| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2017/02646/И |
| Дугаар | 210/МА2018/00592 |
| Огноо | 2018-03-02 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2018/00592
| 2018 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2018/00592 |
Б.Төрмөнхийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03063 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Төрмөнхийн нэхэмжлэлтэй хариуцагч Нью войс ХХК-д холбогдох
Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзсаныг баталж, 6 872 020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Төрмөнх нь "Нью Войс" ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр зуучлагч суралцагчийн сонгосон улсад суралцахад зуучлалын үйлчилгээ үзүүлэх, суралцагч нь зуучлагчид үйлчилгээ үзүүлсний хөлсийг төлөх үүргийг талууд хүлээхээр тохиролцсоны дагуу зуучлалын үйлчилгээний нийт хөлс 3 000 ам.долларыг зуучлагчид шилжүүлэн өгсөн боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, виз гаргаагүй өдийг хүрсэн. Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1-д заасны дагуу гэрээний хугацаа дуусгаагүй, үргэлжилж байгаа. Зуучлагч байгууллага виз гаргаж өгч чадахгүй, хугацаа алдсан, одоо АНУ-руу гарахаа больсонтой холбоотой гэрээнээс татгалзаж, хөлсийг буцаан олгохыг хүсч зуучлагч байгууллагад удаа дараа хандаж, мэдэгдэж байсан. Үүний дагуу тус байгууллагаас 500 000 төгрөг буцааж өгсөн боловч үлдсэн төлбөрийг буцаан төлсөнгүй. Иймд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзсаныг баталж, миний төлсөн үлдэгдэл төлбөрийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.3-т зааснаар "үйлчилгээний хөлсийг зуучлагчийн зүгээс явуулах цогц үйл ажиллагаа, оюуны хөдөлмөрийг үндэслэн тогтоосон заалт"-ыг хүлээн зөвшөөрч иргэн Б.Төрмөнх гэрээнд гарын үсэг зурж, зуучлалын үйлчилгээний хөлс 3000 доллар төлж, манай агентлагийн зүгээс зуучлалын үйл ажиллагаа эхэлсэн. Төрмөнх гэрээ хийснээс хойшхи хугацаанд АНУ-ын элчинд 3 удаа орсон бөгөөд орох болгонд манай байгууллагын зүгээс урилга захих, элчингийн цаг авах, ярилцлаганд бэлдэх, материал бэлдэх, орчуулга хийгдэх DS-160 аппликешн бөглөх элчин рүү хавсаргаж явуулах, сургууль руу үйлчилгээний хураамж татуулах зэрэг ажиллагаанууд хийгдсэн. Дахин урилга захихад сургуультай холбоо тогтоож суралцах хугацааг хойшлуулах бүхий л ажиллагаанууд хийгдэх бөгөөд дээр дурдсан үйл ажиллагаанууд дахин давтагдан хийгддэг. Манай агентлаг гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн бөгөөд элчин сайдын яамнаас суралцах зөвшөөрөл олгоогүй тохиолдолд үйлчилгээний хөлсийг буцаан олгохгүй, харин нэг улс руу үнэ төлбөргүй зуучилна гэж гэрээний 7-д заасан. Виз гарах асуудал нь биднээс 100 хувь шалтгаалахгүй, ярилцлаганд орж байгаа хувь хүнээс ч ихээхэн шалтгаалдаг. Гэрээнд заагдсан үйлчилгээ тус бүр хураамжийн зохих хувь хэмжээг эзэлж явдаг. Гэвч бид виза гараагүй учраас өгсөн үйлчилгээний хураамжаас 1000 долларыг буцаан өгөх бөгөөд ажлын 52 хоногт багтаан уг төлбөрийг Б.Төрмөнхийн дансанд шилжүүлнэ. Гэхдээ өмнө өгсөн 500 000 төгрөгийг хасч тооцно. Б.Төрмөнх нь тухайн үед бидэнтэй 1000 долларыг буцаан авахаар ярилцаж байсан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Нью войс" ХХК-иас 6 872 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Төрмөнхөд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Төрмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Нью войс" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 124 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Төрмөнхөд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нь гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон үүсэхээр хууль тогтоогч зохицуулсан. Гэтэл хэрэгт авагдсан "Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ", гадаад улсад суралцах захиалгын хуудас зэрэг бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь нотлогддог ба нэхэмжлэгч энэ тал дээр маргадаггүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдээгүй, гэрээндээ өөрчлөлт оруулах талаар тохирсон. Хэдийгээр талууд Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хариуцагч нь гэрээнд заасан холбогдох зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэхээр тохиролцсон боловч виз найдвартай гаргах баталгаа өгөөгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, визийг зуучлагч тал гаргаж өгөх эрх зүйн үндэс байхгүй. Эрх бүхий байгууллага буюу тухайн улсын элчингээс визийг олгодог, виз олгох хугацааг тохиролцоогүй, тохиролцох боломжгүй учир гэрээний 3.2-т "Урилга ирэх, виз гарах хугацаа нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээс хамаардаг тул уг хугацааны талаар маргаан гарахгүйг талууд хүлээн зөвшөөрөв" гэж зохицуулсан. Тодруулбал, зуучлагч талын үйл ажиллагаанаас шалтгаалдаггүй тул хугацаа алдсан гэж үзэхгүй. Гэрээний хугацаа дуусаагүй, үргэлжилж буй нь гэрээнээс татгалзах үндэслэл, шаардлага болохгүй. Анх гэрээ байгуулахад төлсөн мөнгөө авч болохоор нэхэмжлэгч тал харж байгаа ч хариуцагч байгууллагаас авсан зөвлөгөө, үзүүлсэн үйлчилгээг харилцан буцаан өгөх боломжгүй, одоо АНУ явахаа больж байгаа гэдэг нь гэрээ байгуулахад үүссэн нэхэмжлэгчийн хүсэл зориг бус, мөнгөө буцаан авах гэсэн хувиа хичээсэн, хүсэл зоригоо үгүйсгэсэн шалтаг гэж үзэж байна. Иймд зуучлагч буюу үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдоогүй байхад хэрэгт авагдсан нотлох болон хэргийн үйл баримтыг бүх талаас нь судлалгүй, өнгөц дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, мөн зохигчдын тайлбар, шүүх дээр маргаж буй татгалзал, хурлын тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар нотлох баримт гэж үзнэ. Дээр дурдсанаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэн АНУ-ын элчингийн ярилцлага, визэнд 3 удаа оруулсан нь зохигчдын тайлбараар нотлогддог. Мөн шүүх баримтаар нотлогдохгүй байна гэсэн атлаа "зохигчид гэрээг байгуулснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрч, АНУ-ын элчин сайдын яам нэхэмжлэгчид АНУ-д нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаа болно." гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.
Б.Төрмөнх нь Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсны дараа буюу 2016 оны 06-р сарын 15-ны өдөр 3 000 ам.доллар үйлчилгээний хөлсөнд төлсөн. Иймээс Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг үүсэх үеийн ханшаар буюу 2016 оны 06-р сарын 15-ны өдрийн ханшаар тооцох байтал Монгол банкнаас зарласан 2017 оны 08-р сарын 04-ний өдрийн ханшаар тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 12-р сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхийн өмнө гэрч оролцуулах, нотлох баримт шинээр гаргаж өгөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хуульд зааснаар хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг гаргасан боловч хүлээн аваагүй, шүүх хуралдааны явцад харааны бэрхшээлээс шалтгаалан толгой эргэж цаашид шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болоход хуралдааныг үргэжлүүлсэн зэрэг нь мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.
Шүүгч уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн тул шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргахад хүлээн авалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-т заасныг зөрчиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Төрмөнх нь хариуцагч Нью войс ХХК-д холбогдуулан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзсаныг баталж, 6 872 020 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 1 000 ам.долларыг буцаан төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно, Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж тус тус зааснаас гадна Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т ...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх шаардлага тавигдсан байна.
Хэрэгт авагдсан Нью войс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Э.Батбаатарыг тус компанийн захирлаар томилсныг бүртгэсэн /хх-18/, уг бүртгэлд өөрчлөлт орсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Э.Батбаатарыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхээр байх тул хариуцагч байгууллагын захирал гэх М.Мартагийн тайлбарыг зохигчийн тайлбар гэж үзэхэд эргэлзээтэй байхаас гадна Нью войс ХХК-ийг шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг Э.Дашдаваад олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхихдоо үндэслэл муутай дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй нь буруу болжээ. Иймд хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Нью войс ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 124 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Н.БАТЗОРИГ