Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00929

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03451 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 495 дугаар магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н-т холбогдох

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753, 17/9991 /2017 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой/ дугаар Үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гэрэлнямын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гэрэлням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрчулуун, Д.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 4848 дугаар шийдвэрээр “А” ХХК-иас 405 195 906 төгрөгийг Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд манай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь хуулийн заалтыг танилцуулаагүй гүйцэтгэх ажиллагааг шууд эхлэх, таны хувийн дансыг хаана, гадаад явах эрхийг хасна гэх мэтээр дарамталж, би өмгөөлөгч авна гэхэд Г.Идэрчулуун гэх шийдвэр гүйцэтгэгчийн хамт та өмгөөлөгч аваад хэрэггүй дээ, шүүхээр яваад нэмэргүй дээ гэх зэргээр доог тохуу хийж харин ч дарамт шахалт үзүүлж байсан. Манай үйл ажиллагаатай холбоогүй өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг татан оролцуулсан. Барьцаанд байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ хөндлөнгийн гэрч байлцуулаагүй мөртлөө н.Саруул гэж хүнийг байлцсан мэтээр гарын үсэг зуруулсан. Энэхүү эд хөрөнгө хураах тогтоолыг өөр тойргийн тогтоол гүйцэтгэгч Г.Идэрчулуун үйлдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч П.Хадбаатар нь барьцаанд байгаа эд хөрөнгийн санал авах тухай 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 3/13618, 3/13619, 3/13620, 3/13618 албан тоотдоо барьцаанд байгаа эд хөрөнгийн үнийн саналаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2017 оны 05 сарын 10-ны дотор шийдвэр гүйцэтгэгчид гаргаж өгөх, тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнэлгээг тогтоохыг мэдэгдсэн байсан. Гэвч уг албан тоот нь шуудангаар 2017 оны 05 сарын 11-ний өдрийн оройн 19 цагт хаягаар ирсэн байх жишээтэй.

Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын 6 дахь заалтад Баянзүрх дүүргийн 11 хороо Булгачны 19-225 хаягт байрлах 594 м.кв талбайтай үйлдвэрийн байрыг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан тохиролцсон үнэлгээ болох 379 085 000 төгрөгийн 70 хувь болох 265 359 500 төгрөгөөр үнийг тогтоон үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаярт үүрэг болгосугай гэжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр үүрэг гүйцэтгүүлэгч Л.Гэрэлням миний биетэй борлуулах үнийн талаар тохиролцсон зүйл байхгүй. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг танилцуулаагүй. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тооцоо судалгаагүй хийсэн, эдийн засгийн эргэлтэд орох үнэлгээг буруу хийсэн, өнөөгийн зах зээлийн үнэлгээг хийх Сангийн сайдын журамд заасан аргачлалыг хэрэглээгүй байна.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 10 хороо 7 хороолол 26 байрны 29 тоотод байрлах 98 м.кв талбай бүхий байрыг 47 м.кв гэж талбайн бодит хэмжээг бууруулж 90 795 100 төгрөгөөр, Баянгол дүүргийн 8 хороо 4 хороолол 16 байрны 40 тоотод байрлах 64 м.кв талбай бүхий байрыг 40 м.кв гэж мөн талбайн хэмжээг бууруулж 99 850 800 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 25 байрын 1 тоотод байрлах 44 м.кв талбай бүхий байрыг 29 м.кв гэж талбайн хэмжээг бууруулж 66 116 100 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд 46 281 270 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 5 хороо Өлгийн 11 гудамжны 155 тоотод байрлах 566,6 м.кв өмчлөх эрхтэй газрыг 44 694 700 төгрөгөөр үнэлж, 31 286 290 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар даалгажээ. Гэтэл уг газар нь зах зээлийн үнэлгээгээр зам дагуух нүүрний гудамжинд байрладаг, жишиг үнэлгээгээр 113 320 000 төгрөг болохоор байна. Харин эдийн засгийн эргэлтэд орох зах зээлийн үнэлгээгээр 300,0-400,0 сая төгрөг болох бүрэн үндэслэлтэй газар юм. Баянзүрх дүүргийн 11 хороо Булгачны 19-225 хаягт байрлах 594 м.кв талбайтай үйлдвэрийн байрыг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан тохиролцсон үнэлгээ болох 379 085 000 төгрөгийн 70 хувь болох 265 359 500 төгрөгөөр дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоожээ. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч миний бие үүрэг гүйцэтгэгчтэй энэ объектын талаар харилцан тохиролцоогүй. Үйлдвэрийн байр гэдэг ойлголтод чухам юу орж байгааг тодорхой заагаагүй байна. Үйлдвэрийн шууд үйл ажиллагаанд оролцдог хэмжигч, зүсэгч, цутгагч, дунд даралтын зуух, гүүрэн кран, усны ёмкость, халаалтын систем, хэвнүүд орсон эсэх нь тодорхойгүй, оруулж тооцоогүй гэж ойлгож байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 6/40 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгийг хураасан тухай 2017 оны 04 сарын 12-нд бичигдсэн боловч 2017 оны 04 сарын 05-ны өдрөөр тэмдэглэгдсэн 17/9911 тогтоолын хүчингүйд тооцож өгнө үү.

Мөн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэр бүхий 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хураан авч, 17/559, 17/0412, 17/9319, 17/9991, 17/1753 тоот тогтоолууд үйлдсэн байна. Манай компани 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад дээрх 5 тогтоолоос зөвхөн 17/9991 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай шаарджээ. Гэтэл 17/9991 тоот тогтоолын хүчингүйд тооцуулах тухай үндэслэл нь бусад 17/559, 17/0412, 17/9319, 17/1753 тоот тогтоолууд дээр адилхан давтагдаж байх тул орхигдсон тогтоолуудыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл нь маргаантай байгаа асуудлыг бодитоор шийдэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хураасан 17/559, 17/0412, 17/9319, 17/1753 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцож өгнө үү.

Битүүмжилсэн ажиллагаанд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдүүдийг оролцуулаагүй бөгөөд өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулууныг татан оруулж тогтоол бичүүлсэн. Тухайн хөрөнгүүдэд хамаарах эзэмшигч нарыг байлцуулаагүй, зөвхөн барьцаанд тавих эрхтэй байсан н.Гэрэлнямыг байлцуулсан. Хөрөнгө хураах тогтоолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлгах ёстой. Энэ маргаанд маш олон үл хөдлөх хөрөнгийн талаар яригдаж байгаа бөгөөд тогтоолын тэмдэглэл хуульд заасан шаардлагад нийцээгүй. Хөрөнгө хураах тогтоолыг үйлдэхэд хоёроос доошгүй гэрч оролцуулах байсан оролцуулаагүй. Иймд эдгээр үйл ажиллагаа нь хууль бус учир үүнд үндэслэж хийгдсэн анхны дуудлага худалдаа нь хууль бус. Хөрөнгийг үнэлэхдээ 05 сарын 09-нд хөрөнгө үнэлнэ гэсэн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үүнд 05 сарын 10-нд хөрөнгийн үнэлгээгээ явуул гэсэн боловч тус мэдэгдэл нь 05 сарын 11-ний өдрийн орой төлбөр төлөгчид очсон гэдэг нь шуудангаас гаргаж өгсөн тодорхойлолтод заасан. Ингээд 05 сарын 11-нд мэргэжлийн шинжээчийн байгууллага дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлт гаргахдаа 6 өдөр зарцуулсан. Мэргэжлийн байгууллага 6 хоног зарцуулж байхад мэргэжлийн бус хүн өөрийнхөө хөрөнгийг яаж 1 өдрийн дотор үнэлэх вэ. Дээрх бүх үйл ажиллагаа нь хууль бус учир маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн, хураасан, битүүмжилсэн бүх үйл ажиллагаа хууль бус юм. Иймд дээрх тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч “А” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн, хураан мөн хуулийн 30 зүйлийн 30.1-т заасны дагуу хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулсан. Албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1-т заасны дагуу үнийн санал авах мэдэгдлийг төлбөр төлөгч “А” ХХК болон захирал Л.Гэрэлням нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг, барьцаа хөрөнгийн хаягуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 20.3, 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал өгөөгүй тул үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоохоор шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимейт ХХК дээрх хөрөнгүүдийн нийт үнийг 690 466 700 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч “А” ХХК шүүхийн шийдвэрт заагдсан хаягаар 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 3/15442 дугаартай мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 20,3, 20,4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хамтран өмчлөгч Г.Сэлэнгэ, Ч.Энхбаяр нарт, иргэний үнэмлэхний бүртгэлтэй оршин суух хаягт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө булагчин 10 дугаар гудамжны 135А, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 6А дугаар байрны 22 тоот хаягаар тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр оруулахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууц, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв 3 өрөө хувийн сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамж 155 тоотод байрлах 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар нь тус тус худалдагдан борлогдож бусад үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч “А” ХХК-ийн захирал Л.Гэрэлнямд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэл, тогтоолыг шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болон Л.Гэрэлнямд өөрт нь гардуулан өгч тэмдэглэлээр баталгаажуулж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хамтран өмчлөгч Г.Сэлэнгэ, Ч.Энхбаяр нарт, иргэний үнэмлэхийн бүртгэлтэй оршин суух хаягт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө Булагчин 10 дугаар гудамжны 135А, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 6А дугаар байрны 22 тоот хаягуудад тус тус баталгаат шуудангаар 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мэдэгдлийг хүлээн авсан гэж тусгасан байх тул нэхэмжлэлийн энэ хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 51 дүгээр зүйлийн 51.1-т заалтаар хуулийн хугацааг зөрчсөн. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн. 87 дугаар зүйлийн 87.3, 87.4, 143 дугаар зүйлийн 143.1, 143.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03451 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хариуцагч Нт холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/9319, 17/1753, 17/9991 /2017 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой/ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгөөс илүү төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 495 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А” ХХК-иас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаанд гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 сарын 19-нд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 02 сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар авч хэлэлцээд манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Бид Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн энэхүү шийдвэрийг үндэслэл муутай буруу гарлаа гэж үзэн давж заалдаж байна.

Нэг. Нэхэмжлэгч эд хөрөнгийг хураан авахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй гэдэг гомдол гаргасан. Иймээс хөндлөнгийн гэрчээр байлцсан гэж байгаа М.Саруул, Ц.Билэгсайхан нарыг шүүх хуралд байлцуулъя гэсэн хүсэлт тавихад шүүгч “энэ нь үндэслэлтэй байна” гэж үзэн шүүх хурлыг хойшлуулж дараагийн хуралд хөндлөнгийн гэрч гэгдэж байгаа хүмүүсийг оролцуулсан.

Хөндлөнгийн гэж байгаа гэрчүүдтэй холбоотой асуулт, хариулт, мэтгэлцээн, ярилцлага явагдсан. Гэрчүүдийн мэдүүлэг илтэд зөрж байсан. Тухайлбал М.Саруул Сүхбаатар дүүргийн 10-р хороо 26-29 тоот мансардтай 2 давхар 3 өрөө байрыг мансардгүй жирийн 3 өрөө байсан, Баянгол дүүргийн 8-р хороо 16-40 тоотод хийсэн нүдэнд ил харагдах өөрчлөлтийг мэдэхгүй, хашааны газарт нүүр модны зэрэгцээ бетон блокны тоног төхөөрөмж, хайрга, гүний худаг зэрэг нүдэнд илт туссан зүйлс байсныг хэлэхгүй байсан. Ямар хүмүүс угтан авч байсныг ч хэлж чадахгүй байв. Ц.Билэгсайхан нь байрны дотогш ороогүй дандаа гадна нь байсан гэж хариулж байсан. Үйлдвэрийн байрны дотор талыг тоймлон хэлж мөн чадахгүй байсан. Энэ хоёр хөндлөнгийн гэрч байгаагүйг дээрх хариултууд харуулж байна. Мөн хөндлөнгийн гэрчээр ажиллаагүйг нотолж байгаа нэгэн том баримт бол “Та нар ШШГА-ны байрнаас хэзээ хөдөлсөн бэ?” гэж асуухад М.Саруул нь үдээс урд 11-12 цагийн орчимд гэж хариулж байхад Ц.Билэгсайхан нь үдээс хойш 14 цагт гэж зөрүүтэй хариулж байсан явдал юм. Энэ бүхэн нь хөндлөнгийн гэрч ажиллаагүйн баталгаа болж байна. Мөн үндэслэл хэсэгт хөрөнгө хураах тогтоолтой танилцаж гарны үсэг зурсныг маргаагүй гэжээ. Гэтэл гэрчүүд байгаагүй гэдэг үндэслэлээр үнэнд хүрэх гэж маргаж байгаа нь гарын үсэг зурснаа зөвшөөрөөгүй байгааг гэрчилж байна.

Гэрчүүдийн мэдүүлэг зөрж байсан тухай, шүүх дуудаж мэдүүлэг авсан тухай, гэрчүүдээс асуусан асуулт хариулт, мэтгэлцээний тухай шүүхийн шийдвэрт тусгаагүй байсныг давж заалдах шатны шүүх нягтлаагүй шийдвэр гаргалаа.

Шүүгч хөрөнгийг хураахдаа эздийг нь байлцуулаагүй тухай асуудлыг авч хэлэлцэлгүйгээр барахгүй гэрчүүдийн мэдүүлэг зөрж байхад шүүгч гэрчүүдийг нүүрэлдүүлээгүй, гэрчүүдийг байсан эсэх, объектуудаар явсан үгүй гэх маргааныг эцэслэн нягталж таслалгүй орхигдуулан шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр бус бөгөөд шийдвэр нь өөрөө хууль зөрчин гарсан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл билээ.

Өмч хураахад байлцсан хөндлөнгийн гэрч гэгдэж байгаа Ц.Билэгсайхан нь Мобиком компанид 1 сая төгрөгийн төлбөртэй, төлбөрийг барагдуулах ажиллагаа НШШГГ дээр явагдаж байгаа. Энэ ажиллагааг Д.Мөнхбаяр хариуцан явуулж байсан юм байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд: ”Хөндлөнгийн гэрч нь ажил, мэргэжлийн холбоогүй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Гэтэл шүүх үүнийг нягталж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь мөн л хууль зөрчсөн буруу шийдвэр болжээ.

Хоёр. Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон хугацаанд амжиж нэхэмжлэл гаргаагүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэж үзжээ. “А” ХХК нь НШШГА-ны 2017 оны 05 сарын 26, 2017 оны 06 сарын 13, 2017 оны 06 сарын 20-ны албан бичгүүдийг 2017 оны 08 арын 15-нд хүлээн авч 2017 оны 08 сарын 17-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие 2011 оноос өөрийн эхнэр Д.Өлзийбаяртай таарч тохирохгүй болж салсны улмаас Баянгол дүүргийн 8-р хороо 16-р байрны 40 тоотод амьдрахаа болиод 7 жил болж байна. Дээр дурдсан албан бичгүүд нь Д.Өлзийбаярт ирж хадгалагдаж байсныг хүү Г.Баяр-Эрдэнэ ээж дээрээ очихдоо авч надад 2017 оны 08 сарын 15-нд өгсөн юм. Ингэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 51-р зүйлийн 51.4 дэх заалтын хугацааг зөрчөөгүй юм.

Шүүх хурал дээр хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тухай асуудал яригдаагүй энэ талаар шүүгч тодруулж, нягталж асууж хэлэлцээгүй. Харин тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчиж байна. Шүүгч хугацааг тооцохдоо шийдвэрийг хүлээж авсан өдрөөр бус албан бичгүүдийн огноогоор тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.3-д “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтыг зөрчиж гаргасан шийдвэр боллоо.

Ер нь шүүх хурлаас гаргасан шийдвэр нь НШШГА-ны тайлбарт илүү дулдуйдсан, тэдний тайлбарт илүү итгэсэн байдал илэрч байна. Үүнийг давж заалдах шатны шүүх нягталж нарийн учрыг нь олсонгүй.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь 2017 оны 08 сарын 17-ны өдрийн нэхэмжлэлд 2017 оны 08 сарын 24-нд хэрэг үүсгэх захирамж гаргасан мөртлөө мөн өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авч захирамж гаргаагүй байв. Энэ тухай бид 2017 оны 10 сарын 12-нд мэдэж, шүүгчийн туслахад хандахад ”шүүгч тэр үед ажил ихтэй, амрах гэж байснаас мартсан байна” гэсэн хариу өгсөн. Би өөрийн гомдлыг амаар хэлж, шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж 2017 оны 10 сарын 12-ны өдөр гарч НШШГГ-т хүргэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түр зогссон юм.

Хүсэлтийг тухайн үед нь хангаж өгөөгүй 48 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаанд байсан 3 орон сууц, хашааны газар зарагдсан нь төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн юм. Шүүх хугацаандаа захирамж гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр түдгэлзүүлж өгсөн бол дараагийн шатны дуудлага худалдаа явагдаж төлбөр төлөгчийн болон иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөхгүй байлаа.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/03451 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 14-ний 495 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгийг битүүмжилсэн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 тоот тогтоолууд,  2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Эд хөрөнгийг хураасан 17/9911, 17/0412, 17/9319, 17/1753 тоот тогтоолууд, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай №6/40 тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хоёр шатны шүүхийн алдааг засах нь зүйтэй.

“А” ХХК-иас 404 995 906 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрт нэрлэн заасан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 04848 дугаар шийдвэрт 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлжээ.

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэр бүхий барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн, Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол үйлдэж, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөр төлөхийг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, төлбөр төлөгч гарын үсэг зурсан байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдсэн хугацаад төлбөр төлөөгүй үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хурааж, Эд хөрөнгийг хураасан тогтоол үйлдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаанд төлбөр төлөгч Л.Гэрэлням өөрийн биеэр оролцсон бөгөөд тэрээр шийдвэр гүйцэтгэх дээрх ажиллагаатай холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Харин хураагдсан эд хөрөнгийг үнэлэх, дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг тогтоохдоо шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмыг зөрчжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2.-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нь Иргэний хуулийн 177 дугара зүйлийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70%-иар тооцон тогтооно...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 05 дугаар  сарын 09-ний өдрийн “Үнийн санал авах тухай” мэдэгдлээр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор ирүүлэхийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн байх бөгөөд тус мэдэгдлийг шууданд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн атлаа 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэх тухай Шинжээч томилсон үйл баримт тогтоогджээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, өмчлөгчид хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн санал хэлэх, улмаар  төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцох хуулиар тогтоосон боломжийг олгоогүй нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2.-т заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай  №6/40 тоот тогтоолын албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоосон хэсэг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтад нийцээгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх тогтоол хүчингүй болсон нь нэхэмжлэгчийн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдасан анхан болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болно.

Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрт дурдсан хаягт амьдрахгүй байгаа талаар  шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон байхад шийдвэр гүйцэтгэгч Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д заасан ажиллагааг явуулж, хаягийг тогтоолгүйгээр түүний өмнөх буюу амьдардаггүй хаягаар хариу тайлбар, мэдэгдлүүдийг хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх үйл ажилагааг явуулж байжээ. 

Төлбөр төлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлын хариуг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гомдол  гаргагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй, төлбөр төлөгч тус мэдэгдлүүдийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр авснаар шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан гэх тайлбарыг үгүйсгээгүй байх тул шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт эргэлзээгүй, үндэслэл бүхий болоогүй гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураажид төлсөн 280 800 төгрөгөөс 140 400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохдоо үндэслэлээ заагаагүй, холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэлд 70 200 төгрөгийг төлөхөөр, 44 дүгээр зүйлийн 44.1.1.-д тогтоосон хэмжээнээс илүү хураасан бол буцаан олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3.-т “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг тооцохоор,  59 дүгээр зүйлд улсын тэмдэгийн хураамжийг буцаах үндэслэлүүдийг зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх хэд хэдэн ажиллагаанд холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд тэдгээр нь тус тусдаа нэхэмжлэлийн шаардлагыг агуулж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн гэж нэхэмжлэгчид буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх заалтад нийцээгүй, нэхэмжлэгчид буцаан олгосон нь үндэслэлгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 495 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03451 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг баримтлан Нт холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон нэхэмжлэгчийн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан 2017 оны 06 дугаар сарын 21, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн анхан болон хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож,

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолууд, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/9319, 17/1753, 17/9991 /2017 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой/ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Л.Гэрэлнямын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД