Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01430

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01430

 

 

 Ц.Цэвэгмидийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00326 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийн нэхэмжлэлтэй хариуцагч Ази фарма ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 600 855 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1 102 000 төгрөгийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх, 2016 оны ээлжийн амралтын олговорт 1 294 159 төгрөг гаргуулах, цалин хөлснөөс хууль бусаар суутгасан 4 761 868 төгрөг, түүнд тооцогдох алдангийн хамт нийт 14 853 846 төгрөг гаргуулах, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хүрээнд 2012 оны 1 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан бодит цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож, нөхөн бичилт хийлгэх, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан  нэмэгдүүлсэн цалин хөлс 15 582 420 төгрөг гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн хохиролд 2 208 598 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Цэвэгмид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Ази фарма ХХК-д холбогдуулж анх шүүхэд хандсанаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, түүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Иймд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 тоот шийдвэрийн дагуу Ц.Цэвэгмидэд ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт ажлын 159 хоногоор тооцон, нэг өдрийн цалинг анхан шатны шүүхийн шүүгчийн тогтоосноор 41 515 төгрөгөөр тооцон 6 600 855 төгрөг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос сарын 104 500 төгрөгөөр бодож, 10 сар 13 хоногоор тооцон 1 102 000 төлүүлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. Учир нь би Ази фарма ХХК-ийн Дархан хотын салбарын эрхлэгчээр 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15/243 тоот тушаалаар гэнэт ажлаас халагдсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 тоот шийдвэрээр намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь цалинтай тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэр гаргасныг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр баталсан. Ази фарма ХХК нь нийгмийн даатгалд төлдөг 104 500 төгрөгөө цалинд оруулж, үнэн хэрэгтээ та нарын цалин 1 054 500 төгрөг шүү гэсэн захирлын тушаал ирж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 950 000 гэж хийгээд, нийгмийн даатгалын дэвтэрт 1 050 000 төгрөгөөр нь бичээгүй тул үндсэн цалин 950 000 мэт харагддаг. Ази фарма ХХК нь надад зөвхөн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор олгосон бөгөөд миний нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлөөгүй байх тул би ажлаас халагдсан 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажилд томилсон 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 1 сарын 104 500 төгрөгөөр тооцон нийт 1 102 000 төгрөгийг төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг хүсч байна.

2016 оны амралтын нөхөн олговорт 1 294 159 олгуулах хүсэлтэй байна. Учир нь 2016 оны 5 дугаар сарын 04-нд ажилд намайг эгүүлэн томилсон. Би ажилд томилуулсан үедээ ээлжийн амралтаа эдлээд ажилд орох хүсэлт гаргахад зөвшөөрөөгүй. Ажилдаа орох гэхээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан хэвээр байна гэсэн шаардлага тавьсан учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ чөлөөлүүлж өөрөө ашиглах шаардлагатай байсан тул ажиллах боломжгүй болсон. Би энэ байгууллагад ажиллаж байснаар тооцогдон цалингийн нөхөн олговор авсан учир хүссэн хугацаандаа ээлжийн амралт эдлэх эрхтэй гэж үзсэн. Би хэвийн бус нөхцөлд 25 жил ажилласан ба хуулийн дагуу тооцоход нийт 27 хоногийн амралт авах ёстой, үүнийгээ нэг өдрийн цалингаараа үржүүлэхэд 1 294 159 төгрөгийн нөхөн олговор авах ёстой болж байна. Нэгэнт би 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс буюу анх ажлаас халагдсан өдрөөс эхлээд буцаж ажилд орох хүртэл хугацаа болох 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажил олгогчийн буруугаас ажилгүй байсан учир ээлжийн амралтын нөхөн олговрыг уг хугацаагаар авах эрхтэй. /1 054 500:22=47 931.82 х 27 =1 294 159/.

2014 оны 02 дугаар сараас 6 дугаар сарын цалин 3 015 818 төгрөг, 12 дугаар сарын цалин 1 458 050 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын цалин 288 000 төгрөг, нийт 4 761 868 төгрөгийг суутгах үндэслэлгүй зүйлд суутгасныг Хөдөлмөрийн хуулийн 141.3 дах заалтын дагуу хоногийн 0,3% алданги тооцож, хариуцагчаас буцаан олгуулах хүсэлтэй байна. Уг мөнгө нь алдангийн хамт нийт 14 853 846 төгрөг болсон байгаа. Учир нь авлага зөрсөн гэж 2014 оны 02 дугаар сараас 6 дугаар сарын цалин 3 015 818 төгрөг, мөн 2014 оны 12 дугаар сарын цалин 1 458 050 төгрөгийг ямар ч үндэслэлгүй надаас суутгаад одоог хүртэл өгөөгүй. Шинээр ажилд орсон нягтлан бодогч н.Уугантуяа кассын мөнгө, харилцагчдын авлага буруу шивсэнээс уг асуудал үүссэн байсныг 2014 оны 6 дугаар сарын 20-28-ны өдрийн хооронд 7 хоног сууж тулгаж, учрыг гаргасаар байтал өөрчлөгдөж гарсныг 4 008 000 төгрөг дээрээ нэмж, цалингаас давхардуулан суутгах график хийж мэйлээр явуулсан байдаг. Энэ талаар гомдлоо олон нийттэй харилцах менежер н.Наранцэцэгт болон санхүүгийн албаны дарга н.Бат-Эрдэнэд гаргахад ирсэн албан бичиг нь байгаа. Хууль зөрчин ажилчныхаа цалинг бүтнээр нь суутгасныг шүүхийн шийдвэрт бичсэн байгаа. Хууль зөрчин суутгагдсан цалингаа хуулийн дагуу гар дээрээ авах хүртлээ хоногийн 0,3%-ийн алданги тооцон авах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас алдангийн хамт нэхэмжилж байна. Би алдангийг 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс буюу цалин авах ёстой байсан өдрөөсөө 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тооцож байгаа. Нэг өдрийн 1 727 төгрөг болох бөгөөд нийтдээ 954 хоногийн алдангийг нэхэмжилж байгаа.

Ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээнд 2012 оны 01 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сарыг дуустал цалинг өөрийн авч байсан цалингаар төлүүлж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж өгөх хүсэлтийг би хариуцагчид 2016 оны 01 дүгээр сарын 28-нд тавьсан боловч биелүүлээгүйг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. Учир нь намайг анх ажилд орох тэр үед бүхий л эм зүйчдийн цалин 650 000-800 000 байсан. Ингээд би нийгмийн даатгалаа ядаж 650 000 төгрөгөөр төлүүлмээр байна гэж хүсэлт тавьсаар байтал авч хэлэлцээгүй. Би 2016 оны Ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээнд миний нийгмийн даатгалын шимтгэлийг авч байсан цалингаас тооцон төлж өгнө үү гэсэн хүсэлт явуулсан боловч надад өдийг хүртэл ямар ч хариу өгөөгүй. Иймд төлбөл зохих 11 хувийг төлүүлж, өөрөө төлөх хувиа төлж нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү.

Цалинд шилжсэн 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажиллах хугацааны бямба гаригт болон баярын зарим нийтээр амрах өдрүүд, бусад энгийн ажлын өдөр илүү цаг ажилласан хөдөлмөрийн хөлсийг Хөдөлмөрийн хуулийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу 2,0 хувиар дахин бодуулан олгуулах хүсэлтэй байна. Би өмнө нь нийт 8 133 331 төгрөгийг би шаардсан байсан. Дараа нь дахин тооцоо хийж нэхэмжлэлийн шаардлагаа 7 449 089 төгрөгөөр нэмэгдүүлсэн. 2013 оны 8 дугаар сарын 01-нээс ажлаас гарсан 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бямба гаригт болон баярын зарим нийтээр амрах өдрүүд, бусад энгийн ажлын өдөр илүү цаг ажилласан хөдөлмөрийн хөлсийг хөдөлмөрийн хуулийн дагуу нэг цагийн цалинг 2 дахин нэмэгдүүлэн нийт 15 582 420 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Анх энэ байгууллагатай хамтарч ажиллахдаа борлуулалтын хувиар импортын бэлдмэлд 6%, дотоод бэлдмэлд 3%-иар цалинжиж, бүх зардал, ажлын байрны тоног төхөөрөмжөө өөрсдөө хариуцан гаргаж ажиллахаар тохиролцоод гэрээний дагуу бүх зүйлсээ гаргаж ажил үйлчилгээ эхлээд гаргасан зардлаа ч гаргаж амжаагүй байхад ганц сар борлуулалтын урамшуулал 3, 6%-иар өгөөд ярьснаасаа буцаж 2%, 5% болгоно гэхэд гайхаж гэрээгээ харахад аль ч заалтандаа 3%, 6% гэдгээ тусгаагүй байсан. ...Ажиллах явцад ажилчин хүний эрхийг удаа дараа зөрчин хууль бус төлбөр төлүүлэх, цалин суутгах, цалинг олон сараар үндэслэлгүй хаах, тооллогын дутагдлыг журмын бус байдлаар төлүүлэх, цалингийн системийг ойр ойрхон өөрчилж аль болох бага цалин өгөх арга боловсруулах, амралтын мөнгийг буруу бодох ажлаас үндэслэлгүй халах, эрхээ зөрчигдсөнийг хуулиар тогтоолгосны төлөө үндэслэлгүй аудитын дүгнэлт гаргуулж эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр татуулах зэргээр маш их нэр хүнд, сэтгэл санаагаар тоглож байна. Иймээс энэ байгууллагаас авбал зохих зүйлээ хуулийн дагуу авах нь зүйтэй гэж үзэж байна. Цалинд шилжих гэж байсан үеэс эхлэн илүү цаг 6 дахь өдөр ажиллуулсныхаа цалинг хуулийн дагуу олгох хүсэлт удаа дараа тавьж байсан боловч харгалзаж үзээгүй, хэлэлцэж шийдвэрлээгүй. Бидэнд баярын зарим өдрүүдээр ажилла гэсэн тушаал ирдэг боловч мөнгийг хуулийн дагуу олгож байгаагүй тул нэхэмжилж байна.

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс авах байсан ажилгүйдлийн тэтгэмжийн 2 208 598 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Учир нь 2016 оны 5 дугаар сарын 16-нд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авсан. Ингээд ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын байгууллагад хандахад ажилгүй байсан хугацааны цалингийн шимтгэлийг Ази-Фарма ХХК төлөөгүй байсан. Ажилд эргүүлэн томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичиж тамга, тэмдгээ дарж баталгаажуулж явуулна уу гэсэн хүсэлт тавьж 5 дугаар сарын 19-нд нийгмийн даатгалын дэвтрээ явуулсан боловч хариу өгөхгүй байсаар 2016 оны 6 дугаар сарын 12-нд явуулсан тул ажилгүйдлийн тэтгэмж эдлэх материал бүрдүүлж өгөх хуулийн хугацаа болох 14 хоног өнгөрсөн. Түүнчлэн нийгмийн даатгал төлөгдөхгүй байсаар 3 сарын хугацаа өнгөрсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй. Энэ байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэж үзэж нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагуудтай танилцаад шаардлага бүрд дараах байдлаар хариу өгч байна. Үүнд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 ны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шаардлагын дагуу манай компани нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5 316 415 төгрөг, барьцаанд байсан орон сууцыг нь барьцаанаас суллан шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/05665 тоот шийдвэрийн дагуу Ц.Цэвэгмидийг ажилд нь эгүүлэн томилсон. Гэтэл нэхэмжлэгч нь томилсон хугацаанд манай гүйцэтгэх захирлын тушаалын дагуу ажлаа хүлээж аваагүй. Тэрээр ажилд оронгуутаа шууд амралтаа авна гэснийг манайх хүлээж авах боломжгүй бөгөөд компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.29-д заасны дагуу ээлжийн амралтаа эдлэх ажилтан нь маягтын дагуу хүсэлтээ гарган удирдах ажилтнаас гарын үсгээр баталгаажуулж, гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажин зөвшөөрөл авч амардаг журмыг зөрчсөн. Тэрээр ажил олгогчийг тулган шаардаж, зоргоороо авирласан. Манай хөдөлмөрийн дотоод журмын 6.23-д заасны дагуу 2 ээлжийн амралтын хоорондын хугацаа 8 сар байдаг ба нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийн хувьд ийм эрх үүсээгүй тул ээлжийн амралт эдлэх, амралтын мөнгө авах эрх үүсээгүй.

Энэхүү шаардлагад дурьдсан мөнгөн дүн нь нэхэмжлэгч Ц.Цэвэгмид ажиллаж байх хугацаандаа харилцагч нарын нэр дээр хуурамч зарлагын падаан бичиж компанийн эм, бараа, бэлэн мөнгийг дутагдуулсан. Энэ зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч дутагдлыг цалингаасаа төлж барагдуулж байсан төлбөр ба нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 15-нд ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хугацаанд Хөдөлмөрийн хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шаардлагыг хангах боломжгүй байна. Өөрт нь энэхүү асуудлаа ажиллаж байх хугацаандаа шийдвэрлүүлэх бүрэн боломж байсан. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1-т зааснаар манайх хуулийн дагуу ажилладаг. Харин ажилтны хувийн зохион байгуулалт, хувийн ашиг сонирхлоос хамаарч ажилтан 18 цагаас хойш ажилласан бол компани хариуцахгүй. Харин ажилтан илүү цагаар ажилласан бол хүний нөөцийн ажилтанд мэдэгдэж, баримт үйлдэж илүү цагийн цалинг бодож олгодог. Мөн манайхаас Ц.Цэвэгмидэд амралтын өдөр ажилла гэсэн тушаал өгч байгаагүй. Мөн энэ нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хөдөлмөрийн хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ талаар шаардлага хангасан нотлох баримт ирүүлээгүй байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд бүртгүүлэх хугацааг заасан байдаг. Ажилгүйдлийн тэтгэмж авах боломж нь өөрөөс нь шалтгаалан хугацаа нь дууссан. Мөн манай компанид ажиллаж байхдаа өөрийн компанидаа давхар ажиллаж байсан нь нотлогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бид ажилгүйдлийн тэтгэмжийг бага хувиар нь тооцох юм бол хэдийгээр хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй ч гэсэн зохих төлбөрийг төлж болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1, 141 дүгээр зүйлийн 141.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан Ази фарма ХХК-иас 8,178,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэвэгмидэд олгож, хариуцагч Ази фарма ХХК-д 2,921,751 төгрөгөөс Ц.Цэвэгмидийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон, дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,361,453 төгрөгт холбогдох хэсгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,102,000 төгрөг нөхөн төлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 653,062 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 602,774 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 32,448 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэвэгмидэд, 127,206 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн 1-р шаардлагын хувьд, Шүүгч ...нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөгдөж байсныг мэдээгүй гэх үндэслэлгүй, хэрэгт 1 054 500 гэдгийг нотлох баримт байхгүй гэж тайлбарлажээ. Нотлох баримт болох 2014 оны 11 сарын 1-ний 14/403 тушаалыг би 2016 оны 8 сарын 9-нд гаргасан хүсэлтээр Ази-фарма ХХК-иас гаргуулсан, хэргийн 206 дугаар хуудсанд наториатаар батлагдсан хувь байсан. Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгээгүйгээс тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирсон. Нэхэмжлэлийн 2-р шаардлагын хувьд, Ц.Цэвэгмид би 2015 оны 6 сарын 12-нд ажлаас халагдахдаа ээлжийн амралт авах байсан боловч олгохгүй халсныг шүүх шийдвэрлэсэн тул 2015 оны 6 сарын 12-ноос ээлжийн амралт олгогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 3-р шаардлагын хувьд, Азифарма ХХК 2014 оны 2 сарын сүүлчээс цалингаа өгөхгүй хаасан. Бичгийн цаасан дээр гар ноорог хийсэн авлага зөрсөн харилцагчдын жагсаалт гаргасан 4 008 000 төгрөгийн дүнтэй цаасанд гарын үсэг зуруулсан. Кассын зөрүү 1 157 000 төгрөгийг авлагын зөрүү гэх 3 008 000 төгрөгтэйгээ давхардуулан цалингаас суутгасан, цаашид суутгах хүснэгт явуулсан байсан. Энэ чинь давхардаж байна, хүлээн зөвшөөрөхгүй гэдэг гомдлоо орон нутаг хариуцсан менежер болон санхүүгийн албаны даргад удаа дараа тавихад 2014 оны 12 сард авлага дахин баталгаажуулж шийдвэрлэнэ гэсэн боловч шийдэхгүй байсаар гэнэт халсан. Үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох нэхэмжлэлдээ хамт нэхэмжлээд авч чадаагүй. Гэтэл өнөөдөр шал өөр нөхцөл байдал үүсэж дахин нэхэмжлэхээс аргагүйд хүрч байна гэснийг шүүгч мөн л буруу ойлгож буруу тайлбарлаж хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч магадлуулахыг хүсэж байна. Учир юу гэвэл Ази-фарма ХХК авлагын зөрүү гэх 4 008 000 оролцуулан эрүүгийн хэрэг үүсгүүлсэн бөгөөд тэр нь шалгагдаж явсаар давтан хийсэн аудитаар авлагын зөрүү нь төлбөрийн акт тавих үндэслэл болохгүй гэдгийг хөндлөнгийн аудит дүгнэсэн. Нэхэмжлэлийн 4-р шаардлагын хувьд, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээнд өмнө нь маш багаар шимтгэл төлж байсан цалингаа, жишиг цалингаар юмуу авч байсан цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хүсэлтээ тавьсан боловч уг хууль хэрэгжих хугацаанд хүсэлт хангаагүй. Иймээс уг хуулийн үйлчлэх хүрээнд тайлангаа ил тод болгоогүй, нөхөн төлөөгүй бол холбогдогч хуулийн этгээдэд ямар хариуцлага тооцох тухай тухайн хуулийг хэрэгжүүлэхдээ холбогдон гарсан ЗГ-ын журамд заасны дагуу шийдүүлэхийг хүссэн. Иймээс уг хуулийн хэрэгжих хугацаа дууссан байх нь хамаагүй бөгөөд бусад хуулийн зүйл заалтыг дурьдан тайлбарлаж хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Ц.Цэвэгмид нь хариуцагч Азифарма ХХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 600 855 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1 102 000 төгрөгийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичил хийлгэх, 2016 оны ээлжийн амралтын олговорт 1 294 159 төгрөг гаргуулах, цалин хөлснөөс хууль бусаар суутгасан 4 761 868 төгрөг, түүнд тооцогдох алдангийн хамт нийт 14 853 846 төгрөг гаргуулах, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хүрээнд 2012 оны 1 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сарыг дуустал хугацаад авч байсан бодит цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож, нөхөн бичилт хийлгэх, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан  нэмэгдүүлсэн цалин хөлс 15 582 420 төгрөг гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн хохиролд 2 208 598 төгрөг гаргуулахыг тус тус хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1656 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001/хт2016/00202 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийг Азифарма ХХК-ийн Дархан салбарын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 921 751 төгрөгийг хариуцагчаас гаргуулж түүнд олгосон шийдвэр хэрэгт авагдсан /хэргийн 1 дүгээр хавтасны 26-34, 35-39, 40-43/

Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажил олгогч 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийг урьд эрхэлж байсан ажилд томилсон тул нэхэмжлэгч нь ажилгүй байсантай холбоотой олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул анхан шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 600 885 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч Азифарма ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийн ажилгүй байсан дээрх хугацаанд хуульд заасан хувь хэмжээгээр сар бүрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих журмын дагуу бичилт хийх үүрэгтэй тул энэ тухай шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүйг буруутгах үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт заагаагүй нь ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Хариуцагч Азифарма ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14/403 тоот тушаалаар Дархан салбарын эрхлэгчийн албан тушаалын цалин 950 000 төгрөг, үүнд үндсэн цалин 200 000 төгрөг, хоол, унааны мөнгө 80 000 төгрөг, нэмэгдэл хөлс 670 000 төгрөг тус тус багтахаар баталсан байх тул 1 054 500 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулан төлүүлэх тухай нэхэмжлэл үндэслэлгүй байхаас гадна энэ талаар нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан журам, хугацаанд гомдол гаргаагүй байв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан нь ээлжийн амралтын олговорт хамааралгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн дүнгээр урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, ийм гэрээ байхгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.

Хэрэгт хууль журамд заасан урамшуулал олгох нөхцөл бүрдсэн талаар баримтгүй байхад анхан шатны шүүх 415 150 төгрөгийн ээлжийн амралтын олговор гаргуулж шийдвэрлэсэн нь буруу боловч энэ талаар хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 дугаар шийдвэрээр ...Ц.Цэвэгмид нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн эрхээ зөрчигдсөн тухай гомдлоо мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхээ эдлээгүйн гадна 2014 оны 7 сараас үргэлжлүүлэн цалин хөлсөө авсан.... гэсэн үндэслэлээр 2014 оны 02-ноос 6 дугаар сарын цалин, 12 дугаар сарын цалин хөлс, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон тул хариуцагч Азифарма ХХК-иас цалин хөлснөөс хууль бусаар суутгасан 4 761 868 төгрөг, түүнд тооцогдох алдангийн хамт нийт 14 853 846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хүрээнд 2012 оны 1 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сарыг дуустал хугацаад авч байсан бодит цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл болон 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан  нэмэгдүүлсэн цалин хөлс 15 582 420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь цалин хөлс дутуу авч байснаа мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Харин хариуцагч Азифарма ХХК-иас ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж бичилт хийх үүргээ биелүүлээгүйгүйн буруугаас нэхэмжлэгч Ц.Цэвэгмид нь ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй гэж үзэн, ажилгүйдлийн тэтгэмж 1 162 420 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан ба хариуцагч байгууллагын гомдлоор үүсгэсэн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Ц.Цэвэгмид нь шалгагдаж байгаа нь өмнө нэгэнт шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийг дахин авч хэлэлцэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвэгмид нь давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ