Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/02461

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/02461

 

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02036 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 648 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ХХХ, ХХХХ нар зээлийн гэрээ байгуулж 6 800 000 төгрөгийг 5 сарын хугацаатай нэг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээнд заасан ёсоор зээлдэгч нь 2017 оы 4 дүгээр сарын 4-ний өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх ёстой байсан. Гэвч ХХХХ нь өнөөдрийг хүртэл нэг ч

төгрөгийн эргэн төлөлт хийхгүй гэрээний үүргээ зөрчиж надад хохирол учруулж байна. Иймд иргэн ХХХХээс зээлийн гэрээний үндсэн зээл 6 800 000 төгрөг, зээлийн хүү 2 448 000 төгрөг нийт 9 248 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар 0,4 хувиар алданги тооцож алдангид нийт 3 400 000 төгрөгийг нэмж нэхэмжилж нийт 12 648 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ХХХХ шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие иргэн ХХХтай ямар нэг зээлийн гэрээ байгуулж, түүнээс мөнгө зээлээр авч байгаагүй, дүү ХХХ-ааc 2 удаа мөнгө авч байсан. Харин ХХХ надтай 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр нэг удаа уулзаад 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн зээлийн гэрээг нөхөж нотариатаар орж хийсэн. Би ХХХаас ямар нэг бичгийн гэрээ хийлгүйгээр дүү ХХХ-аар дамжуулж 2015 оны 8 дугаар сарын сүүлээр 4 800 000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар авсан. Дараа нь мөн дүү С.ХХХ-аар дамжуулж 2015 оны 11 дүгээр сард 10 000 000 төгрөгийг мөн ямар нэг гэрээ бичгээр хийлгүйгээр 1 сарын хугацаатайгаар авсан. Ингээд эхний зээлийн хүүг сар бүрт нь 6 хувиар тооцож төлсөн бөгөөд 2015 оны 9-10 сард 1 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 13 800 000 сая төгрөгийн хүү 828 000 төгрөгийг 6 сар төлсөн. Үндсэн зээлээс 7 000 000 төгрөг төлсөн. Ер нь бол дүү С.ХХХ-аар дамжуулж ХХХт бүгд 13 544 000 төгрөг төлсөн. Дүү С.ХХХ-аар дамжуулж 2015 оны 8 дугаар сарын сүүлээр 4,800,000 төгрөг авсан 2 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй 2 сарын хүү 576 000 төгрөгийг нь хугацаанд нь өгч байсан. Үүнээс 1 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүү тооцож дүү С.ХХХ-аар дамжуулж авсан.  Өмнөх зээлийн үлдэгдэл 3 800 000 төгрөгийг нэмж 13 800 000 төгрөгийн хүү 828 000 төгрөгийг 6 сарын турш төлсөн. Ингээд 2016 оны 6 дугаар сард 5 000 000 төгрөг, 8 дугаар сард 1 000 000 төгрөг тус бүр дүү ХХХ-ийн дансаар болон ХХХ-д бэлнээр дамжуулан төлсөн. 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр дүү ХХХХ биднийг ХХХ дуудаж уулзаад Зээлийн гэрээг нөхөж хийж, нотариатчаар гэрчлүүлсэн юм.

Одоо ХХХ нь нэгэнт шүүхэд өгсөн болохоор миний бие нь хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Ингэхээр тооцоо хийвэл 4 800 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүгээр тооцож бодохоор 2 сарын хүү 576 000 төгрөг болно. Үүнээс 1 000 000 төгрөгийг мөн төлсөн. Ингэхээр хуульд зааснаар тухайн үед Зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учир хүү тооцогдохгүй. Дүү ХХХ-д төлсөн мөнгө 4 800 000 төгрөгөөс төлсөн 1 000 000 төгрөгийг хасвал 3 800 000 төгрөгийн үлдэгдэл байна. Дараагийн 10 000 000 төгрөгийн 1 сарын хүү 600 000 төгрөг болно. Хуульд заасан журмаар 10 000 000 төгрөгийн үндсэн зээлээс 7 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3 000 000 төгрөг болно. Ингээд үндсэн эхний зээлийн үлдэгдэл 3 800 000 төгрөг, дээр нь сүүлийн зээлийн 3 000 000 төгрөг бүгд 6 800 000 төгрөг эхний болон сүүлийн зээлийн бүгд 13 800 000 төгрөгөөр тооцсон хүү болох 828 000 төгрөгийг 6 сар төлсөн хүү болох 4 968 000 төгрөг байгаа үүнийг хасвал 1 832 000 төгрөг үлдэж байна. Гэсэн ч ХХХ бид эхнээсээ уулзаж хуульд зааснаар зээлийн гэрээ, түүний хүүг бичгээр хийж тохироогүй учир энэхүү 2 удаагийн зээлийн хүү нь огт тооцогдохгүй болно. Ингээд бодохоор эхний зээлийн хүү нь огт тооцогдохгүй болно. Ингээд бодохоор эхний зээлийн хүү болох 576 000 төгрөг, дараагийн зээлийн хүү 600 000 төгрөгийг тооцож авах эрхээ нэхэмжлэгч алдаж байгаа гэж үзэхэд 1 176 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл 1 832 000 төгрөгийг хасвал 656 000 төгрөг болно. Иймд миний бие нь нэхэмжлэгч ХХХт 656 000 төгрөг л төлөх юм. ХХХ бид эхнээсээ зээлийн гэрээ хийгээгүй, нэхэмжлэлд өгсөн зээлийн гэрээг нотариатчаар нөхөж хийж гэрчлүүлсэн болохоор энэ гэрээг үндэслэн тооцоо хийх боломжгүй юм. Иймээс ХХХ-ийн нийт 9 248 000 төгрөгийн нэхэмжлэлээс 8 592 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт 12 240 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217 320 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:

 

... Хариуцагч ХХХХ нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа дүү С.ХХХ-аар дамжуулж 2 удаа мөнгө авч байсан, 2015 оны 8 сарын сүүлчээр 4 800 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 10 000 000 төгрөг авсан гэж тайлбарласан бөгөөд шүүх хуралдаан дээр ч энэ талаараа хэлж байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт ХХХ-аас 14 800 000 төгрөг авсан байна, харин ХХХаас мөнгө авалгүйгээр зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэдэг нь хэрэв талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тохиолдолд мөнгө өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох зохицуулалт гэж үзэж байна. Манай тохиолдолд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 6 800 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр гэрээний дагуу нэхэмжлэгч шаардлагаа үндэслэж байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар зээлдэгч ХХХХ нь 14 800 000 төгрөг зээлж авснаас 8 000 000 төгрөг төлж, 6 800 000 төгрөг үлдсэнийг хүлээн зөвшөөрч, улмаар уг үнийн дүн дээр хугацааг, хүү, алданги тооцож, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, дээрх зээлийн гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байхад түүнийг үнэлсэнгүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02036 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ хариуцагч ХХХ-т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 6 800 000 төгрөг, зээлийн хүү 2 448 000 төгрөг, алданги 3 400 000 төгрөг, нийт 12 648 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч уг зээлийн гэрээгээр мөнгө аваагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ-т 6 800 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 3 тал/

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХээс 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж, харин хариуцагч нь иргэн н.ХХХ-аар дамжуулан авсан өөр зээлийн гэрээний үүргийн талаар тайлбарлажээ. /хх 1,3,13,25,26 тал/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд талууд хэдийгээр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байх боловч гэрээний зүйл болох 6 800 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч ХХХ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох дээрх гэрээний дагуу мөнгө өгсөн талаарх нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний гэрээний үүргээс өөр зээлийн гэрээний асуудлаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нөлөөлөх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй юм.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02036 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, уг заалтаас ... 282 дугаар зүйлийн 282.4 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 790 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.МӨНХЗУЛ

  ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

                                                          Ц.ИЧИНХОРЛОО