлийн амьдралыг мэдэхийн зэрэгцээ аавын минь бичсэн энэ 4 мөрт шүлгийг мэдэхийн дээдээр мэддэг байсан. Зүрхээр наадагч кинонд энэ мөртийг ашиглаж бид нарын нэрийг оролцуулснаар бид дөрвийн нэр төр, алдар хүндэд халдсан үйлдлийг гаргасан. Зүрхээр наадагч киноны утга нь асрамжийн газар нэгнээ олж холбогдсон 4 хүүхэд том болоод бие биеэ олж байх бөгөөд үүнд биеэ үнэлэгч, луйварчин, хог түүгч нараар бид дөрвийн нэрийг оруулж, аавын бидэнд зориулж бүтээсэн дээрхи 4 мөртийг ашиглаж бүтээсэнд маш их гомдолтой байна гэж бичсэн байна  гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт тайлбар бол цэвэр хууль эрх зүйн хүрээнд явагдана. Ер нь бол аливаа хэргийн нэр хүнд, алдар хүнд гэдэг асуудал бол хууль эрх зүйн ойлголт юм. Төрснөөс нас барах хүртэл байдаг. Нас барсан ч гэсэн үйлчилж байдаг эрх зүйн ойлголт юм. Тийм учраас Монголын ард түмэн нэр хугарахаас яс хугар гэж нэр төрөө эрхэмлэн дээдэлж, зан заншлаараа зохицуулсан боловч орчин цагийн үед нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаалсан. Монгол Улсын Үндсэн хуулиар болон Иргэний хуулиар хамгаалсан. Ийм эрх зүйн ойлголт юм. Яагаад нэр төрд халдаж байгаа вэ? гэдэг дээр хоёр зүйлийг хэлье. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ дөрвөн мөртийг кинонд санамсаргүй ашигласан байх гэж бодъё. Гэхдээ ийм шүлэг байдгийг мэдсэн юм байна. Хэн зохиосон гэдгийг мэдээгүй байж болно. Гэхдээ мэдээгүй үйл явдал нь иргэний нэр төрд халдсан үйлдлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Эрхэс тэнгэрт тэргэл саран ялгуун сайхнаар энхжин мандахыг үзюү гэж энэ ертөнцөд мэндлэв. Энэ ертөнцөд мэндлэв гэдэг бол мэргэжлийн бус хүнд ч хүүхдүүддээ зориулсан гэдэг нь ойлгогдож байна. Бусад мэргэжлийн яруу найрагч яаж ойлгохыг мэдэхгүй. Энэ зохиолыг бичихдээ заавал энэ дөрвөн нэрээс өөр нэр ашиглах боломж зөндөө олон байна. Зориуд ашиглаж байгаа үйл явдал нь энэ киног чимэглэж байгаа юм. Дөрвөн төрлийн газарт энэ шүлэг гарсан байдаг. Мэдэхгүй хүн бол сайхан чимэг болж байна гэж харахаар байна.  Хэрвээ санамсаргүйгээр ашигласан байх бол төгсгөлд нь эсвэл арай өөр газар ашиглахыг үгүйсгэхгүй. Энэ дөрвөн мөрт нь онцгой яруу сайхнаар хүнд бууж байгаа учир илэрхий ашигласан байна гэж үзэж байна. Нэгдүгээрт та нар хүний нэрийг хууль бусаар ашигласан гэдэг нь тогтоогдож байна. Энэ бол иргэний бүртгэлд байгаа 2900 Ялгууны тухай биш энэ зөвхөн тодорхой эзэнтэй хүүхдүүддээ зориулсан зохиогчтой байна. Хулганайн Тэргэл, Хулганайн Ялгуун, Хулганайн Эрхэс гэж ойлгогдож байна. Хоёрдугаарт аль ч хүнд алдар хүнд гэж бий. Алдар хүнд гэдэг бол тухайн хувь хүнийг нийгмээс үнэлж байгаа үнэлгээ юм. Жишээ нь У.Уранчимэг гавъяатыг ард түмэн үнэлэх үнэлгээгээ өгчихсөн байгаа. Түүнтэй адилхан Х.Тэргэл, Х.Ялгууныг үнэлэх үнэлэмж байгаа. Энэ дөрвөн мөртийг мэддэг хүн энэ дөрвөн мөртөд бичигдсэн энэ дөрвөн хүний нэр киноны үйл явдалтай уялдаж таарна. Тэгж байж хүмүүст хүрнэ. Тийм болохоор шинжээчийн дүгнэлтийг бид бас үнэлж байгаа. Хариуцагч тал найз нөхөд танил талаараа гаргуулсан гэж ярьдаг. Гэхдээ би тэр талаасаа яриагүй. Яагаад шинжээч томилуулсан бэ? гэвэл ер нь кино урлаг уран сайхны бүтээлүүд дээр үзэгчид болон судлаач нар үнэлгээ өгдөг. Жишээ нь Д.Нацагдоржийн миний нутаг шүлгийг би хэлж байсан. Судлаачид үзэхдээ энэ шүлгийг уншихаар Монгол орноор тойроод ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлдэг гэсэн байдаг. Үүнтэй адилхан аливаа уран сайхны бүтээлүүд заавал сэтгэгдэл төрүүлдэг. Тэгэхээр энэ дөрвөн мөрт шүлэг дөрвөн газар орж чимэглэж байна. Бас энэ кинонд гарч байгаа дөрвөн хүн бол ийм амьдралтай явж байгаа юм байна гэж би хувь хүнийхээ хувьд ойлгож байгаа. Шинжээч бас ингэж үзсэн байна. Шинжээчийн дүгнэлт болон бидний ойлголт ойролцоо байна гэж ойлгож байна. Түрүүн хариуцагчийн өмгөөлөгч Х.Тэргэл гэдэг чинь олон нийтийн танил юм уу. Хэн мэддэг юм гэж хэллээ. Хувь хүн юу гэж үнэлж болно. Би ч гэсэн Х.Тэргэлийг сайн мэдэхгүй. Х.Тэргэл гэдэг хүн уран зохиолынхоо ертөнцөд тодорхой хэмжээний хүмүүс мэддэг юм байна. Нөгөө талаар уран зохиол гэдэг бол манай ард түмний өв соёлын нэг юм. Энэ утгаар үзэх юм бол тодорхой нийтэд нэр хүндтэй болсон юм байна. Хувь хүн бол мэдэхгүй байж болно. Ер нь заавал нэр хүндтэй хүний нэр төр гутна гэсэн ойлголт байхгүй. Миний нэр хүндэд халдсан бол би өөрийгөө хамгаалах эрхтэй. Намайг хүн мэдсэн байна уу. Мэдээгүй байна уу гэдэг нь чухал биш юм. Тийм болохоор Д.Хулганайн гэр бүл болон түүний гэр бүлийн гишүүн Х.Тэргэлийн нэг хүндэд халдсан үйлдэл гаргасан гэж үзэж байгаа юм. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар нас барсан ч гэсэн тэр хүний нэр хүнд нь байдаг юм. Нас бараад иргэний эрх зүйн харилцаа дуусгавар боллоо. Янз бүрийн үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацаад байх юм бол хууль ёсны өв залгамжлагч нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Тэгж байж тэр хүний нэр хүндийг цагаатгана. Бэлэн жишээ гэвэл ганц худагт ороод нас барсан хүний нэрийг цагаатгасан тохиолдол байна. Тэгэхээр та нар мэдсэн ч бай, мэдээгүй ч бай энэ зохиолын дөрвөн мөрт орсон бол энэ хүний нэр хүндтэй холбоотой гэж ойлгох ёстой. Дөрөвдүгээрт би энэ зохиолыг уншиж, киног нь үзсэн. Энэ маргааны хаанаас үүсвэртэй гэдгийг хувь хүнийхээ хувьд ойлгосон. Ямар киноны эх үүсвэрээс яаж авсан гэдгийг ойлгосон. Гэхдээ та нарыг ирээдүйд өөр олон сайхан зохиол бичих бололцоотой байна гэж харсан. Заавал энэ кинонд гардаг дөрвөн нэрийг ашиглах шаардлагагүй байсан гэдэг нь хэнд ч ойлгогдох байна. Гэтэл яг энэ дөрвөн нэгийг яг энэ дөрвөн мөртийг үг үсэг орхихгүйгээр ашигласан байна гэдэг нь харагдаж байна гэж хэлмээр байна. Нэг хүн аливаа зүйлийг яг дуурайж бодож сэтгэж гаргадаггүй. Энэ дөрвөн мөртийг яаж ч зохиосон энэ арван үгийг нийлүүлж гаргаж ирэх боломжгүй. Арай өөр хэлбэрээр гаргаж болно. Түүнээс биш нэг хүнээс гарсан зүйлийг өөр нэг хүн яг адилхан дурайж чадахгүй учраас энэ дөрвөн мөч бичигдсэн нь салшгүй холбоотой юм гэж хэлэх гэж байгаа юм. Тавдугаарт нь би хуралдааны өмнө хэлсэн аль аль талын өмгөөлөгч нарын хувьд тэр хоёр тийшээ хараад байвал асуудлыг шийдэхгүй. Та нар эргээд бодож болно. Эргээд санамсаргүй тохиолдлоор ашигласан байх юм бол өмгөөлөгч нартайгаа зөвлөж болно. Заавал шүүхээр шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа хүмүүстэй харилцаж болно. Энэ бүх зүйл нээлттэй байгаа. Анхан шатнаас цааш гарсан байх юм бол тийм боломж байхгүй гэдгийг ойлгоорой. Эцэст нь би нэг зүйлийг хэлэхэд ер нь бол эх, эцгээс заяасан нэр хүндийг одоо эцэг, эхийнх нь нэрийн хамт сэвтээх ёсгүй. Тэгэхээр санамсаргүй ч бай, болгоомжгүй ч бай энэ үйлдэл хийсэн бол үүнийгээ засаж байна гэдэг бол маш ухаалаг үйлдэл юм. Тийм боломжит хугацаа болон нөхцөлийг бүрдүүлж хүсэх юм бол нэхэмжлэгч талаас бол хугацаа өгөх боломжтой. Магадгүй буруу, зөрүү ойлголт гарсан ч байж болно. Та энэ зохиолыг Оюуны өмчийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээ авсан учир миний өмч гэж хэлж болно. Үүнийг чинь хэзээ ч өөрчилж болно.  Ямар нөхцлөөр зарга үүсгээд явж болно. Гэхдээ гол нь түүндээ биш. Маргаан үүсгэж байгаа талууд хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж зөв шийдвэр гаргаж чадаж байвал эцэст гарах үр дүн нь бид нарт хэрэгтэй. Тэрнээс биш бид хоёр тийшээ харсан ч шүүх ямар нэгэн шийдвэр гаргана. Гэхдээ нэгэнт бодит үйл явдал тодорхой болсон. Ашиглалт тодорхой болсон. Ийм байгаа үед ямар нэгэн байдлаар гэр бүлийн гишүүдийн нэр төрт халдсан гэдгийг тогтоох боломжтой гэв.

            Хариуцагч А.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Энэ киноны зохиолыг би бичсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд ярих юм бол яагаад энэ гэр бүлийн нэр хүндийг гутаан доромжилсон гэж байгаа гэдгийг хувь хүний үүднээс ойлгохгүй байна. Энэ кино нь өөрөө баримтад кино биш юм. Энэ кино нь өөрөө уран сайхны кино юм. Уран сайхны киног яаж бүтдэг вэ гэвэл тэр кино зохиолыг уран бүтээлчид өөрсдөө бичиж, сэтгэж, нэмж хачир хийж, яаж үзэгчдийг сонирхолтой байлгах вэ? гэдэг үүднээс дүр болгоныг нарийвчлан ажилладаг. Баримтад кино гээд энэ  дөрвөн хүний нэрийг оруулаад гаргасан бол энэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийг авч болох байсан болов уу. Миний хувьд бол бид нарын гаргасан уран сайхны кино яагаад энэ гэр бүлийн нэр төрд халдсан гэж байгаа гэдгийг яг үнэндээ ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Хамгийн анх бичихдээ гол тэр дөрвөн мөрт нь “Ариунцацрагт гэрэлт наран цэлмэг тэнгэрт ялгуунаар мандана” гэж бичиж байсан. Энэ бол миний гар бичмэл тухайн үед энэ дүрүүдийн нэрийг Ариун, Гэрэл, Цэлмэг, Ялгуун гэж оруулж байсан. Тэгээд би зохиолоо бэлэн болгочихоод найруулагчид өгч шалгуулаад найруулагч завсар оруулаад түрүүний нэхэмжлэгч талын хэлснээр энэ дөрвөн мөртийг засаж оруулсан. Тэрнээс биш бид анхнаасаа энэ дөрвөн мөртийг оруулна гэж хоорондоо ярилцаж хийсэн зүйл байхгүй гэв.

Хариуцагч У.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  А.Ганчимэгийн  хэлсэн дээр нэмж хэлэхэд энэ кино уран сайхны кино юм. Манай кино төрөл жанар бол уянгын драм буюу мелодрам шинжтэй кино юм. Кино нь дотроо бодит түүхээс сэдэвлэсэн бол биографик гэдэг жанар байдаг. Энэ кино тэр төрлийн кино биш хэрвээ бодит түүхээс сэдэвлэсэн бол тэр хэв маягаараа яг явагдах зарчмаараа хийгдэх байсан. Түрүүн нэхэмжлэгч тал хэллээ. Би 33 дугаар сургуульд шилжиж ороод 2 жил сурсан. Тэр хугацаандаа Х.Тэргэлийн дүүтэй нэг ангид сурдаг байсан. Сурч байх хугацаандаа Х.Ялгууныг мэддэг л байсан болохоос биш түүний гэр бүлийн талаар тодорхой мэдэж байгаагүй юм. Тэр хугацаанд сурч байхдаа хүүхдүүдийн ярьдаг ам яриа сэтгэлд үлдсэн байсан. Тэгээд А.Ганчимэг зохиол авчирч өгөөд түүнд нь би  найруулагчийн зүгээс засвар хийсэн. Үзэгчид гэдэг маань өөрсдөө мэргэн байдаг. Яагаад хүний нэр хүндэд халдсан гэж байгааг би адилхан ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Х.Тэргэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэцэг зүгээс нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр нэхэмжлэгчийн зүгээс Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно гэж заасан байдаг иргэн хүн нэрээ бол хуулийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Х.Тэргэл, Х.Эрхэс, Х.Ялгуун, Х.Энхжин гэх дөрвөн хүнтэй холбогдсон болон н.Хулганайн бүтээлийг ашигласан гэж яриад байна. Ашигласнаар Д.Хулганайн гэр бүлийн нэр төр алдар хүндэд халдсан гэсэн ойлголтыг төрүүлэх гэсэн байр суурьтай байна. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ялгуун гэдэг хүн иргэний бүртгэлд 2.000, 3.000 ийм нэр бүртгүүлсэн байгаа гэж хэлсэн. Киноны үйл баримт дээр Хулганайн Тэргэл, Хулганайн Ялгуун, Хулганайн Эрхэс, Хулганай Энхжин гэдэг нэр гарахгүй байгаа. Нөгөө талаар нэхэмжлэл гаргасан байдлыг ямар байдлаар алдар хүндээ сэргээлгэх гэж байгаа юм. Нэхэмжлэгч нь Х.Тэргэл гэдэг хүн байгаа. Өнөөдөр Монгол улсын иргэн Х.Тэргэл болон Хулганайн гэр бүлийг гутаах гэсэн ямар нэгэн тайлбар болон хууль зүйн болон амьдрал талаас тийм зүйл ярихгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая хэллээ. Хэрвээ Хулганайн бүтээл гэж үзэх юм бол тэр бүтээлийг нь хэн төлөөлөх юм. Д.Хулганай төлөөлөх юм уу эсвэл Х.Тэргэл төлөөлөх юм уу. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт байдаг. Өнөөдөр гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон зүйлийг гэр бүл гэдэг гэж ойлгож байгаа. Тэгэхээр Хулганайн Тэргэл гэдэг хүн түүний гэр бүлийн хүмүүс нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэс нь үүнд байгаа юм болов уу. Д.Хулганайн гэр бүл болох Д.Хулганай гуай өөрөө мөнх бусыг үзсэн. Эхнэр нь ч мөн адил мөнх бусыг үзсэн байгаа. Тэр дөрвөн мөртөө өөрсдөө Д.Хулганайн бүтээл гэж байх шиг байна. Хэрвээ бүтээл гэж байгаа юм бол хэнд өвлүүлсэн юм. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан нөхцөл нь ямар байдлаар үүсч байгаа юм. Д.Хулганайн гэр бүл болон Х.Тэргэл миний гэр бүл гэж байна. Х.Тэргэл ч өөрөө нэхэмжлэл гаргаагүйн байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэнийг төлөөлж байгаа юм. Д.Хулганайн гэр бүлийг төлөөлж байгаа юм уу. Х.Тэргэлийг төлөөлж байгаа юм уу. Эсвэл Х.Тэргэлийн гэр бүлийг төлөөлж байгаа юм уу гэдгийг шүүх бүрэлдэхүүн харгалзах хэрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс чи энэ дөрвөн мөртийг ашигласан гэж байна. Шүүх бүрэлдэхүүний асуултаас ч бас тийм хандлага ажиглагдаж байна. Гэхдээ өнөөдөр У.Уранчимэг хэллээ. Х.Ялгуун тэр олон жилийн өмнө нийтийг дамжсан зохиогч нь мэдэгдэхгүй. Жишээлбэл тийм дуу байдаг. Ийм зүйлийг анх энэ киног үүсгэх санаа сэдэл нь энэ хүмүүсийн дүрүүд нь гарчихсан байсан гэж хэлж байна. Үйл явдлыг дагаад дүрүүд нь гарчихсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тэр дөрвөн мөртийг яагаад урьд тавьсан юм. Үүнийг чи кино зохиолд ашигласан юм байна. Хүний нэр төрд халдсан гэж яриад байна. Өнөөдөр эсрэгээрээ зохиогчийн эрхийг авсан энэ зохиол дээр энэ дөрвөн мөртийг оруулсан гэж маргах нь нэхэмжлэгч талд нээлттэй. Бид бас маргавал үүнд ч бас маргана. Гэхдээ энэ киног хийснээрээ алдар хүндэд халдсан гэж ярьж байна. Миний зүгээс яаж алдар хүндэд халдсан гэдгийг ойлгохгүй байна. Тэрийг янхан болгосон. Тэрийг өөр нийгмийн байдлаар биеэ үнэлэгч болгосон. Нийгмийн байдлаар тэр дүр төрхийг тавьсанаар нэр төрд нь халдсан юм уу. Сая Х.Ялгуун руу урилга өгөхөд эргүүлээд явуулсан бичиг нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Х.Тэргэл зөвхөн ингэж үзээд байгаа юм уу гэж ойлгож байна. Х.Ялгуун тэгж үзээгүй байх гэж харж байна. Х.Энхжин миний нэр төрд халдаа гэсэн байдлаар хандаагүй. Тийм учраас энэ уран бүтээлчдийн хувьд бүтээлээ гаргахдаа түүндээ шингэж орж байгаа. Хуульч хүний хувьд ч гэсэн нэг хүний хэргийн өмгөөлөх гэж тэр хэргээ уншиж түүндээ орж явдаг. Үүнтэй адилхан юм. Найруулагч У.Уранчимэг нь Д.Хулганай гэр бүл, Х.Тэргэлийн гэр бүлийн нэр төрд халдаж байгаа юм уу. Өнөөдөр зохиогчийн эрх нь өөрөө Хувьсал продакшны нэр дээр байгаа. Нийгэмд буюу олон нийтэд дэлгэж байгаа этгээд нь хууль зүйн талаас ярих юм бол Хувьсал продакшн юм. Найруулагч энэ зохиолыг найруулсанаар хүний нэр төрд яаж халдсан юм гэдгийг ярих хэрэгтэй. Зохиогчийн эрхийн тухай хуульд ч бас байдаг. Нэхэмжлэгч тал болохоор чи энэ цэг таслалаар нь яг дуурайж ашиглахгүй. Чи яагаад энэ цэг таслалаар нь хүртэл ашиглав гэж байна. Олон нийтийн хэрэгслээр Х.Тэргэл нь энэ дөрвөн мөртийг хэлсэн юм байна. Гэхдээ миний хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцэх ёстой гэж ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдөр дэлгэцийн дээд талд Монголын үндэсний телевиз гэж байсан. 2009 онд гарсан нэвтрүүлэг байна гэж би хэлэхгүй. Нэхэмжлэгч талыг Монгол телевизийн хэдэн сарын хэдний хөтөлбөрөөр энэ нэвтрүүлэг гарж байсан гэдэг баримтыг авчирч өгөх байх гэж бодож байгаа. Үүнийг би зохиогчийн эрхийн зөрчил гэж харахгүй байна. Тийм учраас нэхэмжлэгч тал нэр хүндэд халдсан гэдгийг тогтоолгоё гэж байх шиг байна. Тэгэхээр өнөөдөр У.Уранчимэг, А.Ганчимэг хоёр нь хүний нэр төрд халдсан гэдэг нь тогтоогдохгүй байх гэж бодож байна. Үүнийг тогтоогоогүй юм чинь нэр төр, алдар хүндэд хувь хүний нийгмийн харах байдал, өөрийнх үзэл санаанд нь халдмааргүй байна. Гэхдээ Х.Тэргэл нь миний болон манай гэр бүлийн нэр төрд халдсан гэж байгаа болохоос  нийгэмд тухайлбал би Х.Тэргэл гэдэг хүнийг мэдэхгүй. Би Зүрхээр наадагч уран сайхны киног үзсэн, үзснээрээ зохиолч Х.Тэргэл ингэж амьдарч байсан юм шүү гэж бодоогүй. Х.Тэргэл нэхэмжлэл гаргаж байгаа нь яруу найрагч сэтгэлгээгээр хандаад байна гэж ойлгож байна. Өнөөдөр Х.Тэргэл олон нийтийн мундаг хүн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч ярилаа. Би бол тэр хүнийг мэдэхгүй. Х.Тэргэл нь зохиолч тухайн киног ч надтай холбогдсон байна гэж бодож байгаа байх. Эцсийн эцэст Х.Тэргэл болон Х.Ялгуун нар нь сайхан л явж байна. Нийгмийн олон нийтийн цахим сүлжээнд бие биеийгээ гутаасан доромжилсон байдал нь хуульчлагдаагүй. Гэхдээ янз бүрийн хүмүүс үзэл сэтгэгдлээ хэлэх нь зөв гэж бодож байна. Хариуцагчийн хувьд энэ киног хийснээр Монгол улсын иргэн Д.Хулганайн гэр бүлд ялангуяа Х.Тэргэлийн нэр төр алдар хүндэд халдаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү гэдгийг шүүх бүрэлдэхүүн хараасай гэж хүсэж байна гэв. 

Хариуцагч нарын өмгөөлөгч  Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлага бол тухайн уран сайхны киног олон нийтийн хүртээл болгосноор гэсэн шаардлага гаргасан байсан. Нотлох баримтын хэмжээнд тулгуурлан ярья, бүтээл өмчлөгч нь Алтанчимэгийн Ганчимэг  байдаг. Энэ кино нь өөрөө уран сайхны кино.  Хулганай овогтой Энхжин, Тэргэл, Ялгуун, Эрхэс гэх хүмүүсийн талаар гардаггүй. Энэ хүмүүс бол нэг гэр бүлийн гишүүд юм. Киноны хүмүүс нь асрамжийн газар амьдарч байгаад тал, тал тийшээ тарж яваад, энэ асрамжийн газар амьдарч байсан хүүхдүүд өөрсдийн нэрийг оролцуулаад шүлэг нь өөрсдийнх сэтгэлд нь үлдсэн байсан. Хожим тус тусын амьдралаар амьдарч байх хугацаандаа бие биенийгээ хэлж байгаа шүлгээр таниад, цуглараад сайн сайхан үйл явдал бүтээгээд явдаг. Эцсийн дүндээ энэ хүмүүс амьдралын эрхээр янз бүрийн дүр төрхөөр илэрхийлэгдэж явж байсан боловч энэ дүрүүдийн чин сэтгэл санаа нь сайн хүмүүс байсан. Ийм үйл явдал энэ кинонд гардаг юм. Тэгэхээр олон нийтийн хүртээл болж байгаа асуудал нь Х.Тэргэлийн болон Д.Хулганайн үр хүүхдүүд энэ амьдралаар амьдарсан байх ёстой гэсэн ойлголт нийгэмд төрүүлэхгүй. Д.Хулганайн хүүхдүүд ямар удам судартай яаж явж байгааг нь түүний найз Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан хүн хэлж байсан. Тэр хүн бол энэ шүлгийг урьд нь сонсож байгаагүй. Гэхдээ шүлгэнд танай хүүхдүүдийн нэр байсан байна гэж гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гэж нотлох баримтууд өгсөн байгаа. Өнөөдөр өмгөөлөгч, хэргийн оролцогч нарын хувьд ямар эрхтэй вэ? гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар хууль бусаар цуглуулсан хуурамч гэж үзсэн нотлох баримт болох нь тогтоогдох юм бол нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргадаг. Одоо хэргийн хувьд харахад хуурамчаар юм уу хууль бусаар цуглуулсан нотлох баримт байхгүй. Тийм болохоор бид нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Гэхдээ шүүх энэ хэрэгт цугларсан нэхэмжлэлийн шаардлагыг нотолж өгсөн нотлох баримтыг үнэлэх асуудал яригдана. Үнэлэхдээ энэ хуулбарлаж өгсөн нотлох баримтад анхаарал хандуулаасай гэж бодож байна. Ийм төрлийн нэр хүндэд халдсан болохыг тогтоолгох маргаан нь төдийлэн их тохиолдоод байдаггүй. Нэхэмжлэгч тал хэвлэл мэдээллийн  хэрэгслээр цацагдсан баримтуудыг хуулбарлаад нотлох баримтаар гаргаж өгсөн. Жишээ нь Чухал.мн, Grand.news.мн гэх мэт сайтууд дээр байрлуулсан мэдээллийг хуулбарлан гаргаж өгсөн. Бид нар энэ баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа. Харин энэ Чухал.мн, Батаар.мн гэх сайтуудыг ямар хуулийн этгээд ажиллуулдаг юм. Тэр хуулийн этгээд нь энэ мэдээллийг хэзээ гаргаж өгсөн гэх зэргээр хэвлэл мэдээллээр гаргасан этгээд нь өөрөө энэ баримтаа нотлох үүргийг хүлээдэг тийм болохоор үүнийг хэн бичүүлсэн юм. Манай сайтад манай сэтгүүлч ингэж бичсэн байна гэсэн албан бичгээ нотлох баримтынхаа хойно үдэж өгдөг. Тэгэхээр энэ хуулбарлаад өгсөн баримтыг шаардлага хангахгүй гэж үзэж байна. Манай талаас Улсын бүртгэлийн газар хүсэлт гаргаж Монгол улсад хичнээн Тэргэл, Ялгуун, Эрхэс, Энхжин гэдэг нэртэй хүн байдгийг мэдсэн байгаа. Үүнийг бас шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэрэг дотор гар бичмэл байдаг. Энэ бичмэл нь нэг ярилцаж үзээд зохиол болсон юм байхгүй. Үүнийхээ дагуу зохиол бүтээл бичигдээд маш орон процесс явагдаж, үүний дүнд кино зохиол гарсан. Тэгээд Оюуны өмчөөр баталгаажуулах асуудал яригдаад зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан. Тэр гэрчилгээнд өмчлөгч нь Хувьсал продакшн, туурвигч нь А.Ганчимэг гэсэн байдаг. Ерөнхийдөө нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл нь эхнээсээ нэхэмжлэл гаргаж байхдаа бүрхэг байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг хангаад эрх нь зөрчигдсөн гэж үзэх юм бол хариуцагчид хандсан үйлдэл хийхийг шаардана. Гэвч хариуцагч талд юу хийхийг даалгах юм. Зөвхөн бид нар тайлбараа хэлээд шүүх бол энэ кино гарснаар нэр төр, алдар хүндэд халдсан байна гэж дүгнэх юм болов уу?  Нэр хүнд гэдэг бол тухайн хүний буюу миний ёс зүй, зан суртахуун, мэргэжлийн үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаагаас хамааран бусдаас өгч буй  үнэлэмж, алдар хүнд гэдэг бол өөртөө өгч байгаа үнэлэмж юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нөхцөл байдалд Х.Тэргэл миний нэр төр Д.Хулганай миний нэр төр гэхээр Х.Тэргэл бол Д.Хулганайн нэр төрийг төлөөлж байгаа юм шиг. Д.Хулганайн гэр бүлд байгаа бусад амьд сэрүүн байгаа гишүүдийн нэр төр, алдар хүндэд халдсан гэхээр ямар байдалтай байхад нь яаж халдсан юм. Х.Тэргэл дээр гэхэд л ямар байхад нь яаж халдсан юм гэдэг нь тодорхойгүй. Зөвхөн Д.Хулганай гэдэг хүний нэрийг дурдаагүй. Зохиол бүтээлийн талаар маргалдаагүй. Тэгэхээр хавтас хэргийн дунд цугларсан нотлох баримтын хүрээнд болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн хэлэлцүүлгийн үед яригдсан тайлбарын дагуу бол нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү. Нэг зүйл нэмж хэлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу шинжээчийн дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцээд ямар нэгэн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн байр суурьтай байсан. Анхан шатны шүүхээс бас үүнд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэхэд гомдол гаргаж байсан. Зохиолчдын эвлэлийн хороог шинжээчээр томилсон. Зохиолчдын нэгдсэн эвлэл нь өөрөө төрийн бус байгууллага юм. Энэ байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Галсансүх нь Х.Тэргэлтэй их сургуулийн нэг анги байсан гэдэг нь тодорхой байна. Энэ шинжээчид хууль сануулж шинжилгээ хийсэн байдаг. Тэгэхээр шинжээчийн дүгнэлттэй бид нар өнөөдөр танилцаж үзэхээр шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийн агуулгад тусгах ёстой зүйлийг тусгаагүй байсан. Уг дүгнэлтээр зөрчил гарсан. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан. Шинжлэх ухааны тодорхой аргад тулгуурласан шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байх ёстой гэдгийг хуульд заасан. Тэгтэл энэ шинжээчийн дүгнэлтэнд Зүрхээр наадагч уран сайхны кинонд Д.Хулганайн дөрвөн хүүхдийг оруулж бичсэн. Эрхэс тэнгэрт тэргэл саран ялгуунаар энхжин мандахыг үзмүү гэх шүлгийг ашигласан. Киноны дүрүүдэд эдгээр нэрийг ашиглаж олон нийтийн хүртээл болгосон нь эдгээр хүмүүс кинонд гарч байгаа амьдралаар амьдарсан гэдгийг хүмүүст төрүүлэх боломжтой гэх хэсэгт дүгнэлт гаргах гэсэн асуулт тавигдсан байхад Зохиолчдын эвлэлийн хорооны 2016 оны 11 сарын 21-ний өдрийн ийм дүгнэлт ирсэн. Шүүхийн шинжилгээ хийх тогтоолд тусгасан асуултын хүрээнд ямар арга зүйд хийсэн нь тодорхой бус яруу найрагч Х.Тэргэлийн талаар Х.Тэргэл нь Монголын утга зохиолд тодорхой байр суурь эзэлсэн. Олон уран туурвисан өнөөдөрч гэсэн түүний хувийн амьдрал нь олон нийтийн танил уран бүтээлч гэж тооцогдохоор байна гэсэн бодол шууд төрөх боломжтой. Олон нийтийн танил болсон хүний болон нийтэд илэрхий болсон шүлгийг гэх мэт дүгнэлт нь өөрийн хувийнх байж болох дүгнэлтүүдийг удаа дараа хийсэн. Нийтэд илэрхий шүлгийг ашигласан гэх дүгнэлтийг хийсэн. Эдгээр нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд байгаагүй. Өөрөөр хэлбэл Б.Баатарсайхан өмгөөлөгчийн хэлснээр энэ бол зөвхөн Х.Тэргэлийн биографикийн дагуу өөрийнхөө бодлыг бичсэн юм шиг дүгнэлт хийсэн гэдгийг хэлмээр байна. Дараа дараачийн шинжээч нь дүгнэлт гаргах боломжгүй гэдэг байдлаар Хэл зохиолын хүрээлэн гэдэг бол төрийн байгууллага Монгол улсын Шинжлэх ухааны акедеми, Монгол улсын их сургууль гэсэн байгууллагууд татгалзсан байдаг.  Шинжээч дүгнэлт гаргах боломжгүй юм байна гэж үзээд манайх дахин шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

            ҮНДЭСЛЭХ нь:

                       

            Нэхэмжлэгч Х.Тэргэл нь хариуцагч У.Уранчимэг, А.Ганчимэг нарт холбогдуулан Зүрхээр наадагч уран сайхны киног бүтээж, олон нийтэд дэлгэснээрээ Х.Тэргэлийн болон Д.Хулганайн гэр бүл болох Х.Ялгуун, Х.Энхжин нарын нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргасан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нар нь баримтат кино биш, бодит түүхээс ч сэдэвлээгүй, уран сайхны кино бөгөөд тус кино нь Х.Тэргэлийн болон Д.Хулганайн гэр бүлийн нэр төр, алдар хүндэд халдаагүй, Х.Тэргэл нь Х.Ялгуун, Х.Энхжин нарын өмнөөс шаардах эрхгүй гэж маргаж байна.

            Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас тодруулахад оюуны өмчийн талаар болон нэр төр, алдар хүндийг гутаасан арга хэрэгслээр залруулах, няцаалт хийлгэх, уучлалт хүсэх талаар шаардаагүй зөвхөн нэр төр алдар хүндэд халдсан үйлдэл болохыг тогтоолгох гэж тайлбарласан тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хүрээнд дүгнэлт хийлээ.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хариуцагч А.Ганчимэг нь Зүрхээр наадагч уран сайхны киноны зохиолыг бичиж, У.Уранчимэг нь ерөнхий найруулагчаар ажиллаж, Хувьсал продакшн уг киног 2014 оны 9 дүгээр сард нээлтийг нь хийж, олон нийтийн хүртээл болгосон байна.

            Зүрхээр наадагч кинонд асрамжийн газар Тэргэл, Эрхэс, Ялгуун, Энхжин гэсэн 4 хүүхэд  уулзаж, найзалж хамт амьдарч байгаад 2 нь айлд өргүүлэн, эдгээр 4 хүүхэд насанд хүрсний дараа хэрхэн амьдарч, биесээ олж уулзаж байгаа талаар өгүүлжээ. Кино нь 1 цаг 44 минут 04 секундын хугацаанд үргэлжлэх бөгөөд гол дүр болох дээрх 4 хүүхэд асрамжийн газар байхдаа “Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандаваа” гэж өөрсдийн нэртэй шүлэг уншиж, энэхүү шүлэг нь биесээ таних түлхүүр нь болжээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ энэхүү 4 мөрт шүлгийг эцэг Д.Хулганай нь өөрийн хүүхдүүдийн нэрийг оролцуулан зохиосон байхад зөвшөөрөлгүй ашиглаж, дүрүүдээ эдгээр нэрээр нэрлэж, кинондоо Тэргэлийг эрчүүдийг үзэн ядагч, залилагч, Ялгууныг биеэ үнэлэгч, Энхжинг ядуусын хороололд гуйлгачин амьдралаар амьдруулж гаргаснаараа миний болон манай гэр бүлийн нэр төр, алдар хүндэд халдсан гэж тайлбарлав.

            Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандахыг үзью гэх шүлгийг хариуцагч нар зохиогоогүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, Д.Хулганай гэх хүн зохиосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар,  нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн Ярилцъя нэвтрүүлгийн бичлэг, Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургуулийн 14 дэх төгсөлт дурсамж номын 228 дах тал, гэрч Н.Жанцангийн мэдүүлэг зэргээр нотлогдож, Зүрхээр наадагч уран сайхны кинонд Д.Хулганайн зохиосон 4 мөрт шүлгийг ашигласан болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэдэгт иргэний талаар гарсан аливаа мэдээлэл бодит байдалд нийцэхгүй, уг мэдээлэл нь өөр хэн нэг этгээдэд тараагдсан, хүргэгдсэн байхыг ойлгох ба мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөв, бодит байдалд нийцэж байгааг нотлоогүй нөхцөлд эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээхийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд тусгажээ.  

            Хариуцагч нар нь Зүрхээр наадагч уран сайхны киноны зохиол бичиж, киног найруулж, дээрх кинонд Д.Хулганайн зохиосон шүлгийг ашиглаж, 4 хүүхдийнх нь нэрээр гол дүрүүдээ нэрлэсэн хэдий боловч киноны үйл явдал нь бодит амьдралаас сэдэвлээгүй, баримтат кино биш, киноны дүрүүд нь нэг айлын хүүхдүүд биш, амьдралдаа алдаж, эндэж, онож байгаа нь үйл явдлыг иргэний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл тараасан,  нэр төр, алдар хүндэд халдсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

            Өөрөөр хэлбэл, уран сайхны кино бүтээж, нийтийн хүртэл болгосныг мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй юм.

             Нөгөө талаас нэхэмжлэгч Х.Тэргэл нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтыг  баримтлан Д.Хулганайн гэр бүл болох Х.Ялгуун, Х.Энхжин нарын өмнөөс шаардлага гаргаж байгаа гэж тайлбарлаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

            Нэгд, Зүрхээр наадагч уран сайхны кинонд Д.Хулганай гэх дүр гардаггүй, хоёрт, Х.Ялгуун, Х.Энхжин нар нь уг уран сайхны киног үзсэн эсэх, шүүхэд нэр төр, алдар хүндэд халдлаа гэж шаардлага гаргах хүсэлттэй байсан эсэх, мөн нэхэмжлэгчид өөрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх олгоогүй, нэхэмжлэгчтэй нэг гэр бүлд хамт амьдардаггүй байна.

            Иймд Х.Тэргэлийг Х.Ялгуун, Х.Энхжин нарын өмнөөс Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 заалтыг баримтлан нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэлээ.

            Зүрхээр наадагч уран сайхны киног бүтээж, олон нийтэд дэлгэснээрээ Х.Тэргэлийн нэр төр, алдар хүнд болон Д.Хулганайн гэр бүл болох Х.Ялгуун, Х.Энхжин нарын нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргасан болохыг тогтоолгохыг хүссэн Х.Тэргэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээчээр ажилласан Монголын Зохиолчдын эвлэл /Б.Галсансүх/-ийн гаргасан дүгнэлт нь Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Мөн нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгсөн нэгдүгээр хавтасны 35-72 дахь талд авагдсан материалууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шийдвэрийн үндэслэл болохгүй ба эдгээр баримтыг үзлэгийн тэмдэглэлээр  бэхжүүлэх талаар нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтыг баримтлан хариуцагч А.Ганчимэг, У.Уранчимэг нарт холбогдох, Зүрхээр наадагч уран сайхны киног бүтээж, олон нийтэд дэлгэснээрээ Х.Тэргэлийн нэр төр, алдар хүнд болон Д.Хулганайн гэр бүл болох Х.Ялгуун, Х.Энхжин нарын нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргасан болохыг тогтоолгохыг хүссэн Х.Тэргэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 


 

                                         

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ

                

                        ШҮҮГЧ                                                           З.ДОРЖНАМЖИН

 

                                                                                                Н.ХАНГАЛ