Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00800

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00800

Улаанбаатар хот

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

/Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Лаки март төв дотор байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9011237095, регистрийн дугаар 5385547 /

 

Хариуцагч: Боржигон овогтой, Баасанхүүгийн Бат-Амгаланд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Дэнж 12-74 тоотод оршин суух, регистрийн дугаар ИУ86070515/

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.913.062 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний 4.1.2 болон 2.5-д дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-ийн төлөөлөгч Б.Цэнджав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Амгалан нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-тай ЗГ-У-15/2-304 тоот зээлийн гэрээ байгуулж 4.500.000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж, Б.Бат-Амгалан нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй 13 сар болсон болно. Зээлийн үлдэгдэл өр төлбөр, зээлийн хүү, алданги нийт 13.342.248 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч Б.Бат-Амгалангаас үндсэн зээл 4.500.000 төгрөг, зээлийн хүү 1.592.417 төгрөг, алданги 7.259.926 төгрөг, нийт 13.342.248 төгрөгийг гаргуулж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

            Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 4.500.000 төгрөг, зээлийн хүү 4.400.106 төгрөг, алданги 1.423.050 төгрөг, цоожлогч эвдсэний төлбөр 600.000 төгрөг, нийт 10.913.062 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.   

           

Хариуцагч Б.Бат-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Амгалан анх үндсэн зээлд 4.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 7%-ийн хүүтэй авсан талаар хариуцагч талын зүгээс маргахгүй. Нэхэмжлэгч тал сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нийт зээлийн хүүнд 4.400.106 төгрөг гэсэн байна. Энэ хүүг төлөх үндэслэлгүй. Яагаад гэвэл тухайн нэхэмжлэгч байгууллага буюу “Гэгээн өндөр гүмсэд” ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хэлбэртэй компани байгаа. Тийм учраас банк бус санхүүгийн байгууллага болон банк шиг ашигласан хугацааны зээлийг шаардах боломжгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүсч байгаа. Алданги тооцохдоо анхнаасаа гэрээнд хуульд заасан журмыг зөрчиж байгуулсан учраас энэхүү алдангийг зохицуулсан гэрээний заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзээд манайх хүчин төгөлдөр бус болгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус үйлдэл гаргаад Б.Бат-Амгалангийн хууль ёсоор эзэмшиж байсан тухайн автомашиныг булаан авах оролдлого хийгээд түгжсэн байдаг. Тухайн үед ямар нэгэн байдлаар эвдэлгүйгээр буцааж өгсөн. Тийм учраас эвдэрч, хэдэн төгрөгөөр засварлуулсан гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас 600.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал сарынхаа хүүг 322.500 төгрөг гээд, 4.500.000 төгрөгийн хүүг 7%-иар бодоход нэг сарын хүү нь 315.000 төгрөг болж байгаа. Ингээд 6 сарын хүү нь нийтдээ 1.535.000 төгрөг болоод үүнээс төлсөн сарынх нь хүүг хасаад манайх нийтдээ 1.559.259 төгрөгийг төлөх дүн гарч байгаа. Тэгэхээр үндэслэлгүйгээр хүү шаардсан байна гэж үзэж байна.

“Гэгээн өндөр гүмсэд” компани нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Б.Бат-Амгаланд холбогдуулан үндсэн зээлд 4.500.000 төгрөг, зээлийн хүүнд 4.400.106 төгрөг, алданги 1.423.050 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Нийт 10.913.062 төгрөг гэж байгаа. Үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас хариуцагч талын зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. “Гэгээн өндөр гүмсэд” ХХК болон Б.Бат-Амгалан нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 4.1.2 болон 2.5 дахь хэсэгт зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн нийт дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлүүлнэ гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч тал хариуцагчаас алданги шаардсан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний энэ заалт буюу анзын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Иймд уг зээлийн гэрээний 4.1.2, 2.5 дахь заалтыг хүчингүй болгож, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Гэгээн өндөр гүмсэд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Бат-Амгаланд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.913.062 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний 4.1.2 болон 2.5-д дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б.Бат-Амгалангийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэнджавын “...нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гэрээний дагуу үндсэн зээл 4.500.000 төгрөг, зээлийн хүү 4.400.106 төгрөг, алданги 1.423.050 төгрөг, цоожлогч эвдсэний төлбөр 600.000 төгрөг, нийт 10.913.062 төгрөгийг гаргуулж өгнө үү, хариуцагч зээлийн хүүд 360.000 төгрөг төлсөн” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Бат-Амгалан хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...үндсэн зээл, зээлийн хүүд 360.000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар гэрээний 4.1.2 болон 2.5 дахь заалтыг хүчингүй болгож, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1. Б.Бат-Амгалан, “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-У-15/2-304 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлдүүлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК нь 4.500.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгч Б.Бат-Амгаланд зээлдүүлж, үндсэн зээл, зээлийн хүүд Б.Бат-Амгалан 360.000 төгрөг төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК нь хариуцагч Б.Бат-Амгалангаас үндсэн зээл 4.500.000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хугацаа болох 6 сарын зээлийн хүүд нэг сарын 7 хувиар тооцон 1.890.000 төгрөг шаардах эрхтэй бөгөөд үүнээс Б.Бат-Амгалангийн төлсөн 360.000 төгрөгийг хасаж тооцон, хариуцагчаас нийт 6.030.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн гэрээний 2.1.5-д “Алданги хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувь байна” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч тал гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6.030.000 төгрөгийн 0.5 хувиар алданги шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас алдангид 1.423.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

 

Нэхэмжлэгчийн “...автомашины цоожлогч эвдсэний 600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Учир нь нэхэмжлэгч уг шаардлагатай холбогдуулан нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-У-15/2-304 дугаар “Зээлийн гэрээ”-ний 2.5-д “...үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд нийт төлөх ёстой зээл, хүүгийн нийлбэр дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцно” гэсэн заалт, мөн гэрээний 4.1.2-т “...үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үндсэн зээлийн нийт дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлүүлнэ” гэсэн заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “...хоног тутамд гүйтцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэснийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-У-15/2-304 дугаар “Зээлийн гэрээ”-ний 2.5 болон 4.1.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б.Бат-Амгалангийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Харин уг зээлийн гэрээний 2.1.5-д “Алданги: хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувь байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК нь хариуцагч Б.Бат-Амгалангаас алданги шаардах эрхтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Амгалангаас үндсэн зээл 4.500.000 төгрөг, зээлийн хүүд 1.530.000 төгрөг, алданги 1.423.050 төгрөг, нийт 7.453.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.460.012 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Амгалангийн зээлийн гэрээний 2.5 болон 4.1.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Амгалангаас 7.453.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.460.012 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Амгалангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-У-15/2-304 дугаар “Зээлийн гэрээ”-ний 2.5 болон 4.1.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 224.664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Амгалангаас134.198 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-д олгох, хариуцагч Б.Бат-Амгалангаас 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 131.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД