Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00058

 

Д.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01379 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1790 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.У

          Хариуцагч: “... Эм Ди” ХХК-д холбогдох

          Гэм хорын хохиролд 281,422 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

          Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “... Д.У миний бие 2018-04-13-ны өдөр хариуцагч байгууллагын Кайзер ресторанаар үйлчлүүлэх зорилгоор орсон. Урьд шөнө нь цас их орсон байсан бөгөөд тухайн байгууллага  цасыг бүрэн цэвэрлээгүй байсан. Тус ресторанаар үйлчлүүлээд гарах үедээ байгууллагын шатан дээр хүүтэйгээ цуг хальтирч унан босч чадахгүй байх үед хашааны цас цэвэрлэж байсан ажилтан намайг дотор оруулсан. Биеийн байдал гайгүй байсан учир гарахаар хувцсаа гөвүүлж байх үед ухаан алдан унасан, тэр үед байгууллагын жижүүр түргэн тусламж дуудсан байсан. Түргэн тусламж ирээд даралт үзэж хэвийн байна, хүчтэй унасан учир тархи толгойд гэмтэл авсан байж болзошгүй тул яаралтай тархины зураг авахуул гэж хэлсэн. Улмаар эмчийн зааврын дагуу миний бие Сонгдо эмнэлэгт тархины зураг авахуулсан. Иймд тус байгууллагын буруутай уйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 281 422 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Д.У 2018-04-13-ны өдрийн өглөө манай ресторанаар үйлчлүүлсэн. Тухайн өдөр цас орж байсан, манай байгууллагын ажилтан хашаанаас эхлэн орж байгаа цасыг цэвэрлэж байх үед асуудал гарсан. Гадаа цас орж байсан, хаврын цагт орсон цас дороо хайлж, ус болдог зэргээс нэхэмжлэгч нь шатнаас хальтирах боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан. Тиймдээ ч байгууллагын үүдний камерын бичлэгт бичигдсэнээс харахад нэхэмжлэгч ресторан руу орохдоо халтирахаас сэргийлж шатанд наасан наалттай хэсгээр явсан, харин гарахдаа наалтгүй буюу цас тогтсон хэсгээр бууснаас болж унасан байна. Өөрөөр хэлбэл, цас орж байсан, шатны хэсэг усархаг, цастай үед шатнаас хальтирах магадлалтай гэдгийг энгийн хүн бүр мэдэх боломжтой, ийм үед хүмүүс шатнаас хальтирах эрсдэл өндөр байдаг учир манай байгууллага үүдний шатандаа хальтирхаас сэргийлсэн наалт наасан. Энэ нь халтирч болзошгүйг анхааруулсан анхааруулга, нөгөөтэйгүүр манайхаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангасан, тэднийг эрсдэлээс хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн байдал юм. Иймээс нэхэмжлэгч нь цас, бороотой үед өөрийгөө эрсдэлээс сэргийлэхийн тулд ямар ч тохиолдолд хальтирахаас сэргийлсэн наалттай хэсгээр явах ёстой. Хэрэв манай байгууллагын үүдний шатанд хальтирахыг анхааруулсан наалт байхгүй байсан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь шатнаас унасан бол манай байгууллага нэхэмжлэгчийн өмнө буруутай болно. Дээр дурдсанаар хууль, журамд заасны дагуу үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд үүдний шатандаа наалт наасан байхад нэхэмжлэгч нь өөрийн буруутай буюу шатны цас тогтсон хэсгээр буусан болгоомжгүй үйлдлийн улмаас шатнаас унасан. Иймд нэхэмжлэгчийн шатнаас унасанд учирсан хохирлыг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01379 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу “... Эм Ди” ХХК-иас 140 711 төгрөг гаргуулан Д.Уд олгож, үлдэх 140 711 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1790 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01379 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “514 дүгээр зүйлийн 514.1” гэснийг хасч, хариуцагчаас 281,422 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Д.У 2018-04-13-ны өдрийн өглөө манай ресторанаар орж ирэх үед манай байгууллага Хог хаягдлын тухай хуулийн 9.4.12-т зааснаар ойр орчмын 50 м зайд хамаарах цасыг арилгах үүргээ хэрэгжүүлж эхэлсэн буюу байгууллагын ажилтан хашааны цасыг цэвэрлэж эхэлсэн ба шатны хэсэгт хараахан хүрээгүй байсан. Мөн байгууллагын үүдний хэсэгт халтирахаас сэргийлсэн наалт наасан. Б.Уужимсанаа орохдоо шатны наалттай хэсгээр орсон, орохдоо шатны зүүн талын хэсэгт цас тогтсон байгааг мэдсэн харсан атлаа байгууллагаас буцаж гараад шатнаас буухдаа шатны цас тогтсон хэсгээр буусан. Буухдаа буюу гарахдаа яарч явсан болохоо анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн байхад давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүхийг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар ч хүн шатнаас анхаарал болгоомжтой буугаагүй тохиолдолд унах магадлал нэмэгддэг тул илүү болгоомжтой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн хэтэрхий болгоомжгүй буюу шатны цас тогтсон хэсгээр яарч буусны улмаас унасан нь үзлэгийн тэмдэглэлээр тодорхой харагддаг. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь өөрийн хэтэрхий болгоомжгүй үйлдлийн улмаас буюу шатнаас буухдаа шатны цас тогтсон хэсгээр явснаас гадна яарсан байдалтай байсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон. Мөн Иргэний хуулийн 514.1 “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан. Уг заалтад зааснаар “гэм хор учрах”, “гэм хор учирснаас гарах хохирлын хэмжээ нэмэгдэх” гэсэн 2 нөхцөлийн аль нэг нь бүрдсэн. Үүнд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн тохиолдолд хохирлын хэмжээг багасгахаар байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шатнаас халтирч унасанд түүний хэтэрхий болгоомжгүй буюу яарч буусан үйлдэл нөлөөлсөн учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж тухайн маргаанд хамааралгүй “хохирлын хэмжээ нэмэгдэхэд” нөлөөлсөн байх урьдчилсан нөхцөл шаардлагатай гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.У 2018-05-02-ны өдөр “... Эм Ди” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 281,422 төгрөг шаардаж, үндэслэлээ “... 2018-04-13-ны өдөр хариуцагч байгууллагын зоогийн газраар үйлчлүүлж гарахдаа гадна шатнаас хальтирч унаж гэмтэл авч, эмчилгээнд зардал гаргасан...” гэжээ.

         Анхан шатны шүүх хариуцагчаас хохирлын тал хувийг гаргаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг бүрэн хангасан байна.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Д.У 2018-04-13-ны өдөр “... Эм Ди” ХХК-ийн зоогийн газраар үйлчлүүлээд гарахдаа уг байгууллагын гадна шатны хэсэгт хальтирч унаснаас гэмтэл авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаангүй байна.   

        Гэмтлийн улмаас нэхэмжлэгч эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэхдээ үзлэгийн төлбөрт 25,000 төгрөг, компьютер томографийн үнэ 208,000 төгрөг, эмийн үнэ 48,422 төгрөгийн зардал гаргасан нь тогтоогджээ.

        Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нь 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй байна.

        Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

        2018-04-13-ны өдөр цас орж, хариуцагч байгууллагын гадна талын шат хальтиргаатай байсан нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон байна. Хариуцагч өөрийн эзэмшлийн газар цэвэрлэгээ үйлчилгээ хийх, хог, цас, мөсийг цэвэрлээгүй буюу хальтиргаа гулгаа үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлээгүй, энэ талаар сэрэмжлүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учруулсан байх бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

        Шүүх зохигч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн /хх10/, нэхэмжлэгч, хариуцагч тал шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Хохирол үүсэхэд хариуцагч гэм буруугүй гэдгээ нотлоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйл, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

        Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. Нэхэмжлэгчид гэм хор учрах, хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч өөрийн байгууллагын 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын цас, мөсийг бүрэн цэвэрлээгүй байхад нэхэмжлэгч унаж, гэмтэл авсан байна.

         Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль болон бусад  холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1790 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 9.092,66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ  

                                  ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ