Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01290

 

С.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00980 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1408 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Чын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11 220 000 тухай нэхэмжлэлтэй

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Чын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Ч нь Д.О болон түүний нөхөр Д.Баярбат нарт 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр анх 10 000 000 төгрөгийг зээлүүлж байсан. Түүнээс хойш Д.От хэд хэдэн удаа мөнгө зээлүүлж, зээлсэн мөнгөө хүүгийн хамт буцаан төлж байнгын харилцаатай байсан. Хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Д.О нь С.Чаас 11 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл өнөөдрийн хүртэл үндсэн төлбөр болон зээлсэн мөнгөө төлөөгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 11 000 000 төгрөгийг авсан хэлэлцээ хийсэн баримтаар тогтоогдож байна. Мөнгийг Д.Баярбатад зээлдүүлсэн би аваагүй, надад өгөөгүй гэж яриад байна. Тухайн мөнгийг Д.О хүлээж авсан учраас л гарын үсэг зурсан байгаа. Иймд Д.Оээс үндсэн зээл 11 000 000 төгрөг, 1 сарын хүү 220 000 төгрөгийг нийт 11 220 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Д.Баярбат нь С.Чаас нотариатаар гэрчлүүлэн гэрээ хийж, мөнгө авсан байдаг. Тухайн үед зээлийн хүүгээ тохиролцож, гэрээний дагуу хүү төлж байсан. Миний хувьд С.Чаас мөнгө зээлээгүй, удаа дараа авч байсан гэдэг нь худлаа, би энэ хүнээс мөнгө авч байгаагүй. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 11 000 000 төгрөгийг надаас авсан гээд байгаа нь Д.Баярбатын өмнө авсан мөнгийг яриад байна. Энэ нь Д.Баярбат болон С.Ч хоёрын хооронд үүссэн харилцаа бөгөөд Д.Баярбат бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр С.Ч намайг дуудаж шахаж шаардаж байгаад хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан. Д.Баярбат, С.Ч хоёр хамаатан төрөл садангийн хүмүүс гэдгийг хэлмээр байна. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй, мөнгийг хүлээж авсан талаарх баримт байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлснээр”, 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг. Тэр үед Д.Баярбат, Д.О нар гэр бүл байсан бөгөөд одоо тусдаа амьдарч байгаа. Д.Баярбатын зээлийн гэрээний үүргийг Д.О хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О болон өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Чаас 11 000 000 төгрөгийг Д.О хүлээн авсан талаар баримт байдаггүй. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр С.Ч нь Баярбат олдохгүй байгаа учраас энэ гэрээнд чи гарын үсэг зур гээд намайг дуудаж шахаж шаардаж байгаад хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “...мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлсэн үйлдэл огт байхгүй байгаа тул тухайн хэлэлцээрийг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т иргэний үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хүсэл зоригоор илэрхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйн хэм хэмжээг заасан. Мөн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Тиймээс энэ хоёрын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэж байна. Тухайн гэрээний хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй. Д.О мөнгийг хүлээн аваад 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээг бичиж өгсөн. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00980 дугаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Чын хариуцагч Д.Оээс зээлийн гэрээний үүрэгт 11 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Д.Оийн С.Чад холбогдох 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 470 төгрөг, хариуцагч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 470 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1408 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Х.Оюунсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

1.1408 тоот магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч С.Чын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Мөнгө зээлэх гэрээ” /хх-4/ гэх бичгийн баримтын агуулгаас үзэхэд зохигчдын хооронд 11 000 000 төгрөг зээлэх тухай тохиролцоо хийгдсэн гэж үзэхээр боловч нэхэмжлэгч С.Ч нь уг бичгийн зээлийн гэрээний дагуу 11 000 000 төгрөгийг хариуцагч Д.От шилжүүлэн өгснөө өөрөө нотлоогүй, улмаар уг мөнгийг Д.О хүлээж авсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна...” гэжээ. Нэхэмжлэгч С.Ч Д.Оийг мөнгө зээлүүлээч гэхэд нь өмнө нь хугацаандаа зээлээ эргүүлэн төлж байсан, мөн хамаатан садан учир итгээд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 11 000 000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхдөө Д.Оээр зээлийн гэрээ гэх зүйлийг бичүүлэн авч гарын үсэг зуруулсан. Хариуцагч Д.О нь хариу тайлбартаа “Учир нь би С.Чын надаас нэхэмжлээд байгаа мөнгийг зээлээгүй, уг мөнгийг манай нөхөр байсан Д.Баярбатад зээлсэн гэтэл Баярбат бид 2 гэрлэлтээ цуцлуулсан" гэдэг. Энэ нь хариуцагч тал нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авснаа хүлээн зөвшөөрснийг харуулдаг. Өөрөөр хэлбэл С.Ч нь мөнгөө Д.От өгсөн харин өгсөн мөнгийг Д.О, Д.Баярбат нарын хэн нь авч зарцуулсан нь хэрэгт хамааралгүй гэр бүлийн доторх асуудал юм.

2. 1330 тоот магадлалын хянавал хэсэгт “...Түүнчлэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд “Мөнгө зээлэх гэрээ” гэх баримтаас үзэхэд С.Чаас зээлийн гэрээний зүйл болох 11 000 000 төгрөгийг Д.От шилжүүлсэн, Д.О нь уг мөнгө хөрөнгийг хүлээн авсан гэх агуулга тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан “зээлийн гэрээг мөнгө хүлээлгэн өгсөний нотолгоо болгож үйлдсэн баримт, Д.О мөнгийг хүлээж авсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Дээр дурдсанаар нэгэнт байгуулагдаагүй зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагагүй тул хариуцагч Д.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ...” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь: "...би С.Чын надаас нэхэмжлээд байгаа 11 сая төгрөгийг зээлээгүй, С.Ч нь мөнгийг манай нөхөр байсан Д.Баярбатад зээлсэн гэтэл Баярбат бид 2 гэрлэлтээ цуцлуулсан” гэдэг. Эндээс харахад хариуцагч тал С.Чаас мөнгө авсан эсэх дээр маргадаггүй, харин авсан мөнгийг Д.Баярбат ашигласан гэж маргадаг болно. Мөн эхнэр нөхөр байхдаа мөнгийг манай нөхөр зээлж авсан, одоо салсан учир мөнгийг би төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч Д.О нь өмгөөлөгч авснаас хойш шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар сөрөг нэхэмжлэлд бичсэнээсээ өөр зүйл ярьж эхэлсэн. Тухайлбал: Би энэ 'мөнгийг аваагүй Д.Баярбатын 2012 онд зээлсэн мөнгөний төлөөгүй үлдэгдэл дээр гэрээ хийж гарын үсэг зуруулсан гэх мэт. Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл хүртэл гаргасан байхад хоёр шатны шүүх гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдаагүй байсан бол тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргахгүй байсан. Эдгээрийг харгалзан үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн маргаан бүхий харилцаанаас үүссэн үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв сонгосон боловч зарим зохицуулалтыг буруу тайлбарласныг залруулж дүгнэх боломжтой тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Д.Оээс үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 220 000 төгрөг, нийт 11 220 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргахдаа “...гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй...” гэж үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу  нэхэмжлэгч нь 11 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болохыг нотлоогүй, уг баримтаар мөнгө шилжүүлсэн агуулга тогтоогдоогүй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй талаар хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан шаардах эрхийг хангах үндэслэл тогтоогдоогүй тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж чадаагүй байна. Зохигчид нь мөнгө зээлдүүлэх, мөнгө зээлж авах хүсэл зоригоо илэрхийлж, зээлэх мөнгөний хэмжээ, зээлийн хүү, хугацааг харилцан тохирч бичгээр гэрээ байгуулж гарын үсгээ зурснаар  тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Харин гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй бол зээлдэгч буюу хариуцагч нь мөнгө буцааж төлөх үүрэггүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалт нь гэрээ байгуулагдсан эсэхийг бус  гэрээний дагуу мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн эсэх, гэрээний дагуу үүрэг үүсэх эсэхийг зохицуулсан ба гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний хэлбэрийг зохицуулаагүй болно.

Зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй явдал нь гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байжээ.

Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1408 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА