Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 5703

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ТИ83031363 регистрийн дугаартай, Дорноговь аймаг, Замын-үүд 1 дүгээр баг, Гэгээн хотхон 144-А-07 тоотод оршин суух Боржигон овогт Баасандоржийн Цэрэндуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ФБ73092801 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6/2 байр, 17 тоотод оршин суух, Монгол овогт Базарсадын Батсугар,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5360544 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6/2 байр, 17 тоотод оршин байх, “Хөтөлтэмүүжин” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 123.734.272 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэрэндулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Б.Батсугар, хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэрэндулам түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сараас эхлэн “Хөтөлтэмүүжин” ХХК-ийн захирал Батсугартай харилцан тохиролцон БНХАУ-ын Эрээн хотоос цемент нийлүүлэхээр болсон. Ингээд 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 1 сар хүртэлх хугацаанд 1216 тн буюу 201.400.000 төгрөгийнц цементийг Батсугарт нийлүүлж үүнээс надад 141.676.200 төгрөгийг эргүүлэн төлж үлдэх 59.723.800 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрсэн юм. Би энэ цементийг өөрийн мөнгөөр авч нийлүүлдэггүй БНХАУ-ын Эрээн хотын иргэн Ши Лянтай гэрээ хийсний дагуу зээлээр цемент авч Батсугарт нийлүүлж байсан. Ши Лянтай цемент борлуулах гэрээгээр мөнгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдөр тутамд үнийн дүнгийн 3 хувиар алданги төлөхөөр тохирсон тул Батсугарын төлөөгүй 59.723.800 төгрөгийг алдангийн хамт 130.496.345 төгрөгийг надаас одоо болтол төлөхийг шаардаж байгаа. Энэ байдлаас болж Эрээн хот руу зорчих бөгөөд манай нөхөр ч ачаа ачих боломжгүй байдалд ороод байна. Иймээс бид ямар ч ажил хийж орлого олохгүй эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод байна. БНХАУ-ын иргэн Ши Лян надаас 59.723.800 төгрөгийн алдангийг 0.3 хувиар тооцож 70.772.545 төгрөгийг шаардаж байгаа. Би Замын үүдээс цемент илгээхдээ зөвхөн Б.Батсугарын нэрээр илгээж байсан тул Цементийн үнэ 59.723.800 төгрөгийг хохирол 35.386.272 төгрөг нийт 95.110.072 төгрөгийг Батсугараас нэхэмжилж байна. Батсугар нь “Хөтөлтэмүүжин” ХХК-ийн захирал юм. Тэр 2014 оны 10 дугаар сард над руу яриад “Чи манай ХХК-ийн нэрэн дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд өгөөч. Би сүүлд нь чамд татварыг чинь өгнө” гэсэн. Ингээд надад итгэмжлэл хийж өгсөнөөр би 21 вагон цементийн гаалийн бүрдүүлэлтийг Хөтөлтэмүүжин ХХК-ийн нэрээр хийж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг би өөрөө төлсөн. Харин Батсугар надад уг 21 вагоны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 22.399.000 төгрөгийг надад өнөөг хүртэл төлөөгүй хохироосоор байна. Иймээс “Хөтөлтэмүүжин” ХХК-ийн нэрээр төлөгдсөн 21 машины гаалийн татвар 22.399.000 төгрөгийг “Хөтөлтэмүүжин” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний хувьд цементийн илгээгчийн орлогоор амьдралаа залгуулж явдаг тул ар гэрийн амьдралд ч хүндээр тусч байна. Иймд Б.Батсугараас цементийн үнийн үлдэгдэл 59.723.800 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 35.386.272 төгрөг, нотлох баримт гаргуулсны хөлс 85.000, өмгөөлөгчийн хөлс 6.000.000 төгрөг унааны зардал 79.100 төгрөг нийт 101.335.272 төгрөгийг хариуцагч Б.Батсугараас, Батсугарын “Хөтөлтэмүүжин” ХХК-иас 21 вагон цементийн гаалийн болон НӨАТ 22.399.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гаалийн газраас авсан баримтын дагуу хариуцагч “Хөтөлтэмүүжин” ХХК-иас 19.006.396 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаа 3.392.604 төгрөгөөр, хариуцагч Б.Батсугараас гаргуулах 101.335.272 төгрөгөөс өмгөөлөгчийн хөлс 6.000.000 төгрөгийг хасаж 95.335.272 төгрөг болгон тус тус багасгаж байна гэв.

 

Хариуцагч Б.Батсугар түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би БНХАУ-ын Эрээн хот дахь Тун-Хуй цементийн үйлдвэрээс цемент авдаг байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын эхээр уг компаний менежер Тинхуатай ярьж 20 вагон цементийг 10.000.000х20=200.000.000 төгрөгөөр авахаар болсон. Уг үйлдвэрийн илгээгч болох Булганаас 10 вагон, Цэрэндуламаас 10 вагон тус тус авахыг мэдэгдсэн. Гэтэл Цэрэндулам утсаар ярьж “Надаас 20 вагоныг бүгдийг нь авчих” гэж хэлсэн. Би 20 вагон цементний үнэ болох 200.000.000 төгрөгийг тэр дор нь шилжүүлээд цементээ авсан. Эдгээр 20 вагон цементийг Цэрэндулам бүгдийг нь илгээсэн. Энэ 20 вагон цементийг авах үед Цэрэндулам надаас “Та дахиад цемент авах уу” гэж асуухад нь би авна угаасаа миний ажил л юм чинь авна. Харин одоо бол надад бэлэн мөнгө байхгүй. Байсан мөнгөөрөө цемент авчихлаа. Мөнгө орж ирэх үед бага хэмжээгээр өдөрт 1 вагонийг бол авна. Илүүг бол чадахгүй” гэсэн хариуг өгөхөд “Та дараа нь мөнгийг нь шилжүүлчихэд болно” гэж хэлсэн. Гэтэл 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нийт 4 өдөр 3, 4, 5 вагоноор Цэрэндуламаас цементүүд орж ирсэн. Би тухайн үед нь “Яагаад ийм их хэмжээгээр нийлүүлж байгаа юм бэ? Борлуулалт багассан байгаа. Цементээ буцаагаад ав эсвэл өөр хүнд өг” гэхэд урдаас хэрэлдээд байсан тул “Чамтай хэрэлдэх цаг биш. Энэ цементүүдээ ав” гэж хэлсэн. Тэрээр цементээ аваагүй. Ингээд нийт 39 вагон цемент ирсэн бөгөөд вагон болгоноос цементийн тоо ширхэг дутуу, зарим нь чулуутай ирж байсан. Би тухайн үед юм хэлээгүй өнгөрсөн. Тун-Хуй үйлдвэрийн менежер Тян-Хуагаас манай компани дээр орж ирсэн 20 вагон цементний гаалийг илгээсэн Цэрэндуламаас ав гэхэд тэрээр 21 вагон цементний НӨАТ-ын баримтыг өгөөд, өөрийн нийлүүлсэн 18 вагон цементийн НӨАТ-ын баримтыг ирүүлээгүй юм. Нэхэмжлэлд БНХАУ-ын иргэн Эрээн хотын иргэн Ши Лян гэдэг хүнийг дурдсан байгаа бөгөөд би ийм хүнийг танихгүй. Би Цэрэндуламтай болон дээрх Ши Лянтай ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Зөвхөн Тун-Ху компаний менежер Тинхуатай амаар тохирсон ёсоор цементээ авдаг байсан. Би дээрхи 19 вагон цементийн үнэ 191.900.00 төгрөгөөс Цэрэндуламд “Хас” банкаар 109.600.000 төгрөгийг, “Хаан” банкаар 17.600.000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 03-нд 5.250.000 төгрөгийг, 2015 оны 05 сарын 30-нд 9.926.200 төгрөгийг, нийт 142.376.200 төгрөгийг шилжүүлсэн юм. Нэг вагон цементийг тохирсон ёсоор 10.100.000 төгрөгөөр тооцоход одоо 49.523.800 төгрөгний үнэ бүхий цементийн үлдэгдэл байгаа бөгөөд тэрээр надад 18 вагоны 18.180.000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шилжүүлээгүй. Үүнийг хасаад 31.343.800 төгрөгийн үлдэгдэл байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрч болно. Харин 59.723.800 гэж үлдэгдэл мөнгөний тооцоог шударга бусаар гаргаж үүний алданги гэх 35.386.272 төгрөг, нотлох баримт гаргуулсны хөлс 85.000, өмгөөлөгчийн хөлс 6.000.000 төгрөг унааны зардал 79.100, НӨАТ 22.399.000 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Цэрэндуламын өмнө хүү алданги тооцуулахаар гэрээгээр үүрэг хүлээгээгүй атал хохирол алданги нийлсэн 92.329.372 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байгаа тул энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд түүний нэхэмжилсэн 123.673.172 төгрөгийн нэхэмжлэлээс үндэслэлгүй нэхэмжилсэн 92.329.372 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон үлдэх цементийн үнэ 31.343.800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Цэрэндулам нь хариуцагч Б.Батсугарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 59.723.800 төгрөг, алданги 35.386.272 төгрөг, өмгөөлллийн хөлс 6.000.000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 85.000 төгрөг, унааны зардал 79.100 төгрөг нийт 101.335.272 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж шүүх хуралдааны явцад өмгөөллийн хөлс 6.000.000 төгрөгөөс татгалзаж нийт 95.335.272 төгрөг, хариуцагч “Хөтөлтэмүүжин” ХХК-иас НӨАТ-ын үнэ 22.399.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж шүүх хуралдааны явцад 3.392.604 төгрөгөөс татгалзаж нийт 19.006.396 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн.

            Хариуцагч Б.Батсугар нэхэмжлэлийн шаардлагаас 31.343.800 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсэгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

            Нэхэмжлэгч Б.Цэрэндулам 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд БНХАУ-ын Эрээн хотоос 19 вагон цемент нийлүүлэх, хариуцагч Б.Батсугар нь цементийг хүлээн авч хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд 19 вагон цемент нийлүүлсэн, хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй болно.

            Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд  шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд хуульд заасан худалдах-худалдан гэрээ байгуулагджээ.

            Нэхэмжлэгч Б.Цэрэндулам нь 1 вагон цементийг 10.600.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч  Б.Батсугар цементийн үнээс 141.676.200 төгрөгийг төлж үлдэгдэл 59.723.800 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, хариуцагч Б.Батсугар нь 1 вагон цементийг 10.100.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж маргаж байна.

            Хариуцагч нь худалдан авсан цементийн төлбөрт нийт 142.376.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд, “нэг вагон цементийн үнэнд Сугараагаас” гэж 10.800.000 төгрөгийг шилжүүлж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул талууд 1 вагон цементийг 10.600.000 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 8-11 дүгээр тал/

            Иймд нэхэмжлэгч Б.Цэрэндулам нь 1 вагон цементийг 10.600.000 төгрөгөөр тооцон үлдэгдэл цементийн үнийг шаардах эрхтэй, хариуцагч Б.Батсугар нь /10600.000х19=201.400.000/ үүнээс төлсөн 142.376.000 төгрөгийг хасаж 59.024.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

            Нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Ши лянтай хийсэн гэрээний дагуу цементийг нийлүүлдэг бөгөөд хариуцагч цементийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй улмаас тухайн иргэн цементийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа үндэслэлээр хариуцагчаас алданги 35.386.272 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, заасан бөгөөд талууд үүргийг гүйцэтгэж дуусах хугацааг харилцан тохиролцоогүй, түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэнтай байгуулсан гэрээгээр төлөх алданги нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй байна.

Нотлох баримт хуулбарласны 85.000 төгрөг, унааны зардал 79.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замын Удирдах газрын 7 дугаар сар, Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн тасалбарыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд түүнийг уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор гарсан зайлшгүй зардал гэдгийг шууд нотлохгүй, уг баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар бодитой, эргэлзээгүй гэж үнэлэх үндэслэл тогтоогдсонгүй тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна гэж үзэв. /хх-ийн 3-5 дугаар тал/

Хариуцагч “Хөтөлтэмүүжин” ХХК-иас НӨАТ-ын үнэнд 19.006.396 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нь хариуцагчид худалдсан цементийн үнэнд НӨАТ-ын үнэ ороогүй болохоо баримтаар нотлоогүй болно.

Мөн худалдсан цементийн үнийг хариуцагч Б.Батсугараас, НӨАТ-ын үнийг хуулийн этгээд буюу “Хөтөлтэмүүжин” ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болохыг дурдаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Батсугараас 59.024.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэрэндуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36.311.272 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч “Хөтөлтэмүүжин” ХХК-иас 19.006.396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батсугараас 59.024.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэрэндуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36.311.272 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч “Хөтөлтэмүүжин” ХХК-иас 19.006.396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэндуламаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 776.700 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батсугараас улсын тэмдэгтийн хураамжид 453.070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэрэндуламд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 22779 дугаар захирамж хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                   

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                    Л.ЭНХЖАРГАЛ