Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2018/0025

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох 

Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэсний гудамж 5/2, Засгийн газрын 2 дугаар байр,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дугаартай тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Улаанбаатар хотын Н******* дүүргийн Г*******-т*******ийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн С*******гийн ар нэртэй газарт орших 1 га газрыг “аялал жуулчлал”-ын зорилгоор ашиглах эрхийг сэргээхийг Байгаль, орчин аялал жуулчлалын Сайдад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , гэрч Д.Б  , Т.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“М ” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 420 дугаартай гэрчилгээний дагуу Улаанбаатар хотын Н******* дүүргийн Г*******-Т*******ийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн С*******гийн ар нэртэй газарт орших 1 га газрыг “Аялал жуулчлал”-ын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болж, 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр газар ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж, мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Г*******-Т*******ийн БЦГ-ын хамгаалалтын захираа болон Улаанбаатар хотын Н******* дүүргийн Засаг дарга нартай “Газар ашиглах гурвалсан гэрээ”-г байгуулсан болно. 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр уг газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаар байсан тул дахин сунгуулах хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх зорилгоор Н******* дүүргийн Газрын албаны холбогдох мэргэжилтэнтэй уулзахад “танай газрын гэрчилгээ хүчингүй болсон” гэх тайлбар гаргасан билээ.

Улмаар 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Н******* дүүргийн газрын албанаас Ganbaa nalaikh [email protected] гэсэн цахим хаягаар маргаан бүхий захиргааны актын хуулбарыг “М ” ХХК-нд ирүүлж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дугаартай тушаалаар “М ” ХХК-ийн Улаанбаатар хотын Н******* дүүргийн Г*******-Т*******ийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн С*******гийн ар нэртэй газарт орших 1 га газрын ашиглах эрхийг цуцалсан болохыг анх удаа мэдсэн. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус үндэслэн маргааны зүйл болох газар ашиглах эрхийг цуцалсан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан ... эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ... этгээдэд мэдэгдэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж тус тус заасан байна. 

Дээрх нь зохицуулалт нь “Газар ашиглах эрх”-ээ хүчинтэй байлгах эзэмшигчийн эрхийг хангах зорилготой байдаг. Тодруулбал, “Газар ашиглах эрх” цуцлах үндэслэл бүрдсэн болохыг эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс төлбөр төлсөн, газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа баримтаа гаргаж өгөх, эсхүл төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, нөгөө талаас ийнхүү ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу газар ашиглах эрхийг цуцлах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллагад олгосоноос гадна тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах, гаргасан зардлаа үр ашигтайгаар нөхөх, хохиролгүйгээр ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг олгосон агуулгатай зохицуулалт юм. Гэтэл хариуцагч нь газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл бүрдсэн болон цуцалсны дараа бидэнд албан ёсоор мэдэгдээгүй болно. Улмаар манай компани дээрх хөрөнгө оруулалт хийхээс өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандахад тус яамны Ой, Ус, Тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06б/1502 дугаартай албан бичгээр “М  ХХК-ийн 420 дугаартай гэрчилгээний ашиглаж буй газар нъ бусдын эзэмшил газартай давхцаагүй, “М ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна” гэсэн агуулгатай хариуг өгсөн болно. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь ийнхүү газар ашиглах эрхийг цуцалснаар манай компанид бодитоор 200 орчим сая төгрөгийн хохирол учирч, “Баян монгол жуулчны бааз”-ын үйл ажиллагаа зогсож, санхүүгийн хүнд байдалд орсноор маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дугаар зүйлүүдэд заасан цуцлах үндэслэл бүрдсэн байна гэж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар “М ” ХХК-д олгосон 1 га газрын ашиглах эрхийг цуцалсан. Газар ашиглах эрхийг цуцлах тухай саналыг 2016 оны 01 дүгээр сард оруулж, 2016 оны 6 дугаар сард хүчингүй болгуулсан. “М ” ХХК нь тухайн газартаа 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд газрын төлбөрөө цаг тухайд нь төлдөггүй байсан. Хүчингүй болгох үндэслэлийн талаар өдөр тутмын Үндэсний шуудан сонингийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 029 дугаарт ашиглах эрхийг нь цуцлах гэж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаалтыг гаргасан. Мөн өмнө нь “М ” ХХК-ийн ерөнхий захирал байсан н.Н-д 2016 оны 01 дүгээр сард 99092578 дугаарт мэдэгдсэн боловч тайлбар ирүүлээгүй. Эдгээрийг үндэслэж цуцлах тушаал гарсан. Иргэн аж ахуй нэгжид гэрээгээр хүлээлгэсэн үүрэгт сар бүрийн 15-ны дотор гэрээгээ дүгнүүлнэ гэж заасан байдаг. “М ” ХХК нь гэрээгээр хүлээсэн уг үүргийг биелүүлээгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр “М ” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсныг нэхэмжлэгч “М ” ХХК-иас эс зөвшөөрөн тус шүүхэд хандан, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дугаартай тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Улаанбаатар хотын Н******* дүүргийн Г*******-т*******ийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн С*******гийн ар нэртэй газарт орших 1 га газрыг “аялал жуулчлал”-ын зорилгоор ашиглах эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.   

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “М ” ХХК нь анх Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Н******* дүүрэг, Г*******-Т*******ийн БЦГ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн С*******гийн ар нэртэй газарт 1.0 га талбайг 5 жилийн хугацаагаар, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж, 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Байгаль орчны яам, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 420 дугаар гэрчилгээг олгожээ.

Улмаар, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 19-ний шийдвэрээр “М ” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 420 дугаар гэрчилгээний хугацааг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар сунган, Г*******-Т*******ийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, Улаанбаатар хотын Н******* дүүргийн Засаг дарга болон нэхэмжлэгч “М ” ХХК-ийн хооронд  “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах”  гурван талт гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсныг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарын үсэг зурж баталснаар  хүчин төгөлдөр болжээ.

Энэхүү “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-гээр талууд:

“Нэг. “Нийтлэг үндэслэл” ...

2. Газар ашиглах зориулалт:  Аялал жуулчлал  ...

6. Газрын төлбөрийн хэмжээ (жил бүр)

а/ нэгжийн төлбөр 120 төгрөг

б/ бүгд 1.200.000 төгрөг.

7. Газар ашиглах хугацаа:

а/ эхлэх 2013.08.10

б/ дуусах 2017.08.10,

Дөрөв. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг. 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн горимыг мөрдөх, зөвхөн тогтоосон газарт гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулна, 

2. Ашиглаж байгаа болон хариуцан хамгаалж буй газартаа хууль тогтоомжийг мөрдүүлэх, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллана.

3. Газар ашиглагч нь хэрэгжүүлж байгаа төслөө өргөжүүлэх, шинэчлэх шаардлагатай тохиолдолд БОНХЯ-наас зөвшөөрөл авч, дахин үнэлгээ хийлгэж, гэрээг шинэчлэн байгуулна. Төсөлд зааснаас илүү барилга байгууламж барихгүй, үйл ажиллагаа явуулахгүй байх.

4. Газар ашиглагч нь “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай” хуульд заасан хэмжээгээр газрын төлбөрийг гэрээний хугацаанд хаан банк 57******* дансанд газрын төлбөрийг шилжүүлнэ.

5. Байгалийн унаган төрөхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар хамгаалалтын захиргаанаас өгсөн даалгаврыг биелүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд жилд 500.000 төгрөг зарцуулна.

...

Тав. Бусад зүйл. ...

2. Гэрээний биелэлтийг талууд дараа оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дүгнэж, шаардлагатай бол гэрээнд нэмэлт оруулна. ...

4. Гэрээний талаар гарсан маргаан, түүнийг цуцлах, дуусгавар болох асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” зэрэг нөхцлүүдийг тус тус харилцан тохиролцсон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1-д тус тус зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д дурдсан үндэслэл тогтоогдсон тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд заажээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээс үзэхэд, маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучнаар/-ын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаал гарахаас өмнө: 

1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь:

2008 оны газрын төлбөрт 420.000 төгрөг төлөхөөс 420.000 төгрөгийг 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн /бүрэн/,

2009 оны газрын төлбөрт 600.000 төгрөг төлөхөөс 650.000 төгрөгийг 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн /50.000 төгрөг илүү/,

2010 оны газрын төлбөрт 600.000 төгрөг төлөхөөс 520.000 төгрөгийг 2010 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр төлсөн /30.000 төгрөг дутуу/,

2011 оны  газрын төлбөрт 1.200.000 төгрөг төлөхөөс 500.000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн /700.000 төгрөг дутуу/,

2012 оны газрын төлбөрт 1.200.000 төгрөг төлөхөөс 500.000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн /700.000 төгрөг дутуу/,

2013 оны газрын төлбөрт 1.200.000 төгрөг төлөхөөс 700.000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр төлсөн /500.000 төгрөг дутуу/, 

2014 оны газрын төлбөрт 1.200.000 төгрөг төлөхөөс 300.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 400.000 төгрөгийг 2015 оны  1 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлсөн /500.000 төгрөг дутуу/,

2015 оны газрын төлбөрт 1.200.000 төгрөг төлөхөөс 0 төгрөгийг төлсөн /1.200.000 төгрөг дутуу/,

2016 оны 1,2 дугаар улиралын газрын төлбөрт 600.000 төгрөг төлөхөөс 0 төгрөгийг төлсөн /600.000 төгрөг дутуу/ нийт 2.230.000 төгрөгийн газрын төлбөрийн өртэй байсан болох нь Хаан банкны БЗ Н******* тооцооны төвөөс гаргуулан авсан Нийслэлийн Газрын албаны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Н******* дүүргийн Газрын албанаас гаргуулан авсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 207 дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт болон гэрч Н******* дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч Т.Г гийн мэдүүлгээр,

2. 2007 оноос 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд  нэхэмжлэгч “М ” ХХК нь Байгаль орчны сайдын 2007 оны 242 дугаар тушаалын үндсэн дээр олгогдсон, 420 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ бүхий 1 га газраа “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд заасан зориулалт болох “аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглаагүй, гэрээнд заасан журмын дагуу гэрээний биелэлтийг жил бүр дүгнүүлээгүй, аялал жуулчлалын зориулалтаар жуулчны бааз барихаар төлөвлөсөн болон энэ чиглэлээр ямар нэгэн тодорхой үйл ажиллагаа явуулж, төсөл боловсруулан Газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэн, эрх бүхий байгууллагад хүргүүлж батлуулаагүй болох нь Н******* дүүргийн Засаг даргын Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04/2301 дүгээр албан бичиг, Г*******-Т*******ийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 385 дугаар албан бичиг, гэрч М.С-ийн “.. би 2000 оноос 2013 оныг хүртэл хугацаанд Г*******-Т*******ийн тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. ...2013 онд тэтгэвэрт суух хүртэл хугацаанд тухайн газар дээр хашаа, байшин барьсан зүйлийг харж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч С.Г*******ийн “...би 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Г*******-Т*******ийн тусгай хамгаалалттай газарт ажилд орсон.  2016 оны 10 дугаар сараас өмнө тухайн газар дээр ямар нэгэн хашаа, байшин байгаагүй. Тухайн байгууллага нь 2016 оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж хашаа барьж эхэлсэн” гэх мэдүүлэг болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч “М ” ХХК нь, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “М ” ХХК-ийн 2015 оны 1, 2, 3 дугаар улиралын газрын төлбөрт” 1.200.000 төгрөгийг, “2016 оны 1, 2, 3 дугаар улиралын газрын төлбөр” 900.000 төгрөгийг, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “М ” ХХК-ийн 2016 оны 4 улиралын газрын төлбөрт” 300.000 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “М ” ХХК-ийн 2017 оны 2 дугаар улиралын газрын төлбөрт” 300.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “М ” ХХК-ийн 2017 оны улиралын газрын төлбөр” 300.000 төгрөгийг тус тус тушаасан байх боловч  нэхэмжлэгчийн энэхүү төлбөр төлсөн үйл баримт нь маргаан бүхий акт гарсанаас хойш хийгдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Мөн түүнчлэн шүүх, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашигласан болохоо нотлох зорилгоор нэхэмжлэгч “М ” ХХК-иас гаргаж өгсөн 29 ширхэг бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, 2014, 2015, 2016, 2017 он гэсэн бичилт бүхий “Жуулчны бүртгэл” дэвтэрийн хуулбар, 2006 оны огноо бүхий “Баянмонгол жуулчны газар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”, 2008 оны огноо бүхий “Баянмонгол жуулчны газар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”, 2013 оны огноо бүхий “Баянмонгол жуулчны газар Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлт, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлт” зэрэг баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр эдгээр баримтууд нь маргаан бүхий захиргааны актад дурдагдсан, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах болсон хоёр үндэслэлтэй хэрхэн холбогдож байгаа болох нь тодорхойгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл /М  ХХК-ийн нэг бүр нь 10.000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хувьцааг Н.Н-аас иргэн С.Б-д худалдсан/ хугацаанд “М ” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан, гэрч Н.Н-ын “... миний бие “М ” ХХК-иас гадна “П” ХХК-нд хувьцаа эзэмшдэг. Г*******-Т*******ийн газарт “Т” гэх нэртэй аялал жуулчлалын бааз байдаг. Уг газартаа морин аялал зохион байгуулж байсан. ... тухайн үед энэ газарт барилга байгууламж баригдаагүй байсан. Одоо баригдсан байгаа” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан холбогдох бусад баримтад үнэлэлт өгч, нэхэмжлэгч “М ”  ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар гарах хүртэл хугацаанд  маргаан бүхий газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа бодитоор явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж тус тус  үзлээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчээс тухайн газрыг ашиглах зорилгоор нийтдээ 147 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гаргасан болохоо нотлох зорилгоор, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн огноо бүхий Монгол гэр худалдах, худалдан авах гэрээ, холбогдох бусад баримт, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн огноо бүхий Худагийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох бусад баримт,  2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий Ус хэрэглэгчид худаг гаргах зөвшөөрлийн хуудас, холбогдох бусад баримт, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн огноо бүхий Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох бусад баримт, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн огноо бүхий Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, холбогдох бусад баримт, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн огноо бүхий Ажил гүйцэтгэх гэрээ,  кассын зарлагын ордер, “Э” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 104/017 тоот цахилгаан үүсгүүр суурилуулсан тухай албан бичиг, төлбөрийн нэхэмжлэх, холбогдох бусад баримт, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий Бараа материал худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгсөн хэдий ч эдгээр нотлох баримтууд нь маргаан бүхий акт гарснаас хойш үйлдэгдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул маргаан бүхий үйл баримтад хамааралгүй байна. 

Мөн, нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл бүрдсэн болон цуцалсан талаар бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй, тухайн газартаа мод бут тарих зэрэг арга хэмжээ авч байсан хэмээн тайлбарлан маргаж байх боловч маргаан бүхий акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дугаартай тушаал гарах үед Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан, хариуцагчийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан, Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх дуусгавар болох нөхцөл бүрдсэн болохыг нэхэмжлэгч “М ” ХХК-нд мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Үндэсний шуудан сонины 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 029 дүгээр дугаарт хэвлэгдсэн зарлалын 105-д “М ” ХХК хэмээн бичигдсэн, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэг болон гэрч Н.Н-ын “... газар дээрээ биш, доор байдаг булгийн хажууд газар нь тэгш учир тэнд мод бут тарьсан” гэх мэдүүлгээр тус тус нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүд тус тус үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т заасанчлан хэргийн оролцогчдын хүсэлтийг ханган, эвлэрэн хэлэлцэх боломжийг олгох үүднээс шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан боловч 2018 оны 01 сарын 16-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эцсийн байдлаар “эвлэрэн хэлэлцэх боломжгүй” болохоо илэрхийлсэн тул шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дугаартай тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Улаанбаатар хотын Н******* дүүргийн Г*******-т*******ийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн С*******гийн ар нэртэй газарт орших 1 га газрыг “аялал жуулчлал”-ын зорилгоор ашиглах эрхийг сэргээхийг даалгах” тухай шаардлага бүхий “М ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА