Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1897

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04253 дугаар шийдвэртэй                   

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ, ХХХ нарт холбогдох

 

            Зээлийн гэрээний үүрэгт 264 256 463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ХХХХ ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             ХХХХ

                                                                                  ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга               Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Тус байгууллагад 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ХХХХ , ХХХХ нар нь 150 000 000 төгрөгийн зээл хүссэн өргөдөл гаргасан. Зээл олгох журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлж, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/0000811 тоот зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай 4.9 хувийн үндсэн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. Зээлийг ХХХХ дүүргийн, ХХ дугаар хороонд баригдах ХХХ айлын орон сууцны байшин барих зориулалтаар авсан. Үүргийн гүйцэтгэлд мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж өмчлөлийг дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд ХХХХ дүүрэг, ХХХХ гудамж, ХХХХ дугаар байр, ХХ тоотод байрлах 145 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн ХХХХХХ дугаартай 4 өрөө орон сууцыг мөн ХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХ дугаар давхрын урагш, хойшоо харсан цонхтой 2 өрөө байр, мөн зоорийн давхрын тус бүр 15 м.кв 2 ширхэг дулаан зогсоолыг барьцаалж Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж барьцааны гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.11-т зааснаар үндсэн зээл зээлийн хүү эргэн төлөх графикийн дагуу төлөх ёстой байсан боловч удаа дараа биелүүлээгүй зөрчсөн байдаг. ХХХХ нь 2014 оны 1 дүгээр сарын 29, 2 дугаар сарын 28, 4 дүгээр сарын 30, 7 дугаар сарын 7, 11 дүгээр сарын 5-ны өдөр тус тус зээлийн хүүд 6 удаа 51 000 000 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ төлөөгүй. Бидний зүгээс 2014 оны 9 дүгээр сард тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, дунд нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. ХХХХ гоос нийт 264 256 463 төгрөгийг үндсэн зээл болон зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг тооцож мөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн мөнгийг тооцуулж гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж шийдвэрт тусгуулах шаардлага гаргасан. 1995 оны 10 дугаар сарын 31-ны өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай Монгол улсын хууль байгаа. Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хууль, Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн актаас бүрдэж байгаа. Уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно, 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжилж байгаа. Иргэний хуулиас илүү ББСБайгууллагын илүү нарийвчилсан хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг бодож авах эрхтэй. Энэ хүү нь 2015 оны 12 дугаар сарын байдлаар бодогдсон хүү. Нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн өдөр хүртэл бодогдсон. Түүнээс хойш нэмэгдээгүй байгаа. Үндсэн хүүг тооцоолохдоо гэрээгээр тохирсон хугацаанд төлсөн тохиолдолд 3.4 хувь, хэтрүүлсэн үед 4.9 хувиар тооцсон. Яг нарийн тооцооллыг сайн мэдэхгүй байна. Манайх програмаар бодож гаргадаг гэжээ.

 

Хариуцагч ХХХХ гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч ХХХХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие эхнэр ХХХХ гийн өмчлөлийн 135 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалан “ХХХХХ” ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 150 000 000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлийн мөнгийг ХХХХ дүүргийн ХХ дугаар хороонд барьж байсан орон сууцны барилгын ажилд зарцуулсан бөгөөд барилгаа дуусгаад борлуулалтаасаа эргэн төлөх төлөвлөгөөтэй байсан. Гэвч бид уг орон сууцны барилгаас их хэмжээний алдагдал хүлээж, улмаар бусад байгууллагаас авсан зээлээ төлж чадалгүй ийм байдалд хүрсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс манай гэрийн үүдэнд бичиг наахаас гадна, ажил дээр маань ирж, зээлийн талаар мэдээлэл тарааж байгаа нь Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 болон зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж байгаа хууль бус үйлдэл тул уг үйлдэлд холбогдуулан гэрээний заалтыг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд ЗГ0000000000811тоот зээлийн гэрээний 5.1.7 дахь заалтын “...зээлдэгчийн хувийн болон бизнесийн нэр хүндэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХ, ХХХХ нараас 235 013 199 төгрөг гаргуулж, ХХХХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 243 264 төгрөгийг, ХХХХ-д холбогдуулан гаргасан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ0000000000811 тоот зээлийн гэрээний 5.1.7 дахь “...зээлдэгчийн хувийн болон бизнесийн нэр хүндэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах” гэх заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай хариуцагч ХХХХ ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 1 333 016 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 479 235 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 04253 дугаар шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд гэрээ байгуулсан талаар хариуцагч тал маргаагүй ба гэрээний заалт хуульд нийцээгүй талаар маргасан. Тэгэхээр "хуульд үндэслэж байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй" гэсэн нь үндэслэлгүй юм. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 болон Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж байгаа тул гэрээний уг заалт хууль бус юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт "Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэж заасан тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т "Гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн ... үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг ... тооцон авна" гэснийг дараах үндэслэлээр хянаж өгнө үү. Зээлийн гэрээний хугацаа дуусвал 2.3-т заасан "хүү болон нэмэгдүүлсэн хүү"-г шаардах эрх мөн адил дуусгавар болох ба хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэв гэрээний хугацаа дуусаагүй буюу үргэлжилсэн хэвээр байгаа гэж үзвэл үндсэн хугацаа болох 5 сарын хүүгээс өөр хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нэхэмжлэгч талд үүсэхгүй юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ , ХХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 264 256 463 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй асуудлаар маргаагүй бөгөөд зээлийн гэрээний 5.1.7-д заасан “Зээлдэгчийн хувийн болон бизнесийн нэр хүндэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрөн маргасан байна.

 

            Үндсэн нэхэмжлэлийн талаар:

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ , ХХХХ нартай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар 4.9 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн байна. Мөн өдрөөр огноолсон барьцааны гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хэргийн 11-15 дугаар тал/

 

            Талууд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан асуудлаар маргаагүй.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХ , ХХХХ нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардах эрхтэй.

           

            Талууд гэрээнд заасны дагуу 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн хүүг 3.4 хувиар тооцсон байх бөгөөд энэ хугацаанд зээлийн хүүний хуримтлал үүсээгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

/хэргийн 147-149 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч нар гэрээний дагуу үндсэн зээлд 149 900 000 төгрөг,  2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл 16 сар 19 хоногийн зээлийн хүү нь 121 839 333 төгрөг төлөх нийт 271 799 333 төгрөг төлөх үүрэг хүлээсэн, зээлийн хүүд төлсөн 50 570 000 төгрөгийг зээлийн хүүгээс хасч /121 839 333-50 570 000/ зээлийн хүүд 71 269 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14 253 866 төгрөг, үндсэн зээлд 149 900 000 төгрөг нийт 235 013 199 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн байх бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

 

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээний дагуу нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байх бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг зөрчөөгүй. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ уг заалтыг орхигдуулсан байх тул нэмж оруулах нь зүйтэй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

            Хариуцагч нар зээлийн гэрээний 5.1.5-д заасан “Зээлдэгчийн хувийн болон бизнесийн нэр хүндэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах” гэсэн заалтыг хүчингүй болгуулахаар сөрөг шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

            Анхан шатны шүүх хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 2-т “Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Бусдын нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.5-д “...Зээлдэгчийн хувийн болон бизнесийн нэр хүндэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах” гэсэн энэхүү заалт нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй гэж үзнэ.

 

Зээлийн гэрээнийн дагуу үүсэх үүргийн харилцаатай холбоотой үүсэх харилцааг хүний эдийн бус баялаг болох хувийн болон бизнесийн нэр хүндэд нь халдах агуулгаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан шударга ёс, итгэлцлийн зарчимд нийцэхгүй тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

            Энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр талуудын хооронд байгуулсан ЗГ0000000000811 тоот зээлийн гэрээний 5.1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус заалт гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04253 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг “...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 243 264 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэсний дараа “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар ХХХХайгууллагад холбогдуулан гаргасан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ0000000000811 тоот зээлийн гэрээний 5.1.5 дахь “...зээлдэгчийн хувийн болон бизнесийн нэр хүндэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах” гэсэн заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ , ХХХХ нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтад “…хариуцагч “ХХХХХ” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ т олгосугай” гэж тус тус нэмсэн өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХ ийн төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ               

 

               ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

 

                                                                                              Ц.ИЧИНХОРЛОО