Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01408

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01408

 

 

 С.Чулуунбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00980 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Чулуунбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Оюунцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн

Хариуцагч Д.Оюунцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Д.Оюунцэцэг нь С.Чулуунбатаас 11 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй байна. Мөнгийг Д.Баярбатад зээлдүүлсэн би аваагүй, надад өгөөгүй гэж яриад байна. Тухайн мөнгийг Д.Оюунцэцэг хүлээж авсан учраас л гарын үсэг зурсан байгаа. Иймд Д.Оюунцэцэгээс үндсэн зээл 11 000 000 төгрөг, 1 сарын хүү 220 000 төгрөг нийт 11 220 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний хувьд С.Чулуунбатаас мөнгө зээлээгүй, удаа дараа авч байсан гэдэг нь худлаа, би энэ хүнээс мөнгө авч байгаагүй. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 11 000 000 төгрөг авсан гээд байгаа нь Д.Баярбатын өмнө авсан мөнгийг яриад байна. Энэ нь Д.Баярбат болон С.Чулуунбат хоёрын хооронд үүссэн харилцаа бөгөөд Д.Баярбат бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. Д.Баярбат, С.Чулуунбат хоёр төрөл садангийн хүмүүс. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй, мөнгө хүлээж авсан талаарх баримт байхгүй. Д.Баярбатын зээлийн гэрээний үүргийг Д.Оюунцэцэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Чулуунбатаас Д.Оюунцэцэг 11 000 000 төгрөг хүлээн авсан талаар баримт байдаггүй. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр С.Чулуунбат нь Баярбат олдохгүй байгаа учраас гарын үсэг зур гээд намайг дуудаж шахаж шаардаж байгаад хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар ...мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлсэн үйлдэл огт байхгүй байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хүсэл зоригоор илэрхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйн хэм хэмжээг заасан. Мөн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Тухайн гэрээний хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй. Д.Оюунцэцэг мөнгийг хүлээн аваад 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээг бичиж өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Чулуунбатын хариуцагч Д.Оюунцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 11 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Д.Оюунцэцэгийн С.Чулуунбатад холбогдох 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Чулуунбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 470 төгрөг, хариуцагч Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 470 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүхээс нотлогдсон гэж үзсэн нөхцөл байдал нь бодит байдал дээр тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Д.Оюунцэцэг нь тухайн үед яаралтай мөнгөний хэрэг гарлаа хэдэн төгрөг зээлээч гэхэд нь С.Чулуунбат зөвшөөрсөн байдаг. Д.Оюунцэцэг, түүний нөхөр Д.Баярбат нар нэхэмжлэгчээс өмнө нь мөнгө зээлдэг байсан гэхдээ мөнгө нь тухайн үедээ төлөгдөөд дууссан. Харин дараа нь Д.Оюунцэцэг дахин мөнгө зээлүүлээч гэхэд нь С.Чулуунбат өмнө нь хугацаандаа зээлээ эргүүлэн төлж байсан, мөн хамаатан садан учир итгээд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 11 000 000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхдөө Д.Оюунцэцэгээр зээлийн гэрээ гэх зүйлийг бичүүлэн авч гарын үсэг зуруулсан.

Хариуцагч Д.Оюунцэцэг нь хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ "Учир нь би С.Чулуунбатын надаас нэхэмжлээд байгаа 11 сая төгрөгийг зээлээгүй. С.Чулуунбат нь мөнгийг манай нөхөр байсан Д.Баярбатад зээлсэн, гэтэл Баярбат бид 2 гэрлэлтээ цуцлуулсан" гэдэг. Энэ нь хариуцагч тал нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авснаа хүлээн зөвшөөрснийг харуулдаг. Өөрөөр хэлбэл С.Чулуунбат нь мөнгөө Д.Оюунцэцэгт өгсөн харин өгсөн мөнгийг Д.Оюунцэцэг, Д.Баярбат нарын хэн нь авч зарцуулсан нь хэрэгт хамааралгүй, гэр бүлийн доторх асуудал юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарласан тайлбарт зохигч, гуравдагч этгээд нь нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх гэдэг нь иргэний хэргийн зохигч, гуравдагч этгээд өөрт байгаа, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтаа өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргаж өгөх, нотлох баримтаа цуглуулах гэдэгт тэдгээр нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий аливаа баримт мэдээлэл өөрт нь байхгүй байгаа тохиолдолд өөрийн биеэр болон төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан олж авах, түүнийг шүүхэд гаргаж өгөхөд чиглэсэн үйл ажиллагаа юм гэжээ. Нэхэмжлэгч С.Чулуунбатын хувьд Д.Оюунцэцэгт мөнгө өгөхдөө бичүүлж авсан зээлийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, өөр гаргаж өгөх баримт байхгүй. Энэ нь мөнгө хүлээлгэн өгсний нотолгоо болгож үйлдсэн баримт юм. Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч, тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл хүртэл гаргасан байхад анхан шатны шүүх гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдаагүй байсан бол тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргахгүй байсан. Мөн хариуцагч нь шүүх хуралдаан дээр намайг хүчээр гарын үсэг зур гээд зуруулсан гэж хэлсэн. Үнэхээр хүч хэрэглээд гарын үсэг зуруулсан бол эргээд төлөх өр төлбөрөө бодсон ч хариуцагч энэ талаар хууль, цагдаа, шүүхийн байгууллагад хандаж гэрээг хүчингүй болгуулах эрх нээлттэй байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол, шаардлага гаргаагүй нь мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн болохыг харуулж байна. Түүнчлэн хариуцагч тал татгалзлаа нотлох үүрэгтэй, хариуцагчийн мөнгө аваагүйг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй болно. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Чулуунбат нь хариуцагч Д.Оюунцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 220 000 төгрөг, нийт 11 220 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.Чулуунбат нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д.Оюунцэцэг нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Мөнгө зээлэх гэрээгээр 11 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлж авсан гэж, хариуцагч Д.Оюунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээгээр ямар ч мөнгө аваагүй гэж тус тус тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл авсан, буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж шаардлага гаргаж байгаа бол хариуцагчид мөнгө зээлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч С.Чулуунбатын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Мөнгө зээлэх гэрээ /хх-4/ гэх бичгийн баримтын агуулгаас үзэхэд зохигчдын хооронд 11 000 000 төгрөг зээлэх тухай тохиролцоо хийгдсэн гэж үзэхээр боловч нэхэмжлэгч С.Чулуунбат нь уг бичгийн зээлийн гэрээний дагуу 11 000 000 төгрөгийг хариуцагч Д.Оюунцэцэгт шилжүүлэн өгснөө өөрөө нотлоогүй, улмаар уг мөнгийг Д.Оюунцэцэг хүлээж авсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Оюунцэцэг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид мөнгө төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд Мөнгө зээлэх гэрээ гэх баримтаас үзэхэд С.Чулуунбатаас зээлийн гэрээний зүйл болох 11 000 000 төгрөгийг Д.Оюунцэцэгт шилжүүлсэн, Д.Оюунцэцэг нь уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэх агуулга тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан зээлийн гэрээг мөнгө хүлээлгэн өгсөний нотолгоо болгож үйлдсэн баримт, Д.Оюунцэцэг мөнгийг хүлээж авсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсанаар нэгэнт байгуулагдаагүй зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагагүй тул хариуцагч Д.Оюунцэцэгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ