Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 326

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/00326

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч З.Доржнамжин, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, 8 дугаар баг, “Дэвшил” хотхон 17 дугаар байр, 20 тоотод оршин суух, Борлууд овогт Цэндийн Цэвэгмид /РД:цг66121229/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд Плаза төв, 11 дүгээр давхар, 1105 тоотод оршин байх, “Ази фарма” ХХК /РД:2697289/-д холбогдох,

 

1/ Ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 6,600,855 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1,102,000 төгрөг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх; 

 

2/ 2016 оны амралтын нөхөн олговорт 1,294,159 төгрөг гаргуулах; 

 

3/ Цалин хөлснөөс үндэслэлгүй суутгасан 4,761,868 төгрөгийг Хөдөлмөрийн хуулийн 141.3 дахь заалтын дагуу хоногийн 0,3% алданги тооцож, нийт 14,853,846 төгрөгийг буцаан олгуулах; 

 

4/ Ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээнд 2012 оны 01 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан бодит цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх;

 

5/ 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажиллах хугацааны илүү цагаар ажилласан хөлс нийт 15,582,420 төгрөгийг гаргуулах;  

 

6/ 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс авах байсан ажилгүйдлийн тэтгэмжийн 2,208,598 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэвэгмид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цэвэгмид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч “Ази фарма” ХХК-д холбогдуулж анх шүүхэд хандсанаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, түүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Иймд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 тоот шийдвэрийн дагуу Ц.Цэвэгмидэд ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт ажлын 159 хоногоор тооцон, нэг өдрийн цалинг анхан шатны шүүхийн шүүгчийн тогтоосноор 41,515 төгрөгөөр тооцон 6,600,855 төгрөг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос сарын 104,500 төгрөгөөр бодож, 10 сар 13 хоногоор тооцон 1,102,000 төлүүлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. Учир нь би “Ази фарма” ХХК-ийн Дархан хотын салбарын эрхлэгчээр 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15/243 тоот тушаалаар гэнэт ажлаас халагдсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 тоот шийдвэрээр намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь цалинтай тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэр гаргасныг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр баталсан. “Ази фарма” ХХК нь нийгмийн даатгалд төлдөг 104,500 төгрөгөө цалинд оруулж, “үнэн хэрэгтээ та нарын цалин 1,054,500 төгрөг шүү” гэсэн захирлын тушаал ирж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 950,000 гэж хийгээд, нийгмийн даатгалын дэвтэрт 1,050,000 төгрөгөөр нь бичээгүй тул үндсэн цалин 950,000 мэт харагддаг. “Ази фарма” ХХК нь надад зөвхөн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор олгосон бөгөөд миний нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлөөгүй байх тул би ажлаас халагдсан 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажилд томилсон 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 1 сарын 104,500 төгрөгөөр тооцон нийт 1,102,000 төгрөгийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг хүсч байна.

2/ 2016 оны амралтын нөхөн олговорт 1,294,159 олгуулах хүсэлтэй байна.  Учир нь 2016 оны 5 дугаар сарын 04-нд ажилд намайг эгүүлэн томилсон. Би ажилд томилуулсан үедээ “ээлжийн амралтаа эдлээд ажилд орох” хүсэлт гаргахад зөвшөөрөөгүй. Ажилдаа орох гэхээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан хэвээр байна гэсэн шаардлага тавьсан учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ чөлөөлүүлж өөрөө ашиглах шаардлагатай байсан тул ажиллах боломжгүй болсон. Би энэ байгууллагад ажиллаж байснаар тооцогдон цалингийн нөхөн олговор авсан учир хүссэн хугацаандаа ээлжийн амралт эдлэх эрхтэй гэж үзсэн. Ийм учраас хүсэлтээ тавьсан боловч биелүүлээгүйг хуулийн байгууллагаар шийдүүлэхийг хүсч байна. Би хэвийн бус нөхцөлд 25 жил ажилласан ба хуулийн дагуу тооцоход нийт 27 хоногийн амралт авах ёстой, үүнийгээ нэг өдрийн цалингаараа үржүүлэхэд 1,294,159 төгрөгийн нөхөн олговор авах ёстой болж байна.  Нэгэнт би 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс буюу анх ажлаас халагдсан өдрөөс эхлээд буцаж ажилд орох хүртэл хугацаа болох 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажил олгогчийн буруугаас ажилгүй байсан учир ээлжийн амралтын нөхөн олговрыг уг хугацаагаар авах эрхтэй /1,054,500:22=47.931.82х27 =1,294,159/.

3/ 2014 оны 02 дугаар сараас 6 дугаар сарын цалин 3,015,818 төгрөг, 12 дугаар сарын цалин 1,458,050 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын цалин 288,000 төгрөг, нийт 4,761,868 төгрөгийг суутгах үндэслэлгүй зүйлд суутгасныг Хөдөлмөрийн хуулийн 141.3 дахь заалтын дагуу хоногийн 0,3% алданги тооцож, хариуцагчаас буцаан олгуулах хүсэлтэй байна. Уг мөнгө нь алдангийн хамт нийт 14,853,846 төгрөг болсон байгаа.  Учир нь авлага зөрсөн гэж 2014 оны 02 дугаар сараас 6 дугаар сарын цалин 3,015,818 төгрөг, мөн 2014 оны 12 дугаар сарын цалин 1,458,050 төгрөгийг ямар ч үндэслэлгүй надаас суутгаад одоог хүртэл өгөөгүй. Шинээр ажилд орсон нягтлан бодогч н.Уугантуяа кассын мөнгө, харилцагчдын авлага буруу шивснээс уг асуудал үүссэн байсныг 2014 оны 6 дугаар сарын 20-28-ны өдрийн хооронд 7 хоног сууж тулгаж, учрыг гаргасаар байтал өөрчлөгдөж гарсныг 4,008,000 төгрөг дээрээ нэмж, цалингаас давхардуулан суутгах график хийж мэйлээр явуулсан байдаг. Энэ талаар гомдлоо олон нийттэй харилцах менежер н.Наранцэцэгт болон санхүүгийн албаны дарга н.Бат-Эрдэнэд гаргахад ирсэн албан бичиг нь байгаа болно. Энэ нь суутгах ёстой бодит дутагдал биш бөгөөд юуг бодит дутагдал гэж үзэх, хэрхэн яаж барагдуулах гээд хууль, журмууд байсаар байхад зөвхөн тооцоо зөрсний төлөө ингэж ажилчнаа хохироох нь хууль бус. Хууль зөрчин ажилчныхаа цалинг бүтнээр нь суутгасныг шүүхийн шийдвэрт бичсэн байгаа. Энэ авлагын зөрүү гэх 4,008,000 төгрөгөө “Ази фарма” ХХК нь надаас дахин нэхэмжилж Дархан-Уул аймгийн цагдаад гомдол гаргахад шүүхийн шийдвэрт бичсэнийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч тэд Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн, миний гэр оронг нэгжиж битүүмжлэхийг шаардсан. Тэр асуудал шүүхийн шинжилгээний төвийн дүгнэлтэд үндэслэн шийдэгдэх тул бодит биш дутагдалд хууль зөрчин суутгагдсан цалингаа хуулийн дагуу гар дээрээ авах хүртлээ хоногийн 0,3%-ийн алданги тооцон авах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас алдангийн хамт нэхэмжилж байна. Би алдангийг 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс буюу цалин авах ёстой байсан өдрөөсөө 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тооцож байгаа. Нэг өдрийн 1,727 төгрөг болох бөгөөд нийтдээ 954 хоногийн алдангийг нэхэмжилж байгаа.  

4/ Ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээнд 2012 оны 01 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сарыг дуустал цалинг өөрийн авч байсан цалингаар төлүүлж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж өгөх хүсэлтийг би хариуцагчид 2016 оны 01 дүгээр сарын 28-нд тавьсан боловч биелүүлээгүйг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. Учир нь намайг анх ажилд орох тэр үед бүхий л эм зүйчдийн цалин 650,000-800,000 байсан. Ингээд би “нийгмийн даатгалаа ядаж 650,000 төгрөгөөр төлүүлмээр байна” гэж хүсэлт тавьсаар байтал авч хэлэлцээгүй. Би “2016 оны Ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээнд миний нийгмийн даатгалын шимтгэлийг авч байсан цалингаас тооцон төлж өгнө үү” гэсэн хүсэлт явуулсан боловч надад өдийг хүртэл ямар ч хариу өгөөгүй. Миний хүсэлтийг хуулийн хүрээнд хэлэлцэн байгууллагаас төлбөл зохих 11 хувийг төлүүлж, өөрөө төлөх хувиа төлж нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү.

5/ Цалинд шилжсэн 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуусталажиллах хугацааны бямба гаригт болон баярын зарим нийтээр амрах өдрүүд, бусад энгийн ажлын өдөр илүү цаг ажилласан хөдөлмөрийн хөлсийг Хөдөлмөрийн хуулийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу 2,0 хувиар дахин бодуулан олгуулах хүсэлтэй байна. Би өмнө нь нийт 8,133,331 төгрөгийг би шаардсан байсан. Дараа нь дахин тооцоо хийж нэхэмжлэлийн шаардлагаа 7,449,089 төгрөгөөр нэмэгдүүлсэн. 2013 оны 8 дугаар сарын 01-нээс ажлаас гарсан 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бямба гаригт болон баярын зарим нийтээр амрах өдрүүд, бусад энгийн ажлын өдөр илүү цаг ажилласан хөдөлмөрийн хөлсийг хөдөлмөрийн хуулийн дагуу нэг цагийн цалинг 2 дахин нэмэгдүүлэн нийт 15,582,420 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.  

Анх энэ байгууллагатай хамтарч ажиллахдаа борлуулалтын хувиар /импортын бэлдмэлд 6%, дотоод бэлдмэлд3%-иар цалинжиж, бүх зардал, ажлын байрны тоног төхөөрөмжөө өөрсдөө хариуцан гаргаж ажиллахаартохиролцоод гэрээний дагуу бүх зүйлсээ гаргаж ажил үйлчилгээ эхлээд гаргасан зардлаа ч гаргаж амжаагүй байхад ганц сар борлуулалтын урамшуулал 3, 6%-иар өгөөд ярьснаасаа буцаж 2%, 5% болгоно гэхэд гайхаж гэрээгээ харахад аль ч заалтандаа 3%, 6% гэдгээ тусгаагүй байсан. Би гэрээ хийж байхдаа нэмэлт гэсэн хоосон шугамд тохиролцоогоо бичих гэсэн боловч аль нэг заалтандаа оруулсан байгаа байх, хүнд итгэхгүй байгаа юм шиг хамтарч ажиллах гэж байж муухай байх гэж бодсон. Гэтэл энэ байгууллага дараа нь удаа дараа янз бүрээр буцахаа тооцоолж санаатайгаар тусгаагүйгээр барахгүй хүнийг хууран мэхэлж ажлаа эхлүүлж, ажлын байрны бүх зүйлсээ бэлтгүүлсэн. Ажиллах явцад ажилчин хүний эрхийг удаа дараа зөрчин хууль бус төлбөр төлүүлэх, цалин суутгах, цалинг олон сараар үндэслэлгүй хаах, тооллогын дутагдлыг журмын бус байдлаар төлүүлэх, цалингийн системийгойр ойрхон өөрчилж аль болох бага цалин өгөх арга боловсруулах, амралтын мөнгийг буруу бодох ажлаас үндэслэлгүй халах, эрхээ зөрчигдсөнийг хуулиар тогтоолгосны төлөө үндэслэлгүй аудитын дүгнэлт гаргуулж эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр татуулах зэргээр маш их нэр хүнд, сэтгэл санаагаар тоглож байна. Иймээс энэ байгууллагаас авбал зохих зүйлээ хуулийн дагуу авах нь зүйтэй гэж үзэж байна. Цалинд шилжих гэж байсан үеэс эхлэн илүү цаг 6 дахь өдөр ажиллуулсныхаа цалинг хуулийн дагуу олгох хүсэлт удаа дараа тавьж байсан боловч харгалзаж үзээгүй, хэлэлцэж шийдвэрлээгүй. Бидэнд баярын зарим өдрүүдээр ажилла гэсэн тушаал ирдэг боловч мөнгийг хуулийн дагуу олгож байгаагүй. Нэгэнт цалингийн системд шилжсэн бол хөдөлмөрийн хуулийн дагуу тооцон олгох ёстой гэдгийг хууль уншиж судлан, мөн өмгөөлөгчөөс зөвлөлгөө авч 2016 оны 7 дугаар сард мэдсэн тул нэхэмжилж байна.   

6/ 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс авах байсан ажилгүйдлийн тэтгэмжийн 2,208,598 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Учир нь 2016 оны 5 дугаар сарын 16-нд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авсан. Ингээд ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын байгууллагад хандахад ажилгүй байсан хугацааны цалингийн шимтгэлийг “Ази-Фарма” ХХК төлөөгүй байсан. Ажилд эргүүлэн томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичиж тамга, тэмдгээ дарж баталгаажуулж явуулна уу гэсэн хүсэлт тавьж 5 дугаар сарын 19-нд нийгмийн даатгалын дэвтрээ явуулсан боловч хариу өгөхгүй байсаар  2016 оны 6 дугаар сарын 12-нд явуулсан тул ажилгүйдлийн тэтгэмж эдлэх материал бүрдүүлж өгөх хуулийн хугацаа болох 14 хоног өнгөрсөн. Түүнчлэн нийгмийн даатгал төлөгдөхгүй байсаар 3 сарын хугацаа өнгөрсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй болно. Энэ байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэж үзэж нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагуудтай танилцаад шаардлага бүрд дараах байдлаар хариу өгч байна. Үүнд:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 ны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шаардлагын дагуу манай компани нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5,316,415 төгрөг, барьцаанд байсан орон сууцыг нь барьцаанаас суллан шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Бид шүүхийн шийдвэрээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд нэгэнт шийдэгдсэн асуудлаар дахин шүүхэд маргах боломжгүй тул нэхэмжлэлийн эл шаардлагыг зөвшөөрөхгүй.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/05665 тоот шийдвэрийн дагуу Ц.Цэвэгмидийг ажилд нь эгүүлэн томилсон. Гэтэл нэхэмжлэгч нь томилсон хугацаанд манай гүйцэтгэх захирлын тушаалын дагуу ажлаа хүлээж аваагүй.  Тэрээр ажилд оронгуутаа шууд амралтаа авна гэснийг манайх хүлээж авах боломжгүй бөгөөд компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.29-д заасны дагуу ээлжийн амралтаа эдлэх ажилтан нь маягтын дагуу хүсэлтээ гарган удирдах ажилтнаас гарын үсгээр баталгаажуулж, гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажин зөвшөөрөл авч амардаг журмыг зөрчсөн. Тэрээр ажил олгогчийг тулган шаардаж, зоргоороо авирласан. Манай хөдөлмөрийн дотоод журмын 6.23-д заасны дагуу 2 ээлжийн амралтын хоорондын хугацаа 8 сар байдаг ба нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийн хувьд ийм эрх үүсээгүй тул ээлжийн амралт эдлэх, амралтын мөнгө авах эрх үүсээгүй.

3. Энэхүү шаардлагад дурьдсан мөнгөн дүн нь нэхэмжлэгч Ц.Цэвэгмид ажиллаж байх хугацаандаа харилцагч нарын нэр дээр хуурамч зарлагын падаан бичиж компанийн эм, бараа, бэлэн мөнгийг дутагдуулсан. Энэ зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч дутагдлыг цалингаасаа төлж барагдуулж байсан төлбөр ба нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 15-нд ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хугацаанд Хөдөлмөрийн хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн ....эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шаардлагыг хангах боломжгүй байна. Өөрт нь энэхүү асуудлаа ажиллаж байх хугацаандаа шийдвэрлүүлэх бүрэн боломж байсан.  

4. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1-т зааснаар манайх хуулийн дагуу ажилладаг. Харин ажилтны хувийн зохион байгуулалт, хувийн ашиг сонирхлоос хамаарч ажилтан 18 цагаас хойш ажилласан бол компани хариуцахгүй. Харин ажилтан илүү цагаар ажилласан бол хүний нөөцийн ажилтанд мэдэгдэж, баримт үйлдэж илүү цагийн цалинг бодож олгодог. Мөн манайхаас Ц.Цэвэгмидэд амралтын өдөр ажилла гэсэн тушаал өгч байгаагүй. Мөн энэ нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

5. Хөдөлмөрийн хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ талаар шаардлага хангасан нотлох баримт ирүүлээгүй байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй байна.

6. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд бүртгүүлэх хугацааг заасан байдаг. Ажилгүйдлийн тэтгэмж авах боломж нь өөрөөс нь шалтгаалан хугацаа нь дууссан байна. Мөн манай компанид ажиллаж байхдаа өөрийн компанидаа давхар ажиллаж байсан нь нотлогдож байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бид ажилгүйдлийн тэтгэмжийг бага хувиар нь  тооцох юм бол хэдийгээр хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй ч гэсэн зохих төлбөрийг төлж болно гэжээ.

 

 Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Цэвэгмид нь хариуцагч “Ази фарма” ХХК-д холбогдуулж нийт 6 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагуудыг нэмэгдүүлж, зарим хэсгийг тодруулсан байна.    

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч “Ази фарма” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 6,600,855 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1,102,000 төгрөг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, 2016 оны амралтын нөхөн олговорт 1,294,159 төгрөг гаргуулах, 4,761,868 төгрөгийн цалинг үндэслэлгүй зүйлд суутгасныг Хөдөлмөрийн хуулийн 141.3 дахь заалтын дагуу хоногийн 0,3% алданги тооцож, нийт 14,853,846 хариуцагчаас буцаан олгуулах,Ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээнд 2012 оны 01 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан бодит цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны илүү цагаар ажилласан хөдөлмөрийн хөлс 15,582,420 төгрөгийг гаргуулах, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс авах байсан ажилгүйдлийн тэтгэмжийн 2,208,598 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэгдэх шаардлага:  

 

Ц.Цэвэгмид нь “Ази фарма” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 6,600,855 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүд нэг сарын 104,500 төгрөгөөр тооцож, 10 сар 13 хоногт 1,102,000 төгрөг төлүүлэх,   нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүсчээ. 

 

Хариуцагч тал уг шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “...бид шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу зохих нөхөх олговрыг олгосон. Тэгээд ч бид шүүхийн шийдвэрийн дагуу  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, дэвтэрт нь нөхөн бичилт хийх үүрэг хүлээгээгүй тул энэ талаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй...” гэж мэтгэлцэж байна. 

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 дугаар шийдвэрээр “Ази фарма” ХХК-ийн Дархан дахь эм ханган нийлүүлэх төвийн салбарын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,921,751 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн байх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 26-43 дугаар хуудас/.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч “Ази фарма” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №Б-195 дугаар тушаалаар Ц.Цэвэгмидийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон байна /хх 6 дугаар хуудас/.

 

Хариуцагч “Ази фарма” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ажилтныг ажлаар хангах, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилд буцаан томилогдсон 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, нийт ажлын 159 хоног ажилгүй байсан болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийг уг хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 159 хоногоор, дундаж цалин хөлсийг шүүхийн 2015 оны 05665 дугаар шийдвэрээр тогтоосон хэмжээгээр тооцон, хариуцагч “Ази фарма” ХХК-иас 6,600,885 төгрөг /159 өдөр х 41,515 төгрөг/ гаргуулан Ц.Цэвэгмидэд олгох нь зүйтэй.

 Нэхэмжлэгч нь хариуцагч компаниар 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд томилсон 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 10 сар 13 хоногийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 1 сарын 104,500 төгрөгөөр тооцож, нийт 1,102,000 төгрөг төлүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг шаардаж, үндэслэлээ “...миний үндсэн цалин 1,054,500 төгрөг байхад 950,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож дутуу төлсөн...” гэж тайлбарласан.

 

Хэрэгт Ц.Цэвэгмидийн үндсэн цалин 1,054,500 төгрөг байсныг нотлох баримт авагдаагүй байхаас гадна нэхэмжлэгч нь өөрийн эрхийг хариуцагч компани зөрчин, нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж байсан гэдгээ мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй учир уг асуудлаар гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд хариуцагчаар нийгмийн даатгалын шимтгэлийг 1,045,000 төгрөгийн цалин хөлснөөс нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив.

 

 Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Цэвэгмидэд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт олгосон 2,921,751 төгрөгөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үүргийнхээ дагуу Ц.Цэвэгмидийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон, дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг “Ази фарма” ХХК-д даалгах нь зүйтэй байна.

 

Хоёрдахь шаардлага:

 

Нэхэмжлэгч нь 2016 оны амралтын нөхөн олговорт 1,294,159 төгрөг гаргуулах  шаардлага гаргаж, үндэслэлээ “...би 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс буюу анх ажлаас халагдсан өдрөөс эхлээд буцаж ажилд орох хүртэл хугацаа болох 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажил олгогчийн буруугаас ажилгүй байсан учир ээлжийн амралтын нөхөн олговрыг уг хугацаагаар авах эрхтэй” гэж тайлбарласан.   

 

Ажил олгогч ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх үүрэгтэй ба ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгүүдэд тодорхой заажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/05665 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн 2015 оны ээлжийн амралтын олговрын асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх өдрийг хүртэлх буюу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл /4 сар 16 хоног/ хугацааны ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Ц.Цэвэгмидийн ээлжийн амралтын олговрыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны тушаалаар батлагдсан “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг баримтлан түүний ажилласан хугацааны амралтын хоногийг 10 хоногоор тооцож, /10х41,515/ 415,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, илүү нэхэмжилсэн 879,009 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

  

Гуравдахь шаардлага:

 

Хариуцагч “Ази фарма” ХХК нь 2014 оны 02 дугаар сараас 6 дугаар сарын цалин 3,015,818 төгрөг, 12 дугаар сарын цалин 1,458,050 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын цалин 288,000 төгрөг, нийт 4,761,868 төгрөгийг үндэслэлгүй зүйлд суутгасан гэж үзэн нэхэмжлэгч уг цалинг алдангийн хамтаар нийтдээ нийт 14,853,846 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Тэрээр авах ёстой байсан цалингаа 4,761,868 төгрөг гэж тодорхойлсон ба алдангийг 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, нийт ажлын 954 хоногоор тооцсон гэж шүүх хуралдаан дээр тайлбарлав.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шаардлагыг “...Ц.Цэвэгмид ажиллаж байх хугацаандаа харилцагч нарын нэр дээр хуурамч зарлагын падаан бичиж компанийн эм, бараа, бэлэн мөнгийг дутагдуулсан зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч дутагдлыг цалингаасаа төлж барагдуулж байсан, тэгээд ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, мэтгэлцэж байна. 

 

Ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, үндэслэлгүйгээр саатуулсан тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алдангийг ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгохыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-д заасан.

 

Гэвч шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөнийг буюу цалинг нь үндэслэлгүйгээр суутгасныг 2014 оны 6 дугаар сард мэдсэн болохоо шүүх хуралдаан дээр тайлбарладаг бөгөөд уг тайлбараас харахад нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүсгэн ажиллаж эхэлснээс хойшхи хугацаанд түүний эрх нь зөрчигдөн, цалин хөлсөө дутуу авч байснаа мэдээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь заалтаас харахад ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргахаар байх ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг гомдлоо эрхээ зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байжээ.

 

Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүйгээс гадна Ц.Цэвэгмид ажиллаж байх хугацаандаа цалин, хөлснөөс нь хууль бусаар суутгал хийж байсан гэдгийг мэдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ/2015/05665 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгааг давхар дурдах нь зүйтэй. 

 

Дөрөвдэх шаардлага:

 

Нэхэмжлэгч 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрийн авч байсан цалингаар тооцон нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...Ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээнд миний нийгмийн даатгалын шимтгэлийг авч байсан цалингаас тооцуулах хүсэлтийг удаа дараа тавьсан ч хариуцагч байгууллага авч хэлэлцээгүй” гэжээ. 

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан. Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Тавдахь шаардлага:

 

Нэхэмжлэгч Ц.Цэвэгмид цалинд шилжсэн 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажиллах хугацааны бямба гаригт болон зарим нийтээр амрах баярын өдрүүд, бусад энгийн ажлын өдөр илүү цаг ажилласан хөдөлмөрийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу 2,0 дахин бодуулж, нийт 15,582,420 төгрөгийг хариуцагч “Ази фарма” ХХК-иас нэхэмжилсэн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж тайлбарлан мэтгэлцэж буйг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “....Бид тушаалын дагуу амралтын болон баярын өдрүүд, энгийн ажлын өдрүүдэд илүү цагаар ажиллаж байсан ч илүү ажилласан мөнгийг хуулийн дагуу олгож байгаагүй, нэгэнт цалингийн системд шилжсэн бол хөдөлмөрийн хуулийн дагуу тооцон олгох ёстой гэдгийг хууль уншиж судлан, мөн өмгөөлөгчөөс зөвлөлгөө авч 2016 оны 7 сард мэдсэн тул нэхэмжилж байна…” гэж тайлбарладаг бөгөөд уг тайлбараас харахад нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүсгэн ажиллаж эхэлснээс хойшхи хугацаанд түүний эрх нь зөрчигдөн, цалин хөлсөө дутуу авч байснаа мэдээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Зургаа дахь шаардлага:

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруугаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй гэж үзэн “Ази фарма” ХХК-иас 2,208,598төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлийг “...2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авч, ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын байгууллагад хандахад ажилгүй байсан хугацааны цалингийн шимтгэлийг хариуцагч төлөөгүй байснаас шалтгаалж ажилгүйдлийн тэтгэмж авах материал бүрдүүлж өгөх хуулийн хугацаа өнгөрсөн, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй байсаар 3 сарын хугацаа өнгөрсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй” гэсэн байна. 

 

Дээрх шаардлагад хариуцагч тал “...нэхэмжлэгч нь ажлаас гарсан өдрөөс хойш холбогдох байгууллагад хандсан болохоо баримтаар нотлоогүй, ажил олгогчоос шалтгаалан бүртгүүлэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа бол хуульд заасны дагуу сарын дотор бидэнд хандан өөрөөс биш ажил олгогчоос шалтгаалсан тайлбараа авах бүрэн боломжтой байсан байсан, гэхдээ ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан харагдахгүй байгаа ч бид нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааг 40 хоногоор тооцон олгоход татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг өгөв.    

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана”, 5 дугаар зүйлд “ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан. 

 

Нэхэмжлэгч Ц.Цэвэгмидийн хүсэлтийг үндэслэж 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч “Ази фарма” ХХК нь түүнийг ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч уг тушаалаа авч харьяалах дүүргийн  нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандсан хэдий ч зохих хариуг өгөөгүй болохыг хариуцагч талаас үгүйсгээгүй болно. /хх 17, 18 хуудас/.    

 

Шүүх, хариуцагч “Ази фарма” ХХК-ийн буруутай эс үйлдлээс буюу ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, нийгмийн даатгалын байгууллагад өгч чадаагүй байна гэж үзлээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцахаар заасан тул нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой мөнгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна. 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ/2015/05665 дугаар шүүхийн шийдвэрээр   нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 41,515 төгрөгөөр тогтоосон ба Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Ц.Цэвэгмид 15 ба түүнээс дээш жил шимтгэл төлж ажилласан тул тэтгэмж бодох хувь хэмжээг 70 хувиар тооцох нь зүйтэй.

 

Ажилгүйдлийн тэтгэмжийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д  “даатгуулагч нь ... бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгох”-оор заасан боловч нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сараас эхлэн “Мөнх-Орлого” ХХК-д хөдөлмөр эрхэлж, тус компаниас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогддог.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэмжийн хэмжээг /41,515 төгрөг х 70 % : 100=29,060.5 төгрөг, 29,060.5 төгрөг х 40 хоног/ 1,162,420 төгрөгөөр тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч “Ази фарма” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 1,046,178 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653,062 төгрөгөөс гэм хорын шаардлагад ногдох 50,288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 602,774 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэвэгмидэд буцаан олгож, хариуцагчаас 32,448 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 127,206 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1, 141 дүгээр зүйлийн 141.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан “Ази фарма” ХХК-иас 8,178,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэвэгмидэд олгож, хариуцагч “Ази фарма” ХХК-д 2,921,751 төгрөгөөс Ц.Цэвэгмидийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон, дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,361,453 төгрөгт холбогдох хэсгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,102,000 төгрөг нөхөн төлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 653,062 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 602,774 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 32,448 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэвэгмидэд, 127,206 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ                                                   Н.ХАНГАЛ

 

               ШҮҮГЧ                                                                        З.ДОРЖНАМЖИН

              

                                                                                       Ч.МӨНХЦЭЦЭГ