Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 02598

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 28 өдөр                  Дугаар 183/ШШ2017/02598                              Улаанбаатар хот

     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О ын нэхэмжлэлтэй,

ХариуцагС-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэг 2,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, Г.Цэрэннадмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өмнө нь биднээс мөнгө зээлдэг, тухайн үедээ зайрмагны цех ажиллуулдаг байсан. 2 удаа мөнгө зээлсэн, энэ талаар манай гэр бүлийн хүн тодорхой ярина” гэв.

 

Нэхэмжлэгч Г.Цэрэннадмид шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч А.Сд 2017 оны 08 сарын 15-ны өдөр 1 100 000 төгрөг буюу бэлнээр 100 000 төгрөг, дансаар 1 000 000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг өдөр бүр 46 000 төгрөгөөр төлөхөөр тохирсон. Үүнээс хойш 7 хоногийн дараа 2017 оны 8 сарын 21-ний өдөр 8 нэрийн барааны дэлгүүр нээх гэж байгаа тул надад туслаад дахин 1 000 000 төгрөгийг өгчих, 7 хоногийн дараа өгөхдөө 100 000 төгрөгийг нэмж өгье гэж авсан. Гэтэл 7 хоногийн дараа ямар ч мөнгө өгөлгүй, хугацааг нь сунгуулаад явсаар байж 09 сарын 11-ний өдөр шинээр гэрээ хийгээд өгчихье гэж хэлсэн. Ингэхдээ эхний 962 000 төгрөгийг 4 хоногийн дараа 38 000 төгрөг нэмж нийт 1 000 000 төгрөг болгож өгье, чи харин 8 сарын 21-ний өдөр авсан мөнгөний хугацааг сунгаад өгчих гэж 9 сарын 11-ний өдөр авсан мөнгөн дээр гэрээ хийсэн.  Гэтэл хариуцагч ямар ч төлбөр төлөөгүй. Хариуцагч А.С өөрөө нийт 138 000 төгрөгийн хүү амласан. Одоо үндсэн төлбөр 1 962 000 төгрөг, хүү 138 000 төгрөг нийт 2 100 00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 550 төгрөгийн хамт нэхэмжилж байгаа. Тухайн үед  итгээд нөхрийн мөнгө гэдгийг хэлж өгсөн. Анх гэрээг манай нөхөр Ч.О байгуулсан учраас нэхэмжлэлийг Ч.О гаргасан. Иймээс хариуцагчаас 2 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

        Хариуцагч А.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А.С миний бие нь 2017 оны 8 дугаар сард Ч.Оын эхнэр болох Цээгий гэдэг хүнээс 1,000,000 төгрөгийг зээлж аваад төлж чадаагүй тул хугацааг дахин нэг сараар сунгасан. Ажил болон хийж байсан үйл ажиллагаа маань зогсонги байдалд орсон. Одоо Ч.О нь надаас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг 1,200,000 төгрөгөөр төлж барагдуулах тоиролцоонд хүргэж өгөхийг шүүхийн зүгээс хүсч байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.

           Хариуцагч А.Сгаас 2,100,000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэгч Ч.О анх шаардсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Цэрэннадмид хамтран нэхэмжлэгчээр оролцсон, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг буюу 1,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хэргийн баримтаас үзэхэд Ч.О, А.С нарын хооронд байгуулсан 2017.08.15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 24 хоногийн хугацаагаар өдөрт 46,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож, 1,100,000 төгрөгийг А.С зээлж авсан, мөн 2017-09-11-ний өдрийн зээлийн гэрээгээр  2017.09.25-нд 500,000 төгрөг, 2017.10.09-нд 500,0000 төгрөг төлөх байдлаар 1,000,000 төгрөгийг зээлдүүлсэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд эхний гэрээ буюу 2017.08.15-ны өдрийн зээлийн гэрээгээр хүү, алданги тооцох талаар тохиролцоогүй, мөн 2017.09.11-ний өдрийн зээлийн гэрээнд “...хүү алданги нэмж төлнө” гэж дурдсан боловч уг гэрээгээр хүү, алдангийн хэмжээг тодорхой тогтоогоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “анзын гэрээг бичгээр хийнэ”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт 282.3 дахь хэсэгт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгчийн тооцсон “хүү алданги 138000 төгрөг”-ийг хангах үндэслэлгүй болно.

Хариуцагч А.С нь эхний гэрээний үүрэгт 46 000 төгрөгөөр 3 удаагийн төлөлт 138 000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч Ч.Оын дансны хуулгаар тогтоогдсон, харин 2017.09.11-ний өдрийн зээлийн гэрээний төлөлт хийгдээгүй байх бөгөөд нийт зээлсэн 2 100 000 төгрөгнөөс төлсөн 138 000 төгрөгийг хасч үлдэх 1 962 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь  зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 46,342 төгрөгийг гаргуулж Ч.О, Г.Цэрэннадмид нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар А.Сгаас 1,962,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О, Г.Цэрэннадмид нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138,000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагчаас 46,342 төгрөг гаргуулж Ч.О, Г.Цэрэннадмид нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ