Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01407

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01407

 

 

 Гэгээн өндөр гүмсэд ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00844 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Бат-Амгаланд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 323 156 төгрөг, хохиролд 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Зээлийн гэрээний 2.5, 2.1.5, 3.2.4, 4.1.2 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Гэгээн өндөр гүмсэд ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Б.Бат-Амгаланд 4 500 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч нь нэхэмжлэл гаргах хүртэл огт төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь хэсэг болон 3.2.10, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасанчлан үндсэн зээлийн төлбөр 4 500 000 төгрөг, үндсэн хүү 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийтдээ 13 сарын хүү 4 400 106 төгрөг, алданги 1 423 050 төгрөг нэхэмжилж байна. Алдангийг зээл төлөх графикийн дагуу буюу сар болгон төлөх ёстой дүнгээс нь тооцсон. Мөн цоожлогч эвдсэний төлбөр болох 600 000 төгрөг, нийт 10 913 062 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 4 500 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан талаар маргах зүйлгүй. 4 500 000 төгрөгийн үндсэн зээлийн сарын хүү 315 000 төгрөг болж байгаа бөгөөд Гэгээн өндөр гүмсэд ХХК нь банк болон банк бус байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг биш, ХХК буюу барьцаалан зээлдүүлэх чиглэлээр ажилладаг. Тэгэхээр зөвхөн зээлийн гэрээнд заасан хугацаанд хүү төлөх үүрэг байгаа. Ингээд 6 сарын хүү 1 890 000 төгрөг бөгөөд үүнээс 325 500 төгрөгийг хариуцагч төлсөн бөгөөд үлдэгдэл 1 565 000 төгрөгийн хүү байгаа. Үндсэн зээл 4 500 000 төгрөг, хүү 1 565 000 төгрөг, нийт 6 065 000 төлөх үүрэгтэй байна. Үлдэгдэл хүүг хуульд зааснаар шаардах эрхгүй гэж үзэж байгаа. Мөн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь талуудын хооронд анзын гэрээг бичгээр хийх ёстой бөгөөд үүний дагуу зээлийн гэрээндээ алдангийн асуудлыг тусгасан боловч тухайн алдангийн зохицуулалт нь анхнаасаа хууль зөрчиж хийсэн анзын гэрээ учраас энэ гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээ анхнаасаа байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар тухайн цоожлогчийг эвдэлсэн болон 600 000 төгрөгийн хохирол учирсан талаар баримт байхгүй тул 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний 4.1.2, 2.5 дах заалт буюу анзын гэрээ нь хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцож, тогтоох ёстой байтал гэрээгээр үндсэн зээлийн нийт дүнгээс алданги тооцохоор тогтоожээ. Хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэл бий болсон буюу анхнаасаа хууль зөрчиж алданги тооцсон байгаа тул алданги төлөх үүрэг үүсэхгүй. Иймд зээлийн гэрээний 4.1.2 болон 2.5 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үр дагаврыг тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний 2.5 болон 4.1.2-д зээлдэгч нь гүйцэтгээгүй үүргийн дүн буюу зээл, зээлийн хүүгийн нийлбэр болон зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс үндсэн зээлийн дүнгээс буюу хуулинд заасанчлан 0.5 хувиас хэтрэхгүй алданги төлүүлэх гэсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 232.6-д заасныг огт зөрчөөгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Амгалангаас 7 453 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 460 012 төгрөг болон зээлийн гэрээний болон 2.5, 2.1.5, 3.2.4, 4.1.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 134 199 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 664 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 110 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх алдангид холбогдох хэсгийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь Зээлийн гэрээний 4.1.2 болон 2.5-т заасан Зээлдэгч нь зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн нийт дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлүүлэх, мөн гэрээний 2.1.5 дах хэсэгт алданги: хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувь, мөн гэрээний 3.2.4 гэсэн заалтууд хууль зөрчсөн байхад шүүх үүнийг анхааралгүй гэрээний заалтыг нэхэмжлэгч талд ашигтайгаар буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны оролцогчийн нэрийг орхигдуулсан, овгийг буруу бичсэн зэрэг алдаа гаргасан байх тул зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК нь хариуцагч Б.Бат-Амгаланд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 500 000 төгрөг, зээлийн хүү 4 400 106 төгрөг, алданги 1 423 050 төгрөг буюу нийт 10 323 156 төгрөг, хохиролд 600 000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилснээс хариуцагч 6 065 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж, зээлийн гэрээний 2.5, 2.1.5, 3.2.4, 4.1.2 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бичгээр байгуулагдсан ЗГ-У-15/2-304 тоот Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК нь 4 500 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б.Бат-Амгалан нь гэрээнд заасан хугацаанд зээлийн 4 500 000 төгрөгийг хүүгийн хамт эргүүлэн төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор "мицүбиши аутландер" маркийн 70-86 УНП улсын дугаартай автомашиныг барьцаалж, Фидуцийн гэрээг бичгээр байгуулжээ.

Зохигчид зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, зээлдүүлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК нь зээлийн гэрээний зүйл буюу 4 500 000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар зээлдэгч Б.Бат-Амгаланд олгосон үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч Б.Бат-Амгалангаас шаардах эрхтэй.

Зохигчид зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй, хариуцагч Б.Бат-Амгалан нь зээлийн төлбөрөөс 360 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй байх тул зээлийн гэрээний хугацаанд буюу гүйцэтгэх ёстой үүрэгт үндсэн зээл 4 500 000 төгрөг, зээлийн хүүд 1 890 000 төгрөг төлөхөөс төлсөн 360 000 төгрөгийг хасч 1 530 000 төгрөг, нийт 6 030 000 төгрөгийг Гэгээн өндөр гүмсэд ХХК-д төлөх үүрэгтэй байна. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК нь зээлийн гэрээнд заасан зээл, хүүг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги тооцож, хариуцагч Б.Бат-Амгалангаас алдангид 1 423 050 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Б.Бат-Амгалан нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ алданги тооцох тохиролцоо нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж, зээлийн гэрээний алдангид холбогдох заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

Зээлийн гэрээний 2.1.5, 2.5, 3.2.4, 4.1.2-т тус тус үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн нийт дүнгээс, төлөх ёстой зээл, хүүгийн нийлбэр дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлүүлэхээр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд үндсэн зээл 4 500 000 төгрөг, зээлийн хүү сарын 7 хувь гэж заасан нь уг хэмжээгээр хариуцагчийн нийт төлөх ёстой төлбөрийг тодорхойлсон гэж үзэх тул анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих буюу гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл, түүний хүү хамаарна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэлтэй дүгнэж, хариуцагчаас 1 423 050 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас дугуй түгжигч эвдэлсний 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн овгийн эхний үсгийг буруу бичсэн, шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрийг орхигдуулсан, шүүх хуралдаанд оролцоогүй иргэдийн төлөөлөгчийн нэрийг бичсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК нь фидуцийн гэрээтэй холбогдуулан шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00844 дүгээр шийдвэрийн Удиртгал хэсгийн Г.Алтансүх гэснийг Б.Алтансүх гэж, иргэдийн төлөөлөгч П.Сайннар гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа гэж, Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.1.1 гэж нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ