Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0248

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0025 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:
   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0025 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дугаартай тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Улаанбаатар хотын Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн ….. нэртэй газарт орших 1 га газрыг “аялал жуулчлалын”-ын зорилгоор ашиглах эрхийг сэргээхийг даалгах” тухай шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Улаанбаатар хотын Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газрын ….. нэртэй газарт орших 1 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” тухай “М” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж, эс зөвшөөрч байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.
Үүнд: Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар ашиглах эрхийг ... цуцалсан талаар бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 43.1-д заасан мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй ... хэмээн тайлбарлан маргах байх боловч энэ маргаан бүхий акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаал гарах үед Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан ...” гэж дүгнэсэн.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан. Гэтэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болгосныг “М” ХХК-д мэдэгдээгүй. Үүний улмаас “М” ХХК нь уг газар дээр аялал жуулчлалын зорилго бүхий амралтын газар байгуулж, 140 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд үүний дараа газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон болохыг мэдсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тухай “М” ХХК-д албан ёсоор болон ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг биелүүлээгүйн улмаас тус компанид 140 гаруй сая төгрөгний хохирол учрахад хүрээд байгаа юм.
Мөн “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу бидэнд мэдэгдээгүй тухай дурдсан. Шүүх хуралдааны явцад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу мэдэгдээгүй тухай асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс гаргасан.
Мөн “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хөрөнгө оруулагч талд шилжүүлэхээр болж, газрын албанаас хэдэн төгрөгний тооцоотой болохыг лавлаж асуухад 2,100,000 төгрөгийг төлөхөд болно гэсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2015 оны төлбөрийн үлдэгдэл болох 1,200,000 төгрөг, 2016 оны 1, 2, 3, дугаар улирлын төлбөр болох 900,000 төгрөгийг газрын албанд төлсөн. Улмаар 2017 онд ч газрын төлбөрийг “М” ХХК-иас төлсөөр байхад Налайх дүүргийн газрын алба газар ашиглах гэрчилгээ хүчингүй тооцсон болохыг бидэнд мэдэгдээгүй газрын төлбөрийг авсаар байсан.
Мөн Горхи-Тэрэлжийн газар нутгийн улсын байцаагч нь “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүйд тооцсон болохыг мэдээгүй албан шаардлага ирүүлсэн. Үүнийгээ ч байгаль хамгаалагч н.Г нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлж, тэмдэглэлд тусгуулсан.
Гэвч анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг бүрэн судалж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг харгалзан үзэж дүгнээгүй.
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан. Гэсэн хэдий ч Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутаг дахь газар ашиглах эрхийг цуцлах тухай асуудлыг уг хуулиар зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргах эрхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулиар олгоогүй байхад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргасан байна. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байна.
Иймд захиргааны акт гаргах эрхгүй этгээд захиргааны актыг гаргасан байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/181 дүгээр тушаал нь илт хууль бус захиргааны акт юм.
Дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас тавьсан боловч энэхүү нөхцөл байдлыг шүүх дүгнээгүй.
3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар аялагчид түр буудаллах, отоглох зэрэг үйлчилгээ үзүүлэхийг үйл ажиллагаа гэж үзэхээр заасан байгаа.
“М” ХХК нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь өөрийн эзэмшлийн газартаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зөвшөөрсөн “аялагчид түр буудаллах, отоглох зорилгоор гадаадын аялагчид аваачиж байгаль үзүүлэх” зэргээр үйлчилгээ үзүүлдэг байсан. Хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх хүртэлх хугацаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зөвшөөрсөн аялагчид түр буудаллах, отоглох зэрэг аялал жуулчлалын үйлчилгээг уг газарт “М” ХХК-ийн нэрийн өмнөөс явуулж байсан. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс дээрх үйл баримтыг дүгнэж үзээгүй. Үйл ажиллагаа явуулж гэдгийг зөвхөн барилга байгууламж барих гэж дүгнэсэн. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан анхан шатны шүүх нь хэргийн тал бүрээс судалж, үнэн бодитой шийдвэрлээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
                                                                           ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М” ХХК нь улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 420 дугаар гэрчилгээгээр Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байршилтай “…..” нэртэй газарт 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон бөгөөд гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасны дагуу Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр гэрчилгээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, мөн оны 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч “М” ХХК, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг дарга нар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гурван талт гэрээг байгуулснаар дээрх газрыг үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болсон байжээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр “М” ХХК-ийн дээрх улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцож, газар ашиглах гурвалсан гэрээг цуцалсан нь холбогдох хуулийн заалттай нийцсэн байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг тодорхойлж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д эрх бүхий албан тушаалтан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “М” ХХК нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Налайх дүүргийн Засаг даргатай 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гурван талт гэрээнд заасан аялал жуулчлалын зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, мөн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... өөрийн эзэмшлийн газартаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зөвшөөрсөн “аялагчид түр буудаллах, отоглох зэрэг аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлж байсан ...” гэх гомдлын тухайд “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй буюу барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно.
Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Налайх дүүргийн Засаг даргатай 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гурван талт гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн хугацаанд аялал жуулчлалын зориулалтаар тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргадаг тул газар ашиглах эрхийг цуцлах шийдвэрийг мөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргасан нь хууль зөрчөөгүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй ... захиргааны акт гаргах эрхгүй этгээд захиргааны актыг гаргасан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Харин “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тухай “М” ХХК-д албан ёсоор болон ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй” гэх боловч энэхүү нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөлтэй. Гэтэл энэ тохиолдолд захиргааны актын хууль зүйн үндэслэл нь зөв, харин нэхэмжлэгчээс газар ашиглагчийн үүргээ биелүүлээгүй, газрыг бодитойгоор ашиглаагүй болох нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
                                                                    ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР