Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00130

 

                                     “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04253дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1897 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : “Газаркапитал партнерс ББСБ” ХХК

Хариуцагч : Х.Цолмон, Л.Ганхуяг

Нэхэмжлэлийн шаардлага : 264.256.463 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний 5.1.5 дахь заалт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох

Хариуцагч Л.Ганхуягийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2013.12.26-ны өдөр ЗГ/0000811 тоот зээлийн гэрээ байгуулж, 150 сая төгрөгийг 5 сарын хугацаатай 4.9 хувийнхүүтэй зээлүүлэх  гэрээг байгуулсан. Зээлийг Хан-Уул дүүргийн, 16 дугаар хороонд баригдах 116 айлын орон сууцны байшин барих зориулалтаар авсан. Үүргийн гүйцэтгэлд мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг, Самбуугийн гудамж, Маршал таун хотхон, 106-р байр, 20 тоот4 өрөө, мөн  хорооны, 116 айлын орон сууцны 6, 7 дугаар давхрын урагш, хойшоо харсан цонхтой 2 өрөө байр, мөн зоорийн давхрын тус бүр 15 м.кв хэмжээтэй 2 зогсоол барьцаалж Үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэн барьцааны гэрээ байгуулсан. Л.Ганхуяг нь 2014.01.29, 02.28, 4.30, 7.07, 11.05-ны өдөр тус тус зээлийн хүүд 6 удаа 51 сая төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2014.5.26-ны өдөр дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээл 149.490.000 төгрөг, зээлийн хүү 97.433.983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.332.480 төгрөг нийт 264.256.463 төгрөг,нотариатын зардал 20.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт  гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ: 2013.12.26-ны өдөр 150 сая төгрөгийг зээлж авсан. Уг зээлийн мөнгийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд барьж байсан орон сууцны барилгын ажилд зарцуулсан бөгөөд барилгаа дуусгаад борлуулалтаасаа эргэн төлөх төлөвлөгөөтэй байсан.Гэвч бид уг орон сууцны барилгаас их хэмжээний алдагдал хүлээж, улмаар бусад байгууллагаас авсан зээлээ төлж чадалгүй ийм байдалд хүрсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс манай гэрийн үүдэнд бичиг наахаас гадна, ажил дээр маань ирж, зээлийн талаар мэдээлэл тарааж байгаа нь Хувь хүний нууцын тухай хуулийн4.2.3 болон зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж байгаа хууль бус үйлдэл тул уг үйлдэлд холбогдуулан гэрээний заалтыг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд ЗГ0000000000811тоот зээлийн гэрээний 5.1.7 дахь заалтын ...зээлдэгчийн хувийн болон бизнесийн нэр хүндэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 102/ШШ2016/04253 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Цолмон, Л.Ганхуяг нараас 235.013.199 төгрөг гаргуулж, Газаркапитал партнерс ББСБайгууллагад олгож, нэхэмжлэлээс 29.243.264 төгрөгийн шаардлагыг   сөрөг нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгож,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 1.333.016 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс төлсөн 1.479.235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1897 дугаартай магадлал гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04253 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.243.264 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэсний дараа ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Газаркапитал партнерс ББСБайгууллагад холбогдуулан гаргасан 2013.12.26-ны өдрийн ЗГ 0000000000811 тоот зээлийн гэрээний 5.1.5 дахь ...зээлдэгчийн хувийн болон бизнесийн нэр хүндэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах гэсэн заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Ганхуяг, Х.Цолмон нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай... гэж, шийдвэрийн 2 дахь заалтад Газар капитал партнерс ББСБ ХХК-иас 70.200 төгрөг гаргуулан Л.Ганхуягт олгосугай гэж тус тус нэмсэн өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Ганхуягийн төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Ганхуяг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээгүй байна. Үүнээс шалтгаалан 85.523.199 төгрөгийг илүү төлөхөөр байна. Учир нь гэрээний 2.3-т зааснаар “хүү, нэмэгдүүлсэн хүү” –г шаардах эрх мөн адил дуусгавар болох ба гэрээний уг заалтад холбогдуулан талуудын хэн аль нь маргаагүй  тул гэрээний заалтыг хүчин төгөлдөр хэмээн үзэх бөгөөд гэрээний заалтыг бус харин хуулийн заалтыг баримтлан гэсэн өгүүлбэр гэрээнд байхгүй. Хэрэв гэрээний хугацаа дуусаагүй буюу үргэлжилсэн хэвээр байгаа гэж үзвэл үндсэн хугацаа болох 5 сарын хүүгээс өөр хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Жич: нэхэмжлэлийн шаардлагыг хариуцаг маргаагүй гэж байх боловч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах журмаар гаргасан 2 удаагийн гомдолд гэрээний заалтыг үндэслэн маргаж байгаа нь төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн ойлголт юм.

                                                                          ХЯНАВАЛ:

 “Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Х.Цолмон, Л.Ганхуяг нараас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 149.490.000 төгрөг, хүү 97.433.983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.332.480  төгрөг нийт 264.256.463  төгрөгийг нотариатын зардал 20.000 төгрөгийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөр хангуулахыг  хүссэн байна. /хх 1, 47/ Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, зээлийн гэрээний 5.1.5 дахь заалт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг шаарджээ.  /хх 52, 151/

Анхан шатны шүүх хариуцагч нараас 235.013.199 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 29.243.264 төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгох  шийдвэр гаргасан байна.  /хх 163-165/

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулахыг  заажээ.  /хх 213-219/ 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн зарим гомдлыг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Зохигчид  нь 2013 оны 12 дугаар сарын 26 -ны өдөр ЗГ 0000000000811  дугаартай “Зээлийн гэрээ”, ЗБ 0000000000811 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, нэхэмжлэгч 150 сая  төгрөгийг 5 сарын хугацаатай, хүүтэй  зээлүүлэх, хариуцагч нар мөнгийг зээлж, гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцааж төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд  үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар Хан-уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал хотхон 106 байрны 20 тоот орон сууц, Хан-уул дүүргийн 16-р хороо, 116 айлын орон сууцны 6, 7 давхарын 64,48 кв.м 2 орон сууцыг тус бүр 15 кв.м талбай бүхий 2 зогсоолын хамт  барьцаалсан байна.  /хх 11-15/

Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дууссан боловч  хариуцагч нар нь үндсэн зээлийг төлөөгүй, зээлийн төлбөрт 50.570.000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байв.

“Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Х.Цолмон, Л.Ганхуяг нараас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2015  оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 149.490.000 төгрөг, хүү 97.433.983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.332.480  төгрөг нийт 264.256.463  төгрөгийг нотариатын зардал 20.000 төгрөгийн хамт гаргуулахыг шаарджээ.  

2. “Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь Х.Цолмон, Л.Ганхуяг нартай зээлийн гэрээ байгуулж, 150 сая төгрөг зээлүүлэх, хариуцагч нар уг мөнгийг зээлж авах талаар тохиролцсон нь тогтоогдсон байна. 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг гэрээнд заасны дагуу буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд заасан журмын дагуу байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хүчин төгөлдөр гэрээний заалтыг талуудын хэн аль нь биелүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчид өгсөн үйл баримт нотлогдсон тул хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. 

3. Үндсэн зээлийн талаар :

а/. Нэхэмжлэгч хариуцагчид 150 сая төгрөг зээлүүлэхээр гэрээ байгуулсан, уг мөнгийг хариуцагч нар хүлээн авсан талаар зохигчид маргаагүй байна.   

Зээлийн гэрээний хугацаа 2014  оны 5 дугаар сарын 26 -ны өдөр дууссан ба гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч нар  2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 9.999.999 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  20 сая төгрөг нийт 29.999.999 төгрөг төлсөн нь /хх 21/ тогтоогджээ. 

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлсөн 29.999.999 төгрөгийг үндсэн зээлээс хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т "үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлнө" гэж заасан учир  2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцно. Хариуцагч нар зээлийн гэрээний 1.3 дахь заалтын талаар маргаан үүсгээгүй байв.   

Иймд хариуцагч нар 150 сая төгрөг зээлсэн,  үндсэн зээлээс 30 сая төгрөг төлсөн, 120 сая төгрөг төлөөгүй үлдсэн гэж  үзнэ.

4.  Зээлийн хүүгийн талаар :        

а/. Зохигчид 150 сая төгрөгийг хүүтэй зээлүүлэх талаар тохиролцсон тухай талууд маргаагүй хэдий ч  2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  “Зээлийн гэрээ”-нд зээлийн хүүг хоёр өөр байдлаар буюу гэрээний 1.2.1-т “зээлийн үндсэн хүү 4,9 хувь” гэж, 1.2.2-т “хөнгөлттэй зээлийн хүү 3.4 хувь” гэж тус тус /хх 11/ заасан,  “Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь хүүг 4,9 хувиар тооцон нэхэмжлэл гаргасан тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 2.2-т “...зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлсөн тохиолдолд хугацаандаа төлсөн төлбөрийн хувьд гэрээний 1.2.1-т заасан зээлийн хүүнээс 1.5 хувийн хөнгөлөлтийг эдэлж 1.2.2-т заасан хувиар хүүг төлнө...”  гэж, 2.3-т “...зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд ...гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг гэрээний 1.2.1-т зааснаар ...тооцож авна...” гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 2.3, 1.2.1-г Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасан журмаар тайлбарлавал 4,9 хувийн хүү нь  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т заасан зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн,  зээлийн эргэн төлөлтийн хуваариас /хх 12 ар тал, 21/ үзвэл зээлдүүлэгч нь 150 сая төгрөгийн сарын хүүг 5.270.000 төгрөгөөр буюу 3.4 хувиар тооцсон гэж үзэхээр байгаа, зээлийн хүүг зээлдэгч гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлсэн эсэхээс хамаарч нэмэгдүүлэхээр заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т нийцээгүй  тул 2013 оны 12 дугаар сарын 26 -ны өдрийн ЗГ 0000000000811 дугаартай “Зээлийн гэрээ”-р  нэхэмжлэгч 150 сая төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3.4 хувийн хүүтэй зээлэх үүрэг хүлээсэн гэж үзэв. Талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч энэ нь хуулийн хүрээнд байх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т  нийцнэ.     

б/. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд 2014.01.29, 2014.02.28-ны өдөр тус бүр 5.270.000 төгрөг, 2014.3.31-ний өдөр 4.070.000 төгрөг, 2014.4.30-ны өдөр 6.470.000 төгрөг нийт /хх 21/ 21.080.000 төгрөг төлсөн тул гэрээний үүрэг буюу зээлийн хүүд   нийт 90.204.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

5. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар :   

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-н заалтаас үзвэл нэмэгдүүлсэн хүүг гаргуулахад энэ талаар гэрээнд заасан байхаас гадна зээлийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний байх ёстой байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохигчид тохиролцсон байх тул хэмжээг нь хуульд заасан журмаар тооцвол 17.156.800  төгрөг болно.

6. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

7. Нотариатын зардлын талаар :

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нотариатын зардалд 20.000  төгрөг шаардаж, 2015 оны  6 дугаар сарын 02-ний өдрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч уг баримтаар нотариатын үйлчилгээг нэхэмжлэгч авч төлбөр төлсөн нь тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ./хх 38 /

Дээр дурдсан үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 227.360.800 төгрөг төлөх үүрэгтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1897 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.243.264 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэсний дараа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар...”  гэснийг “...  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Цолмон, Л.Ганхуяг нараас нийт 227.360.800 төгрөг  гаргуулж, “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д  олгож, нэхэмжлэлээс 36.895.663  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар...” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Л.Ганхуяг хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 586.000 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                           Б.УНДРАХ