Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2036

 

 

 

 

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/02036

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо Буянт Ухаа 18 дугаар гудамж 611 тоотод оршин суух, Алтан босго овогт Г.Т /РД:/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапид харш 5а байр 20 тоотод оршин суух, Амбаа овогт Д.Э /РД:/

Зээлийн гэрээний үүрэгт 12 648 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Г.Т, Д.Э нар зээлийн гэрээ байгуулж 6 800 000 төгрөгийг 5 сарын хугацаатай нэг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээнд заасан ёсоор зээлдэгч нь 2017 оы 4 дүгээр сарын 04-ний өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх ёстой байсан. Гэвч Д.Э нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийхгүй гэрээний үүргээ зөрчиж надад хохирол учруулж байна. Иймд иргэн Д.Эээс зээлийн гэрээний үндсэн зээл 6 800 000 төгрөг, зээлийн хүү 2 448 000 төгрөг нийт 9 248 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар 0,4 хувиар алданги тооцож алдангид нийт 3 400 000 төгрөгийг нэмж нэхэмжилж нийт 12 648 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие иргэн Г.Ттай ямар нэг зээлийн гэрээ хийж, түүнээс мөнгө зээлээр авч байгаагүй, дүү С.Гэрэлмааc 2 удаа мөнгө авч байсан. Харин Тунгалаг надтай 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэг удаа уулзаад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн зээлийн гэрээг нөхөж нотариатаар орж хийсэн. Би Г.Таас ямар нэг бичгийн гэрээ хийлгүйгээр дүү Гэрэлмаагаар дамжуулж 2015 оны 8 дугаар сарын сүүлээр 4,8 сая төгрөгийг 2 сарын хугацаатайгаар авсан. Дараа нь мөн дүү Гэрэлмаагаар дамжуулж 2015 оны 11 дүгээр сард 10 сая төгрөгийг мөн ямар нэг гэрээ бичгээр хийлгүйгээр 1 сарын хугацаатайгаар авсан. Ингээд эхний зээлийн хүүг сар бүрт нь 6 хувиар тооцож төлсөн бөгөөд 2015 оны 9-10 сард 1 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 13,8 сая төгрөгийн хүү 828,000 төгрөгийг 6 сар төлсөн. Үндсэн зээлээс 7,000,000 төгрөг төлсөн. Ер нь бол дүү Гэрэлмаагаар дамжуулж Тунгалагт бүгд 13 544 000 төгрөг төлсөн. Дүү Гэрэлмаагаар дамжуулж 2015 оны 8 дугаар сарын сүүлээр 4,800,000 төгрөг авсан 2 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй 2 сарын хүү 576 000 төгрөгийг нь хугацаанд нь өгч байсан. Үүнээс 1 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүү тооцож дүү Гэрэлмаагаар дамжуулж авсан.  Өмнөх зээлийн үлдэгдэл 3 800 000 төгрөгийг нэмж 13 800 000 төгрөгийн хүү 828 000 төгрөгийг 6 сарын турш төлсөн. Ингээд 2016 оны 6 дугаар сард 5 сая төгрөг, 8 дугаар сард 1 сая төгрөг тус бүр дүү Гэрэлмаагийн дансаар болон Гэрэлмаад бэлнээр дамжуулан төлсөн. Шүүхэд өгсөн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дүү Гэрэлмаа биднийг Тунгалаг дуудаж уулзаад Зээлийн гэрээг нөхөж хийж, нотариатчаар гэрчлүүлж хийсэн юм.

Одоо Г.Т нь нэгэнт шүүхэд өгсөн болохоор миний бие нь хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Ингэхээр тооцоо хийвэл 4 800 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүгээр тооцож бодохоор 2 сарын хүү 576 000 төгрөг болно. Үүнээс 1 сая төгрөгийг мөн төлсөн. Ингэхээр хуульд зааснаар тухай үед Зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учир хүү тооцогдохгүй. Дүү Гэрэлмаад төлсөн мөнгө 4 800 000 төгрөгөөс төлсөн 1 сая төгрөгийг хасвал 3 800 000 төгрөгийн үлдэгдэл байна. Дараагийн 10 сая төгрөгийн 1 сарын хүү 600 000 төгрөг болно. Хуульд заасан журмаар 10 000 000 төгрөгийн үндсэн зээлээс 7 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3 000 000 төгрөг болно. Ингээд үндсэн эхний зээлийн үлдэгдэл 3 800 000 төгрөг үүн дээр сүүлийн зээлийн 3 000 000 төгрөг бүгд 6 800 000 төгрөг эхний болон сүүлийн зээлийн бүгд 13 800 000 төгрөгөөр тооцсон хүү болох 828 000 төгрөгийг 6 сар төлсөн хүү болох 4 968 000 төгрөг байгаа үүнийг хасвал 1 832 000 төгрөг үлдэж байна. Гэсэн ч Г.Т бид эхнээсээ уулзаж хуульд зааснаар зээлийн гэрээ, түүний хүүг бичгээр хийж тохироогүй учир энэхүү 2 удаагийн зээлийн хүү нь огт тооцогдохгүй болно. Ингээд бодохоор эхний зээлийн хүү нь огт тооцогдохгүй болно. Ингээд бодохоор эхний зээлийн хүү болох 576 000 төгрөг, дараагийн зээлийн хүү 600 000 төгрөгийг тооцож авах эрхээ нэхэмжлэгч алдаж байгаа гэж үзэхэд 1 176 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл 1 832 000 төгрөгийг хасвал 656 000 төгрөг болно. Иймд миний бие нь нэхэмжлэгч Г.Тт 656 000 төгрөг л төлөх юм. Г.Т бид эхнээсээ зээлийн гэрээ хийгээгүй, нэхэмжлэлд өгсөн зээлийн гэрээг нотариатчаар нөхөж хийж гэрчлүүлсэн болохоор энэ гэрээг үндэслэн тооцоо хийх боломжгүй юм. Иймээс Г.Тийн нийт 9 248 000 төгрөгийн нэхэмжлэлээс 8 592 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Д.Эт холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт 12 648 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүүгээ илүү нэхэмжилсэн байх тул 408 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж  үлдэх 12 240 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

       

         Хариуцагч Д.Э дүү Д.Гэрэлмаагаас нийт 14,8 сая төгрөг авсан,  буцаагаад 13 544 000 төгрөгийг дүүдээ төлсөн. Нэхэмжлэгч Г.Ттай  2016.11.04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу 6 800 000 төгрөгийг  нэхэмжлэгчээс аваагүй  гэж маргаж байна.

 

         Нэхэмжлэгч Г.Т 2016.11.04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчаас уг зээлийн гэрээний үүрэг 12 240 000 төгрөгийг нэхэмжилж байх тул шүүх тус гэрээний дагуу маргааныг хянан шийдвэрлэлээ.

    

        Хариуцагч Д.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр нэхэмжлэгч Г.Ттай зээлийн гэрээ байгуулан 6 800 000 төгрөгийг  6 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувийн алданги тооцох тухай зээлийн гэрээ хэрэгт авагджээ. /хх-3/

 

          Нэхэмжлэгч Г.Т 2016 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6 800 000 төгрөг,  хүү 2 040 000 төгрөг,  алданги 3 400 000 төгрөг  нийт 12 240 000 төгрөгийг  нэхэмжилсэн.

 

         Хариуцагч Д.Э нь 2016.11.04-нийн өдрийн зээлийн гэрээнд зурсан гарын үсэгт маргаагүй харин нэхэмжлэгч Г.Таас тус зээлийн гэрээний дагуу 6 800 000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

          Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан ба хариуцагч Д.Э 2016.11.04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний зүйлийг нэхэмжлэгчээс аваагүй гэж маргаж байх тул зээлдүүлэгч 2016.11.04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгчид зээлийн гэрээний зүйл болох 6 800 000 төгрөгийг  шилжүүлснээ нотлох үүрэгтэй.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Г.Т нь 2016.11.04-ний өдрийн зээлийн гэрээний зүйл болох 6 800 000 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнцэцэгт шилжүүлсэн болон өгсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

      Иймд нэхэмжлэгч хуульд заасан арга хэрэгслээр нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул  шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт 12 240 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч Г.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217 320 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ