Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/02288

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “У” ХХК -д холбогдох,   

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, Ц.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаарийбуу, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

С.А миний бие тус байгууллагыг “Жейкобс Инженеринг” ХХК байхад 2017 оны 12 дугаар сард гүйцэтгэлийн зохицуулагчаар хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж ажилд орсон бөгөөд энэ хугацаанд идэвх зүтгэлтэй сайн ажилласан учир 2018 оны 11 дүгээр сард тушаал дэвшиж, гүйцэтгэлийн ахлах ажилтан болсон. Ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын болон дотоод журмыг зөрчсөн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг 2 удаа богино хугацаагаар сунгаж байсан.

Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 31-нд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон шалтгаанаар ажлаасаа халагдсан. Хариуцагч нь нийт ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд сунгахдаа мөн богино хугацаагаар сунгадаг, ямар нэгэн тайлбар хэлдэггүй. Энэ нөхцөл байдалд аргагүйн эрхэнд богино хугацаатай сунгалтын хуудаст гарын үсэг зурсан.

Байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг гүйцэтгэлийн ахлах ажилтан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх ажлын 185 хоногийн цалинтай тэнцэх олговорт нэг сарын дундаж цалинг 6,859,329 төгрөгөөр, 1 өдрийн цалинг 319,038 төгрөгөөр тус тус тооцож, нийт 59,022,030 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Байнгын бус ажлын байранд ажиллах саналд “Оюу Толгой” төслийн хүрээнд хугацаатай гэрээгээр ажилтан авч байгаа талаараа анхны саналдаа тусгаагүй, хэдий хугацаагаар ажиллаад төсөл дуусах талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй тул тодорхой төслийн явцтай уялдуулан хугацаатай гэрээ байгуулсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Төсөл хэрэгжих түр хугацаанд томилсон гэж үзвэл С.Аг гүйцэтгэлийн зохицуулагч албан тушаалд жинхлэх шаардлагагүй байсан. Жинхлэх тохиолдол нь байнгын ажлын байранд хамаардаг. Хөдөлмөрийн гэрээний 1.3, 6.2-т зааснаас үзвэл хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэхээсээ илүү нэг талын хүсэл зориг үүнд нөлөөлсөн гэж үзэхээр байгаа.

Түр ажлын байр байсан бол төслийн хугацааг гэрээнд тусгах ёстой байсан. Энэ бүхнээс үзвэл байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг хариуцагчийн үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч дүгнэж, акт гаргасан байдаг.

Түүнчлэн “Жейкобс Инженеринг” ХХК нь С.Аг ажилд авсан байтал “У” ХХК түүнийг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт энэ талаарх шийдвэрийг гаргах эрхтэй болохыг нотолсон баримт авагдаагүй. Нэр өөрчлөгдсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шинэчлэх үүрэг нь ажил олгогчид байсан.

С.Аг ажлаас чөлөөлснөөс хойш 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэ ажилтан буюу М.Уянгааг ажилд аваад байгаа нь Төсөл дуусаагүйг харуулж байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Оюу толгой” ХХК-тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд компани нь С.Аг Оюу Толгой төслийн талбай дахь “Ашиглалтад оруулах хэлтэст “Гүйцэтгэлийн зохицуулагч” албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. С.А нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Гүйцэтгэлийн зохицуулагч” албан тушаалаас чөлөөлөгдөж, улмаар 2018 оны 11 сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу “Гүйцэтгэлийн ахлах ажилтан” албан тушаалд томилогдсон байдаг.

Албан тушаал нь түр албан тушаал учир хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 1 жилийн хугацаагаар байгуулахыг талууд тусгайлан харилцан тохиролцсон. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болон 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрүүдэд талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байдаг.

Компанийн үйл ажиллагаа болон түүний ажиллах хүчний шаардлага нь Оюу Толгой төслийн үе шатуудтай шууд холбоотой буюу түүнээс бүрэн хамааралтай байдаг бөгөөд С.Агийн эрхэлж байсан албан тушаал нь Оюу Толгойтой байгуулсан гэрээний дагуу төслийн тодорхой үе шатанд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээтэй уялдуулан тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд компанид туслах чиг үүрэгтэй байсан тул талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Түүнчлэн талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг ажлын саналд “албан тушаалыг түр ажлын байр” гэж тодорхой тусгасан, хөдөлмөрийн гэрээний 1.3-т “12 сарын хугацаатай” гэж тусгайлан хугацааг зааж харилцан тохиролцож, хугацаатай гэрээ байгуулсан.

Компанийн зүгээс С.Агийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болохыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрт нь мэдэгдсэн байдаг. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр С.Агийн хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болсон.

Түүнчлэн албан тушаалд шинээр ажилтан авах ажлын байрны зар гаргасан гэх асуудлыг компанийн зүгээс бүхэлд нь үгүйсгэж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш С.Агийн ажиллаж байсан албан тушаалд өөр хүн авч ажиллуулаагүй болно.

Хэрэв С.А нь түр ажлын байр эсхүл хугацаатай хөдөлмөрийн гэрээний талаар гомдолтой байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш, түүнчлэн сунгасан хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын дотор хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан гэх мөн хуулийн 128.1.8-д заасан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байсан ч энэ талаар огт гомдол гаргаагүй.

Иймд одоо энэ талаар гомдол гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59,022,030 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

С.А нь “Жейкобс Инженеринг” ХХК-аас гаргасан байнгын бус ажлын байранд ажиллах саналыг хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1 жил /туршилтын 3 сарын хугацаа багтсан/-ийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Оюу Толгой Сайт-д байрлах” Ашиглалтад оруулах багийн гүйцэтгэлийн зохицуулагч ажлын байранд орж ажилласан бөгөөд талууд уг гэрээнд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус сунгасан байна.

 

Гэрээний сунгасан хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгч нь гүйцэтгэлийн ахлах ажилтан албан тушаалд дэвшиж ажилласан бөгөөд тэрээр уг ажлын байранд сунгасан хугацааг дуусах хүртэл ажиллаж байжээ.

 

“У” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 269/19 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр С.Аг мөн өдрөөс гүйцэтгэлийн ахлах ажилтан үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч “Жэйкобс инженеринг” ХХК нь оноосон нэрээ “У” ХХК болгон өөрчилсөн болох нь хуулийн этгээдийн тамга, тэмдгийн дардас дахь дахин давтагдахгүй регистрийн 5990009 дугаарын давхцал болон талуудын тайлбараар тогтоогдсон тул шүүх хариуцагч хуулийн этгээдийг оноосон нэрээ хэдийд сольсон болохыг нотлох нь энэ маргаанд ач холбогдолгүй гэж үзэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдсөн явдал нь түүний өмнөх нэрээр олж авсан эрх, хүлээсэн үүргийг өөрчлөх буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй тул “Жейкобс Инженеринг” ХХК-ийн ажилтанг “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажлаас чөлөөлөх эрхгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй болно. 

 

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлоо 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан тул шүүх уг гомдлыг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигчид Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг бичгээр үйлдэж, харилцан гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

“Оюу Толгой” ХХК-ийн уурхайн барилга, дэд бүтцийн тодорхой төслүүдэд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан хариуцагч компанид ажиллах хүчнийг төслийн тодорхой үе шатуудаас бүрэн хамааралтайгаар сонгон авч ажиллуулах шаардлага гардаг нь бодит үйл баримт байна.

 

Энэ үүднээсээ байнгын бус ажлын байранд ажиллах ажлын саналыг гаргадаг, энэхүү саналыг хүлээн зөвшөөрсөн ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг болох нь хэргийн баримтуудаар тогтоогджээ.

 

Ажил олгогчийн хувьд хэрэгцээ шаардлагаа тодорхойлж, ямар ажлын байранд ямар хугацаагаар ажилтан авч ажиллуулах хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, ажлын байрны зар буюу гэрээ байгуулах санал гаргасныг ажилтан хүлээн авч, улмаар саналд заасан нөхцөлөөр буюу хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна”, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцнэ.

 

Манай тохиолдолд хариуцагчийн гаргасан байнгын бус ажлын байранд 12 сарын хугацаатай ажиллах тухай саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөр талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хугацааг 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31,  2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тус тус сунгаж байсныг дээр дурдсан хуулийн зохицуулалтуудыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хариуцагч анхнаасаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ажлын байранд ажилтан авах санал гаргасан /ИХ-ийн 195.1/, уг саналыг нэхэмжлэгч зөвшөөрсөн /ИХ-ийн 40.1, 195.3/-өөр талууд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай бичгээр байгуулсан, уг хугацааг 2 удаа сунгасан бөгөөд сунгасан хугацааны эцэст буюу гэрээний хугацаа дууссанаар хариуцагч ажлаас чөлөөлсөн нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3, 6.1 дэх заалтуудад нийцэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчихгүй юм.

 

Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь, эсхүл гэрээг богино хугацаагаар сунгасан нь тус тус хуульд нийцээгүй талаарх гомдлоо хариуцагчид холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар шүүхэд хандаж гаргаж байгаагүйгээс гадна хамгийн сүүлд гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан нэмэлт өөрчлөлтийг 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд оруулснаас хойш энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэлх хугацаа /341 хоног/-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа аль хэдийнэ өнгөрсөн тул хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас дордуулсан гэх асуудлыг одоо гаргаж тавих нь маргааны талаар гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааны зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Иймд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлд хамаарах тул гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр мөн өдрөөс С.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлсөн “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 269/19 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу гэрээний талууд аливаа үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч нь ажлаар хангах, цалин хөлс олгох зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Иймд “У” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59,022,030 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай С.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан “У” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59,022,030 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай С.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчээс 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн банкаар дамжуулан төлсөн 70,200 төгрөг /2200129188649/-ийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ө.УЯНГА