Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01790

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01790

 

 

 

 

Д.Уужимсанаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01379 дүгээр шийдвэртэй, Д.Уужимсанаагийн нэхэмжлэлтэй Эм Эм Эм Ди ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 281 422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Уужимсанаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Уужимсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Уужимсанаа миний бие 2018 оны 4 дүгээр сарын 13 өдөр хариуцагч байгууллагын Кайзер ресторанаар үйлчлүүлэх зорилгоор орсон. Урьд шөнө нь цас их орсон байсан бөгөөд тухайн байгууллага нь үүдний цасаа бүрэн цэвэрлээгүй байсан. Тус ресторанаар үйлчлүүлээд гарах үедээ тус байгууллагын шатан дээр хүүтэйгээ цуг хальтирч унан босч чадахгүй байх үед хашааны цас цэвэрлэж байсан ажилтан намайг дотор оруулсан. Биеийн байдал гайгүй байсан учир гарахаар хувцсаа гөвүүлж байх үед ухаан алдан унасан, тэр үед байгууллагын жижүүр түргэн тусламж дуудсан байсан. Түргэн тусламж ирээд даралт үзэж хэвийн байна, хүчтэй унасан учир тархи толгойд гэмтэл авсан байж болзошгүй тул яаралтай тархины зураг авахуул гэж хэлсэн. Улмаар эмчийн зааврын дагуу миний бие Сонгдо эмнэлэгт тархины зураг авахуулсан. Иймд тус байгууллагын буруутай уйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 281 422 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Уужимсанаа нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө манай ресторанаар үйлчлүүлсэн. Тухайн өдөр цас орж байсан, манай байгууллагын ажилтан хашаанаас эхлэн орж байгаа цасыг цэвэрлэж байх үед энэ асуудал гарсан. Гадаа цас орж байсан, хаврын цагт орсон цас дороо хайлж, ус болдог зэргээс нэхэмжлэгч нь шатнаас хальтирах боломжтой гэдгийг өөрөө мэдэж байсан. Тиймдээ ч байгууллагын үүдний камерын бичлэгт бичигдсэнээс харахад нэхэмжлэгч ресторан руу орохдоо халтирахаас сэргийлж шатанд наасан наалттай хэсгээр явсан, харин гарахдаа наалтгүй буюу цас тогтсон хэсгээр бууснаас болж унасан байна.

Өөрөөр хэлбэл, цас орж байсан, шатны хэсэг усархаг, цастай үед шатнаас хальтирах магадлалтай гэдгийг энгийн хүн бүр мэдэх боломжтой, ийм үед хүмүүс шатнаас хальтирах эрсдэл өндөр байдаг учир манай байгууллага үүдний шатандаа хальтирахаас сэргийлсэн наалт наасан. Энэ нь халтирч болзошгүйг анхааруулсан анхааруулга, нөгөөтэйгүүр манайхаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангасан, тэднийг эрсдэлээс хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн байдал юм. Иймээс нэхэмжлэгч нь цас, бороотой үед өөрийгөө эрсдэлээс сэргийлэхийн тулд ямар ч тохиолдолд хальтирахаас сэргийлсэн наалттай хэсгээр явах ёстой. Хэрэв манай байгууллагын үүдний шатанд хальтирахыг анхааруулсан наалт байхгүй байсан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь шатнаас унасан бол манай байгууллага нэхэмжлэгчийн өмнө буруутай болно. Дээр дурдсанаар хууль, журамд заасны дагуу үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд үүдний шатандаа наалт наасан байхад нэхэмжлэгч нь өөрийн буруутай буюу шатны цас тогтсон хэсгээр буусан болгоомжгүй үйлдлийн улмаас шатнаас унасан. Иймд нэхэмжлэгчийн шатнаас унасанд учирсан хохирлыг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч хариуцагч Эм Эм Эм Ди ХХК-аас 140 711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Уужимсанаад олгож, үлдэх 140 711 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9093 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эм Эм Эм Ди ХХК-аас 4546 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Уужимсанаад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Уужимсанаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Нэхэмжлэгчийг шатнаас халтирч унасан нь өөрийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн, мөн гэм буруутай гэж дүгнэсэн" нь үндэслэлгүй. Хариуцагч Эм Эм Эм Ди ХХК-ийн Кайзер ресторанаар үйлчлүүлэн гарах үедээ байгууллагын гадна шатан дээр хальтирч унасан, энэ талаар хариуцагч тал анхан шатны шүүх хурал дээр маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно. Харин анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг шатнаас хальтарч унасан нь өөрийн анхаарал болгоомжгүй байдал мөн нөлөөлсөн гэж үзэн хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэсэн нь учир дутагдалтай үндэслэлгүй шийдвэр болсон. Хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл байх гэсэн шаардлагад УДШ-ийн 2009 оны 15 дугаар тогтоолд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалт дахь "...хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол хариуцах гэм хорын хэмжээг тогтооход уг нөхцөл байдлыг харгалзан үзэж болно гэжээ. Шүүхээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч надаас тодруулга асуулт асуухдаа "Та тодорхой хэмжээний анхаарал сэрэмжтэй байсан бол унахгүй байсан уу?, Таны үйлдэл болгоомжгүй үйлдэл байсан уу?" гэж асуусан болон Тийм" гэж хариулсныг нэхэмжлэгч Д.Уужимсанаа шатнаас хальтирч унасан нь өөрийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан гэдэг нь холбогдох нотлох баримт, тайлбараар тогтоогдсон, энэхүү үйл баримтын тухайд талууд маргаагүй. Тиймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Уужимсанаа нь хариуцагч Эм Эм Эм Ди ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 281 422 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.Уужимсанаа нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Эм Эм Эм Ди ХХК-ийн Кайзер ресторанаар үйлчлүүлж гарахдаа гадна шатны хэсэгт хальтирч унаснаас эрүүл мэндэд учирсан хохирлыг шаардсан.

Хэрэгт баримтаар авагдсан фото зураг, үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд Эм Эм Эм Ди ХХК-ийн Кайзер рестораны гадна шат цастай байснаас нэхэмжлэгч хальтирч унасан, хариуцагч байгууллага өөрийн өмчлөлийн барилга байгууламжийн шатны цасыг цэвэрлэх, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангах үүргээ биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-ийн 24, 50 дугаар тал/

Д.Уужимсанаа нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Эм Эм Эм Ди ХХК-ийн Кайзер ресторанаар үйлчлүүлээд гарахдаа гадна шатны хэсэгт хальтирч унасан үйл баримтыг зохигч маргаагүй гэж анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Тэрээр мөн өдөртөө эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэхэд толгойн доргилт онош тогтоогдож эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардал 281 422 төгрөг / үзлэгийн төлбөр 25 000 төгрөг, компьютер томографийн үнэ 208 000 төгрөг, эмийн үнэ 48 422 төгрөг/ болсон гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Тухайн өдөр цас орсон, хайлсан, шат хальтаргаатай байсныг хариуцагч байгууллага тайлбарласан. Хариуцагч байгууллага нь өөрийн эзэмшлийн газар цэвэрлэгээ үйлчилгээ хийх, цас, тогтсон мөс, усыг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсэхгүй байх үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, үйлчилгээний аюулгүй байдлыг хангаагүйгээс нэхэмжлэгчид хохирол учруулсан нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг шаардах эрхтэй.

Харин мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Хариуцагч гэм буруугүй байдлаа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Д.Уужимсанаагийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар баримтаар тогтоогдсон.

Гэтэл хариуцагчаас 140 711 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 140 711 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хорын хэмжээг багасгах урьдчилсан нөхцөл нь хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байх явдал байдаг.

Д.Уужимсанааг хариуцагч байгууллага буруутгахдаа ресторанаас гарахдаа шатны наалтгүй хэсгээр явсан гэж тайлбарласан тайлбарыг гэрэл зуоаг, үзлэгийн тэмдэглэлтэй харьцуулан үзвэл хариуцагч байгууллага нь шатанд хэсэгчлэн наалт наасан нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангасан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шатанд хэсэгчилсэн наалттай хэсгээр явах үүргийг үйлчлүүлэгчид хүлээлгэх, биелүүлэхгүй бол анхаарал болгоомжтай байх үүрэгт хамааруулж дүгнэх нь учир дутагдалтай юм.

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

Хариуцагч байгууллагын буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан, хохирол нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01379 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 514 дүгээр зүйлийн 514.1 гэснийг хасч, 140 711 гэснийг 281 422 гэж, 2 дах заалтын 4 546 гэснийг 9 093 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 093 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ