Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01332

 

       Г.Жанчивдоржийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/05159 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1955 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Г.Жанчивдорж

Хариуцагч : Ц.Энхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага : 14.682.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Идэрбулганы гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Идэрбулган, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд,  нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Энхцэцэгээс 2005 онд үйлдвэрлэгдсэн 2012.8.03-ны өдөр Монгол Улсад орж ирсэн 14-33 УНЯ улсын дугаартай, Хюньдай верна маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг 20 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 1,5 сая төгрөгийг өгч 2012.8.27-ны өдөр 14/33 дугаар автомашины түрээсийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээнд үлдэгдэл 18,5 сая төгрөгийг 3 жил, 2 сарын хугацаанд төлөхөөр заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын байдлаар нийт 13.182.000 төгрөг төлсөн. 2014.12.10-ны өдөр Ц.Энхцэцэг уг автомашиныг ломбарданд 7 хоног барьцаалаад буцааж өгнө гэхээр нь  зөвшөөрсөн ч буцааж авч өгөөгүй ломбард нь уг автомашиныг бусдад худалдсан байна. Иймд Ц.Энхцэцэгээс 13.182.000 төгрөг, урьдчилгаа 1.500.000 төгрөг нийт 14.682.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Г.Жанчивдоржтой автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч  гэрээний 3, 4 дүгээр зүйлийг удаа дураа зөрчиж, орлогыг байнга дутуу тушааж, нийт 971.670 төгрөг дутуу байгаа. Г.Жанчивдоржийн төлсөн мөнгө нь тухайн автомашины үнэ болон банкны хүүд төлөгдсөн. Хотын дотор хувиараа болон такси үйлчилгээнд ажилладаг жолооч өдөрт 50.000 – 70.000 төгрөгийн орлоготой ажилладаг. 2012.8.27-ны өдрөөс 2014.12.09-ний өдөр хүртэл ажлын 604 хоног байгаа бөгөөд энэ хугацаанд Г.Жанчивдорж 36.240.000 төгрөгийн орлого олж үүнээс автомашины түрээсийн орлого 12.912.000 төгрөгийг хасахад 23.328.000 төгрөгийг 2 жил гарны хугацаанд өөртөө олсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/05159 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримтлан Ц.Энхцэцэгээс 13.372.000 төгрөг гаргуулан Г.Жанчивдоржид олгож, нэхэмжлэлээс  1.310.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 224.810 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1955 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/05159 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгчийн зүгээр анхан шатны шүүхэд Ц.Энхцэцэгтэй автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, Ц.Энхцэцэг нь гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл Ц.Энхцэцэг болон түүний өмгөөлөгч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар ямар нэгэн маргаан хийгээгүй бөгөөд харин ч бүр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдгийг дэмжихээр тайлбарыг анхан шатны шүүхэд өгсөн. Мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, түрээсийн гэрээ байгуулагдсан гэж маргасан зүйл огт байхгүй, баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхэд талууд гэрээний зөрчлийн асуудлаар маргаан өрнүүлж, түүний баримтаар нотолж байсан болохоос бус ямар төрлийн гэрээ байгуулагдсан талаар огт маргаагүй. Харин хариуцагч түрээсийн гэрээ байгуулагдсан талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо л дурдсан байдаг. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байгаа. Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үнийг хэсэгчлэн төлөх, ийнхүү төлбөрийг бүрэн төлсний дараа  өмчлөх эрхийг  шилжүүлэх талаар тохиролцсон.  Талуудын хооронд автомашины үнийг уг зүйлийг хүлээн авсан даруйдаа биш, харин хожим хэсэгчлэн төлөхөөр, ийнхүү төлсөн тохиолдолд өмчлөх эрх шилжихээр тохиролцсон нь нотлогддог. Давж заалдах шатны шүүх өмчлөх эрх гэрээ байгуулах үед  шилжих ёстой  мэтээр үндэслэлгүй дүгнэсэн байна. Иргэний хуулийн 41.1, 41.2-т заасны дагуу гэрээний шууд утгыг авч үзсэн ч, талуудын хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхгүйг авч үзэхэд гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулахгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1-ийн үгийн шууд утгаар санхүүгийн түрээс биш гэдэг нотлогдоно. Мөн Ц.Энхцэцэгийн зүгээс автомашиныг Г.Жанчивдоржийн ашиглалтад шилжүүлэх хүсэл зориг байгаагүй бөгөөд харин худалдах хүсэл зоригтой байсан юм. Эсрэгээрээ Г.Жанчивдорж нь өөрийн гэсэн автомашинтай болох гэсэн зорилго, хэрэгцээ шаардлагын үүднээс тухайн гэрээг байгуулсан. Мөн санхүүгийн түрээсийн гэрээний зохицуулалтаар хөрөнгийг зөвхөн ашиглуулахаар шилжүүлдэг бөгөөд ашиглах хугацааны худалдах, эсхүл дахин түрээслэх асуудал яригдаж болдог юм. Ашигласан хугацааны эцэст худалдах асуудал нь өөрөө өмчлөх эрхийг шууд шилжүүлэх агуулгыг илэрхийлэхгүй ба санхүүгийн түрээсийн хугацаа дууссаны дараа элэгдэл хорогдол тооцох, ийнхүү тооцооны үндсэн дээр хэдэн төгрөгөөр худалдаж авах, тэрхүү мөнгө шилжүүлсний дараа өмчлөх эрх шилжих асуудал яригдана. Иргэний хуулийн 312.3, 312.4-т заасны дагуу талуудын  хооронд байгуулсан гэрээгээр үнийг бүрэн төлснөөр буюу Г.Жанчивдорж нь автомашины өмчлөгч болох байснаас бус гэрээний хугацааны эцэст буюу бүхэл бүтэн 20 сая төгрөгийг 3 жил 2 сар 5 хоногийн хугацаанд төлсний дараагаар автомашины элэгдэл, хорогдлыг тооцож цаашид автомашиныг дахин түрээслэх, эсхүл худалдан авах зэргээс   сонгож эрхээ хэрэгжүүлэх ямар ч хүсэл зориг байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс тухайн машиныг зах зээлийн үнээс маш өндөр үнэлж авсан хирнээ дахин мөнгө төлж машиныг өмчлөлдөө шилжүүлэх нь өөрөө бодит байдалд нийцэхгүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг хэсэгчлэн хийх тул автомашины бодит үнэ дээр хүү тооцсон байдлаар нэмж 20 сая төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл талуудын хэн аль нь уг автомашины үнэ хуваарийн дагуу төлөгдсөнөөр Г.Жанчивдорж нь шууд өмчлөх эрхтэй болохоор тохиролцсон, тэр талаар маргаагүй байхад санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан эсэхийг шалгах ёстой мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Жанчивдорж нь  Ц.Энхцэцэгээс  нийт 14.682.000 төгрөг гаргуулахыг шаардсан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, хариуцагчаас 13.372.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхойгүй, гэрээ байгуулагдах үед  гэрээний зүйл хэний өмчлөлд байсан үйл баримт тогтоогдоогүй байх тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой хэдий ч энэ нь нэхэмжлэгчийг  бодит байдалд нийцсэн тайлбар өгөх үүргээс чөлөөлөхгүй, шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар зохигчдоос тайлбар авах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.3-г зөрчихгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Шүүх  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны эцэст нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1955 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Идэрбулганы гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 224.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ