Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00456

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00456

 

 

Ч.Отгонбаяр, Г.Цэрэннадмид нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02598 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, Г.Цэрэннадмид нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Соёлмаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 100 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Отгонбаяр, Г.Цэрэннадмид

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, Г.Цэрэннадмид нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч А.Соёлмаад 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 100 000 төгрөг буюу бэлнээр 100 000 төгрөг, дансаар 1 000 000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг өдөр бүр 46 000 төгрөгөөр төлөхөөр тохирсон. Үүнээс хойш 7 хоногийн дараа 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 8 нэрийн барааны дэлгүүр нээх гэж байгаа, мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 1 000 000 төгрөгийг зээлсэн. Тэрээр уг мөнгийг 7 хоногийн дараа өгөхдөө 100 000 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцсон. Гэтэл тэрээр үүнээс хойш мөнгө төлөлгүй, зээлийн гэрээний хугацааг нь сунгуулсаар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бид шинээр зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр 962 000 төгрөгийг 4 хоногийн дараа 38 000 төгрөг нэмж нийт 1 000 000 төгрөг болгон өгөхөөр тохирсон. Гэтэл хариуцагч ямар ч төлөлт хийгээгүй. Хариуцагч А.Соёлмаа нь өөрөө 138 000 төгрөгийн хүү өгөхөөр амласан. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 1 962 000 төгрөг, хүү 138 000 төгрөг нийт 2 100 00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Соёлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2017 оны 8 дугаар сард Ч.Отгонбаярын эхнэр болох Цээгий гэдэг хүнээс 1 000 000 төгрөгийг зээлж авсан боловч хийж байсан ажил зогсонги байдалд орсноор уг мөнгийг төлж чадаагүй тул хугацааг нэг сараар сунгасан. Одоо Ч.Отгонбаярт 1 200 000 төгрөгийг төлөхөөр тохиролцоонд хүрэх саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар А.Соёлмаагаас 1 962 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, Г.Цэрэннадмид нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 46 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, Г.Цэрэннадмид нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А.Соёлмаа давж заалдах гомдолдоо:

... Миний бие 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр н.Цэрэннадмидаас 1 000 000 төгрөгийг 100 000 төгрөгийн хүүтэй зээлж аваад үлдэгдэл 862 000 төгрөгийг төлж чадаагүй нь үнэн. Н.Цэрэннадмид над руу залгаж гэрээний хугацаа дууссан тул сунгая гэсний дагуу бид гэрээний хугацааг сунгаж, үлдэгдэл 862 000 төгрөгийг 1 000 000 төгрөг болгон 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Уг мөнгийг төлөх нь үнэн гэсэн баримт бичиж өг гэж шаардсан тул би бичиж өгсөн. Н.Цэрэннадмид 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр огт мөнгө өгөөгүй, би өмнөх мөнгөө төлж барагдуулаагүй учир баримтанд гарын үсэг зурсан, дахин нэмж мөнгө зээлээгүй. Тухайн үед н.Алтанзул, н.Нарантуяа гэх хүмүүс зээл авч байсан. н.Цэрэннадмидын нөхөр болох Ч.Отгонбаяр нь анхны шүүх хуралдаанд зээлийн үлдэгдэл 862 000 төгрөг хүү, алдангийн хамт 2 100 000 төгрөг болж байгаа гэж тайлбарлаж байсан боловч одоо 2 удаагийн зээл авсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Миний биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй, хурлыг хойшлуулах хүсэлтийг эмчийн магадлагааны хамт шүүхэд өгсөн. Гэвч уг хүсэлтийг шүүх харгалзахгүйгээр надаас 1 962 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна би аргагүй байдлын улмаас мөнгө зээлж, зээлсэн мөнгөө төлж чадаагүйн улмаас баримтад гарын үсэг зурснаас болж хохирч байгаа тул дахин шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, Г.Цэрэннадмид нар хариуцагч А.Соёлмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, хариуцагч А.Соёлмаа нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан бичгийн гэрээнүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа бөгөөд эхний буюу 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 1 100 000 төгрөгийг 24 хоногийн хугацаатай, өдөрт 46 000 төгрөгөөр төлөхөөр, хоёр дахь буюу 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 1 000 000 төгрөгийг зээлж, 2017 оны 9 дүгээр сарын 25-нд 500 000 төгрөг, 10 дугаар сарын 9-нд 500 000 төгрөгөөр тус тус буцаан төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 3-4 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд хүү болон алданги нэмж төлөхөөр тохирсон гэж байгаа боловч бичгээр хийсэн гэрээнд хүү болон алдангийн хэмжээний талаар тохиролцоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алданги 138 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч А.Соёлмаа нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбар гаргаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Хариуцагч А.Соёлмаа зээлийн гэрээний төлбөр 138 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд зохигчид уг асуудлаар маргаагүй болно. /хх-ийн 16-17 тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч А.Соёлмаагаас түүний төлсөн мөнгө 138 000 төгрөгийг хасч тооцон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 962 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, Г.Цэрэннадмид нарт олгож, мөн хүү, алдангид 138 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч А.Соёлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО