Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00079

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороонд оршин суух, М овогт Д.Ц /РД: /,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14 дугаар хороонд оршин суух, Монгол овогт Т.Э /РД: /,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороололд хаягт оршин суух, Монгол овогт              /РД: /,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, “Витафитжүүс” ХХК-ийн байранд оршин байрлах, Н ХХК / / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Б ХХК-ийн байранд оршин байрлах,  Г ХХК/-д холбогдох,

 

“Орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах” тухай, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй /нэгтгэсэн/ иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , нэхэмжлэгч Т.Э , Т.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхчимэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг, нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэргэлэн, Б.Бат-Энх, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Ц , Т.Э , Т.Эн  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Голомт банктай 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн БГ1205029676 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж Д.Х , К.Б нарын орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, *-** тоот хаягт байрлах *-**********улсын бүртгэлийн дугаартай өөрийн амьдран суудаг орон сууцаа барьцаалсан. Д.Х  нь шоронд орж, эхнэр К.Б салж сураггүй болж, зээлээ төлөхгүй байсан тул зээлийн үлдэгдлийн төлбөр болох 2,101,431 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлж зээлийг бүрэн хаасан. Ипотекийн гэрээний 4.2.1-д барьцаагаар хангагдах шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж, эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх гэж заасан үүргээ биелүүлэхгүй байна.

Тиймээс Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, *-** тоот хаягт байрлах *-**********улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгохыг Г ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхчимэг, Б.О  нар болон өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 16 дугаар хороолол, * дугаар байрны ** тоотод байрлах 31 м.кв хоёр өөрөө орон сууцыг барьцаалсан байгаа. Мөн барьцаанаас чөлөөлүүлж гэрчилгээ авах хүсэлтээ өгсөн. Энэ үндэслэл нь хариуцагч Г ХХК-тай байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ********** тоот ипотекийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “Барьцаагаар хангагдах шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгч үүргийг биелүүлсэн гэдэг үндэслэлээр буцааж өгнө” гэсэн байгаа.

Өөр нэг заалт нь Ипотекийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтаар “барьцаагаар хангагдах үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд барьцааны зүйлийг барьцаанаас суллахыг шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Тус тус үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Ипотекийн гэрээнд заасан 4 дүгээр зүйлийн 4.2.1, 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтууд нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3-т заасны дагуу барьцаагаар хангагдах шаардлага нь бүрэн биелэгдсэн тул барьцааны зээлийг суллаж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үүргийг Г биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Хариуцагч талаас Н ХХК-тай учраа олбол, манай тал банкнаас суллаад өгнө гэж хэллээ.

Барьцааны гэрээнд тавигдсан барьцаагаар хангагдах үүрэг бүрэн биелэгдсэн. Хамгийн сүүлд “танайх 2,100,000 төгрөгийг төл, манайх гэрчилгээг суллаж өгье” гэж нэхэмжлэгч талынханд мэдэгдсэн байдаг. Тийм учраас уг мөнгийг төлөөд дуусгавар болгосон. Барьцаанд тавьсан шаардлага буюу зээлийн гэрээний барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа” гэв.

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Голомт банктай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Д.Х , К.Б нарын зээлийн ********** дугаартай батлан даалтын гэрээнд заасан үүргийн дагуу зээлдэгч Д.Х , К.Б нарын зээлийн үндсэн төлбөрт 18,794,525.55 төгрөгийг тус банкинд төлсөн тул Иргэний хуулийн 465 дугаар зүйл, Батлан даалтын гэрээний 3.2.2 заалтын дагуу ипотекийн эрхийг манай компанид шилжүүлж өгөхийг Голомт банкнаас хүссэн боловч шилжүүлж өгөөгүй. Иймд ипотекийн эрхийг шилжүүлж өгөхийг Голомт банкинд даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өнө үү” гэжээ.

Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н ХХК-ийн Г ХХК-тай байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн иргэн Д.Х , К.Б нарын зээлийн батлан даах тухай БГ1205029679 дугаартай батлан даалтын гэрээний үүргийн дагуу зээлдэгч Д.Х , К.Б нарын үндсэн төлбөр болох 18,794,525.55 төгрөгийг Г ХХК-д Н ХХК нь төлж барагдуулсан. Ийм учраас батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь заалтын дагуу Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу батлан даалтын гэрээнийхээ шаардах эрхийг Г ХХК-иас шаардаж байгаа. Ийм учраас ипотекийн эрхийг Н ХХК-д шилжүүлж өгөхийг Г ХХК-д даалгаж, шийдвэрлэж өгнө үү гэсэн үндсэн шаардлагыг шүүхэд гаргаж байгаа. Уг шаардлагын үндэслэл нь Н ХХК нь гурван удаагийн зээл төлөлтийн баримтаар 18,784,525.55 төгрөгийг төлсөн. Үүний нотлох баримтыг Н ХХК нь шүүхэд гаргаж өгсөн байгаа. Үүнээс гадна хариуцагч шүүхэд нэхэмжлэгч Д.Ц нарын хэрэгтэй холбогдуулан гаргасан тайлбар дээр ч гэсэн манайхыг уг мөнгийг төлсөн гэдгийг зөвшөөрсөн байдаг. Мөн уг барьцааны эрх Н ХХК-д шилжихээр байна гэж хэлсэн байгаа. Б.Эрдэнэбаяр Н ХХК-тай холбоотой хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасан тул энэ хоёр хэрэг нэгтгэгдэж шийдвэрлэгдэж байгаа. Мөн Г ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14824 тоот албан бичгээр төлбөр төлсөн гэдгийг нотолж Г ХХК шүүхэд тайлбар гаргасан байдаг. Энд тайлбар хийхэд төлбөр төлсөн баримтуудын цаг хугацааны дараалал байгаа. Манай компани нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус гурван удаа төлбөрийг төлсөн байдаг. Гэтэл Т.Э ийн данснаас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрөөр хэлбэл Н ХХК эхний төлбөрөө төлөөд дараагийн хоёр төлбөрөө төлөөгүй байх хугацаанд 2,101,431 төгрөгийг татсан гэсэн тайлбарыг Г ХХК шүүхэд гаргасан байдаг.

Т.Э 1********* тоот данснаас төлсөн гэсэн байгаа. Үүнийг бол зээлийн хүүнд гэдгээ Г ХХК маш тодорхой бичсэн байдаг. Ийм учир манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж барьцааны эрхийг Н ХХК шилжүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Хариуцагч Г ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Ц , Т.Э , Т.Эн нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, *-** тоот хаягт байрлах *-**********улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банк болон Д.Х , К.Б нарын хооронд байгуулагдсан ********* тоот зээлийн гэрээнд батлан даалтын гэрээг байгуулсан Н ХХК 18,794,525.55 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэлгүй бөгөөд барьцааг суллаж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

 

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын шаардлагатай холбогдуулан хариу тайлбар гаргахад 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Д.Х , К.Б нар нь 24,500,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож нэхэмжлэгч нарын орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь уг үүргийг гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэхээр ипотекийн барьцааны гэрээ байгуулсан байдаг. Батлан даагч буюу Н ХХК-иас үүргийн үлдэх хэсгийг төлсөн. Нэхэмжлэгч нарын шаардлага нь болохоор Г ХХК-ийн маань зээлийн үүрэг нэгэнт дууссан учир шилжүүлж өгөх боломжтой. Яагаад шилжүүлж өгөхгүй байсан бэ гэхээр зээлийн үүргийг зээлдэгч биш батлан даагч нь төлсөн. Мөн зээлдүүлэгчийн биелүүлээгүй үүрэг батлан даагчид шилжинэ гэдэг зүйлийг ярьсан учир гэрчилгээг шилжүүлэлгүй нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргасан учир шүүхээр шийдүүлнэ гэдэг зүйлийг ярьсан байгаа. Иргэний хууль болон батлан даалтын гэрээнээс харах юм бол батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийг гүйцэтгэвэл бүхий л шаардах эрх нь батлан даагчид шилжинэ гэж байгаа. Голомт банкны эрхүүд батлан даагчид шилжих ёстой юм. Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Харин нэхэмжлэгч Д.Ц нарын хувьд гэрчилгээг гаргаж өгч болно. Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-д зааснаар шаардах эрх нь Н ХХК-д буюу батлан даалтын гэрээгээр батлан даагчид шилжих ёстой юм.

Батлан даагч буюу Н ХХК-д шилжих ёстой юм. Голомт банкнаас чөлөөлөөд батлан даагчид шилжүүлнэ.

Гэрчилгээг авна гэдэг маань барьцааны эрхийг авна гэсэн асуудал биш. Барьцааны эрхийг бүртгүүлнэ гэдэг нь улсын бүртгэл дээр бүртгэгдэх асуудал. Гэрчилгээний эрх хэнд нь үүсэх вэ гэдэг асуудал барьцааны эрхтэй холбоотой байдаг” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Ц , Т.Э , Т.Эн нар нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан “Орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан “Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч Н ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШЗ2017/10013 тоот шүүгчийн захирамжаар Д.Ц , Т.Э , Т.Эн нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Н ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г ХХК-д холбогдох “Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах” тухай иргэний хэргийг нэгтгэсэн байна.

            Г ХХК нь зээлдэгч Д.Х , К.Б нарын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ********* тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр 24,500,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, сарын 1,35 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар олгосон болох нь хэрэгт авагдсан 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ********* тоот “Орон сууцны зээлийн гэрээ” болон гэрээний хавсралт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 76-80  дугаар талд/

 

Хариуцагч Г ХХК болон нэхэмжлэгч Д.Ц , Т.Э , Т.Эн нарын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн БГ1205029679 тоот Ипотекийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний барьцаанд Д.Ц , Т.Э , Т.Эн нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, * дугаар байрны ** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн *********, Г-000156778 тоот гэрчилгээтэй, 2 өрөө, орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн БГ1205029679 тоот Ипотекийн гэрээ болон барьцаалбар, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-8  дугаар талд/

 

Дээрх Ипотекийн гэрээний 3.1.1-д “Барьцаагаар хангагдах үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд барьцааны зүйлийг барьцаанаас суллахыг шаардах эрхтэй”, 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Барьцаагаар хангагдах шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж, эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БД1205029679 дугаартай “Батлан даалтын” гэрээ байгуулж, уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн нийт 24,500,000 төгрөгийн зээл, зээлийн гэрээг тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 81-83 дугаар тал/

 

Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т “Үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангасан батлан даагчид энэхүү үүргийн талаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаарлах бүх эрх шилжинэ” гэж заажээ.

Дээрх шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч Н ХХК хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “Номунбатак” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11/97 дугаар хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт тус компанид тогтвор суурьшилтай ажиллаж буй Д.Х , К.Б нарын Г ХХК-тай байгуулсан 24,500,000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууцны зээлийн гэрээг батлан даахаар шийдвэрлэв гэж заажээ. /хх-ийн 84 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д.Ц , Т.Э , Т.Эн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ипотекийн гэрээ байгуулж Д.Х , К.Б нарын орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалсан.

Д.Х  нь шоронд орж, эхнэр К.Б салж сураггүй болж, зээлээ төлөхгүй байсан тул зээлийн үлдэгдлийн төлбөр болох 2,101,431 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлж зээлийг бүрэн хаасан. Ипотекийн гэрээний 4.2.1-д барьцаагаар хангагдах шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж, эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх гэж заасан үүргээ биелүүлэхгүй байна...” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Голомт банктай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Д.Х , К.Б нарын зээлийн БД1205029679 дугаартай батлан даалтын гэрээнд заасан үүргийн дагуу зээлдэгч Д.Х , К.Б нарын зээлийн үндсэн төлбөрт 18,794,525.55 төгрөгийг тус банкинд төлсөн тул Иргэний хуулийн 465 дугаар зүйл, Батлан даалтын гэрээний 3.2.2 заалтын дагуу ипотекийн эрхийг манай компанид шилжүүлж өгөхийг Голомт банкнаас хүссэн боловч шилжүүлж өгөөгүй...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Нэхэмжлэгч нарын шаардлага нь болохоор Г ХХК-ийн маань зээлийн үүрэг нэгэнт дууссан учир шилжүүлж өгөх боломжтой. Яагаад шилжүүлж өгөхгүй байсан бэ гэхээр зээлийн үүргийг зээлдэгч биш батлан даагч нь төлсөн. Мөн зээлдүүлэгчийн биелүүлээгүй үүрэг батлан даагчид шилжинэ гэдэг зүйлийг ярьсан учир гэрчилгээг шилжүүлэлгүй нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргасан учир шүүхээр шийдүүлнэ гэдэг зүйлийг ярьсан байгаа. Иргэний хууль болон батлан даалтын гэрээнээс харах юм бол батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийг гүйцэтгэвэл бүхий л шаардах эрх нь батлан даагчид шилжинэ гэж байгаа. Голомт банкны эрхүүд батлан даагчид шилжих ёстой юм. Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Харин нэхэмжлэгч Д.Ц нарын хувьд гэрчилгээг гаргаж өгч болно. Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-д зааснаар шаардах эрх нь Н ХХК-д буюу батлан даалтын гэрээгээр батлан даагчид шилжих ёстой юм. Голомт банкнаас чөлөөлөөд батлан даагчид шилжүүлнэ. Гэрчилгээг авна гэдэг маань барьцааны эрхийг авна гэсэн асуудал биш. Барьцааны эрхийг бүртгүүлнэ гэдэг нь улсын бүртгэл дээр бүртгэгдэх асуудал. Гэрчилгээний эрх хэнд нь үүсэх вэ гэдэг асуудал барьцааны эрхтэй холбоотой байдаг...” гэж маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 459 дүгээр зүйлийн 459.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж, мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Голомт банкны төлбөрийн баримтаар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Т.Энхчимэгийн 1105065176 тоот данснаас 2,101,431.04 төгрөгийг төлбөрийн зориулалт “ОС зээл хаав” гэх Голомт банкны Д.Х ий 1205029679 тоот дансанд тушаасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх төлбөрийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхчимэг нь Д.Энхцэцэгийн өмнөөс зээлийг хаасан гэж тайлбарладаг. /хх-ийн 9 дүгээр тал/

Мөн Д.Х , К.Б нар Орон сууцны зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс батлан даагч Н ХХК нь зээлийн үндсэн төлбөрт 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 6,794,525.55 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 18,794,525.55 төгрөгийг төлж нөхөн хариуцлага хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 125 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Ц , Т.Э , Т.Эн нар зээлийн үлдэгдэл төлбөр 2,101,431 төгрөгийг төлж зээлийг бүрэн хаасан гэж тайлбарлаж байгаа боловч батлан даагч Н ХХК нь зээлийн төлбөрт 18,794,525.55 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч Д.Ц , Т.Э , Т.Эн нарыг зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Зээлдэгч Д.Х , К.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Д.Ц , Т.Э , Т.Эн нартай байгуулсан Ипотекийн гэрээний 5.1-д зааснаар барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, * дугаар байрны ** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн *********, Г-000156778 тоот гэрчилгээтэй, 2 өрөө, орон сууцнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагч болох “Голомт” банкинд үүсэхээр талууд тохиролцсон.

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй байдаг.

Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилждэг бөгөөд хуульд заасан дээрх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхгүй юм.

Барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүргийг батлан даагч төлж барагдуулсан, хуульд зааснаар батлан даагч барьцааны гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авахаар барьцаалагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Шаардах эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н ХХК нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж зааснаар батлан даагчийн үүргээ биелүүлсэн, мөн хуулийн 465 дугаар зүйлд заасан “Батлан даагчид үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх шилжих” гэсний дагуу шаардах эрхтэй буюу талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт заасан “Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгэгчийн бусад эрхийг хөндөхгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Номунбатак” ХХК нь хариуцагч Г ХХК-д зээлдэгч нарын өмнөөс зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлсөн байх тул барьцааны гэрээний шаардах эрхийг “Номунбатак” ХХК үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэн авах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар зээлийн хөрөнгөөр байшин барих байсан зээлдэгч Д.Х , К.Б нарын өмчлөлийн газар, хашаа нь батлан даагч Н ХХК буюу Ж.Сэргэлэнгийн өмчлөлд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” хэлцлээр шилжсэн байх бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Х ээс 31,796,070 төгрөгийг гаргуулан “НРМ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжны 55-А тоотод байрлах №18645319989172 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газрыг төлбөрт тооцсон болох нь 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоол, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7/2103 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл батлан даалтын гэрээний үүргийг батлан даагч биелүүлсэнтэй холбоотойгоор шилжүүлсэн биш Д.Х ий гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож шилжүүлсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

            Иймд хариуцагч Г ХХК-д холбогдох “Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Ц , Т.Э , Т.Эн нарын “Орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 165 дугаар зүйлийн 165.1, 465 дугаар зүйлийн 465.1-д заасныг баримтлан 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ********* дугаар Ипотекийн гэрээний барьцааны эрхийг нэхэмжлэгч Н ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Г ХХК-д даалгаж, “Орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэгч Д.Ц , Т.Э , Т.Эн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,450 төгрөг, нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,920 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 251,920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС