Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00546

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00546

 

Ц.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02753 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Батдэлгэрт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 32 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Сарантуяа нь хариуцагч Д.Батдэлгэртэй хамт ажиллаж байсан найз нөхдийн холбоотой хүмүүс юм. Д.Батдэлгэр нь хувиараа гутлын засвар, оёдол, үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 2012 оноос эхэлж нэхэмжлэгч Ц.Сарантуяагаас 6 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай, 500 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 7 050 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 200 000 төгрөг, нийт 7 250 000 төгрөг зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт төлж дууссан байдаг. Дараа нь Ц.Батдэлгэр нь өмнөх зээлийн төлбөрөө төлж барагдуулж дуусахаасаа өмнө буюу 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.Сарантуяагаас дахин 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан тухайн өдрөө бэлнээр 12 000 000 төгрөг, тухайн ондоо цувуулж 9 250 000 төгрөг тус тус авсан. Тухайн зээлийн гэрээг хариуцагч Д.Батдэлгэр өөрийн гараар бичиж талууд гэрээ байгуулсан байдаг. Уг зээлийн гэрээний нөхцөл нь 20 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлэх, 10 000 000 төгрөгийг 2014 онд багтааж, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2015 онд багтааж төлөхөөр заасан. Мөн 20 000 000 төгрөгийг зээлээ буцааж төлөөгүй байхдаа 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дахин 5 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр бэлнээр зээлж авсан. Д.Батдэлгэр нь уг зээлүүдийн эргэн төлөлтөнд 2014 онд 210 000 төгрөг дансаар, 2015 оны 2 дугаар сарын 25-нд 5 030 000 төгрөг дансаар нийт 5 240 000 төгрөгийг Ц.Сарантуяад төлсөн байдаг. 2015 оны 4 дүгээр сарын 15-нд Ц.Сарантуяа, Д.Батдэлгэр нар нь дээрх 2 зээлийн гэрээний төлбөр тооцоог нийлж 31 000 000 төгрөгийн үлдэгдэл байгааг талууд тооцоо нийлж баталгаажуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр үлдэгдэл 31 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон шинэчилж байгуулсан. Мөн Ц.Сарантуяа нь Д.Батдэлгэрт 2015 онд 3 удаагийн дансны шилжүүлгээр 550 000 төгрөг, 2016 онд 2 удаагийн дансны шилжүүлгээр 700 000 төгрөг нийт 1 250 000 төгрөг тус тус зээлж дансаар шилжүүлсэн. Д.Батдэлгэр нь уг зээлийн эргэн төлөлтөнд гэрээ байгуулснаас хойш буюу 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 6 удаагийн шилжүүлгээр нийт 1 970 000 төгрөг дансаар, 2016 оны 14 удаагийн шилжүүлгээр 6 050 000 төгрөг дансаар нийт 8 020 000 төгрөг Ц.Сарантуяад төлсөн. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 31 000 000 төгрөгийн зээлийн гэрээний 1 сарын хүү нь 1 550 000 төгрөг, 6 сарын нийт хүү нь 9 300 000 төгрөг, үндсэн зээлийн төлбөртэй нийлээд 40 300 000 төгрөг үүн дээр 2016 онд Ц.Сарантуяагаас Д.Батдэлгэрт дансаар шилжүүлж зээлүүлсэн 700 000 төгрөг нийт 41 000 000 төгрөг төлөх ёстой. Үүнээс уг гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч Д.Батдэлгэрийн төлсөн 8 020 000 төгрөгийг хасвал зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү нь 32 980 000 төгрөг байна. Иймд Д.Батдэлгэрээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүүгийн хамт 32 980 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Сарантуяа нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Д.Батдэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 845 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01319 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч Ц.Сарантуяа нь сүүлд гарсан нэхэмжлэлийн үндэслэлээ 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5 500 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 17-нд 20 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 31 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг гэжээ. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр, 15 000 000 төгрөг зээлж, хүү төлөх явцдаа бага багаар мөнгө зээлж байгаад 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Д.Батдэлгэрийн ажил дээр түүний мөнгөний зээлийн тооцоо бичсэн дэвтрийг үндэслэн тооцоо хийж 45 000 000 төгрөгийн өглөгтэй гэж 45 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Шүүх хуралдаан дээр өмнөх зээлийн тооцоо биш зээлийн гэрээ байгуулж тэр өдрөө 45 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо 2012 оны 2 дугаар сард 15 000 000 төгрөг зээлсэн мөнгөө төлөөд 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг зээлсэн, уг мөнгөө цувуулж төлөөд 6 780 000 төгрөг үлдэхэд нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 38 220 000 төгрөг нэмж төлөөд 45 000 000 төгрөг болсон. Үүнээс 6 050 000 төгрөг цувуулж төлсөн гэжээ. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.Батдэлгэр миний бие 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг мөнгийг 4 сарын дотор төлж дуусгасан. Зээлийг төлж дуусгасны дараа Ц.Сарантуяа 20 000 000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн бөгөөд энэ мөнгийг мөн л хүүгийн хамт 2014 оны 2 дугаар сар гэхэд нийт 36 300 000 төгрөг болгож өгч дууссан. 2014 оны 2 дугаар сардаа мөн 12 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд энэ мөнгийг цувуулж өгөөд бас дууссан. Миний бие Ц.Сарантуяагаас 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 45 000 000 төгрөг зээлэхээр гэрээ байгуулсан боловч надад энэ мөнгийг өгөөгүй. Зээлийн гэрээ гэж бичүүлсэн боловч надад тэр талаар баримт өгөөгүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 11, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хоёуланд нь нэг дансаар орж гарсан мөнгийг дурдсан байх боловч нэхэмжпэлийн үндэслэл болгосон гэрээнүүд нь өөр байна. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлд 45 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт гэх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбарт Ц.Сарантуяа, Д.Батдэлгэр нарын хооронд 2012 оноос хойшхи зээлийн гэрээнүүдийн талаар дурдаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Сарантуяагийн нэхэмжлэлтэй Д.Батдэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 000 000 төгрөгний зээлийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгч, бусад гэрээнүүд болох 2013 оны 6 000 000 болон 500 000 төгрөгний 2 зээлийн гэрээ, 2014 оны 02 сарын 17-ны өдрийн 20 000 000 төгрөгний, 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 5 500 000 төгрөгний гэрээнүүдийг үнэлж, дүгнэлт өгөөгүй нь ойлгомжгүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагч Д.Батдэлгэр нь 2014 оны 20 000 000 төгрөгний гэрээ, 5 500 000 төгрөгний гэрээний үлдэгдэл байгаа, үүнийгээ талууд хүлээн зөвшөөрч 2015 оны 31 000 000 төгрөгний гэрээг байгуулсан гэдгээ тодорхой дурдсан ба хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагч талын өөрийнх нь тайлбараар нотлогдсон. Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулж шаардах эрх хэзээнээс үүссэн байна гэдэгт дүгнэлт хийлгүй буюу 2014 оны гэрээнүүдийг үнэлж дүгнэлгүй дан ганц 2015 оны 31 000 000 төгрөгний зээлийн гэрээг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуульд заасан хууль ёсны шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн тусгагдсан хүчин төгөлдөр хэлцлүүд юм. Хариуцагч Д.Батдэлгэр нь 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 6 000 000 төгрөгний зээлийн гэрээ, тус өдрийн 500 000 төгрөгний зээлийн гэрээгээр нийт 6 500 000 төгрөг бэлнээр хүлээн авч, үүнийгээ үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт 2014 оны 04 сарын 18-ны өдөр 7 050 000 төгрөг, 2014 оны 09 сарын 18-ны өдөр 200 000 төгрөг нийт 7 250 000 төгрөг зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт төлж барагдуулж дууссан болох нь хариуцагчийн нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан гүйлгээ бүхий дансны хуулгаар хангалттай нотлогдож байна. Мөн 2014 оны 02 сарын 17-ны өдрийн 20 000 000 төгрөгний зээлийн гэрээ, 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 5 500 000 төгрөгний зээлийн гэрээний дагуу зээлийг хүлээж авсан болох нь хариуцагч Д.Батдэлгэрийн нэхэмжлэгч талд 2014 оны 09 сарын 18-ны өдрөөс хойш шилжүүлж байсан төлбөрүүд бүхий зохигчдын дансны хуулга, хариуцагч талын өөрийнх нь тайлбар болон 2014 оны 2 гэрээний төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж шинээр хийсэн 2015 оны 04 сарын 15-ны өдрийн 31 000 000 төгрөгний зээлийн гэрээгээр хангалттай нотлогдож байна. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 20 000 000 төгрөгний зээлийн гэрээ, 5 500 000 төгрөгний зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлдүүлэгч тал нь мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгсөн гэдгийг нотолж байгаа юм. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан "гэрээнүүд байгуулсан боловч гэрээнүүдийн дагуу мөнгийг хүлээж аваагүй" гэдэг тайлбар нь дээрх нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгөө хүлээж аваагүй юм бол нэхэмжлэгч талд төлөлтүүдийг хийх үндэслэлгүй байсан. Нэхэмжлэгч тал буюу зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хариуцагч талаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэр нь хариуцагч Д.Батдэлгэрт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 32 980 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөг, 9 250 000 төгрөгөөр цувуулж авсан, ...2014 онд 10 000 000 төгрөгийг, 2015 онд 10 000 000 төгрөгийг төлөхөөр заасан, энэ зээлийг буцаан төлөөгүй байхдаа 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин 5 500 000 төгрөг зээлж авсан, ...энэ 2 зээлийн гэрээг нэгтгэн 31 000 000 төгрөгийн тооцоо нийлж гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай 5 хувийн хүү тохиролцсон, үндсэн зээл, хүү нийлээд 40 300 000 төгрөг болсон ба сүүлд зээлсэн 700 000 төгрөгийн хамт 41 000 000 төгрөгөөс төлсөн 8 020 000 төгрөгийг хасч үлдэгдэл 32 980 000 төгрөгийн гаргуулна... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 5 500 000 төгрөгийн, 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 6 000 000 төгрөгийн, 2013 оны 11 сарын 15-ны 500 000 төгрөгийн, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 000 000 төгрөгийн, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 000 000 төгрөгийн бичгээр хийгдсэн зээлийн гэрээнүүдийг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлжээ. /хх-ийн 9-12/

 

Хариуцагч, эдгээр мөнгө зээлсэн тухай бичгийн баримтад гарын зурсан талаар маргаагүй боловч өмнө нь нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан оролцсон хариуцагч Д.Батдэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 42 845 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01319 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1767 дугаар магадлалаар хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон ба зохигч, түүний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул уг шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон /хх-42-43, 48-50/ тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн тодорхойлох хэсгийн нэхэмжлэлийн агуулгад ...Ц.Сарантуяагаас Д.Батдэлгэр удаа дараа мөнгө зээлдэг байсан ба хамгийн сүүлд 45 000 000 төгрөгийг зээлэхдээ 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай зээлийн гэрээ хийсэн... гэсэн тайлбар тусгагдсан бол хариуцагчийн тайлбарын агуулгад ... Д.Батдэлгэр Ц.Сарантуяагаас 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг мөнгийг 4 сарын дотор төлж дуусгасан. Зээлийг төлж дуусгасны дараа Ц.Сарантуяа нь надад 20 000 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн бөгөөд энэ мөнгийг мөн хүүгийн хамт 2014 оны 02 дугаар сар гэхэд нийт 36 300 000 төгрөг төлж дууссан. 2014 оны 02 дугаар сард мөн 12 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд энэ мөнгийг цувуулан бас төлсөн.... гэсэн тайлбар тусгагджээ.

Зохигчдын дээрх тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч тал хамгийн сүүлд 45 000 000 төгрөгийг зээлсэн тухай 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн бичгийн баримт үйлдэхээс өмнөх зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дах хэсэгт зааснаар дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01319 дүгээр шийдвэртэй хэрэгт хариуцагч талаас энэ нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн, өмнө нь авсан 2012, 2013, 2014 оны мөнгө зээлсэн болон тэдгээрийн төлөлтийн талаар тайлбар гаргасан байхад тухайн хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн татгалзлыг няцаасан тайлбар, нотлох баримтаа гаргаж ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх ба улмаар шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгджээ.

Иймд талуудын хоорондын зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шүүхийн дээрх шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж, уг гэрээний харилцааг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн анхны нэхэмжлэлийн шаардлага болох 45 000 000 төгрөгийн зээлийн асуудалтай, одоо маргаж байгаа 2 зээлийн гэрээг нэгтгэн 31 000 000 төгрөгийн тооцоо нийлж байгуулсан зээлийн гэрээ нь хамааралгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндэслэлтэй тайлбар нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад тайлбарлаж чадаагүй тохиолдолд анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Иймд өмнө нь шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хожим гаргасан нотлох баримтыг үндэслэн талуудын хоорондын зээлийн гэрээний харилцаатай холбоотой маргааныг дахин авч хэлэлцэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ