Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/01968

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/01968

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/01654 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ТОСК-т холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээг үргэлжлүүлэн, гэрээнээс учирсан хохирол 1 350 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдаш, Д.Ундрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазраас Увс аймгийг хариуцсан гэрээт ажилтнаар хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр томилогдон ажиллаж байсан. Уг гэрээнд зааснаар Увс аймгийн Улаангом суманд баригдсан 7 давхар 105 айлын орон сууцны түрээсийн төлбөрийг иргэдээс цаг тухайд нь гаргуулж Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазрын дансанд төвлөрүүлж, энэ тухай бүртгэл хөтлөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй иргэдийн нэрсийг гаргаж төлбөрийг яаралтай төлөх талаар мэдэгдэх, түрээсийн төлбөрийг 20 ба түүнээс дээш хоногоор хоцроосон иргэнийг түрээсийн мэргэжилтэнд мэдэгдэх 10 төрлийн ажлыг хийж гүйцэтгэхээр тусгасан ба эдгээр ажлыг миний бие маш сайн хийж гүйцэтгэж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл надад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаар Хөлсөөр ажиллах гэрээний 5.2.2 дахь заалтыг үндэслэн гэрээг цуцлахыг мэдэгдэж байна гэж албан бичиг ирсэн. Надтай хэн ч холбогдоогүй, ажил хүлээлцээгүй, миний ажилласан 2 сарын цалин өгөөгүй. 105 айлын орон сууцны оршин суугчдаас 4 айл гомдол гаргалаа гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд намайг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазрын Увс аймгийг хариуцсан ажилтны ажилд эгүүлэн томилж, 2019 оны 4-6 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалинг хохиролд тооцож 1 350 000 төгрөг гаргуулж, уг цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн Улаангом суманд баригдсан 105 айлын орон сууцны түрээс, ашиглалтын ажлыг гүйцэтгүүлэхээр Д.Б-тэй хөлсөөр ажиллах гэрээг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулж түрээсийн төлбөрөө хугацаандаа төлдөггүй болон 20 хоногоос дээш хугацаагаар хоцроосон иргэдтэй харилцаж түрээсийн төлбөрийг яаралтай төлөх талаар мэдэгдэх үүрэгтэй ажиллуулсан. Д.Б- нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа түрээслэгч иргэдтэй зүй бусаар харилцаж хэл амаар доромжилдог, байрны ашиглалтын талаар санал хүсэлтээ хэлэхэд уламжилж өгдөггүй гэх зэргээр түрээслэгч иргэдээс манай байгууллагад удаа дараа утсаар болон өргөдлөөр гомдол гаргаж байсан. Энэ нь манай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, Хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.2, 5.3 дахь хэсэгт зааснаар Д.Б-т 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1/548 дугаартай гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлж гэрээг цуцалсан учир 4, 5, 6 дугаар саруудын цалинг олгох үндэслэлгүй. Иймд Д.Б-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазраас 251 172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 098 828 төгрөгт холбогдох хэсгийг, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазрын Увс аймгийг хариуцсан гэрээт ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ТОСКт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ээс 36 550 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б- давж заалдах гомдолдоо: Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн С.Чулуун, Б.Ганболд, Т.Адъяатогтох нарын өргөдөл гэх баримт нь он, сар өдөргүй, тэдгээр хүмүүс өөрсдөө бичсэн эсэх нь тодорхойгүйгээс гадна миний ажлыг авсан Т.Сонор өөрөө зохиож бичсэн нь Ө.Чулууны тодорхойлолтоор нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хөлсөөр ажиллах гэрээний 4.5-д заасны дагуу ажил олгогч миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Ажил олгогчийн төлөөлөгчийн удирдлага дор түүнээс үүрэг, чиглэл авч уг ажлыг өдөр бүр давтамжтайгаар хийж гүйцэтгэх байсан. Хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд олгох цалин хөлсийг талууд тохирч тогтоож болдог ба ажилтанд цалинг сар бүр олгодог бол хөлсөөр ажиллах гэрээний хувьд хөлсийг сар бүр биш ажил дуусах үед эсхүл ажлын явцад хэсэгчлэн төлөхөөр тохиролцдогоороо ялгаатай байдаг. Эдгээр шинжээр нь авч үзвэл Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсныг шүүх анхаарч үзээгүй. Хөлсөөр ажиллах гэрээний 5.2.2 дахь заалт нь гэрээг хэдийд ч цуцалж болохоор хууль бус заалт бөгөөд гэрээ байгуулж байх үед надтай энэ талаар харилцан тохиролцоогүй. Би хөлсөөр ажиллах гэрээг шуудангаар авч танилцан гарын үсгээ зураад явуул гэж шаардсаны дагуу гарын үсэг зурж байснаас уг гэрээг ажил олгогч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай гэрээний заалт бүрээр тохиролцож байгуулаагүй.

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, бидний хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байхад хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч ТОСКт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг үргэлжлүүлэн, гэрээнээс учирсан хохирол 1 350 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, гэрээгээр Д.Б- нь Увс аймгийн Улаангом суманд баригдсан 105 айлын орон сууцны түрээс, ашиглалттай холбоотой ажил гүйцэтгэх, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазрын хувьд ажлын хөлсөнд сар бүр 450 000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх9-11/ Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ. Нэгэнт талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн учир хэн аль нь нөгөө талаасаа үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Гэрээний талууд дээрх үйл баримтад маргаангүй, харин нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл бий болсон эсэхэд маргажээ.

Хариуцагч ТОСК нь гэрээний 5.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийг ажлаа цаашид гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэн, түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан байх ба үндэслэлээ ...ажил үүргээ гүйцэтгэх явцдаа түрээслэгч иргэдтэй зүй бус харьцаж, хэл амаар доромжилдог, байрны ашиглалтын талаарх санал хүсэлтийг уламжилдаггүй гэх зэргээр түрээслэгч иргэдээс удаа дараа утсаар болон өргөдлөөр гомдол гаргаж байсан. Энэ нь манай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн учир гэрээг цуцлах талаар мэдэгдэж, гэрээний 5.2.2, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт зааснаар цуцалсан гэж шүүхэд тайлбарласан байна. /хх-6/

Зохигчид гэрээний 5.2 дахь заалтаар нэг талын санаачилгаар гэрээ цуцлах тохиолдлыг харилцан тохиролцохдоо ёс зүйн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар гэрээг цуцлах тухай тусгаагүй байна. Харин гэрээний 5.3-т Иргэний хуулийн 221, 365, 367 дугаар зүйлд заасан үндэслэл, арга хэлбэрээр нэг талын санаачилгаар цуцалж болохоор тохиролцжээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйл нь хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах тухай зохицуулалт бөгөөд уг хуульд заасан нөхцөл үүссэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн хуулийн 367 дугаар зүйлд хөлсөөр ажиллах гэрээг хүндэтгэн үзэх үндэслэлээр цуцлах тохиолдолд үүсэх үр дагаврыг тусгайлан зохицуулсан тул хариуцагчийн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан гэх тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч тал нэхэмжлэгч Д.Б-ийг гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэх агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргаж, үндэслэлээ нотлох зорилгоор 29 дүгээр байрны түрээслэгч буюу оршин суугч О.Чулуун, З.Оюунгэрэл, Б.Ганболд, В.Адъяатогтох нарын тодорхойлолтыг, нэхэмжлэгч нь уг баримтыг няцааж О.Чулуун, З.Оюунгэрэл нарын гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг тус тус шүүхэд цуглуулан өгчээ.

Дээрх бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл оршин суугч О.Чулуун, З.Оюунгэрэл нар нэг үйл баримтыг өөр, өөрөөр бичсэн, харилцан үгүйсгэсэн шинжтэй байх тул эдгээр баримтуудыг нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллах гэрээг зөрчсөн, харш үйл ажиллагаа явуулсныг эргэлзээгүй нотолсон баримт гэж үзэхгүй. Мөн оршин суугч Б.Ганболд, В.Адъяатогтох нарын гаргасан гэх тодорхойлолтод огноо байхгүй, хэзээ бичсэн нь тодорхойгүй байх тул үнэн зөв гэж үнэлэх боломжгүй юм. Иймд хариуцагч ТОСК нь хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бий болоогүй байхад нэхэмжлэгч Д.Б-тэй байгуулсан гэрээг цуцалснаас түүнд дээрх гэрээг үргэлжлүүлж, гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу үүсчээ.

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо оршин суугч З.Оюунгэрэлийн нэхэмжлэгчийн талаар санал гомдол гаргаж байсан нь нэхэмжлэгч Д.Б-ийн шүүхэд гаргасан өгсөн З.Оюунгэрэлийн тодорхойлолтоор нотлогдож байна гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/01654 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТОСКт нэхэмжлэгч Д.Б-ийг хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом суманд баригдсан 105 айлын орон сууц хариуцсан гэрээт ажилтнаар ажиллуулахыг даалгаж, учирсан хохирол болох 1 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгасугай гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын болгосугай гэснийг болгож, хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазраас 36 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгосугай гэж, тогтоох хэсгийн 3, 4, 5 гэсэн дугаарыг 2, 3, 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 922 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД