Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02218

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02218

 

 

 

С.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02288 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Э хариуцагч У ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шайрийбуу, өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Энхлэн хариуцагч байгууллагыг Жейкобс Инженеринг ХХК байхад 2017 оны 12 сард гүйцэтгэлийн зохицуулагчаар хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж ажилд орсон бөгөөд 2018 оны 11 сард тушаал дэвшиж, гүйцэтгэлийн ахлах ажилтан болсон. Ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын болон дотоод журмыг зөрчсөн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг 2 удаа богино хугацаагаар сунгаж байсан. Гэтэл 2019 оны 12 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон шалтгаанаар ажлаас халагдсан. Хариуцагч нь нийт ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд сунгахдаа мөн богино хугацаагаар сунгадаг. Энэ нөхцөл байдлын улмаас богино хугацаатай сунгалтын хуудаст гарын үсэг зурсан. Байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2019 оны 12 сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 сарын 14-ний өдрийг хүртэлх ажлын 185 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 59 022 030 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 1.3, 6.2-т зааснаас үзвэл хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэхээсээ илүү нэг талын хүсэл зориг үүнд нөлөөлсөн гэж үзэхээр байна. Түр ажлын байр байсан бол төслийн хугацааг гэрээнд тусгах ёстой. Түүнчлэн Жейкобс Инженеринг ХХК нь С.Энхлэнг ажилд авсан байтал У ХХК түүнийг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Нэр өөрчлөгдсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шинэчлэх үүрэг нь ажил олгогчид байсан. С.Энхлэнг ажлаас чөлөөлсний дараа 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс шинэ ажилтан буюу М.Уянгааг ажилд аваад байгаа нь төсөл дуусаагүйг харуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Оюу толгой ХХК-тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд С.Энхлэнг Оюу Толгой төслийн талбай дахь ашиглалтад оруулах хэлтэст гүйцэтгэлийн зохицуулагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. С.Энхлэн нь 2018 оны 11 сарын 17-ны өдөр гүйцэтгэлийн зохицуулагч албан тушаалаас чөлөөлөгдөж, улмаар 2018 оны 11 сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу гүйцэтгэлийн ахлах ажилтан албан тушаалд томилогдсон. Албан тушаал нь түр албан тушаал учир хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэлх 1 жилийн хугацаагаар байгуулахыг талууд тусгайлан тохиролцсон. 2018 оны 10 сарын 11-ний өдөр болон 2019 оны 02 сарын 17-ны өдрүүдэд талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Компанийн үйл ажиллагаа болон түүний ажиллах хүчний шаардлага нь Оюу Толгой төслийн үе шатуудтай шууд холбоотой буюу түүнээс бүрэн хамааралтай байдаг бөгөөд С.Э эрхэлж байсан албан тушаал нь Оюу Толгойтой байгуулсан гэрээний дагуу төслийн тодорхой үе шатанд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээтэй уялдуулан тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд компанид туслах чиг үүрэгтэй байсан тул талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Компанийн зүгээс С.Э хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 31-ний өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болохыг 2019 оны 12 сарын 12-ны өдөр өөрт нь мэдэгдсэн. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш С.Э ажиллаж байсан албан тушаалд өөр хүн авч ажиллуулаагүй. Хэрэв С.Энхлэн нь түр ажлын байр эсхүл хугацаатай хөдөлмөрийн гэрээний талаар гомдолтой байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулснаас болон сунгасан хугацаанаас хойш холбогдох байгууллагад гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан У ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59,022,030 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай С.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчээс 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн банкаар дамжуулан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Аын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч С.Энхлэн нь анх Жэйкобс инженеринг ХХК-тай гүйцэтгэлийн зохицуулагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад, гүйцэтгэлийн ахлах ажилтнаар дэвшин ажилласан. Гэтэл нэхэмжлэгч С.Энхлэнг 2019 оны 12 сарын 31-ний өдөр гүйцэтгэлийн ахлах ажилтны албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг У ХХК-ийн гүйцэтгэх захирал Грахам Ханна гаргасан. Ажил олгогч Жэйкобс инженеринг ХХК нь У ХХК болж оноосон нэр, мөн статус нь өөрчлөгдсөн бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, бусад дотоод дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах байтал энэ үүргээ биелүүлээгүй. Талууд хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн асуудалд маргаагүй хэдий ч хариуцагчаас У ХХК-ийн гүйцэтгэх захирал Грахам Ханна нь ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрх бүхий субъект мөн эсэхийг нотлоогүй байхад шүүхээс дээрх нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн. Шүүхээс нэхэмжлэгч С.Энхлэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан нь гэрээ хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчээс тус хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байхад шүүхээс тухайн хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчтэй анх ямар үндэслэл шаардлагын улмаас хугацаатай байгуулсан эсэх, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй.

Хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэл шаардлагын улмаас хугацаатай байгуулах болсон шалтгаанаа дэвшүүлэн ажиллуулах тушаал болон хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтдөө тодорхой тусгаагүй. Тэгээд ч хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн өмнөх гүйцэтгэлийн зохицуулагчийн албан тушаалд ажиллаж байсан харилцаа бүхэлдээ дуусгавар болсон байхад хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтдөө зөвхөн дэвшин ажиллаж буй албан тушаал болон гэрээний үргэлжлэх хугацааг бичсэн байдлыг гэрээг хугацаатай байгуулах талаарх талуудын тохиролцоо гэж үзэхгүй бөгөөд, үүнтэй холбоотойгоор цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл бүхэлдээ өөрчлөгдсөн байхад хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2020 оны 08 сарын 25-ны өдөр Жэйкобс Инженеринг ХХК болон нэр нь өөрчлөгдсөний дараах У ХХК-ийн 2017-2020 онуудын бүтэц зохион байгуулалт, орон тоо баталсан тушаал болон ажил албан тушаалын жагсаалтыг гаргуулснаар нэхэмжлэгчийг ажлаас халагдахаас өмнө болон дараа нь гүйцэтгэлийн ахлах ажилтан албан тушаалын орон тоо байсан эсэх, байнгын ажлын байр мөн эсэхийг тодруулах, хэрэв тус баримтад байнгын ажлын байрны орон тоо нь байсаар байхад нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халсан эсэхийг тодруулахад зайлшгүй шаардлагатай нотлох баримт байсныг шүүх анхаараагүй. Хариуцагч байгууллагын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 28 тоот Гомдол гаргах тухай албан бичиг, мөн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 01-06-092/43 тоот Зөрчил арилгуулах тухай албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 03/1245 тоот хариуцагч байгууллагад хүргүүлсэн Өргөдлийн хариу-д тус тус заасанчлан хариуцагч байгууллага нь 2017 оны 03 сараас хойш хугацаанд ажилд орсон бүх ажилтнуудтай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулдаг, дээрх хугацаанаас өмнө ажилд орсон хүмүүс бүгд хөдөлмөрийн хугацаатай гэрээтэй байдаг талаар, мөн ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахдаа тухайн албан тушаал нь ямар төслийн хүрээнд, хэдий хугацаанд үргэлжлэх талаар тодорхой дурдаагүй байна. Ажилтныг дэвшүүлэн ажиллуулах тушаал гаргаж, тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл бүхэлдээ өөрчлөгдсөн байхад ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүргээ биелүүлээгүй. Хариуцагч байгууллага нь тухайн байгууллагад 2017 оноос хойш ажилд орсон бүх ажилтнуудтай байнгын ажлын байранд ч бай, түр ажлын байранд ч бай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг шаарддаг, хэрвээ дээрх нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол ажилд авдаггүй, мөн бүх ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулаад тухай бүр нь сунгадаг, маргаан үүсгэвэл хүссэн үедээ ажилтнуудын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөх нөхцөл боломж бүрдэж байгаад шүүхээс анхаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Энхлэн нь хариуцагч У ХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, гүйцэтгэлийн ахлах ажилтны орон тоонд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч Жейкобс инженеринг ХХК /одоогийн У ХХК/ нь нэхэмжлэгч С.Энхлэнд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Оюу Толгой Сайт-д байрлах, байнгын бус ажлын байранд гүйцэтгэлийн зохицуулагч албан тушаалд ажиллахыг санал болгосны дагуу талууд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 12 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Улмаар ажилтан С.Энхлэнг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс гүйцэтгэлийн ахлах ажилтнаар дэвшүүлэн ажиллуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /1хх 12-20, 40, 41-42/

 

Хариуцагч У ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Энхлэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 269/19 дугаар тушаалаар гүйцэтгэлийн ахлах ажилтны үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1хх 4/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой гэх агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ... хариуцагч нь Оюу Толгой ХХК-ийн захиалгаар гүний уурхайн барилга, байгууламжийг барьж гүйцэтгэх төслийг богино хугацаатайгаар хийж гүйцэтгэдэг бөгөөд уг нөхцөл байдлын улмаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг гэж тус тус тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруу биш гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зөв хэрэглэжээ.

 

Талууд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гүйцэтгэлийн зохицуулагчийн албан тушаалд 12 сарын хугацаатай ажиллахаар, уг албан тушаал нь байнгын бус ажлын байр байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар сунгалт хийж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг баримтаар тогтоогдож байна. Зохигчид дээрх тохиролцоог Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэйгээр ашиг сонирхол, хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний хугацааг сунгаж байжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд байнгын ажлын байранд ч харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болно. Ажилтан нь ажил олгогчтой байнгын бус ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацааг тухай бүр сунгасан нэмэлт өөрчлөлтийг хөдөлмөрийн гэрээнд оруулж байсан нөхцөл байдал нь хөдөлмөрийн гэрээний нөхцлийг дордуулсан, хууль зөрчсөн эсэх талаарх гомдлоо холбогдох байгууллагад гаргаж байгаагүй, уг асуудлаар гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул дээрх асуудлаар гомдол гаргах эрхээ алдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Грахам Ханна гаргасан нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. /хх 23/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ