Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00116

 

   Б.Цэрэндуламын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05703 дугаар шийдвэр,                                                                                     

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1858 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Цэрэндулам

Хариуцагч : Б.Батсугар

Хариуцагч : Хөтөлтэмүүжин ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага : Б.Батсугараас 95.335.272 төгрөг

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага :  Хөтөл тэмүүжин ХХК-иас 19.006.396 төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэрэндулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Б.Батсугарын өмгөөлөгч, Хөтөлтэмүүжин ХХК-ийн төлөөлөгч  Т.Урангэрэл, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 8 дугаар сараас эхлэн Хөтөлтэмүүжин ХХК-ийн захиралтай тохиролцон БНХАУ-ын Эрээн хотоос цемент нийлүүлэхээр болсон. Ингээд 2014 оны 8 сараас 2015 оны 01 сар хүртэлх хугацаанд 1216 тн буюу 201.400.000 төгрөгийн цемент Б.Батсугарт нийлүүлж үүнээс 141.676.200 төгрөг төлөгдсөн. Үлдэх 59.723.800 төгрөгийг төлөөгүй. Хятад талын Ши Лян нь хийсэн гэрээгээр мөнгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдөр тутамд үнийн дүнгийн 3% алданги төлөхөөр тохирсон. Иймд Б.Батсугарын төлөөгүй 59.723.800 төгрөг, алданги  130.496.345 төгрөгийг одоо болтол шаардаж байгаа. Би Замын Үүдээс цемент илгээхдээ  Б.Батсугарын нэрээр илгээж байсан тул цементийн үнэ 59.723.800 төгрөгийг хохирол 35.386.272 төгрөгийн хамт нийт 95.110.072 төгрөгийг Б.Батсугараас гаргуулж өгнө үү. Б.Батсугар нь 2014 оны 10-р сард надад “... манай ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж  өгөөч...сүүлд нь татварыг чинь өгнө...” гэж, итгэмжлэл хийж өгсөн учир би 21 вагон цементийн гаалийн бүрдүүлэлтийг Хөтөлтэмүүжин ХХК-ийн нэрээр хийж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг би төлсөн. Гэтэл уг 21 вагоны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 22.399.000 төгрөг төлөөгүй. Иймд цементийн үнийн үлдэгдэл 59.723.800 төгрөг, хохирол 35.386.272 төгрөг, нотлох баримт гаргуулсны хөлс 85.000 төгрөг унааны зардал 79.100 төгрөг нийт 95.335.272 төгрөгийг Б.Батсугараас, Хөтөлтэмүүжин ХХК-иас 19.006.396 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Батсугар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Цэрэндуламаас өмнө нь 20 вагон цемент авч үнэ болох 200 сая төгрөгийг тэр дор нь шилжүүлж өгсөн. Тэр үед Б.Цэрэндулам надад “...Та дахин цемент авах уу?” гэж асуухад нь би “...авна  гэхдээ  мөнгө орж ирэх үед бага хэмжээгээр өдөрт  нэг  вагоныг бол авна. Илүүг чадахгүй...” гэсэн хариу  өгсөн. Тэгэхэд “...дараа нь мөнгийг нь шилжүүлчхээд болно...” гэж хэлсэн. Гэтэл 2014.8.17-ны өдрөөс эхлэн нийт 4 өдөр 3, 4, 5 вагоноор Б.Цэрэндуламаас цементүүд орж ирсэн.Ингээд нийт 39 вагон цемент ирсэн бөгөөд вагон болгоноос цементийн тоо ширхэг дутуу, зарим нь чулуутай ирж байсан.  Нэхэмжлэлд БНХАУ-ын иргэн Эрээн хотын иргэн Ши Лян гэдэг хүнийг дурдсан байгаа бөгөөд би ийм хүнийг танихгүй. Би Б.Цэрэндуламтай болон дээрх Ши Лянтай ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Би дээрх 19 вагон цементийн үнэ 191.900.000 төгрөгөөс Б.Цэрэндуламд нийт 142.376.200 төгрөг шилжүүлсэн. Нэг вагон цементийг тохирсон ёсоор 10.100.000 төгрөгөөр тооцоход одоо 49.523.800 төгрөгийн үнэ бүхий цементийн үлдэгдэл байгаа бөгөөд тэрээр 18 вагоны 18.180.000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шилжүүлээгүйг хасаад нэхэмжлэлээс 31.343.800 төгрөгийн шаардлагыг  зөвшөөрч болно.  /хх 39-40/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05703 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан Б.Батсугараас 59.024.000 төгрөг гаргуулж Б.Цэрэндуламд олгож, нэхэмжлэлээс 36.311.272 төгрөгийн шаардлагыг  Хөтөлтэмүүжин ХХК-иас 19.006.396 төгрөг гаргуулах шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан   Б.Цэрэндуламаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 776.700 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Батсугараас улсын тэмдэгтийн хураамжид 453.070 төгрөг гаргуулж Б.Цэрэндуламд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1858 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Б.Батсугараас 49.524.400 төгрөг гаргуулан Б.Цэрэндуламд олгож, нэхэмжлэлийн  үлдэх шаардлагыг Хөтөлтэмүүжин ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгосон байна.   

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны  шүүх цементийн үнийг Б.Батсугарын тайлбараар 10.100.000 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй.  Анхан шатны шүүх хариуцагч нь худалдан авсан цементийн төлбөрт нийт 42.376.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд "нэг вагон цементийн үнэнд Сугараагаас" гэж, 10.800.000 төгрөг  шилжүүлсэн нь хэрэгт буй баримтаар тогтоогдож байх тул 1 вагон цементийг 10.600.000 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Хэргийн 8-11 хуудсанд авагдсан нотлох баримтуудыг ямар байдлаар яаж үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй. Хоёр шатны шүүх 19.006.396 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байгаа нь ойлгомжгүй. Б.Батсугар бид 2-ын хоорондын маргаан бүхий цементийн асуудалтай огт холбоогүй асуудал. Цаг хугацааны хувьд зөрүүтэй юм. Цемент нийлүүлэлт нь 2014 оны 8 сард бөгөөд үүний дараа Хөтөлтэмүүжин ХХК-ийн итгэмжлэлээр Б.Батсугарын гуйлтаар 2014 оны 9 сараас эхлэн тэднийд нийлүүлж бүй цементийн бичиг баримтын бүрдүүлэлтэд дээр би бие дааж   гүйцэтгэсэн ажиллагааны зардал, энэ бүгдийг би түүнд итгэж өөрөөсөө бүх зардлыг гаргаж төлж байсан. Үүнийг ялгаж салгаж зөв дүгнэж өгөхийг хүсэж байна. Хэрвээ Хөтөлтэмүүжин ХХК-иас зардал гарсан бол Б.Батсугараас гаалийн бичиг баримтын холбогдол бүхий миний гаргаж өгсөн баримтуудыг ямар нэгэн няцаалтыг өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг  хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Б.Цэрэндулам нь Б.Батсугараас 95.335.272 төгрөг, Хөтөлтэмүүжин ХХК-иас 19.006.396 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх Б.Батсугараас 59.024.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг Хөтөлтэмүүжин ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгожээ.  

Давж заалдах шатны шүүх Б.Батсугараас 49.524.400 төгрөг гаргуулах, үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээсэн байна.    

Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Цэрэндуламын нэхэмжлэлийг тодруулах шаардлагатай байна. Нэхэмжлэгч нь  хуулийн этгээдтэй буюу Хөтөлтэмүүжин ХХК-ийн захиралтай тохиролцож 1216 тонн цемент нийлүүлсэн гэж нэхэмжлэл болон тайлбартаа дурдсан байхад шүүх төлбөрийг иргэнээс гаргуулсан үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ. 

Түүнчлэн, Хөтөлтэмүүжин ХХК-иас нэхэмжилсэн 19.006.396 төгрөг нь нэхэмжлэлийн эхний шаардлагад дурдсан 1216 тонн цементийн эсхүл өөр цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар эсэхийг шүүх тодруулаагүй, зохигчид  мэтгэлцээгүй байх тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05703 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1858 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 300.450 төгрөгийг Б.Цэрэндуламд захирамжаар буцаан олгосугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ