Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2019/01654

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д. Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар / Т ТӨҮГ-т холбогдох 

 

Т ТӨҮГ-ын  аймгийг хариуцсан гэрээт ажилтны ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2019 оны 4, 5, 6 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалинд 1,350,000 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.У, Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тйн  аймгийг хариуцсан гэрээт ажилтнаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр томилогдон ажиллаж байсан. Хөлсөөр ажиллах гэрээнд зааснаар  аймгийн Улаангом суманд баригдсан 7 давхар 105 айлын орон сууцны түрээсийн төлбөрийг иргэдээс цаг тухайд нь гаргуулж ТОСК-ийн дансанд төвлөрүүлж, энэ тухай бүртгэл хөтлөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй иргэдийн нэрсийг гаргаж төлбөрийг яаралтай төлөх талаар мэдэгдэх, түрээсийн төлбөрийг 20 ба түүнээс дээш хоногоор хоцроосон иргэнийг түрээсийн мэргэжилтэнд мэдэгдэх 10 төрлийн ажлыг хийж гүйцэтгэхээр тусгасан ба эдгээр ажлыг миний бие маш сайн хийж гүйцэтгэж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр надад шуудангаар “Хөлсөөр ажиллах гэрээний 5.2.2 дах заалтыг үндэслэн гэрээг цуцлахыг мэдэгдэж байна” гэж албан бичиг ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр над руу Т.Сонор яриад “намайг ТОСК ТӨҮГ-аас  аймгийг хариуцсан ажилтнаар томиллоо, ажлаа авмаар байна” гэсэн. Хүний нөөцийн мэргэжилтэн Нямдаш рүү ярьж асуухад “Чи ажлаа өгчих, чамайг сайн ажиллаж байсан тул өөр ажилд оруулж өгье” гэж хэлсэн.  Би ажлаа өгмөөргүй байна, ямар үндэслэлээр халагдаж байгаагаа мэдмээр байна, намайг ажлаас  халж байгаа нь хууль бус гэдгийг хэлсэн. Түүнээс хойш надтай хэн ч холбогдоогүй, ажил хүлээлцээгүй, миний ажилласан 2 сарын цалинг ч өгөөгүй. Хөлсөөр ажиллах гэрээний 2.2 дах хэсэгт зааснаар сар бүр 450,000 төгрөгийн тогтмол цалин авч, цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан. Бидний хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээнд зааснаар хугацаа болоогүй байхад гэрээг цуцлах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. 105 айлын орон сууцны оршин суугчдаас 4 айл гомдол гаргалаа гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд намайг Т ТӨҮГ-ын  аймгийг хариуцсан ажилтны ажилд эгүүлэн томилж, 2019 оны 4, 5, 6  дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалинг хохиролд тооцож 1,350,000 төгрөг гаргуулж, уг цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ТӨҮГ шүүхэд болон төлөөлөгч Д.У, Ц.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор төрийн албан хаагч, ахмад настан, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлгийн иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоолоор 929 айлын орон сууц, 2016 оны 298 дугаар тогтоолоор 223 айлын орон сууц, 2016 оны 169 дүгээр тогтоолоор 350 айлын орон сууц, улсын хэмжээнд нийт 1512 айлын орон сууц, үүнээс 725 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн. Манай байгууллага эдгээр орон сууцыг түрээслүүлэн ажиллаж байна.  аймгийн Улаангом суманд баригдсан 105 айлын орон сууцны түрээс, ашиглалтын ажил гүйцэтгүүлэхээр Д.Бтэй Хөлсөөр ажиллах гэрээг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулж түрээсийн төлбөрөө хугацаандаа төлдөггүй болон 20 хоногоос дээш хугацаагаар хоцроосон иргэдтэй харилцаж түрээсийн төлбөрийг яаралтай төлөх талаар мэдэгдэх үүрэгтэй ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Д.Б нь  түрээслэгч иргэдтэй зүй бусаар харилцаж хэл амаар доромжилдог, байрны ашиглалтын талаар санал хүсэлтээ хэлэхэд уламжилж өгдөггүй гэх зэргээр түрээслэгч иргэдээс манай байгууллагад удаа дараа утсаар болон өргөдлөөр гомдол гаргаж байсан. Энэ нь манай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Д.Бийн хувьд анх удаа гомдол санал ирсэн даруй гэрээгээ цуцалж байгаа биш, хэд хэдэн удаа иргэдээс гомдол ирсэн тул ажиллуулагчийн зүгээс ажил үүргийг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, Хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.2, 5.3-т зааснаар ажиллагч Д.Бт 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1/548 дугаартай гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлж гэрээг цуцалсан. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/548 тоот албан бичгээр 19/02 тоот Хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан тул4, 5, 6 дугаар саруудын цалинг олгох үндэслэлгүй. Д.Б нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа түрээслэгч иргэдтэй харьцааны ёс зүйгүй, иргэдийг дарамталж зүй бусаар харьцаж байсан нь манай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөд хүргэж байсан. Иймд иргэн Д.Бээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т ТӨҮГ-т холбогдуулан  аймгийг хариуцсан гэрээт ажилтны ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2019 оны 4, 5, 6 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалинд 1,350,000 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Иргэдээс удаа дараа гомдол санал ирсэн тул ажил үүргийг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэж гэрээг цуцалсан” гэж  маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 4, 5, 6 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалинд 1,350,000 төгрөг гаргуулах шаардлагаа хохирол гэж тайлбарлав.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоолоор 929 айлын орон сууц, 2016 оны 298 дугаар тогтоолоор 223 айлын орон сууц, 2016 оны 169 дүгээр тогтоолоор 350 айлын орон сууц, улсын хэмжээнд нийт 1512 айлын орон сууц, үүнээс 725 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн байна.

 

Хариуцагч Т ТӨҮГ нь  аймгийн Улаангом суманд баригдсан 105 айлын орон сууцны түрээс, ашиглалтын ажил гүйцэтгүүлэхээр Д.Бтэй Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг үндэслэн  аймгийг хариуцсан гэрээт ажилтнаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 11 сарын хугацаатай 19/02 тоот Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан /хх-ийн 20-21 тал/ нь хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

 Хариуцагч Т ТӨҮГ нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1/548 дугаартай албан бичгээр “ аймгийн Улаангом суманд ашиглалтанд орсон 105 айлын орон сууцны  ашиглалтыг хариуцсан гэрээт ажилтан Д.Бтэй байгуулсан 19/02 тоот Хөлсөөр ажиллах гэрээг цуцалж байгааг мэдэгдэж “Мэдэгдэл”-ийг шуудангаар хүргүүлж /хх-ийн 5 тал/ ажиллагч Д.Б 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан болох нь Шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан /хх-ийн 60-63 тал/ баримтаар тогтоогдож байна.

 

 Хариуцагч Т ТӨҮГ нь гэрээт ажилтан Д.Б ажил үүргээ гүйцэтгэх явцдаа түрээслэгч иргэдтэй зүй бусаар харилцаж хэл амаар доромжилдог, байрны ашиглалтын талаар санал хүсэлтээ хэлэхэд уламжилж өгдөггүй нь байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж тайлбарлан С.Чулуун, З.Оюунгэрэл, Б.Ганболд, Т.Адьяатогтох нараас гаргасан санал гомдлыг ирүүлжээ.

 

Түрээслэгч З.Оюунгэрэлийн гаргасан “Төлөөлөгч Д.Б нь эвгүй харьцдаг, харилцааны ур чадваргүй” гэх санал гомдол /хх-ийн 25 тал/ нь нэхэмжлэгч Д.Бээс ирүүлсэн З.Оюунгэрэлийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Тодорхойлолт”-нд Д.Бийг ажиллах хугацаанд өр төлбөрийн талаарх үл ойлголцол нэг л удаа гарч байсан болно” гэх баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Т ТӨҮГ нь 19/02 тоот Хөлсөөр ажиллах гэрээг цуцалж байгаа үндэслэл нь дээрх гэрээний 5.2.2.Ажиллагч ажил, үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл, 5.3.Гэрээг нэг талын санаачлагаар цуцлахаар тохиролцсон зохицуулалттай нийцсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Д.Б Т ТӨҮГ-ын  аймгийг хариуцсан гэрээт  ажилтны ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2019 оны 4, 5, 6 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин хохирол 1,350,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж мэтгэлцэж байгаа боловч Хөлсөөр ажиллах гэрээ нь түр хугацаагаар буюу иргэний эрх зүйн хөлсөөр ажиллах гэрээгээр зохицуулагдах харилцаа гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1.Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дах хэсэгт “Мэдэгдэл” өгснөөс хойш 7 хоног өнгөрснөөр гэрээг цуцлахаар тохирсон байх тул ажиллагч Д.Б 2019 оны  04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны  04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хөлс /сард 450,000 төгрөг:21,5=өдөрт 20,931 төгрөг х 12 өдөр/-ийг тооцож 251,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч нь Хөлсөөр ажиллах гэрээг цуцалснаас өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заанаар шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгчид гэрээг цуцалснаас бодитой учирсан хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,098,828 төгрөгт холбогдох хэсгийг, Хөдөлмөрийн харилцаа үүсээгүй учир ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

 

Нэгэнт тус маргаан нь иргэний эрх зүйн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 36,550 төгрөгийг нөхөн гаргуулж гаргуулж Улсын орлого болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ТӨҮГ-аас 251,172 /хоёр зуун тавин нэгэн мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,098,828 төгрөгт холбогдох хэсгийг, Т ТӨҮГ-ын  аймгийг хариуцсан гэрээт ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Бийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Т ТӨҮГ-т даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бээс 36,550  төгрөгийг гаргуулж  Улсын орлого болгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ