Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00495

 

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00495

 

Анир импекс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03451 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Анир импекс ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753, 17/9991 /2017 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой/ дугаар Үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гэрэлням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрчулуун, Д.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 4848 дугаар шийдвэрээр Анир Импэкс ХХК-иас 405 195 906 төгрөгийг Капитал банкинд олгох шийдвэрлэсэн бөгөөд манай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь хуулийн заалтыг танилцуулаагүй гүйцэтгэх ажиллагааг шууд эхлэх, таны хувийн дансыг хаана, гадаад явах эрхийг хасна гэх мэтээр дарамталж, би өмгөөлөгч авна гэхэд Г.Идэрчулуун гэх шийдвэр гүйцэтгэгчийн хамт та өмгөөлөгч аваад хэрэггүй дээ, шүүхээр яваад нэмэргүй дээ гэх зэргээр доог тохуу хийж харин ч дарамт шахалт үзүүлж байсан. Манай үйл ажиллагаатай холбоогүй өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг татан оролцуулсан. Барьцаанд байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ хөндлөнгийн гэрч байлцуулаагүй мөртлөө н.Саруул гэж хүнийг байлцсан мэтээр гарын үсэг зуруулсан. Энэхүү эд хөрөнгө хураах тогтоолыг өөр тойргийн тогтоол гүйцэтгэгч Г.Идэрчулуун үйлдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тасгийн дарга бөгөөд БГД-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч П.Хадбаатар нь барьцаанд байгаа эд хөрөнгийн санал авах тухай 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 3/13618, 3/13619, 3/13620, 3/13618 албан тоотдоо барьцаанд байгаа эд хөрөнгийн үнийн саналаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2017 оны 05 сарын 10-ны дотор шийдвэр гүйцэтгэгчид гаргаж өгөх, тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнэлгээг тогтоохыг мэдэгдсэн байсан. Гэвч уг албан тоот нь шуудангаар 2017 оны 05 сарын 11-ний өдрийн оройн 19 цагт хаягаар ирсэн байх жишээтэй.

Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын 6 заалтад Баянзүрх дүүргийн 11 хороо Булгачны 19-225 хаягт байрлах 594 м.кв талбайтай үйлдвэрийн байрыг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан тохиролцсон үнэлгээ болох 379 085 000 төгрөгийн 70 хувь болох 265 359 500 төгрөгөөр үнийг тогтоон үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг 147 тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаярт үүрэг болгосугай гэжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр үүрэг гүйцэтгүүлэгч Л.Гэрэлням миний биетэй борлуулах үнийн талаар тохиролцсон зүйл байхгүй. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг танилцуулаагүй. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тооцоо судалгаагүй хийсэн, эдийн засгийн эргэлтэд орох үнэлгээг буруу хийсэн, өнөөгийн зах зээлийн үнэлгээг хийх Сангийн сайдын журамд заасан аргачлалыг хэрэглээгүй байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 10 хороо 7 хороолол 26 байрны 29 тоотод байрлах 98 м.кв талбай бүхий байрыг 47 м.кв гэж талбайн бодит хэмжээг бууруулж 90 795 100 төгрөгөөр, БГД-ийн 8 хороо 4 хороолол 16 байрны 40 тоотод байрлах 64 м.кв талбай бүхий байрыг 40 м.кв гэж мөн талбайн хэмжээг бууруулж 99 850 800 төгрөгөөр, БЗД-ийн 1 хороо 12 хороолол 25 байрын 1 тоотод байрлах 44 м.кв талбай бүхий байрыг 29 м.кв гэж талбайн хэмжээг бууруулж 66 116 100 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд 46 281 270 төгрөгөөр, БЗД-ийн 5 хороо Өлгийн 11 гудамжны 155 тоотод байрлах 566,6 м.кв өмчлөх эрхтэй газрыг 44 694 700 төгрөгөөр үнэлж, 31 286 290 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар даалгажээ. Гэтэл уг газар нь зах зээлийн үнэлгээгээр зам дагуух нүүрний гудамжинд байрладаг, жишиг үнэлгээгээр 113 320 000 төгрөг болохоор байна. Харин эдийн засгийн эргэлтэд орох зах зээлийн үнэлгээгээр 300,0-400,0 сая төгрөг болох бүрэн үндэслэлтэй газар юм. Баянзүрх дүүргийн 11 хороо Булгачны 19-225 хаягт байрлах 594 м.кв талбайтай үйлдвэрийн байрыг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан тохиролцсон үнэлгээ болох 379 085 төгрөгийн 70 хувь болох 265 359 500 төгрөгөөр дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоожээ. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч миний бие үүрэг гүйцэтгэгчтэй энэ объектын талаар харилцан тохиролцоогүй. Үйлдвэрийн байр гэдэг ойлголтод чухам юу орж байгааг тодорхой заагаагүй байна. Үйлдвэрийн шууд үйл ажиллагаанд оролцдог хэмжигч, зүсэгч, цутгагч, дунд даралтын зуух, гүүрэн кран, усны ёмкость, халаалтын систем, хэвнүүд орсон эсэх нь тодорхойгүй, оруулж тооцоогүй гэж ойлгож байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 6/40 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгийг хураасан тухай 2017 оны 04 сарын 12-нд бичигдсэн боловч 2017 оны 04 сарын 05-ны өдрөөр тэмдэглэгдсэн 17/9911 тогтоолын хүчингүйд тооцож өгнө үү.

Мөн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэр бүхий 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хураан авч, 17/559, 17/0412, 17/9319, 17/9991, 17/1753 тоот тогтоолууд үйлдсэн байна. Манай компани 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн 3 дах хэсэгт заасан шаардлагад дээрх 5 тогтоолоос зөвхөн 17/9991 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай шаарджээ. Гэтэл 17/9991 тоот тогтоолын хүчингүйд тооцуулах тухай үндэслэл нь бусад 17/559, 17/0412, 17/9319, 17/1753 тоот тогтоолууд дээр адилхан давтагдаж байх тул орхигдсон тогтоолуудыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл нь маргаантай байгаа асуудлыг бодитоор шийдэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хураасан 17/559, 17/0412, 17/9319, 17/1753 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцож өгнө үү.

Битүүмжилсэн ажиллагаанд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдүүдийг оролцуулаагүй бөгөөд өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулууныг татан оруулж тогтоол бичүүлсэн. Тухайн хөрөнгүүдэд хамаарах эзэмшигч нарыг байлцуулаагүй, зөвхөн барьцаанд тавих эрхтэй байсан н.Гэрэлнямыг байлцуулсан. Хөрөнгө хураах тогтоолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлгах ёстой. Энэ маргаанд маш олон үл хөдлөх хөрөнгийн талаар яригдаж байгаа бөгөөд тогтоолын тэмдэглэл хуульд заасан шаардлагад нийцээгүй. Хөрөнгө хураах тогтоолыг үйлдэхэд хоёроос доошгүй гэрч оролцуулах байсан оролцуулаагүй. Иймд эдгээр үйл ажиллагаа нь хууль бус учир үүнд үндэслэж хийгдсэн анхны дуудлага худалдаа нь хууль бус. Хөрөнгийг үнэлэхдээ 05 сарын 09-нд хөрөнгө үнэлнэ гэсэн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үүнд 05 сарын 10-нд хөрөнгийн үнэлгээгээ явуул гэсэн боловч тус мэдэгдэл нь 05 сарын 11-ний өдрийн орой төлбөр төлөгчид очсон гэдэг нь шуудангаас гаргаж өгсөн тодорхойлолтод заасан. Ингээд 05 сарын 11-нд мэргэжлийн шинжээчийн байгууллага дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлт гаргахдаа 6 өдөр зарцуулсан. Мэргэжлийн байгууллага 6 хоног зарцуулж байхад мэргэжлийн бус хүн өөрийнхөө хөрөнгийг яаж 1 өдрийн дотор үнэлэх вэ. Дээрх бүх үйл ажиллагаа нь хууль бус учир маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн, хураасан, битүүмжилсэн бүх үйл ажиллагаа хууль бус юм. Иймд дээрх тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч Анир импэкс" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн, хураан мөн хуулийн 30 зүйлийн 30.1-т заасны дагуу хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулсан. Албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1-т заасны дагуу үнийн санал авах мэдэгдлийг төлбөр төлөгч Анир импэкс ХХК болон захирал Л.Гэрэлням нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг, барьцаа хөрөнгийн хаягуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 20.3, 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал өгөөгүй тул үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоохоор шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимейт ХХК дээрх хөрөнгүүдийн нийт үнийг 690 466 700 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч Анир импэкс ХХК шүүхийн шийдвэрт заагдсан хаягаар 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 3/15442 дугаартай мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 20,3, 20,4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хамтран өмчлөгч Г.Сэлэнгэ, Ч.Энхбаяр нарт, иргэний үнэмлэхний бүртгэлтэй оршин суух хаягт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө булагчин 10 дугаар гудамжны 135А, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 6А дугаар байрны 22 тоот хаягаар тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр оруулахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууц, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв 3 өрөө хувийн сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамж 155 тоотод байрлах 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар нь тус тус худалдагдан борлогдож бусад үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч Анир импэкс ХХК-ийн захирал Л.Гэрэлнямд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэл, тогтоолыг шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болон Л.Гэрэлнямд өөрт нь гардуулан өгч тэмдэглэлээр баталгаажуулж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хамтран өмчлөгч Г.Сэлэнгэ, Ч.Энхбаяр нарт, иргэний үнэмлэхийн бүртгэлтэй оршин суух хаягт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө булагчин 10 дугаар гудамжны 135А, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 6А дугаар байрны 22 тоот хаягуудад тус тус баталгаат шуудангаар 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мэдэгдлийг хүлээн авсан гэж тусгасан байх тул нэхэмжлэлийн энэ хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 51 дүгээр зүйлийн 51.1-т заалтаар хуулийн хугацааг зөрчсөн. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн. 87 дугаар зүйлийн 87.3, 87.4, 143 дугаар зүйлийн 143.1, 143.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753, 17/9991 /2017 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой/ дугаар Үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Анир импэкс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Анир импэкс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгөөс илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хурал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтыг зөрчжээ. Хэргийн харъяаллыг авч үзвэл Анир Импэкс ХХК нь БЗД-ийн 11-р хороонд, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь СБД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт тус тус байрладаг. Гэтэл Анир Импэкс ХХК-д захирал ажилтай Л.Гэрэлням миний бие эрх зүйн мэдлэг муу, цаг хугацаатай уралдан яаруу сандруу байсан, мөн өмнөх асуудал шийдэгдэж байсан зэргийг тооцон БГД-ийн шүүхэд хандсан нь хууль зөрчсөн, шүүх үүнийг нягтлалгүй харъяаллын бус хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 13.1, 14.2-т заасныг тус тус зөрчжээ.

Нэхэмжлэгч эд хөрөнгийг хураан авахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй гэдэг гомдол гаргасан бөгөөд гэрчээр байлцсан гэж байгаа М.Саруул, Ц.Билэгсайхан нарыг шүүх хуралд байлцуулъя гэсэн хүсэлт тавихад шүүгч "энэ нь үндэслэлтэй байна" гэж үзэн шүүх хурлыг хойшлуулж дараагийн хуралд хөндлөнгийн гэрч гэгдэж байгаа хүмүүсийг оролцуулсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг илтэд зөрж байсан. Мөн хөндлөнгийн гэрчээр ажиллаагүйг нотолж байгаа нэгэн том баримт бол "Та нар ШШГА-ны байрнаас хэзээ хөдөлсөн бэ?" гэж асуухад М.Саруул нь үдээс урд 11-12 цагийн орчимд гэж, Ц. Билэгсайхан нь үдээс хойш 14 цагт гэж зөрүүтэй хариулж байсан явдал юм. Мөн шийдвэрийн үндэслэл хэсэгт хөрөнгө хураах тогтоолтой танилцаж гарын үсэг зурсныг маргаагүй гэжээ. Гэтэл гэрчүүд байгаагүй гэдэг үндэслэлээр үнэнд хүрэх гэж маргаж байгаа нь гарын үсэг зурснаа зөвшөөрөөгүй байгааг гэрчилж байна. Гарын үсгийг миний анзааргагүй, ядарсан байсан байдлыг ашиглаж зуруулсан, гэрчүүд байгаагүй. Би гэрч байх ёстойг мэдээгүй. Гэрчийн гарын үсэг гэх юм хараагүй. Гэрчүүдийн мэдүүлэг зөрж байсан, шүүх дуудаж мэдүүлэг авсан, гэрчүүдээс асуусан асуулт хариулт, мэтгэлцээний тухай шийдвэрт тусгаагүй.

Шүүгч хөрөнгийг хураахдаа эздийг нь байлцуулаагүй тухай асуудлыг авч хэлэлцэлгүйгээр барахгүй гэрчүүдийн мэдүүлэг зөрж байхад нүүрэлдүүлээгүй, гэрчүүдийг байсан эсэх, объектуудаар явсан, үгүй гэх маргааныг эцэслэн нягталж таслалгүй орхигдуулан шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр бус бөгөөд шийдвэр хууль зөрчин гарсан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Хөндлөнгийн гэрч гэгдэж байгаа Ц.Билэгсайхан нь Мобиком компанид төлбөртэй, төлбөрийг барагдуулах ажиллагаа НШШГА дээр явагдаж байгаа. Энэ ажиллагааг Д.Мөнхбаяр хариуцан явуулж байсан юм байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд "Хөндлөнгийн гэрч нь ажил, мэргэжлийн холбоогүй байна" гэсэн заалтыг зөрчсөн. Гэтэл шүүх үүнийг нягталж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь мөн л хууль зөрчсөн.

Анир импэкс ХХК нь НШШГА-ны 2017 оны 05 сарын 26, 2017 оны 06 сарын 13, 2017 оны 06 сарын 20-ны албан бичгүүдийг 2017 оны 08 арын 15-нд хүлээн авч 2017 оны 08 сарын 17-нд нэхэмжлэл гаргасан. Миний бие 2011 оноос өөрийн эхнэр Д.Өлзийбаяртай таарч тохирохгүй болж салсны улмаас БГД-ийн 8-р хороо 16-р байрны 40 тоотод амьдрахаа больсон. Дээр дурдсан 3 албан бичиг нь Д. Өлзийбаярт ирж хадгалагдаж байсныг хүү Г.Баяр-Эрдэнэ ээж дээрээ очихдоо авч надад 2017 оны 08 сарын 15-нд өгсөн. Шүүх хурал дээр хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тухай асуудал яригдаагүй, энэ талаар шүүгч тодруулж, нягталж асууж хэлэлцээгүй. Харин тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Шүүгч хугацааг тооцохдоо шийдвэрийг хүлээж авсан өдрөөр бус албан бичгүүдийн огноогоор тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.3-д заасныг зөрчиж гаргасан шийдвэр боллоо.

Шүүгч нэхэмжлэлд 2017 оны 08 сарын 24-нд хэрэг үүсгэх захирамж гаргасан мөртлөө мөн өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авч захирамж гаргаагүй. Энэ тухай 2017 оны 10 сарын 12-нд мэдэж, шүүгчийн туслахад хандахад "шүүгч тэр үед ажил ихтэй, амрах гэж байснаас мартсан байна" гэсэн хариу өгсөн. Би өөрийн гомдлыг амаар хэлж, шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж 2017 оны 10 сарын 12-ны өдөр гарч Нийслэлийн ШШНГ-т хүргэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түр зогссон. Хүсэлтийг тухайн үед нь хангаж өгөөгүйгээс 48 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаанд байсан 3 орон сууц, хашааны газар зарагдсан нь төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Анир импэкс ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгийг битүүмжилсэн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06, мөн өдрийн Эд хөрөнгийг хураасан 17/9991, мөн оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753 болон 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/40 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэрийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 336 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч Анир импекс ХХК-иас 402 823 837 төгрөг гаргуулан төлбөр авагч Капитал банк ХХК-д олгох ажиллагаа явагдаж, барьцаалагдсан хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 53, 72-88, 92-103/.

 

Түүнчлэн, Анир импэкс ХХК-ийн төлөөлөгч Л.Гэрэлням нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн эд хөрөнгө хураасан 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753 дугаар тогтоолуудтай тухайн өдөр нь танилцаж, гарын үсэг зурснаа зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа явуулахдаа ...эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах ажиллагаа явуулж болохыг зохицуулсан байх тул шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх бөгөөд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулсан байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол энэ талаар гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт заасан хугацаанд гаргах эрхтэй.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар төлбөр төлөгч Анир импекс ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа, түүний гаргасан шийдвэртэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдол гаргасан /хэргийн 1 дүгээр хавтасны 30-31/ үйл баримт тогтоогдсон боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд хандаж гомдол гаргасан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хугацаанд гомдол гаргаж чадаагүй хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх Анир импекс ХХК-ийг эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан тогтоолуудтой холбоотойгоор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөн хэрэгт авагдсан бичгийн баримтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/40 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Анир импэкс ХХК-д 2017 оны 06 сарын 08-ны өдөр, 06 сарын 14-ний өдөр танилцуулсан бөгөөд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг авах мэдэгдлийг төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нар тус тус хүлээж авсан үйл баримт тогтоогдсон боловч талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа гаргаагүй тул хариуцагч байгууллага нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаар тогтоолоороо Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Итгэлт эстимэйт ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх тогтоолын дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоосноор хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар тус тус анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон, энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгч болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарт 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 129-140/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдсэн үеэс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт тус тус заасан хугацааг дээр дурдсанаар хэтрүүлсэн байх тул эд хөрөнгө битүүмилж, хураасан улмаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа хууль зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Анир импекс ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу явагдах бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна, 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт ...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд ... гаргана гэж заасан байх тул анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчсөн гэх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Анир импекс ХХК-ийн төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ