Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01026

 

Ц.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02753 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 546 дугаар магадлалтай

Ц.С-гийн нэхэмжлэлтэй

Д.Б-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 32 980 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү  нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч Д.Б-тэй хамт ажиллаж байсан найз нөхдийн холбоотой хүмүүс юм. Д.Б- нь хувиараа гутлын засвар, оёдол, үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 2012 оноос эхэлж нэхэмжлэгч Ц.С-гаас 6 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай, 500 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 7 050 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 200 000 төгрөг, нийт 7 250 000 төгрөг зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт төлж дууссан байдаг.

Дараа нь Д.Б нь өмнөх зээлийн төлбөрөө төлж барагдуулж дуусахаасаа өмнө буюу 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.С-гаас дахин 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан тухайн өдрөө бэлнээр 12 000 000 төгрөг, тухайн ондоо цувуулж 9 250 000 төгрөг тус тус авсан. Тухайн зээлийн гэрээг хариуцагч Д.Б- өөрийн гараар бичиж талууд гэрээ байгуулсан байдаг. Уг зээлийн гэрээний нөхцөл нь 20 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлэх, 10 000 000 төгрөгийг 2014 онд багтааж, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2015 онд багтааж төлөхөөр заасан.

Мөн 20 000 000 төгрөгийг зээлээ буцааж төлөөгүй байхдаа 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дахин 5 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр бэлнээр зээлж авсан. Д.Б- нь уг зээлүүдийн эргэн төлөлтөд 2014 онд 210 000 төгрөг дансаар, 2015 оны 2 дугаар сарын 25-нд 5 030 000 төгрөг дансаар нийт 5 240 000 төгрөгийг Ц.С-д төлсөн байдаг.

2015 оны 4 дүгээр сарын 15-нд Ц.С-, Д.Б- нар нь дээрх 2 зээлийн гэрээний төлбөр тооцоог нийлж 31 000 000 төгрөгийн үлдэгдэл байгааг талууд тооцоо нийлж баталгаажуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр үлдэгдэл 31 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон шинэчилж байгуулсан. Мөн Ц.С- нь Д.Б-т 2015 онд 3 удаагийн дансны шилжүүлгээр 550 000 төгрөг, 2016 онд 2 удаагийн дансны шилжүүлгээр 700 000 төгрөг нийт 1 250 000 төгрөг тус тус зээлж дансаар шилжүүлсэн. Д.Б- нь уг зээлийн эргэн төлөлтөд гэрээ байгуулснаас хойш буюу 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 6 удаагийн шилжүүлгээр нийт 1 970 000 төгрөг дансаар, 2016 оны 14 удаагийн шилжүүлгээр 6 050 000 төгрөг дансаар нийт 8 020 000 төгрөг Ц.С-д төлсөн.

2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 31 000 000 төгрөгийн зээлийн гэрээний 1 сарын хүү нь 1 550 000 төгрөг, 6 сарын нийт хүү нь 9 300 000 төгрөг, үндсэн зээлийн төлбөртэй нийлээд 40 300 000 төгрөг үүн дээр 2016 онд Ц.С-гаас Д.Б-т дансаар шилжүүлж зээлүүлсэн 700 000 төгрөг нийт 41 000 000 төгрөг төлөх ёстой. Үүнээс уг гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч Д.Б-ийн төлсөн 8 020 000 төгрөгийг хасвал зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү нь 32 980 000 төгрөг байна. Иймд Д.Б-ээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүүгийн хамт 32 980 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.С- нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 845 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01319 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байна.

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр, 15 000 000 төгрөг зээлж, хүү төлөх явцдаа бага багаар мөнгө зээлж байгаад 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Д.Б-ийн ажил дээр түүний мөнгөний зээлийн тооцоо бичсэн дэвтрийг үндэслэн тооцоо хийж 45 000 000 төгрөгийн өглөгтэй гэж 45 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

Шүүх хуралдаан дээр өмнөх зээлийн тооцоо биш зээлийн гэрээ байгуулж тэр өдрөө 45 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.Б- миний бие 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг мөнгийг 4 сарын дотор төлж дуусгасан. Зээлийг төлж дуусгасны дараа Ц.С- 20 000 000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн бөгөөд энэ мөнгийг мөн л хүүгийн хамт 2014 оны 2 дугаар сар гэхэд нийт 36 300 000 төгрөг болгож өгч дууссан. 2014 оны 2 дугаар сардаа мөн 12 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд энэ мөнгийг цувуулж өгөөд бас дууссан. Миний бие Ц.С-гаас 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 45 000 000 төгрөг зээлэхээр гэрээ байгуулсан боловч надад энэ мөнгийг өгөөгүй. Зээлийн гэрээ гэж бичүүлсэн боловч надад тэр талаар баримт өгөөгүй.

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 11, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хоёуланд нь нэг дансаар орж гарсан мөнгийг дурдсан байх боловч нэхэмжлэлийн үндэслэл болгосон гэрээнүүд нь өөр байна.

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлд 45 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт гэх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбарт Ц.С-, Д.Б- нарын хооронд 2012 оноос хойшхи зээлийн гэрээнүүдийн талаар дурдаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02753 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.С-гийн нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 546 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 546 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд би дараах үндэслэлээр энэхүү хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “...Иймд талуудын хоорондын зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шүүхийн дээрх шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж, уг гэрээний харилцааг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон гэж үзэхээр байна.” гэж дүгнэжээ. Гэтэл Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01319 дүгээр шийдвэртэй иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 45 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь зээлдүүлэгч нь зээлдэгчид 45 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг үндэслэн шаардах эрхгүй гэж үзсэн болохоос зохигчдын хоорондын өмнөх гэрээнүүдийн эрх, үүрэг, шаардах эрх дуусгавар болсон талаар дүгнээгүй, эцэслэж шийдвэрлэх зүйл байхгүй юм. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ:” 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;” гэж заасан байна. Зохигч талуудын хооронд 2012 оноос эхлэн зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд зээлдэгч, зээлдүүлэгч талуудад тодорхой эрх, үүргийг бий болгож, шаардах эрхийг үүсгэж байгаа юм. Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6 000 000 төгрөгийн, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 500,000 төгрөгийн, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20,000,000 төгрөгийн, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5 500 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн зээлдүүлэгчийн шаардах эрх дуусгавар болоогүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хавтаст хэрэгт Д.Б- нь Ц.С-д 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, 2013 оны 11 дүгээр 15-ны өдөр 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн.

2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэйгээр 10 000 000 төгрөгийг 2014 онд багтааж, үлдэх 10 000 000 төгрөгийг 2015 онд багтааж төлөхөөр талууд тохиролцсон зээлийн гэрээ,

2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 31 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр тус тус авагджээ” гэж хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудыг дурдсан мөртлөө, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгч, бусад гэрээнүүд болох 2013 оны 6 000 000 төгрөгийн, 500 000 төгрөгийн 2 зээлийн гэрээ, 2014 оны 02 сарын 17-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 5 500 000 төгрөгийн гэрээнүүдийг үнэлж, дүгнэлт өгөөгүй нь ойлгомжгүй юм. Нэхэмжлэгч талын зүгээс давж заалдах гомдолдоо энэ гэрээнүүдэд дүгнэлт өгөхийг давж заалдах шатны шүүхэд хүсч гомдолдоо дурдсан боловч давж заалдах шатны шүүх ч дээрх гэрээнүүдэд дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагч Д.Б- нь 2014 оны 20 000 000 төгрөгийн гэрээ, 5 500 000 төгрөгийн гэрээний үлдэгдэл байгаа, үүнийгээ талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулж 2015 оны 31 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан гэдгээ тодорхой дурдсан ба хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагч талын өөрийнх нь тайлбараар нотлогдсон болно. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулж шаардах эрх хэзээнээс үүссэн байна гэдэгт дүгнэлт хийлгүй буюу 2014 оны гэрээнүүдийг үнэлж дүгнэхгүй дан ганц 2015 оны 31 000 000 төгрөгийн зээлийн гэрээг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуульд заасан хууль ёсны шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн тусгагдсан хүчин төгөлдөр хэлцэлүүд юм. Хариуцагч Д.Б- нь 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, тус өдрийн 500 000 төгрөгийн зээлийн гэрээгээр нийт 500 000 төгрөг бэлнээр хүлээн авч, үүнийгээ үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт 2014 оны 04 сарын 18-ны өдөр 7,050,000 төгрөг, 2014 оны 09 сарын 18-ны өдөр 200,000 төгрөг нийт 7,250,000 төгрөг зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт төлж барагдуулж дууссан болох нь хариуцагчийн нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан гүйлгээ бүхий дансны хуулгаар хангалттай нотлогдож байна. Мөн 2014 оны 02 сарын 17-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 5,500,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу зээлийг хүлээж авсан болох нь хариуцагч Д.Б-ийн нэхэмжлэгч талд 2014 оны 09 сарын 18-ны өдрөөс хойш шилжүүлж байсан төлбөрүүд бүхий зохигчдын дансны хуулга, хариуцагч талын өөрийнх нь тайлбар болон 2014 оны 2 гэрээний төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж шинээр хийсэн 2015 оны 04 сарын 15-ны өдрийн 31 000 000           төгрөгийн зээлийн гэрээгээр хангалттай нотлогдож байна. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 5 500 000 төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлдүүлэгч тал нь мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгсөн гэдгийг нотолж байгаа юм. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “гэрээнүүд байгуулсан боловч гэрээнүүдийн дагуу мөнгийг хүлээж аваагүй” гэдэг тайлбар нь дээрх нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгөө хүлээж аваагүй юм бол нэхэмжлэгч талд төллөлтүүдийг хийх үндэслэлгүй байсан. Нэхэмжлэгч тал буюу зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хариуцагч талаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй юм. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт Зохигчдын дээрх тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч тал хамгийн сүүлд 45,000,000 төгрөгийг зээлсэн тухай 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн бичгийн баримт үйлдэхээс өмнөх зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт зааснаар дуусгавар болгосон гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5-д “Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ.” гэж заажээ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн өр авлага бүрэн дуусаагүй учраас гэрээгээ дүгнээгүй, сүүлийн хэсгийг хүлээн авсан баримт бичиг үйлдээгүй болно. Мөн өмнөх зээлийн гэрээний өр төлбөр дуусаагүй байхад хариуцагч талын зүгээс дахин мөнгө зээлэх, зээлийн гэрээ байгуулахыг хүссэн учраас гэрээ байгуулсан байдаг. Монгол улсын хууль тогтоомжуудад өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, өр төлбөр бүрэн барагдаагүй байхад дахин зээл олгохыг хориглосон нэг ч хуулийн зүйл, заалт байхгүй ба өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, өр төлбөр бүрэн барагдаагүй байхад дахин гэрээ байгуулагдсанаар өмнөх гэрээний үүрэг, гэрээ дуусгавар болгохоор заасан зүйл, заалт байхгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт энэ мөнгийг мөн хүүгийн хамт 2014 оны 02 дугаар сар гэхэд нийт 36 300 000 төгрөг төлж дууссан. 2014 оны 2 дугаар сард мөн 12 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд энэ мөнгийг цувуулан бас төлсөн.” гэсэн тайлбар тусгагджээ” гэж дурдсан байна. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтууд болох зохигчдын банкны дансны хуулгануудаас харахад хариуцагч Д.Б- нь 2014 оны 2 сараас хойш нэхэмжлэгч Ц.С-д дансаар 23 550 000 төгрөг шилжүүлсэн байдаг. 12 000 000 төгрөг зээлсэн, бусад зээлийг хүлээж аваагүй гэж тайлбар гаргаж байгаа хүн зээлсэн мөнгөнөөсөө илүү мөнгийг төлж байгаа нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 6 000 000 төгрөгийн, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 500 000 төгрөгийн, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 000 000 төгрөгийн, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5 500 000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг хүлээж авсан гэдэг нь нотлогдож байгаа болно.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчээс хариуцагчид банкны дансаар 2014 онд 9 250 000 төгрөг, 2015 онд 550 000 төгрөг, 2016 онд 6 280 000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч Д.Б-т өр төлбөргүй бөгөөд энэ бүх шилжүүлсэн мөнгөнүүд нь Д.Б-т зээлүүлсэн өр төлбөрүүд болно. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр энэ мөнгөнүүдийг ч буцаан шаардах эрхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Ц.С- нь 2013 оны 11 сарын 15-ны өдөр хариуцагчид 6 000 000 төгрөг, 500 000 төгрөг тус тус зээлдүүлсэн бөгөөд үүний төлбөр нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 7 050 000 төгрөг, 2014.09.18-ны өдөр 200 000 төгрөг хариуцагч Д.Б-ээс дансаар шилжүүлснээр дуусгавар болсон байдаг. 2014 оноос хойш нэхэмжлэгч Ц.С- нь 2014 оны 02 сард 12 000 000 төгрөг бэлнээр /хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан/, 2014 онд 7 удаагийн шилжүүлгээр нийт 9 250 000 төгрөг дансаар, 2014 оны 09 сард 5 500 000 төгрөг бэлнээр, 2015 онд 3 удаагийн шилжүүлгээр 550 000 төгрөг дансаар, 2016 онд 2 удаагийн шилжүүлгээр нийт 700 000 төгрөг дансаар нийт 28 000 000 төгрөг хариуцагч Д.Б-т өгсөн байдаг. Хариуцагч Д.Б- нь 2014 оны 09 сарын 18-ны өдөр, 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 6 000 000 төгрөг, 500 000 төгрөгийн зээлийн өр төлбөрийг дуусгаснаас хойш нэхэмжлэгч Ц.С- руу 16 300 000 төгрөг дансаар шилжүүлсэн байдаг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 546 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.С- нь Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 980 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 02 дугаар сарын 17-нд 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, бэлнээр 12 000 000 төгрөгийг авч, тухайн ондоо цувуулж 9 250 000 төгрөгийг авсан. Энэ зээлийг буцааж төлөөгүй байхдаа 2014 оны 09 үгээр сарын 30-ны өдөр 5 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр авсан. Энэ хоёр гэрээний эргэн төлөлтийг харилцан тооцож, 31 000 000 төгрөгийн үлдэгдэл байгааг баталгаажуулан, 2015 оны 04 дүгээр сарын 15-нд 31 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ шинэчлэн байгуулсан. Үүнээс хойш 8 020 000 төгрөгийг төлсөн, одоо 32 980 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн  маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд гэрээний зүйл болох 31 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1., Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4. дэх заалтад нийцсэн байна.

Ц.С- нь 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г үндэслэж нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2. дахь заалтад нийцсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан бусад гэрээг үнэлж дүгнээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сард Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 845 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Д.Б-тэй 2016 оноос өмнө байгуулсан зээлийн гэрээний төлөлтийн талаар ямар нэг маргаан байхгүй, зээлийн тооцоо дууссан гэж тайлбарлаж байсан бөгөөд давж заалдах шатны шүүх талуудын хооронд өмнө байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 546 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322 850 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х. СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД