Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0164

 

 “Э Б П М”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0039 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “Э Б П М”  ХХК-ийн давж заалдах гомдлоор, “Э Б П М”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0039 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Б П М”  ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн “Э Б П М”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-025273 дугаарт бүртгэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Э Б П М”  ХХК давж заалдах гомдолдоо: “...Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг “... Ховд аймгийн Засаг дарга хүлээж авсныг тогтоох шаардлагатай” үндэслэлээр хойшлуулж тус үйл баримтыг нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар даалгаж шийдвэрлэсэн байтал хариуцагчаас зохих нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар биелүүлээгүй байсан хирнээ түүний дараа гаргаж өгснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдээгүйгээр шүүх хуралдаанд оролцсон нь тус нотлох баримттай танилцах, шаардлагатай үндэслэл, тайлбар гаргаж хэргийн оролцогчийн төлөөлөгчийн эрх хязгаарлагдахад хүргэсэн.

...”Э Б П М”  ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан өргөдлөөр Ховд аймгийн Мянгад сумын “Түмэн” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авахаар Ховд аймгийн Засаг даргаас тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын ажлын албанаас,

”Э Б П М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан өргөдлөөр Ховд аймгийн Мянгад сумын “Түмэн” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай хэлэлцсэн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлийг Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас гаргуулах үүргийг шүүх биелүүлээгүй.

...Засаг даргаас өгсөн “дэмжихгүй” гэсэн саналыг хүчингүй болгуулах тухай Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул түүнийг шийдвэрлэтэл тус нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

...Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” санал Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлийг хангасан эсэхийг тогтоохоор нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийн дагуу нотлох баримтыг цуглуулаагүйн улмаас тухайн үйл баримт тогтоогдоогүй. Гэвч Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/307 дугаартай албан бичгээс Ховд аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал гаргахдаа “Э Б П М”  ХХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд заасан талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авалгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул тус “дэмжихгүй” санал шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон.

...Ховд аймгийн Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” санал нь ...зохих журмаар саналыг нь аваагүй болон хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж хууль зөрчсөн тул “Э Б П М”  ХХК-иас гаргасан өргөдлийг хангаж, түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 болон тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох үүргээ биелүүлэлгүй, зөрчиж гарсан шийдвэр үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч “Э Б П М”  ХХК-ийн Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэр Түмэн нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч гаргасан NE-025273 /XA-018035/ дугаар өргөдөлд Ховд аймгийн Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар саналаар тус тус тухайн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэснийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр уг өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Нэхэмжлэгч “Э Б П М”  ХХК нь “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ховд аймгийн Засаг даргаас санал авахаар шийдсэн бөгөөд хууль, журамд заасан хугацаа хэтэрч ирүүлсэн Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй, эрх хэмжээнийхээ хүрээнд Засаг даргын саналын хууль зүйн үндэслэлийг судлах ёстой байсан” гэж, хариуцагч нь “... Засаг даргын “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зөрчөөгүй” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ховд аймгийн Засаг дарга нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 6/1458 дугаар мэдэгдлийг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, улмаар сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аван 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан газрын зарим хэсэг нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан” Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн “дэмжихгүй” гэсэн саналыг Кадастрын хэлтэст ирүүлсэн болох нь тогтоогдсон, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж заасан журмыг зөрчөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуульд Кадастрын хэлтэс нь шүүлт хийсний дараа орон нутгийн удирдлагаас санал авахаар заасан тул Ховд аймгийн Засаг даргын “тухайн газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцалтай” гэх үндэслэлээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд өгсөн саналд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байх тул хариуцагч Кадастрын хэлтэс нь Засаг даргын саналыг зохих журмын дагуу гарсан гэж үзэж улмаар нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тушаал гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийн талбай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “Хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, …талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий актаар хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь зөв байна.

Нөгөөтэйгүүр нэгэнт тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн зарим хэсэг эрх бүхий этгээдийн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй төдийгүй нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан:

1. “...Засаг даргаас өгсөн “дэмжихгүй” гэсэн саналыг хүчингүй болгуулах тухай Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул түүнийг шийдвэрлэтэл энэ захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд,

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч энэ талаар нэхэмжлэгч талаас огт баримт ирүүлээгүй, ийнхүү нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдохгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэгт цугларсан нотлох баримттай бүрэн танилцуулаагүй гэх гомдлын тухайд,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй төдийгүй шүүхээс түүний эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Хүсэлтэд заасан нотлох баримт цуглараагүй гэх  гомдлын тухайд,

 Ховд аймгийн Засаг даргаас тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд илгээсэн албан бичиг, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай хэлэлцсэн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлийг Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхээс хангасан байх боловч дээрх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Гэсэн хэдий ч энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаснаас бус Ховд аймгийн Засаг даргын “санал”-ын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлээгүй тул эдгээр баримтуудыг цуглуулаагүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

     ШҮҮГЧ                                                             Ц.ЦОГТ

     ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН